Нийтлэл 01 сарын 18, 2019

Утаа ба хүүхэд

Дагдангийн ажлын ихийг хэлэх үү, түүний эхнэрийн чангыг хэлэх үү, ирснээс хойш хэдэн жилийн дотор ер ч амарсангүй, бие сэтгэлийн зовлонг цадтал үзжээ... гээд нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгт гардаг даа. Яг түүн шиг цагаан сар дөхөж байгааг ч хэлэх үү, бэлдэж базаах ажил их байгааг ч хэлэх үү,  үүний хажуугаар хүүхэд өвдөөд байгааг ч хэлэх үү сэтгэл тайван амарч чадаж байгаа хүн цөөн. Ханиад томууны вируст дарлуулж бяцхан үрс маань ч туйлдаж гүйцлээ.  Жил бүрийн арван нэгэн сараас эхлэн утаа униарын асуудалдаа дарлуулж ирсэн Улаанбаатарчууд тэр дундаа багачууд энэ жил утаа хэмээх хар мангаст бүүрч их дээрэлхүүлж,  эмнэлгийн коридорт эмчилгээ хийлгээд зогсохгүй цагаан сараар ураг төрлийнхөндөө золгох ч эрхгүй болж байх шиг.

Одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдэд тэр дундаа Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг 0-5 насны хүүхдүүд томуу, томуу төст өвчлөлөөр өвдөж эмнэлгийнхэн ачааллаа дийлэхгүй байдалтай байгаа гэсэн мэдээллийн дагуу бид Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээр орсон юм.

Үнэхээр яаралтай түргэн тусламжийн тасагт хөл гишгэх зайгүй хүүхдээ тэвэрсэн хүмүүс ээлжээ хүлээн сууцгаана. Тус эмнэлэг 165 ортой бөгөөд ачааллын улмаас дэлгэмэл 85 ор нэмж тавиад одоогийн байдлаар 270 гаруй  хүүхэд хүлээж авсан байгаа юм байна.  Өдөрт 100 гаруй хүүхэд ирж үзүүлдгээс 30 орчим нь хэвтэн эмчлүүлдэг.  Ихэнх нь 0-6 насны хүүхдүүд. Тэнд байгаа хүүхдүүдийн зонхилох зовиур нь 38-аас дээш халуурах, амьсгал нь боогдох, биеэр нь юм туурах, шөнө унтаж чадахгүй ханиалгаж байгаа гэнэ.  Энд зөвхөн Сонгинохайрхан дүүргийн харьяалалд байдаг иргэдээс гадна тус хороонд түр оршин сууж байгаа хүмүүс үзүүлэх эрхтэй. Гэхдээ өрхийн эмчийн хяналтад байж өрхийн эмчийн дүгнэлт хэрэгтэй гэнэ.

Бидний гол зорилго эмнэлгийн нөхцөл байдал эмч нарын дүгнэлтийг сонсох байсан ч үнэндээ тэгэх боломжгүй байсан учир тэд байсан эцэг эхчүүдийн яриаг хэсэг чагнахад л эмч нарыг ямар завгүй, ямар ачаалалтай ажиллаж байгааг мэдэж болохоор байлаа.

Үзүүлсэн хүн бүр хэвтэн эмчлүүлж чадахгүй нь нэг зовлон. Гараад хувийн эмнэлэгт үзүүлье гэхээр үнэ хөлсийг нь дийлэхгүй нь нэг зовлон гэх ярих нэгэн эмэгтэй яриаг хүргэе.

"Би бага насны хоёр хүүхэдтэй. Нэг нь 4 настай нэг одоо 8 сартай. Том маань цэцэрлэгт явж байгаад ханиад хүрсэн. Жил бүр л ханиад хүрдэг жил бүр л эмнэлэгт хийдэг эмчилгээнүүдийг мэддэг болохоор дур мэдээд хүү хэддээ эм өгсөн. Гайгүй болоод байна гэж бодсон үгүй байсан. Харин ч бүүр ханиадыг нь хатгаа болгочхож. Яарч сандарсандаа хүүхдээ хурдан үзүүлмээр байдаг. Оочер дараалал гэж дийлдэх юм биш. Үзүүллээ гэхэд хэвтэх ор хүрэлцэх эсэх нь эргэлзээтэй ингэлээ гээд хувийн эмнэлэгт үзүүлэх цаашлаад хэвтэж эмчлүүлэхэд ч хэцүү л байна”

гэлээ.

Харин эмч мэргэжилтнүүдийн зүгээс

"Бид зохих туслах дэмжлэгийг хангалттай үзүүлж байна. Гэхдээ дан ганц бид эмчилгээ бичиж өгөөд бид хариуцлагатай ажиллаа эцэг эхчүүд өөрсдөө хариуцлагагүй байгааг хэлж байна. Тэд бичээд өгсөн эмийг зааврын дагуу бүрэн гүйцэд өгөхгүй байна. Эсвэл хаа хамаагүй тур мэдэж антибиотик өгч байна. Тэгэхээр хүүхдүүд эмэнд дасалтай бол эмчилгээ үр дүнгүй болж байна. Тэр тусмаа энэ жил А хүрээний H1N1 вирусийн дэгдэлт нэмэгдсэн учир хүмүүс дор бүрнээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна. Аргаа барахдаа бид цагаан сараар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байхыг зөвлөж байна."

гэлээ.

Үнэхээр энэ жил А хүрээний H1N1 дэгдэж хүүхдүүд гэлтгүй том хүн ч олноороо өвчилж байна.  Тиймээс өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яамныхан томуу, томуу төст өвчний асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүгээр А хүрээний H1N1, H2H3 вирусийн идэвхжил цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул Эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн 977 хүүхдийн орыг 723-аар нэмэгдүүлсэн ч хүрээлцээ муу хэвээр байна.

Түүнчлэн сурвалжлагаа бэлтгэхээр эмнэлгийн коридорт эцэг эхчүүдийн дунд байхдаа тэдэнд нэг нийтлэг алдаа байхыг анзаарсан юм. Тэд байсан 10 эцэг эхээс таны хүүхэд хэзээ халуурч эхэлсэн бэ?, Та хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авсан бэ?гэж асуухад тэдний тал нь 5-7 хоногийн өмнө халуурч эхэлсэн буюу халуун бууруулах эм, болон лаа хэрэглэсэн. Ингэхдээ өрхийн эмчдээ ч үзүүлээгүй. Фэйсбүүк групп дээрх ээжүүдийн зөвлөгөөний дагуу эмчилгээ хийсэн зэрэг хариултыг өгсөн юм. Ялангуяа одоо цагаан сар дөхөөд хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэх ч боломж байхгүй тул хурдан л эдгээхийн тулд антибиотик өгсөн гэх хүмүүс байсан юм.

Эндээс харахад бид дан ганц утаа өвлийн хүйтэнд буруу өгөх биш өөрсдийн эрүүл мэндийн мэдлэг мэдээллээ дээшлүүлэх шаардлагатай байна.  Хэн нэгнээс сонссон буруу ташаа мэдээллээ бяцхан үрс дээрээ туршиж үздэгээ больё. Эрүүл энхийн манаанд өдөр шөнөгүй зогсож байгаа эмч мэргэжилтнүүдэд бүх үүрэг хариуцлагыг тохохоо больё. Утаа униартай өөрсдөө тэмцье. 

  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon