Нийтлэл 12 сарын 10, 2018

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛЫН 70 ЖИЛД: Монгол Улс дахь хүний эрхийн хамгаалалтын тухай

Оршилын оронд

Дэлхийн II дайны үед олон сая хүнийг хохироосон балмад үйлдлийг дахин давтахгүйн тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг боловсруулж 1948.12.10-нд боловсруулж баталсан. Дэлхийн хаана байгаагаас үл хамааран хүн бүрийг угаас заяасан нэр төр (dignity)-тэй, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа энэ тунхаглалаар хүлээн зөвшөөрсөн юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсанаас хойших 70 жилд дэлхий дахин олон талаар өөрчлөгдсөн боловч түүний хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлс болох хүний нэр төр, тэгш байдал, эрх чөлөө, шударга ёс анх батлагдаж байх үеийнх шигээ өнөөдөр ч түгээмэл ач холбогдлоо алдаагүй, үнэ цэнэтэй хэвээр байна. Хүний эрхийн тунхаглалын тэгш ой нь уг тунхаглалын 30 зүйлд тусгасан хүний салшгүй эрхийн хэрэгжилтэд гарсан амжилтаа тэмдэглэх төдийгүй тулгамдаж буй асуудлаа бүтээлчээр ярилцах боломжийг бидэнд олгож байна. Тиймээс, энэ нийтлэлээр Монгол Улсад хүний эрхийг хамгаалах тал дээр гарч буй ахиц дэвшлийг тоймлохын зэрэгцээ хуулийг хэрэглэх болон боловсруулах явцад гарч буй зарим бэрхшээл, сорилтын талаар тоймлон хүргэхийг зорив.

 Хүний эрхийг хамгаалах тал дээр гарсан ахиц дэвшил

1992 онд Монгол Улс хүний салшгүй эрхийг анх удаа бүрэн цогцоор нь баталгаажуулсан Үндсэн хуулиа баталсан. Энэ Үндсэн хууль гадаадын аль нэг улсын үндсэн хуулийг хуулбарласан мэт зарим хүн гүжирддэг нь харамсалтай. Тэр үeийн баримт, протоколыг үзвэл Ардын Их Хурлын гишүүд социалист нийгэмд гарч байсан шударга бус явдлыг давтахгүйн тулд л хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуульдаа баталгаажуулж, хүн бүрт эдлүүлэхийг зорьсон байдаг. Жишээлбэл, тухайн үеийн нам засгийн бодлогыг шүүмжилснийхээ төлөө цаазлагддаг, хоригддог, ялгаварлагддаг байсныг болих гэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулсан. Сүсэг бишрэл ээ илэрхийлж, түүнийхээ дагуу амьдрах боломжийг хааж байсан учраас шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хамгаалсан. Буриад, лам, алтан ургынх гэдгээр нь олон арван мянган гэм буруугүй хүнийг цаазалж, геноцед үйлдэж байсныг давахгүйн тулд шударга шүүхээр шүүлгэх эрхийг цогцоор нь анх удаа баталгаажуулсан, мөн ирээдүйд цаазаар авах ялыг халах заалтыг Үндсэн хуульд оруулсан. Улс орон дотроо чөлөөтэй зорчихын тулд зөвшөөрөл авдаг, хүнд сурталтай тулдаг байсан учраас чөлөөтэй зорчих эрхийг эдлүүлэхээр болсон. Энэ мэтээр Үндсэн хуульд буй зүйл заалт бүр Монгол хүний туулж байсан зовлонг давтахгүй байхад чиглэсэн. Хүний эрх бол харийн бус бидний өөрсдийн үнэт зүйл бөгөөд үүнийг тунхаг төдий бус бодит байдал байлгахын тул чадах бүхнээ хийх ёстой.

1992 оны Үндсэн хууль хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй иргэд түүнийг баталгаатай эдлэх тогтолцооны үндсийг тавьсан юм. Бид өнөөдөр бодит амьдрал дээр үндсэн эрх, эрх чөлөөгөө ерөнхийдөө эдэлж байна. Ямар үзэл бодолтой байхаа шийдэх, үүнийгээ чөлөөтэй илэрхийлэх, шашны итгэл үнэмшлээ өөрсдөө тодорхойлох, эд хөрөнгө өмчлөх, бусадтайгаа эвлэлдэн нэгдэх, сонгуульд нэр дэвших хийгээд сонгох зэрэг эрхтэй төдийгүй уг эрхээ эдлэх бодит боломжтой байна. Цаазаар авах ял болон гүтгэх ерөнхий гэмт хэргийг Эрүүгийн хуулиас бүр мөсөн халахын зэрэгцээ Эрүүгийн хуульд ялгаварлан гадуурхах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргүүдийг анх удаа хуульчилж,  эрүүдэн шүүх гэмт хэргийг Эрүү шүүлтийн эсрэг конвенцын дагуу бүрэн агуулгаар нь тодорхойлж оруулсан.

Хүний эрхийн олон улсын Фрийдом Хаус гэдэг байгууллага бий. Энэ байгууллага нь иргэний болон улс төрийн эрхүүдийн талаарх судалгааг жил бүр явуулан дэлхийн улс орнуудыг 1-7 хүртэлх оноогоор дүгнэж, эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй гэсэн 3 ангиллаар ардчиллын чанарыг хэмждэг. Аливаа улс 1-2.5 оноо авбал эрх чөлөөтэй, 3-5 оноо авбал хагас эрх чөлөөтэй, 5.5-7 оноо авбал эрх чөлөөгүй гэсэн үг.

Энэ судалгаагаар манай улс 1991 оноос хойш эрх чөлөөтэй гэсэн ангилалд багтаж ирсэн юм. Фрийдом Хаусын судалгаагаар дэлхийн постсоциалист улсуудаас Төв болон Зүүн Европын Чех, Польш зэрэг улсууд болон Монгол Улс л “эрх чөлөөтэй”. Өөрөөр хэлбэл, Төв болон Зүүн Европоос гадна байгаа постсоциалист улсуудаас ганцхан Монгол “эрх чөлөөтэй” гэсэн ангилалд орж байна. Казакстан, Узбекстан, Туркменистан зэрэг Төв Азийн орнууд болон Хятад, Орос улсууд “эрх чөлөөгүй” гэсэн ангилалд багтдаг. Зүүн хойд Азид зөвхөн Монгол, Япон, Өмнөд Солонгос гэсэн гуравхан улс л “эрх чөлөөтэй”-д тооцогддог. Ази Номхон далаа дахь "эрх чөлөөтэй" гэсэн ангилалд багтах зургаахан улсын нэг нь Монгол. Энэ судалгаа Монголд иргэний болон улс төрийн үндсэн эрх бодитойгоор хэрэгжиж байгааг илэрхийлдэг.

 Хүний эрхийг хамгаалахад учирч буй зарим бэрхшээл, сорилт

Хүний эрхийн хамгаалалт дээр ахиц дэвшил гарч буй ч хүний эрхийн ноцтой зөрчил гарсаар байгаа нь харамсалтай. Зарим хууль сахиулагчид, хуульчид, шүүгчдийн хүний эрхийн ойлголт дутмаг эсхүл хүний эрхийг хамгаалах хүсэл зориггүйгээс болж хүний эрхийн зөрчил олноор гарсаар байна. Жишээлбэл, баривчлах болон цагдан хорих байр, хорих ангид эрүү шүүлт үйлдэгдсэн талаар тайлангуудад тусгагдсан хэвээр байна. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протоколд 2014 онд нэгдэн орж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм байгуулах үүргийг Монгол Улс хүлээсэн ч ийм механизмыг одоо хүртэл байгуулаагүй байна. Мөн, хангалттай үндэслэл байхгүй байхад хүнийг баривчилж урт хугацаагаар хорьдог практик арилаагүй л байна. Түүнчлэн, тайвнаар жагсаж, цугласных нь төлөө цагдаагаас албадан тарааж, шүүхээс торгож шийтгэх явдал буурахгүй байна. Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг бүртгэх эсэх асуудлыг засаг дарга шийдвэрлэх хууль үйлчилж, энэ улс төрийн албан тушаалтан мэдэгдлийг бүртгэхээс үзэмжээрээ татгалзаж байна. Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авсан ч өгч буй нөхөх олговор нь шударга биш байна. Хүмүүсийг ЛГБТ байсных нь төлөө үзэн ядаж эрх чөлөөнд нь халдахыг "ялгаварлан гадуурхах" гэмт хэрэгт тооцон хуульчилсан ч энэ гэмт хэргийн хохирогчийг гомдлыг бүрэн шалгаж хариуцлага хүлээх тал дээр учир дутагдалтай байна. Бэлгийн болон бусад цөөнх, эмзэг бүлгийн эрхийг хамгаалж байгаагаар нь тухайн улсын эрийн цээнд хүрсэн эсэх харагддаг гэдэг.

Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан Ардын Их Хурал цаазаар авах ялыг ирээдүйд халах хэрэгтэй хэмээн үзэж, улмаар Үндсэн хуулийн 16.1-д амьд явах эрхийг баталгаажуулсан, улмаар 1996-2000 оны УИХ цаазаар авах ялаас аль болох татгалзах зорилго тавьж, 2000-2004 оны УИХ цаазаар авах ялыг халах зорилгыг албан ёсоор Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн, 2008-2012 оны УИХ цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II протоколд нэгдэн орсон, 2012-2016 оны УИХ Эрүүгийн хуулиас уг ялыг халсан, улмаар 2016 оны сонгуулийн дүнгээр бий болсон УИХ-ын олонх уг ялыг Эрүүгийн хуулиас халсныг бүрэн дэмжсэн байна. Гэтэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017.10.16-нд “цаазаар авах ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж” байгаа, 2018.03.30-нд “Бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт цаазаар авах ял оноох тухай нэмэлтийг Эрүүгийн хуульд оруулах хуулийн төслийг санаачилна” гэдгээ тус тус мэдэгдсэн нь хүний амьд явах, эрүү шүүлгээс ангид байх, хүний нэр төр халдашгүй байх эрхийн эсрэг ноцтой ухралт. Ерөнхийлөгчөөс тавьсан саналын хариу болгож, Монгол Улс цаазаар авах ялыг сэргээх, Нэмэлт II протоколоос гарах хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн дүгнэлтийг ХЗДХЯ-аас байгуулсан ажлын хэсэг гаргасан нь сайшаалтай. Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайлан мэдээнд тусгагдсан хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаарх статистикт тулгуурлан цаазаар авах ялыг сэргээх саналаа байна гэж Ерөнхийлөгч гаргаж хэлсэн. Гэтэл, Хүний эрхийн үндэсний комисс өөрийнх нь статистикийг мушгин гуйвуулж цаазын ялыг сэргээх нэгэн шалтаг болгочхоод байхад Ерөнхийлөгчийн эсрэг байр сууриа олон нийтэд хүчтэй илэрхийлэхгүй байна (комиссын зүгээс Ерөнхийлөгч рүү албан бичиг явуулсан эсхүл явуулаагүй байж магадгүй ч энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласныг үзээгүй). Энэ идэвхгүй байдал нь уг комиссыг улс төрөөс илүү хараат бус болгох шаардлагыг баталж байна. Филиппин улс цаазаар авах ялыг халсан ч Ерөнхийлөгч Дуперто нь уг ялыг сэргээх санаачилга гаргасан. Филиппиний Хүний эрхийн үндэсний комисс үүнийг маш хүчтэй эсэргүүцэж цаазаар авах ялыг сэргээх явуургүй оролдлогыг хазаарласан гэдэг. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүд ийм манлайлал үзүүлнэ хэмээн найдсан нь талаар болж буйд харамсаж байна. Улс орон даяар хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих чиг үүрэгтэй энэ комисс нь нуугдаад суугаад байхаар нөгөө хэдэн хүний эрхийн ТББ, судлаач, хуульчид нь үгээ хэлээд нэмэр алга, улс төрчдийн өмнө хүчин мөхөстөж, улмаар өнгөрсөн 26 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах тал дээр гарсан ахиц дэвшил нуран унахад ойрхон байна.

Хүний эрхийг хамгаалахад манлайлах чиг үүрэгтэй Засгийн газар энэ үүргээ гүйцэтгэхгүй байна. ХЗДХЯ хүний эрхэд үл нийцэх хуулийн туулийн төслийг санаачлан УИХ-аар батлуулахыг оролдож байна. Жишээлбэл, Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний хуулийн хуулийн төсөл болон Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг боловсруулж олон нийтийн дунд эхний хэлэлцүүлгээ хийсэн. Эдгээр хуулийн төсөлд анализ хийж үзвэл шашин шүтэх болон эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг ноцтой зөрчих агуулгатай заалтууд олон байна (цаг завын боломж гарахаар энэ талаар дэлгэрэнгүй бичих болно). Энэ удаа өмнө хийсэн анализдаа тулгуурласан зарим хуулийн төслийн талаар товч өгүүлье.

Хүний хувийн халдашгүй байдал буюу хувийн амьдрал халдашгүй байх эрх бол Монгол Улсад хамгийн их зөрчигддөг эрхийн нэг. World Justiсe Projeсt-ийн хүрээнд дэлхийн улсуудыг хууль дээдлэх зарчмыг хэрхэн хамгаалж буйгаар нь үнэлж эрэмбэлдэг. Энэ эрэмбээр 2017 онд Монгол Улс 113 улсаас 78-д орж хойгуур байр эзэлсэн. Хувийн халдашгүй байх эрхийн хамгаалалт 1 оноо авахаас 0.46 оноо авч хамгийн муу хамгаалагдсан үндсэн эрхэд тооцогдсон нь хууль дээдлэх зарчим муу хэрэгждэг хэмээн үнэлэгдэхэд нөлөөлсөн. Хувийн халдашгүй байдлыг хамгаалах хамгийн гол хуулиудын нэг бол Эрүүгийн процессын хууль юм. Гэтэл, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний биед болон орон байранд нэгжлэг хийх, нууцаар шалгах ажиллагаа (жишээлбэл, хүний гар утас, компьютерыг тагнаж чагнах)-ны явцад дур зоргоор авирлах, хүний хувийн амьдрал руу зүй бусаар халдахаас сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг тусгаагүй. Гэмт хэрэг илрүүлэхтэй холбогдуулан явуулах нууцаар шалгах ажиллагааг шүүхийн хяналтад оруулах болон нарийвчлан зохицуулах тухай үндэслэл бүхий саналаа уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт 2017 оны хавар амаар тайлбарлаж, бичгээр өгсөн боловч “нохой хуцсан чинээ” сонсолгүйгээр төслөө тэр чигээр нь өргөн барьж батлуулсан.

ХЗДХЯ 2017 онд Зөрчлийн хуульд гүтгэх зөрчлийг зааж, торгох шийтгэл ногдуулахаар тусгаж батлуулсан. Үүний үр дагаварт нийтийн ашиг сонирхлын асуудлаар үндэслэл бүхий үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө олон сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагыг олон сая төгрөгөөр торгож байна. Үүнээс гадна, гүтгэлгийг буцаан гэмт хэрэг болгон тусгах Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулаад байгаа аж. Манайх шиг улсад гүтгэлгийг Эрүүгийн хууль (Зөрчлийн хууль)-аар зохицуулж шийтгэх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд зүй бусаар халдахад хүргэнэ. Яагаад гэвэл гүтгэх, доромжлохыг гэмт хэрэгт тооцсоноор хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл олж авах эрхийг хэрэгжүүлэхэд түгшүүр үүсгэдэг. Гүтгэсэн гэмт хэрэгт буруутгагдаж байгаа хүмүүс сэтгэл санааны хохирол амсах, өмгөөллийн үйлчилгээнд өндөр хөлс төлөх болдог бөгөөд энэ нь аль ч гэмт хэрэгт буруутгагдаж буй хүнд тохиолддог боловч гүтгэх, доромжлох гэмт хэргийн онцлог нь эргээд үзэл бодлоо илэрхийлэх, иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлэхийг хязгаарлах, татгалзахад хүргэдгээрээ ноцтой юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргээр шийдэгдчих вий гэсэн айдас, гэм буруугүй байсан ч шүүн таслах ажиллагаанд их хэмжээний цаг, хүч зарцуулах, өндөр зардал төлөх зэргээс болж нийтлэлч, редактор, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлыг мэдээлэх, хэвлэн нийтлэхээс татгалзахад хүрдэг. Хэдийгээр нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудал нь үндэслэлтэй байсан ч түүнийг бичсэнийхээ төлөө, нийтэлсний төлөө өөрөө асуудалд орж шийтгэгдэх, баривчлагдах учраас татгалзах хандлагатай болдог. Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын амин сүнс. Авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил, эрх мэдлээ урвуулан ашигласан, бизнесийн хууль бус практик зэрэг иргэдийн эрх, нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх нь хэвлэл мэдээллийн үүрэг. Гүтгэлэг, доромжлолыг гэмт хэрэгт тооцсоноор олон нийтэд дээр дурдсан мэдээллийг хүргэх энэ урсгалыг зогсох эрсдэл үүсдэг. Тиймээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар иргэд мэдээлэлгүй үлдэх, аливаа ажиллагааны хууль ёсны эсвэл ёс зүйтэй эсэхийг мэдэх эрхгүй болж байгаа юм. “Глоб интернэйшнэл” ТББ-ын бүртгэлээс харахад 2005-2012 онд Эрүүгийн хуулийн дагуу 27 хэрэгт эрүү үүсгэсэн бол 2013-2014 онд 13 эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хохирогч нь ихэнхдээ төрийн өндөр албан тушаалтан байгаа юм. Мэдээж гүтгэлгийг хорих, хүний алдар хүндийг хамгаалах ёстой ч заавал Зөрчлийн хуулиар зөрчилд эсхүл Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцох ёсгүй. Иргэний хуулиар оновчтой зохицуулаад явах бүрэн боломжтой.

Засгийн газрыг захиргааны шүүхийн хяналтаас бүр мөсөн гаргаж иргэний шүүхэд гомдол гаргах эрхийг баталгааг сулруулах, Засгийн газрыг дураар авирлах явдлыг өөгшүүлэх нэмэлт өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуульд оруулах төслийг энэ Засгийн газар УИХ-д өргөн барьсан. УИХ-ийн нэгдсэн чуулганы хэлэлцэх асуудлыг жагсаалтад орчихсон тул уг төсөл удахгүй хэлэлцэнэ. Бид хууль дээдлэх зарчимтай улс учраас иргэн төдийгүй Засгийн газар ч мөн хуульд захирагдах ёстой. Одоо явж байгаа маргаан төдийгүй ирээдүйд үүсэх өмч хувьчлалтай холбоотой маш том маргааныг шүүхийн хяналтаас гаргаж байгаа нь улстөрчид дур зоргоороо асуудлыг шийдэх боломжийг бий болгож, тэр нь иргэн ямар ч газар хандаад эрхээ хамгаалуулах боломжгүй болох нөхцөлийг бүрдүүлж байна. Засгийн газар ЖДҮ-ийг дэмжих сангаас хууль бусаар зээл олгосон эсэх асуудал сөхөгдөж сүүлийн өдрүүдэд хүчтэй шүүмжлэгдэж байна. Мөн, Засгийн газар ойрын хугацаанд МИАТ зэрэг маш олон төрийн өмчит байгууллагыг хувьчилж магадгүй тухай яригдаж байна. Энэ бүх үйл ажиллагаа өөрөө хуульд нийцсэн, хүний эрхийг зөрчихгүй байх ёстой. Үүнд хяналт тавьдаг гол субъект болох Захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас гаргавал Засгийн газар хууль зөрчдөг, хүний эрхэд халддаг, дур зоргоороо авирладаг байдал газар авч, хүний эрхийн хамгаалалтын тал дээр ноцтой ухралт болно.

Одоогийн хууль тогтоомжийг хэрэглэх болон хуулийг шинээр боловсруулах хүрээнд гарч буй хүний эрхийн тулгамдсан асуудлыг тус бүрт нь ярьж бид шийдвэрлэх хэрэгтэй.

Хүний эрхийг зөвхөн цаасан дээр байдаг заалт төдий бус өдөр тутам хэрэгждэг соёл болгон бэхжүүлж байж хүн бүр салшгүй эрхээ баталгаатай эдэлж чадна.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2021-04-15

    үхсэн ацных нь хуул зүйн доктор вэ наад нийтэлсэн мэдээлэлээ өөр хүмүүсд битгий уншуулаарай хурдан устга хэт улс төржүүлсэн бас үнэхээр мэдлэг хомс хүний эрхийн түгээмэл тунхаглалаа хүртэл уншаагүй гэлтэй амныхаа зоргоор буржээ гэж үзэж байна тэнэг минь бичсэн нийтлэлээ өөрөө сайн уншаад үзээрэй гарчигтайгаа зохицоогүй галзуу хүний тэмдэглэл юм уу

arrow icon