Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх

Уул уурхайн аварга компанийн дөрвөн ажилтан худалдааны нууц материал хулгайлсан хэргээр 2010 шоронд хоригдож. Тэдгээр компаниуд өнөөдөр  энэ Хятадтай хэзээнээсээ ч илүү гүнзгий хамааралтай болсон тухай  Bloomberg редакцын Kit Chellel , Franz Wild, ба David Stringer нарын бичвэрийг орчуулан хүргэж байна.

 Шанхай хотын ойролцоо орших Qingpu шоронд Стерн Ху найман жилийн турш өглөө бүрийн зургаан цагт сэрдэг байлаа. Сэрмэгцээ үнгэгдсэн цэнхэр цагаан судал бүхий нормын хувцсаа өмсөөд өргөст торны цаана амьдралаа өнгөрөөж буй залуустай хамт орныхоо өмнө номхон зогсон шоронгийн хуягтай мэндлэснээр шинэ өдрийг угтах анхны ажил нь эхэлдэг. “Өглөөний мэнд! Бидэнд санаа тавьдаг танд баярлалаа” гэж хэлэх ёстой.

 Шоронгийн энэ наймдугаар бригадад зөвхөн гадаадын иргэдийг хорьдог гэдгийг Ху мэднэ. Нам гүмхэн 61 насыг зооглож буй тэрбээр бусдаасаа үргэлж толгой дээгүүр, мөр цэх зогсдог байлаа. Шоконд орсноосоо үүдэн цал буурал болсон энэ эр Хятадад төрсөн ч Австралийн паспорттой. Тэрээр худалдааны нууц задруулж, авилга авсан хэргээр 2010 онд шоронд орохоосоо өмнө дэлхийн уул уурхайн гигант Рио Тинто компанид чухам од болон гялалзаж байлаа. Хятадын засгийн газар түүнийг гангийн салбартаа даруй 100 тэрбум долларын хохирол учруулсан гэж буруутгасан юм.

 Ху шоронд байхдаа наймдугаар бригадын хоригдлуудад зориулан номын сан ажиллуулдаг байв. Даршилсан ногоотой будааны зутан бүхий өглөөний цай ууж дуусмагцаа нийтийн өрөөний буланд орших номын тавиурын хажуугийн ширээн рүү очно. Ном авсан хүмүүсийг бүртгэдэг ч уншсан номоо буцааж өгөөгүй хүмүүст юм хэлдэггүй байсныг цуг хоригдож байсан хүмүүс нь гэрчилдэг. Өдрийн ихэнхийг шоронгийн хуягуудад орчуулга хийж өгч өнгөрөөнө. Оройн есөн цагт шоронгийн өрөөний хаалга автоматаар цоожлогдоход нимгэн гудастай орон дээрээ хажуугийн хоригдол нь хурхирах эс бөгөөс уйлахыг сонсон хэвтэнэ.

 Өөрийн гэм буруугаа намнчилсан урт урт захиа шоронгийн “өөрийгөө яллах” хайрцгийг дүүртэл бичжээ. Эдгээр захиа, номын сан ажиллуулж буй идэвхийг нь үнэлэн түүнийг сахилга баттай, хурдан засарч буй хоригдолд тооцон, ялын хугацааг нь 10 жилээс найман болгон багасгав. Долдугаар сарын дөрвөнд бизнесийн ертөнцийн барууны хамгийн том албан тушаалтнуудын нэг хятадын шоронгоос суллагдан эрх чөлөөт иргэн болсон юм.

 Рио Тинто группын Шанхай дахь салбарын захирал тэрбээр Хятадын эдийн засгийн гайхалтай өсөлтийг ашиглан компанидаа өмнө нь байгаагүй өндөр хэмжээний ашиг хийж өгсөн. Риогоос нийлүүлж буй хэдэн зуун сая тон төмрийн хүдрийг Ху Хятадын зах зээлд борлуулж, бүтээгдэхүүн нь эгшин ган болж, автомашин, гүүр, тэнгэр баганадсан цамхгууд болон хувирч байлаа. 2009 онд Ху хамт ажиллаж байсан гурван нөхрийн хамт гэнэт баривчлагдав. Учир мэдэх эх сурвалжийн мэдээлснээр үүнийг урьдаас зохион байгуулсан байсан бөгөөд компанийн мэдээллийг хулгайлан нэг тэрбум гаруй долларын хохирол учруулсан гэдэг ялыг тулгав.  

 Харин Рио Тинто энэ явдлыг нухацтай хөөцөлдөж тайлбар хийсэнгүй. Рио энэ нийтлэлд ч тайлбар хийхээс татгалзсан бөгөөд Хятадын засгийн газар ч гэсэн энэ бол урьдаас төлөвлөсөн зохион байгууллалттай ажил гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Хятадын өмнөх ба одоогийн засгийн газар, тагнуулын алба, Рио Тинтогийн өмнөх болон одоогийн удирдлагууд, хувийн аюулгүй байдлын зөвлөхүүд зэрэг 20 гаруй эх сурвалжаас гурван жилийн турш цуглуулсан мэдээлэл Хуг ямар үндэслэлээр хэрхэн шоронд хорьсон хийгээд Рио Тинто болон Хятадын Засгийн газар хоорондын харилцааг нийтэд ил болгож байна.

Мэдээлэл өгсөн эх сурвалжууд өөрсдийгөө илчлэхээс татгалзсан. Тэдний олонхын хэлснээр энэ үйл явдал хэзээ ч мартагдахгүй бөгөөд сэтгэлд нь гүн сорви үлдээжээ. Мэдээллийн эх сурвалж болсон нэгэн удирдах ажилтан хэлэхдээ түүний карьерт учирсан хар дарсан зүүд гэж хэлсэн. Гэрч болон мэдээллийн эх сурвалжуудын тайлбарласнаар энэ бол Хятадын хакерууд барууны компанийг тагнаж чагнасан хамгийн дуулиантай хэрэгт тооцогдох бөгөөд зорилго нь дэлхийн уул уурхайн худалдаанд нөлөөлөх гэжээ.

 Тэртээ 60 жилийн өмнө Мао Зэдун Хятадыг дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч болгох зорилго тавьсан билээ. Түүний төлөвлөсөн орон нутгийн хэдэн мянган ган хайлуулах зуух нь хөөрхөн пропаганда болсон ч ган үйлдвэрлэгч болох өдий байлаа. 1950 оны эхээр Хятадын гангийн үйлдвэрлэл 160 000 тон байсан нь нэлээд хэдэн өндөр цамхаг барих материал юм. Харин эдийн засгийн реформ амжилттай хийж, хувийн хэвшлийг оролцоог бий болгосноор энэ хэмжээ тасралтгүй өссөн. 2003 он гэхэд тус улс жилд 200 сая тон ган үйлдвэрлэдэг болсон нь 3 000 ширхэг Emprie State Building барих түүхий эд юм. Энэ огцом өсөлтийг хятадууд агууламж муутай төмрийн хүдрээ өндөр хэмд хайлж цэвэршүүлэн хүчилтөрөгчэй хольж ган гаргахаас гадна хэд хэдэн ган экспортлогч компани, ялангуяа Рио Тинтогийн оролцоогоор хангаж байлаа. Рио Тинтогийн зэсийн уурхайг 1873 онд Лондоны бизнесмэнүүд Испанийн засгийн газраас худалдаж авснаар Африк, Хойд Америк зэрэг тив дамнасан үйл ажиллагаа явуулдаг, хамгийн хатуу очир эрдэнээс уул уурхайн нунтаг бүтээгдэхүүн хүртэл байгалиас гарч болох бараг бүх зүйлсийг зардаг дэлхийн уул уурхайн аварга тоглогч болгожээ. 1966 онд хойд Австралийн алслагдсан зэвэн өнгөтэй хөрс шороо бүхий Пилбара дүүрэгт төмрийн хүдэр олборлож эхэлснээр дэлхийд уул уурхайн бизнесийн амжилтаа бататгав.

 Төмрийн хүдрийн уламжлалт бизнесийн тоглоомын дүрэм тодорхой бөгөөд багагүй ашигтай салбар байлаа. Бүс нутаг бүрт хамгийн том худалдан авагч, худалдагчид жилийн үнээ тохиролцдог заншилтай. Энэхүү заншил 1990 онд хүртэл эвдэгдээгүй бөгөөд тухайн үед Японы гангийн үйлдвэрүүд хамгийн том худалдан авагч байж үнийг тон тутмыг нь 10-15 долларт барьдаг байлаа. Харин нэг өдөр Хятадын гангийн эрэлт тоглоомын бүх дүрмийг өөрчлөв. 2005 онд төмрийн хүдрийн үнэ гэнэт хоёр дахин өслөө. Юу болоод байгааг нь судалж хэлэлцээ хийлгэхээр Рио төлөөлөгчөө Хятад руу илгээв. Удалгүй Хятадын зах зээл Японы зах зээлээс тэс өөрөөр ажилладаг болохыг тэд мэджээ.

 Тэр үед Хятадад төрийн өмчит компаниудаас авахуулаад хувийн жижгийг нь оролцуулбал 4 000 гаруй ган үйлдвэрлэгч байлаа. Эдгээр тоглогчид төмрийн хүдрийг нэг жилийн гэрээний нөхцлөөр худалдан авмагцаа буцааж зараад богино хугацаанд ашиг хийдэг байжээ. Тухайн үед Рио Тинтогийн төмрийн хүдрийн бизнесийг удирдаж байсан Сэм Волшийн хүүг Австралид өөр бизнес хийж байхдаа хятадуудтай холбогдсон тухай мэдээлэл Риогийн удирдлагын хүрээнд тарав. Үнэхээр ч түүнтэй MBA-д цуг сурч байсан ангийнх нь хятад залуу очиж уулзан Рио Тинтогийн төмрийн хүдрийг зах зээлийн үнээр Хятадын хүссэн боомт руу ачуулах хэлцэл хийхэд туслахыг хүсэн хэдэн сая доллар амласан байдаг. Гэвч энэ санаа хэрэгжээгүй юм. 

 2000 оны дунд үеийн турш төмрийн хүдэр ачсан хоёр км урттай галт тэргийн цуваа Австралийн эргээс далайгаар тээвэрлэгдэн Хятадын Чиндао, Таншань боомтод хүргэгдэж байлаа. 2006 оны наймдугаар сард Рио Тинтогийн төв оффис Пилбарагийн уурхайгаас экспорт хийж эхэлсний 40 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. Энэ үед Маркетингийн захирал Стерн Ху Шанхайн боомтоос салют буудуулан тоглож баяраа тэмдэглэн суужээ. Тэр жил Рио оны эцсийн ашиг нь түүхэн байгаагүй өндөр гарсныг зарласан бөгөөд 1.8 тэрбум долларын борлуулалтыг зөвхөн Хятадад хийжээ. Энэ хооронд компанийг нь үгүй хийх хямрал аажим гэтэж байсан юм.

 2007 оны тавдугаар сард Том Албаниз Риогийн гүйцэтгэх захирлаар томилогдов. Нью Жерсигээс гаралтай эр Аляскын сургуулийг дүүргэж чөлөөт цагаараа ууланд алхангаа геологчдод чулуу, дээж зөөж өгдөг байжээ. 1990-ээд оноос Риогийн Лондон дахь төв оффист ажиллахаар шоотой цамц, Аляск хүрэмтэйгээ иржээ. Ирсэн даруйд нь түүнийг хамгийн ойрхон орших оёдолчны газар руу хувцсыг нь солиулахаар явуулсан гэдэг. Түүнээс хэдхэн сарын дараа Албаниз гүйцэтгэх захирал болж, энэ үеэс Риогийн мөнхийн өрсөлдөгч BHP Billiton Риог худалдаж авах юм гэнэ гэсэн яриа дэгдэж эхэлжээ. Тухайн оны 11 дүгээр сард энэ яриа үнэн болох нь батлагдаж 150 тэрбум долларын хэлцэл сонсогдож эхэлсэн нь түүхэнд өмнө нь дуулдаж байгаагүй тоо билээ. Гэвч BHP-ийн саналыг Рио буцааснаар жинхэнэ дайн эхэлж, Албаниз амьд үлдэхийн төлөө тэмцэж эхэлсэн байдаг. 

 Хэдэн сарын дараа 100 гаруй ажилтантайгаа сар бүрийн уулзалтаа хийж байх зуур Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны корпораци Чайналко Риогийн хувьцааг авсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлжээ. Урьдчилж хэлэлгүйгээр Хятадын засгийн газар Рио Тинтогийн хувьцааны есөн хувийг худалдан авч, хамгийн том хувьцаа эзэмшигч болжээ. Үүнийг Рио Хятадтай хамтран худалдааны монополь үүсгэх замаар BHP-ийн дайралтыг зогсоох төлөвлөгөө байсан гэж зарим хүмүүс үздэг ч Чайналко энэ тухай ямар ч тайлбар хийхийг хүсээгүй. Тэр өдрийн үдээс хойш Албаниз нэгэн захиралтайгаа цуг Чайналкогийн ерөнхийлөгч Xiao Yaqing-тай Рио Тинтогийн төв оффист уулзсан байдаг. Хөндийдүү гар барилцсны дараа Албаниз Шиоаг компанидаа урьсан нь BHP-ийн аюулыг зайлуулж чадах хэн ч байсан Риогийн найз болох учиртай байжээ.

 Чайналко хувьцаа эзэмшигч болж орж ирснээс хойш ажлын компьютерүүд нэг л жигтэй, хэвийн бус ажиллаж эхэлснийг Риогийн захирлууд анзаарав. Компьютерийн гарын удирдлага хэт удаан болсноос гадна цахим шуудан гэнэт өөрөө нээгдэж бас хаагддаг болов. Рио Тинтогийн удирдах зөвлөл тэр даруй Их Британийн тагнуулын алба MI5-д хандав. Метал, чулуу олборлодог уул уурхайн компани яавал гэж гээд эхлээд Британийн тагнуулынхан онцын ач холбогдол өгсөнгүй. Доорх ярианд оролцсон хоёр эрхмийн хэлснээр хэдхэн долоо хоногийн дараа Риогийн нэгэн ажилтныг Лондонгийн гүүрний хажууд орших үл мэдэгдэх нэгэн байшинд дуудав. Дуудсан газар очмогц түүнийг гар утас, бүс, цагаа тайлж өгөхийг шаарджээ. Үүний дараа байшингийн хоёр давхарт цуг гараад нэрээ хэлэлгүйгээр дуудсан хүн “Таны мэдээлэл, харилцааны сувгуудын аюулгүй байдал алдагдсан” гэжээ. “Юу гэсэн үг билээ“ гэж Риогийн ажилтан асуунгаа “Миний мэдээлэл, имэйл, утасны дуудлага, мессэж бүгд үү” гэж лавлав. “Тийм ээ” гэж тагнуулын ажилтан хариулав. “Зургаан улсын засгийн газар мэдээллийг чинь дундаас нь хардаг” гэж тагнуулын ажилтныг хэлэхэд “Та тэдний нэг нь юм байна л даа” гэж ажилтан хариулсан байдаг. Тагнаж чагнаж байгаа ихэнх албадууд бараг гэмгүй гэхдээ та хятадуудаас болгоомжлоорой гэж захисан байна. 

 MI5 Риод Британийн нэгэн зөвлөх компанийг хөлслөн ажиллуулахыг санал болгов. Санал болгосон компани нь мэдээллийн технологийн нарийн үзлэг, аудитаар мэргэшсэн бөгөөд гол зөвлөгөө нь нэг удаагийн хэрэглээний гар утас хэрэглэж заншихыг зөвлөсөн байдаг. Өөрөөр хэлбэл харилцаанд орох бүртээ өөр дугаараас, өөр төхөөрөмжөөс холбогдоно гэсэн үг. BHP-ийн Риог худалдан авах хэлэлцээрээс хойш Риогийн захирлууд хурлаа төв оффисынхоо барилгын хамгийн гүний цонхгүй өрөөнд хийдэг болжээ. Учир нь цонхоор лазерийн гэрэл тусган өрөөн доторх дууны авиаг мэдэрч яриаг нь сонсох боломжтой байдаг аж. Түүнчлэн тэд бүх яриандаа код ашиглаж эхэлсэн. Тухайлбал, Рио Тинтог Роберт, BHP-г Виллиам гэж нэрлэж байсан бол BHP-тэй хийж буй бизнесийн дайнаа Манчестер гэж кодлосон.

 Хятадын хакерууд Риогийн системд бүрэн нэвтэрсэн тухай цөөн тооны голлох захиралд л мэдэгдэв. Энэ асуудлаас илүүтэйгээр BHP компанийг худалдан авахаар улайрч байгаа тэмцэлд удирдлагууд ач холбогдол өгсөн бөгөөд энэ тулаан 2008 онд дууссан юм. Шалтгаан нь дэлхийн санхүүгийн хямралаас үүдэлтэй найдваргүй зээлийн асуудалд орооцолдсон томоохон банкуудын дампуурал байсан юм. Энэ үед Хятадын гангийн үйлдвэрүүд бүгд гаднаас төмрийн хүдэр авахаа зогсоов. Зарим нь бүр авна гэж гэрээ хийсэн атлаа бүтээгдэхүүнээ авалгүй гэрээгээ зөрчиж байлаа. Албаниз ба түүний удирдлага тэр жилийн Зул сарын баярыг 40 тэрбум долларын өртэй компанийг амийг нь таслахгүй авч явах том дарамттай угтжээ. Удирдлагын баг дэлхий даяар хэрэн нисч уурхайчдыг ажлаас нь халан, хэдэн мянган ажилчиддаа амралтыг нь өгөн гэр рүү нь илгээж байлаа. Хэдэн арван тээврийн аварга том хөлөг онгоц Австралийн эрэг дээр явах газаргүй зогсоолд зангуугаа хаяжээ...

 

Үргэлжлэл бий...

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4334

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%