Сул талаа давуу тал болгон ашиглах нь

Улаанбаатарын утааг шийдэх гол гарц нь хөдөөнөөс шилжин ирэгсдийг уугуул нутаг руу нь эдийн засгийн урамшууллын арга ашиглан буцаах явдал байж болох юм гэдэг санааг дор дэвшүүлэв. Үүний тулд ЖДҮ-гийн 500 тэрбум төгрөгийг энэ зорилгод ашиглаж болно. Нөгөө нэр нь сонсогдоод байгаа 20 гаруй томоохон төсөл хөтөлбөр, сангуудын мөнгийг энэ зорилгод зарцуулчихад л төвөггүй шийдэгдчих асуудал юм л даа. Улс орон болгонд янз бүрийн асуудал байх нь тодорхой бөгөөд түүнийг хэрхэн өөрт ашигтайгаар шийдэж чадаж байгаа эсэхээс Засгийн газрынх нь чадавхи харагддаг. 

Куба улс социалист хамтын нөхөрлөлийн орнуудын хүрээлэлд багтаж цагтаа цалгиж явах үедээ эрүүл мэндийн тогтолцоогоо илүүтэй ихээр анхаарч нэг хүн амд тутамд ногдох эмчийн тоогоор Америкаас гурав дахин олон мэргэжилтэнг бэлтгэжээ. Социалист тогтолцоо задраад эдийн засгийн хямралд автсан үед тэр олон эмчийг ажилтай байлгана гэдэг том асуудал байж таарна. Энэ байдлыг Кубын Засгийн газар овсгоотой ашиглаж 50 000 эмчийг гадаадын улс оронд өндөр хөлстэй ажиллуулах болсон нь улсын эдийн засагт аялал жуулчлал, чихрийн нишингэ, сигар тамхинаас илүү их ашиг орлогыг оруулж байгаа ажээ. 
Кубын 8000 эмч нутаг буцсан тохиолдолд Бразилийн 30 сая хүн эмнэлгийн үйлчилгээ авах аргагүй болно гэсэн тооцоо байдаг аж. Өөрийн давуу талыг тухайн орны онцлог байдалтай уялдуулж чадсаны сонгодог жишээ энэ буй. Хятад улсын хог хаягдлын 80 гаруй хувь нь хоол хүнсний хаягдал байдаг тухай та бүхэн сонссон уу? Ийм их органик хаягдлыг тариан талбайдаа булчихад л маш сайн чанарын бордоо болох байх даа гэж бодмоор. Гэтэл хятад хоолонд давс их ордог болохоор тэгж болдоггүй ажээ. Түүний багагүй хэсгээр гахай тэжээж болно л доо. Сүүлийн үед Хятадад Африкийн гахайн хижиг өвчин ихэд дэлгэрсний улмаас хоолны хаягдлаар гахай тэжээхийг Засгийн газраас хорьжээ. Түүний улмаас тэр их хоолны хаягдлыг хэрхэн боловсруулах вэ гэдэг асуудал урган гарч ирсэн аж.

Угаас овсгоотой хятадууд гарах арга замыг дор нь олоод Америк тивийн эрхий хуруу шиг бэлцгэр том жоомнуудыг импортоор оруулж ирэн өсгөөд хоолны хаягдлаа тэдэнд өгч хоггүй цэвэрлүүлдэг болсон аж. 300 сая тийм жоом хоногт арван таван тонн, нэг тэрбум жоом 50 тонн хоолны хаягдлыг төвөггүй идээд цэвэрлэчихдэг ажээ.

Нэг жил наслаад үхсэн жоомнуудыг цуглуулж халуун аргаар хатаагаад тахиа, гахай тэжээдэг нь маш үнэ цэнэтэй тэжээлд тооцогддог байна. Бас түүгээр ходоодны эм, эмэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдхүүн үйлдвэрлэдэг гэвэл итгэх үү? 
 
Ирэх жилийн төсвийг боловсруулахдаа орон нутгийн харьяат иргэдээ УБ-аас буцаан татаж ажил амьдралын баталгааг нь хангах баталгаа гаргасан аймаг сум, багуудад илүү их хөрөнгө хуваарилах, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон уул уурхайн компаниудын татварын тодорхой хэсгийг УБ-ын гэр хорооллоос ажилчдыг элсүүлж гэр бүлтэй нь суурьшуулсан хүчин зүйлсийг харгалзан үзэх гээд эдийн засгийн урамшууллын хөшүүрэг юу эс байж болох билээ дээ?

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5002

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%