Нийтлэл 12 сарын 16, 2018

Японы хөгжлийн нууц болон цаашдын сорилт, шийдлээс

Аварга машин

 Япон яг л тайлахад амаргүй оньсого мэт. Зүйрлэвэл, энэ орон маш нарийн бүтэцтэй аварга том машин шиг ажиллана. Доторх эрэг шрүп, бүрэлдэхүүн болгон нь уялдаатай, эмх цэгцтэй, үр ашигтай. Ямар ч давчуу нарийн гудамжаар мѳргѳлдѳхгүй зѳрѳѳд ѳнгѳрѳх хүмүүс, ѳдѳрт хэдэн сая зорчигч дамждаг метроны буудлууд дээрх минутаар тѳлѳвлѳгдсѳн галт тэрэгний хуваарь, зогсоо зайгүй дэлхийд тэргүүлэх технологийн инновацийг нэвтрүүлэх компаниуд, сайдуудаа огцруулж, парламентаа тараан улстѳр бучигнаж байсан ч хэвийн явж байдаг эдийн засаг гээд олон жишээг дурдаж болно.

 Гаднаас ѳнгѳц харахад энэ машин урагшаа ч хурдлахгүй, зүг чигээ ч ѳѳрчлѳхгүй бүх л зүйл байдгаараа, хѳдлѳхгүй байгаа юм шиг санагдана. Гэхдээ үүнд хууртаж болохгүй юм. Яг л сакэ архи үнэргүй, амтгүй байх тусмаа сайн чанартай байдаг шиг Япон орны шууд анзаарагдахгүй жинхэнэ мѳн чанар нь ойлгогдтол багагүй цаг хугацаа шаардагдана. Яг үнэндээ бол энэ аварга машины доторх бүтцэд зогсолтгүй, хурдтай ѳѳрчлѳлтүүд тогтмол явагдаж байдаг.

Энэ машины мѳн чанар нь гаднаасаа ноомой даруу харагдах ч дотор нь маш гүнзгий бодол, айхтар зориг, их тэвчээр, эрч хүч оршиж байдаг Япон хүн гэлтэй. Түүхийг сѳхѳѳд үзвэл энэ л хүмүүс санаанд оромгүй зүйлсийг хийсэн байдаг. 17-р зуунд 300 жилийн туршид хилээ ч хааж үзсэн (Sakoku period), 19-р зуунд бүгд самурай үсээ тайраад Герман, Английг гүйцэхээр огцом шинэчлэл ч хийж байсан (Meiji restoration), 20-р зууны дундуур Ази даяар дайн, эзлэн түрэмгийлэл ч явуулсан, 2-р дайны нуранги дундаас дэлхийд цойлсон эдийн засгийг ч бүтээсэн. Тэгээд мэдээж Хирошима, Нагасаки дахь 2 цѳмийн бѳмбѳгийн дэлбэрэлт, 2011 оны дэлхийн тэнхлэгийг доргиосон 9.1 баллын хүчтэй газар хѳдлѳлт болон цүнами гээд хүн тѳрѳлхтний түүхэнд анхны тохиолдол болсон олон гамшгийг ч даваад гарсан улс. Харин сүүлийн үед Хятадын хүчирхэгжилт, Хойд Солонгосын заналхийлэл, хүн амын хурдтай насжилт гээд амаргүй сорилтууд Японы ѳмнѳ тулгарч буй. Ийм үед энэхүү аварга машин цааш юуг чиглэн хааш хэрхэн хѳдлѳх вэ гэдэг нэг том оньсого юм.

 Хурдтай хөгжил ба золиос

 Нийгмийн олонхи нь хангалуун амьдралд хүрсэн (орлогын тэгш бус байдал бага), нийтээрээ урт наслахын зэрэгцээ эрүүл саруул амьдарч буй тул Япон улс эдийн засгийн амжилтын нэгэн сайн жишээ болдог. Өнѳѳгийн Японд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь $40 мянга орчим байгаа нь амьдралын түвшнээрээ Монголоос 10 дахин өндөр байгааг илтгэнэ.Япон хүний дундаж наслалт 84 байдаг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт. Түүнчлэн, аливаа улс оронд баялаг хэр тэгш хуваарилагдаж байгааг харуулдаг Жини индексээр хөгжсөн орнууд дундаа ч сайн үзүүлэлттэй байдаг нь Японы нэг онцлог юм.

 Дэлхийн II дайны үнс нуранги дундаас маш богино хугацаанд эдийн засгаараа олон улсад тэргүүлэгчдийн нэг болж цойлж гарч ирсэн Японы хѳгжлийн түүх одоо ч олон хүнийг гайхшруулдаг. Хирошима, Нагасаки хотуудад цѳмийн бѳмбѳг дэлбэрснээс хойш ердөө 20 хүрэхгүй жилийн дотор буюу 1964 онд Токиод Олимп зохион байгуулагдаж, анхны Шинкансен хурдан галт тэрэг ашиглалтанд орж байв. Арлын орны энэхүү үсрэнгүй хөгжлийн амжилтыг “Японы эдийн засгийн гайхамшиг” (Japanese economic miracle) гэж нэрлэх нь түгээмэл.

Японы хѳгжлийн нууцыг Япон хүний онцлогтой холбоотой гэж үзэх нь бий.

Мэдлэг боловсролыг чухалчилдаг уламжлал, нарийн деталийг ч орхидоггүй няхуур нямбай зан, хѳдѳлмѳрч хичээнгүй соёл, багаар үр дүнтэй ажиллах чадвар зэрэг үндэстний онцлог нь улсын хөгжилд тусалсан нь лавтай.Мөн Японы өвөрмөц бизнесийн загвар, хөгжлийн бодлого ч мэдээж чухал байсан. “Made in Japan” брэндийг олон улсад чанарын илэрхийлэл болгосон автомашин үйлдвэрлэгчид, электроник үйлдвэрлэгчид санамсаргүйгээр бий болчихоогүй юм. Насаараа нэг компанид ажилладаг тогтолцоо, ажилласан жилээрээ цалин нэмэгддэг урамшууллын систем, маш тогтвортой бизнесийн холбоотой ажилладаг групп компаниудын нэгдэл нь Япон ажилтнуудын бүтээмж, компаниудын өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлсөн гэж үздэг. Ямартаа ч Японы хурдтай хөгжил дэлхий нийтийн анхаарлыг татаж, номын сангуудад энэ сэдвээр бичигдсэн номын бүхэл бүтэн тасгуудыг үүсгэжээ.

 Амжилтанд юу нөлөөлснийг ийнхүү олон янзаар тайлбарладаг ч, дайнд ялагдсан том уналтаас дэлхийд номер 1 болох их хүсэл амбицаар хѳтлүүлсэн Япончууд үндэстний бахархлаа сэргээх, сайхан амьдралд хүрэхийн тулд шургуу хичээж байсан нь хамгийн чухал байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Дээр нь дайны дараар Америктай тогтоосон эдийн засгийн харилцаа, 20-р зууны сүүлийн хагаст бий болсон олон улсын худалдааны огцом тэлэлт зэрэг боломжуудыг ч үнэхээр сайн ашиглаж чадсан. Үүний зэрэгцээ боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд болон дэд бүтцэд чиглэсэн оновчтой хөрөнгө оруулалтууд нь үр дүнгээ өгч Япон эрдэмтэд Нобелийн шагнал хүртэхээс эхлээд, Япон компаниуд дэлхийд тэргүүлэх хѳрсийг бэлджээ.

 Гэхдээ эдийн засгийн энэхүү өндөр амжилт цаанаа золиостой байв.Дэлхийд хамгийн урт цагаар ажилладаг гэгддэг япон ажилтнуудын хувьд “кароши” буюу хэт их ажилласнаас болж ширээнийхээ ард зүрх нь хаагдах тохиолдол, эсвэл ажлын стрессээс болж амиа егүүтгэх нь асуудал болсоор ирсэн.Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэж итгэдэг хүмүүсийн хувьд ч “үхтлээ ажиллана” гэдэг нь санаанд багтахгүй зүйл тул эдгээр сөрөг үзэгдэл олон хүнийг гайхшруулдаг. Түүнчлэн, хүнд үйлдвэрлэлийн уршгаар Японы зарим мужуудад байгаль экологийн бохирдол хэрээс хэтэрч, урьд нь байгаагүй хүнд ѳвчлѳлүүдийг ч үүсгэж байсан түүх бий.

“Алдагдсан 30 жил”

 Японы эдийн засгийн идэвхтэй өрнѳл 80-аад оны сүүлээр халалт, улмаар хѳѳс болон хувирч, 1990-ээд оны эхэнд тэрхүү хѳѳс хагарснаар бүрмѳсѳн дуусгавар болсон юм.

Эдийн засаг 2 оронтой тоогоор ѳсч байсан 60-аад он, айлууд жил бүр зурагтаа шинэчилдэг байсан 80-аад оны япончуудад байсан тэр ѳѳдрѳг үзэл үл хѳдлѳх хѳрѳнгѳ, хувьцааны үнийн хѳѳс хагарахтай зэрэгцээд оргүй замхран алга болжээ. Компаниуд санхүүгийн асуудалд орж, банкууд дампуурч, үнэтэй уушийн газрууд зочингүй болж, ‎¥10 мянгын дэвсгэртээр такси далладаг байсан үе ард хоцорлоо. Эдийн засаг ѳсѳхийн хэрээр орлого нь нэмэгдэж, мѳнгѳѳр туйлж байсан хуучны сайхан цагаас ердѳѳ дурсамж л үлдэв.

Харин түүнээс хойш буюу “Алдагдсан 10 жил” гэгдэж байсан зогсонги он жилүүд сунжирсаар сүүлийн үед “Алдагдсан 30 жил” гэж хүртэл нэрлэгдэж байна. Энэ хугацаанд Япон орныг дефляци, эдийн засгийн сул ѳсѳлт тодорхойлох болсон юм. Цалин орлого өсөхөө болих, нийгмийн тэгш бус байдал нэмэгдэх зэрэг сөрөг үзэгдлүүд ихсэх хандлагатай болов. Арлын орныг дэлхийд гаргаж ирсэн компаниуд нь ѳрсѳлдѳх чадвараа алдаж, Sony тэргүүтэй электроник үйлдвэрлэгчид Samsung, Apple-д хол хаягдлаа. Эдийн засгийн энэхүү хямрал, хүндрэлийн нѳлѳѳ нийгмийн асуудал болон илэрч, ирээдүйд орлого нь сайжрах дүр зураг олж харахгүй байгаа Япон залуус хүүхэд тѳрүүлэх нь буурснаар хѳгшчүүлийн памперс хүүхдийнхээс олон зарагддаг болов. Хичээвч гэрэлт ирээдүй харагдахгүй тул ѳдѳрт хэдэн арваараа амиа егүүтгэх хүмүүсийн тоо ч нэмэгдэж, нас нь улам залуужих болсон байна.

Цаашид буюу сорилт, шийдлүүд

 2060 он гэхэд Японы хүн ам 40 саяар буурч, 80 сая болох тѳлѳвтэй байна. Ажиллах хүчний тоо багасч, хөгшчүүлийн тоо хурдацтай өсч байгаа тул нэг татвар төлөгчид ногдох ачаа нэмэгдэж, эдийн засгийг ихээхэн туйлдуулж буй. Мѳн бусад хѳгжсѳн орнуудтай харьцуулахад Японд гэртээ суудаг эмэгтэйчүүдийн тоо их байдаг нь эдийн засгийн үйлдвэрлэх чадварт ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Нѳхѳрт гарангуут ар гэрийн амьдралдаа 100% хүчээ зориулдаг уламжлалаа хадгалдаг эмэгтэйчүүд орчин үеийн Токиод одоо ч цѳѳнгүй бий.

Хөгжсөн орны хангалуун амьдрал дунд өссөн одооны залуус Япон орныг босгож ирсэн ѳмнѳх үеийнхэн шигээ хичээж хѳдѳлмѳрлѳхгүй байна гэдэг шүүмжлэл түгээмэл. Бүх насаараа өглөөнөөс шѳнѳ дѳл болтол хичээж ажиллахын оронд дуртай үедээ цагийн ажил хийхийг илүүд үзэх залуусын тоо олширч байна. Тэд олсон мѳнгѳѳ брэнд цүнх худалдаж авах эсвэл гадаадад аялахад зарцуулах дуртай бөгөөд гэр бүл зохиох сонирхол, санхүүгийн боломж багатай юм.

Насжилт, хүн амын бууралт, зах зээлийн агшилт гэх мэт. Япон орныг нөмрөөд буй энэхүү сүүдрээс гаргах арга замыг олоогүй ерѳнхий сайдууд хаврын тэнгэр шиг солигдсоор ирсэн. Иймд одоогийн ерөнхий сайд Шинзо Абэгийн эдийн засгаа сэргээхийн тулд хэрэгжүүлж буй “Абэномикс” хѳтѳлбѳрт олон хүн итгэл найдвар тавьж байна.

Гэхдээ Абеномиксийн 2 гол тулгуур болох төсөв болон мөнгөний бодлогод том сорилтууд бий. Учир нь нэг талаас Японы засгийн газрын өрийн хэмжээ дэлхийд хамгийн өндөр түвшинд хүрчихсэн (ДНБ-ийн 220% орчим). Харин төв банкны хувьд мөнгөний бодлогын хүүг бууруулсаар аль хэдийн хасах хүүгийн бодлого руу шилжсэн ч инфляци зорилтот түвшиндээ хүрэхгүй, эдийн засгийн идэвх харьцангуй сул байна.Иймд Абэномиксийн 3 дахь тулгуур буюу эдийн засгийн тогтолцоонд суурь шинэчлэлүүдийг хийх бүтцийн өөрчлөлтүүд гол найдвар болж байгаа юм. 

Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд татвар, хөрөнгө оруулалтын шинэ бодлого; хѳдѳлмѳр эрхлэх, бизнес хийх орчин нөхцөлийг сайжруулах зорилтууд; эрчим хүч, эрүүл мэнд, болон ХАА-н салбарын шинэчлэлт зэрэг олон ѳѳрчлѳлт хийгдэх тѳлѳвлѳгѳѳ бий. Ингэснээр бүтээмжийг нэмэгдүүлэх, худалдааг дэмжих, улмаар эдийн засгийг идэвхжүүлэхийг зорьж буй.

Гэхдээ эдгээр нь цаг хугацаа ихээхэн шаардах амаргүй ажлууд юм. Дэлхийн бусад орнуудад ч эдийн засгийн нөхцөл байдал удаашралтай байгаа энэ үед Япончуудаас өөрсдөөс нь шалтгаалахгүй хүчин зүйлс олон байгаа нь мөн томоохон сорилт болж байна.

Японы нийгэм, эдийн засагт тулгарсан сорилтуудыг даван туулах, тэдгээрт оновчтой шийдэл олохын тулд төр засаг, хувийн хэвшил, хувь хүмүүс гээд бүгд л эрэл хайгуулд гаран, дор бүртээ гарц шийдлийг хайцгааж буй. Хэрэв дэлхийд топ 3-т багтах энэхүү аварга эдийн засгийн гүйцэтгэл сайн байвал энэ нь эргээд олон улс оронд мэдээж эерэг нөлөөтэй. Иймд Японы өмнө тулгарч байгаа том сорилтуудыг амжилттай давахын тулд юу хийх хэрэгтэй талаар дэлхийн шилдэг эрдэмтэн судлаачид олон үнэтэй зѳвлѳмжийг санал болгож буй.

Тэдгээрээс дараах 3 зүйлийг онцолж болно.

 Нэгт, эдийн засгийг тэтгэх шинэ салбарыг хөгжүүлэх. Силикон хөндий, Солонгос, Тайвань, сүүлийн үед Хятад компаниудын зүгээс чанар болоод үнийн ширүүн ѳрсѳлдѳѳн Японы үйлдвэрлэгч нарт тулгарч буй. Ийм үед аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэндийн салбар зэрэг нь Японы давуу тал болох боломжтой юм.

Аялал жуулчлалын хувьд, Токио 2020 Олимпийг угтаад жилд хүлээж авдаг жуулчны тоогоо 20 саяд хүргэх өндөр амбицтай зорилгыг Япончууд урдаа тавиад явж байна.Эдийн засгийн хөгжил, технологийн дэвшил, үзэсгэлэнтэй байгаль, ѳвѳрмѳц соёл, найрсаг ард түмэн гээд ажлаар болон аяллаар зорчигсдыг соронз шиг татах нөөц боломж Японд хангалттай бий. Сүши, сүмо, манганаас эхлээд орчин үеийн Токио, эсвэл Киотогийн эртний сүм хийд г.м. өвөрмөц соёлын бүтээгдэхүүн ихтэй тул Япон оронд аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр потенциаль бий.

Түүнчлэн дэлхий даяар сэргээгдэх эрчим хүч бол ирээдүй гэж яригдаж буй ѳнѳѳ үед энэхүү трендийн тэргүүлэгч эгнээнд байж чадах эсэхээс Японы ирээдүй ихээхэн шалтгаална. Киото протоколийн хост, дэлхийн дулаарлын эсрэг гол идэвхтнүүдийн нэг гэдэг утгаараа ч, 2011 оны Фүкүшимагийн атомын цахилгаан станцын осолд нэрвэгдсэн түүхээ бодсон ч, сэргээгдэх эрчим хүчний салбарт Япон улс онцгой анхаарал хандуулж байгаа юм.

Мөн насжилт хурдан явагдаж буй тус улсад ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмжийн технологи өндөр хөгжсөн. Иймд төстэй асуудалтай тулгарч буй Европ, Азийн бусад улс оронд мэдлэг, ноу-хау, технологио худалдах боломж ч асар их бий.

Хоёрт, хөгшчүүл, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь цаашдын гарц болно. Японд өнөөдөр хүн амын ¼ нь 65-аас дээш настай. Түүнчлэн эмэгтэйчүүдийн карьер Европ, Америктай харьцуулахад богино байдаг.

Хэрэв хүн амд өндөр жин эзлэх эдгээр бүлэг эдийн засагт идэвхтэй оролцох юм бол Японы эдийн засгийг сэргээх ажил нэлээд хѳнгѳрнѳ гэдгийг олон судлаачид хэлдэг. Тийм ч учраас арлын оронд 65-аас дээш настай мөртлөө цоо эрүүл иргэдээ хөдөлмөр эрхлүүлэх, эмэгтэйчүүд ажиллахад илүү таатай нөхцөлийг хэрхэн бий болгох вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж буй. Хүн нь хамгийн гол баялаг болсон тус улсад хүн бүрээс гарах нөөц боломжийг хамгийн ихээр ашиглах нь эдийн засгийн цаашдын хөгжлийн гарц юм.

Гуравт, ѳрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд гарах нь Японы ирээдүйд чухал.

Япон улс орлого өндөртэй 120 сая гаруй хүн амтай том зах зээл гэдэг нь нэг талаараа давуу тал болдог ч, нөгөө талаар сул тал болсоор ирсэн.Учир нь ямар ч компаний хувьд Япон хангалттай том зах зээл тул дотоодын зах зээлдээ гол анхаарлаа хандуулах тохиолдол их. Гэхдээ ингэснээр дэлхийд тэргүүлж явсан олон Япон компани глобальчлал, олон улсын зах зээл дээр ѳрсѳлдѳх боломжоос нэлээд хоцроход хүрсэн юм (Үүнтэй харьцуулахад анхнаасаа дэлхийн зах зээлийг зорьсон Солонгос компаниуд маш амжилттай явж байна).

Харин одоо Япончууд энэхүү алдаанаасаа суралцаж, ямар ч жижиг компаниас эхлээд бодлого боловсруулагч нар хүртэл “Япон дэлхийд хэрхэн гарах вэ?” гэдэг асуудлыг алхам тутамдаа боддог болжээ.

Тийм ч учраас боловсролын системээ хэрхэн сайжруулж, даяарчлалын үед бүтээлч сэтгэлгээгээрээ тэргүүлэх хүмүүсийг хэрхэн бэлдэх вэ, Япон компаниуд хэрхэн олон улсад ѳрсѳлдѳх вэ г.м. сэдвийн хэлэлцүүлгүүд сүүлийн үед маш ихээр ѳрнѳх болсон.

Өнѳѳдѳр Японы банкууд олон улсад хамгийн идэвхтэй үйл ажиллагаагаа өргөжүүлж буй нь гадагш чиглэсэн энэхүү сэтгэлгээ аль хэдийн ажил хэрэг болсны илрэл юм.

 

Сэтгэгдэл бичих

    • Мядагмаа
    • 2018-12-17

    Маш сонирхолтой нийтлэл байна. Япончуудаас ихийг суралцах хэрэгтэй залуучуудыг газар дээр нь явуулж сургах нь чухал

    • Мядагмаа
    • 2018-12-17

    Маш сонирхолтой нийтлэл байна. Япончуудаас ихийг суралцах хэрэгтэй залуучуудыг газар дээр нь явуулж сургах нь чухал

arrow icon