Нийтлэл 02 сарын 27, 2019

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Вангийн нулимс

Ном уншиж дуусаад яагаад, яасан гэж, тэгээд яах юм бэ гэх мэт олон асуултууд үлддэг. Гэтэл надад энэ удаа Агиа Улсаа хоёр бүүр салчихсан уу гэдэг л  асуулт байсан. Өөр асуултууд байсан ч энэ л асуулт чухал  юм шиг санагдаад. Тэгээд би тэсэлгүй зохиолчоос асуусан. Гэтэл тэр надад сүүлчийн “Сүрэг” романыг уншаад хариултыг нь аваарай гэсэн. Энэ хариултыг аваад өөрийн эрхгүй баярлаж хөөрмөөр, инээд алдмаар санагдсан.

Яагаад чухам энэ асуултыг асуухыг хүссэн гэвэл зохиол дотор би амьдарч байсан юм. Тэр дундаа  Улсаагийн хайрт бүсгүй Агиагийн дүрээр амьдарч байлаа. Тэгээд хайртай залуугаасаа салчихаар гуниглаад бас түүндээ хийсэн, хийж болох байсан гай түйтгэртээ гэмшээд тэсэхэд их хэцүү байсан юм.

Зохиолчийн гол зорилго яг энэ байсан мэт. Тэр өөрийн зохиолдоо хэн нэгнийг донтуулж бүүр хамааралтай болгох увдистай юм билээ. Албаар гол дүрүүдийг дүрсэлж бичихээсээ илүүтэй уншичдад түүнийг өөрийн хүслээр өөрөө бүтээх бас түүний оронд өөрөө амьдарч үзэх боломж олгожээ. Тиймээс би Агиагийн дүрээр Улсболдод дурлаж, Улсболдын ажил амьдралын олон асуудалд санаа зовж, түүнд гомдож, хардаж, харамлаж, бас түүгээр бахархаж байсан юм.

Уншаагүй хүмүүст зохиолын тухай товч

Хятад Доктор Ван насаараа ажилласан Үүдэл эсийн нээлтээ дуусгаснаар зохиолын үйл явдал цаашид хөвөрнө. Гэхдээ үргэлж хэцүү, түгшүүртэй байдлаар. Түүний бүтээсэн бүтээл хэрэв буруу хүний гарт орвол маш их гай гамшиг авчрахыг бодон гэмшлийн нулимс унагасан хөгшин доктор бүтээлээ "Вангийн нулимс" гэж нэрийдээд түүний хор болоод ерөндгийг  бүх насаараа өөртөө хадгалахыг хүссэн ч санаснаар эс болно.

 Германд эмийн маркетингийн чиглэлээр мастерийн зэрэг хамгаалаад ирсэн Улсболд Улаанбаатарт буцаж ирэхдээ л "Вангийн нулимстай" холбогддог. Тэрээр Монголдоо томоохонд тооцогдох эм ханган нийлүүлэх “ЭмЧинТун” группэд Маркетинг судалгааны газрын даргаар орно. Түүнийг ажилд ороод удаагүй байтал Эмийн үйлдвэрийн захирал Нямцав удирдлагын багийн хурал дээр ирж хэрүүл шуугиан тарих бөгөөд тун удалгүй тэрээр амиа хорлосон байдалтайгаар олдоход хэрэгтнүүдээс бусад хүмүүс золгүй тохиолдол мэт өнгөрнө. Харин Улсаа энэ хэрүүл маргааны үеэр германд лекц тэмдэглэж сурсан дадлаараа утасныхаа voice record-ийг ажиллуулан захирлын өрөөнд орхисон нь Хятадаас Улаанбурханы вакцинаар дамжуулан өвчний вирус тарааж байгааг мэднэ.  

Энэ нь зүгээр нэг хэн нэг танихгүй хүмүүст тохиолдсон явдал биш өөрийн хайрт хүү Ариунтөр энэхүү вирусыг тээх туршилтад орсныг аажмаар мэдсэнээр энэ хэргийн  учгийг тайлан Монголын мянга мянган хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахаар зориг шулуудна.

Энэ хэрэгт  Монголын талаас Гантулга доктор болон  “ЭмЧинТун”-гийн удирдлагууд, Гантулгын гар хөлүүд Хятадын талаас Ху Шень болон Шизу,  По ноён зэрэг бусад хэд хэдэн хүмүүс  хамааралтай. Тэд   Монгол  шиг жижиг орныг туршилтын “харх” хэмээн хардаг. Ху Шений гол зорилго бол дэлхийг өмнөө сөхрүүлж чадах хүчтэй “бактериологийн зэвсэг” бүтээх явдал бөгөөд  зөвхөн өөрөө ерөндгийг эзэмшиж бүх эрх мэдлийг гартаа атган өөрийн хаанчлалаа тогтоохыг санаархаж Монголд олон төрлийн өвчнийг эм тариа, өвс тэжээл, хүүхдийн тоглоом зэргээр тараахыг үргэлж санаачилж байдаг хамгийн зэвүүн гар.  Харин энэ өвчлөлүүд зүгээр нэг вирус биш санаатай халдлага гэдгийг хашир суусан өвгөн доктор Самбуу, бүх гэмт хэргийн голд нь явж ирсэн Улсаа хоёр хамгийн сайн мэдэж байсан юм.

Ван докторын энэхүү “Үүдэл эс”-ний цаадах нууц, бас үнэнийг Улсаа, Лин Лин, Самбуу доктор, Төвөнх гэх сайн санаат хүмүүсийн тусламжтайгаар ил болж бүх асуудал цэгцэрдэг. Гэхдээ яаж, хаана, юу юу болсны дараа гэдгийг уншигч та өөрөө уншвал илүү амттай байх болов уу. 

Агиа, Улсаа хоёрын хайр сэтгэлийн тухайд

Ямар ч кино зохиол жүжигт сайхан хүүхэн, баатар эр дүрслэгдэж тэдний дурлалын түүх, хөгжилтэй дурсамжууд, гунигт салалтууд чимэг болдог. Энэ романд ч бас Агиа, Улсаа хоёрын хайрын түүх бас нэгэн чимэг болдог. Тэдний анх танилцаж байгаа нь их хөгжилтэй, бас их романтик. Бүтэлгүй ч юм шиг хэрнээ баатарлаг, царайлаг залуу эр, зоригтой, сэргэлэн, эрч хүчтэй, өхөөрдөм охинтой учирч байгаа тэр дүрслэл хэнд ч таатай санагдмаар.

Гол онцолмоор зүйл нь Агиаг хайрлах Улсаагийн хайр үнэхээр гайхалтай. Улсаа бол Агиагаас 10 насаар ах төдийгүй  өмнө нь амьдрал зохиож байсан нэгэн. Харин Агиа бол юу ч бичээгүй цэвэр цаас шиг цайлган бүсгүй. Тэр өөрийнхөө хэмжээнд ухаалаг,  хүчтэй эмэгтэй. Гэвч Улсаагийн хувьд тэр үргэлж дэггүй бяцхан охин. Түүний хийж буй буруу үйлдлийг тэр зөв болгон засаж, цаашид хэрхэхийг тайлбарлаж ярих нь  үлгэрт гардаг ханхүүгээс ч илүү. Тэр алхам тутамдаа Агиаг хамгаалж, хайрлаж байсан.

Зохиолчын уран чадварын тухайд

Зохиолч Todko Samson Б.Лхагвасүрэн агсны маш сайн шавь нь юм билээ. Тэр нь түүний энэ номоос мэдэгдэж байсан юм.

Тэр хоромын дотор уйлуулж уурлуулж, инээлгэж, чадаж байсан. Зохиолд нэг ийм хэсэг байдаг.

 

"...Цүнхний амыг буцаан үдээд өнөөх жижигхэн боодолтой зүйлийг задлан үзвэл хүүгийнх нь үнэр гэртээ өмсдөг тос толбо тогтож, өнгөө алдан бохирдсон дан цамц байх нь тэр.

Араас гараад ир гэдэг нь ийм учиртай байж. Хүүгийнх нь үнэр... Гэрийнх нь үнэр... Монголын үнэр..."

 

 Энэ хэсгийг уншаад хэдийгээр би Монголоо ингэтлээ санаж, бас хүүгээ санах аав байж үзээгүй ч маш их шаналал бас аз жаргалыг мэдэрсэн юм. Яг л агшин зуурт Агиагийн дүрээр амьдарч байсан би Улсаа болчихсон, аав болчихсон юм шиг мэдрэмж төрж хэдхэн минутын өмнө Төвөнх гэх нутгийн эрээс айж, түүнд итгэж ядан байснаа түүний ширүүн дориун төрхийг мартаж, түүнээс өр нимгэн зөөлөн сэтгэлийг олж харж тэр даруй түүнд итгэж болохыг мэдэрсэн.

Бас зохиолын турш Улсаа маш сайн маркетингаас гадна төрөлхийн авьяастай яруу найрагч байсан. Гэвч бодит байдал дээр Улсаа бол "Todko Samson" шүү дээ. Улсаагийн хайртай бүсгүйдээ хэлж буй үг, ээждээ, хүүдээ хэлж буй бүхэн зохиолч өөрийн гэсэн бүхэндээ зориулж байгаа юм шиг санагдсан.

Түүний зохиолдоо ашигласан зүйр үг, яруу найргууд бүгд 2-3 утга санааг давхар илтгэж, маш сайн бодох тунгаах боломж олгож байсныг бүүр онцгойлон магтмаар байна. Жишээлбэл:

Улсаа Хүүтэйгээ зүгээр тоглож наргихдаа ярих ярианд:

“Төр ариун бол улс ариун” гэх  төрийн эрх мэдэлтнүүдэд хандсан маш том философи хавчуулсан бол “Би тэнэг болохоор бүхнийг мэдэх гэж хичээдэг, чи цэцэн болохоор мэдэхгүйгээ хэлэхдээ ч ичдэггүй” гэж их мэдэгчдэд хандаж “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэж амиа хичээгч, худал хуурмаг, барьцгүй хүмүүсийг, “Үхэхдээ дэр авч үхнэ” гэж гэмгүй хүнийг гэмтэн болгож чадах ашигч, атаач нэгнийг шүүмжлэн хэлж байсан нь зохиолын нэгэн том чимэг байлаа.

Мөн газар орны байршил, түүх дурсгал, анагаах ухааны хэллэгүүдийг маш ойлгомжтой тайлбарлаж байгаагаас харахад зохиолч энэ романаа бичихдээ зүгээр ч нэг хийсвэрлэн бодоогүй маш сайн судалгаа хийж, шинжлэх ухаан болон бодит амьдрал дээр тулгуурлан бичсэн нь уншихад илүү ойлгомжтой бас төсөөлөхөд ч амар байлаа.  

Дүр дүрслэлийн тухайд бол кино үзэж байгаагаас ч илүү. Магадгүй уншигч та өөрөө кино найруулагч болсон мэт мэдрэмж төрөх байх.

"Швейцарь улсын чанх өмнө зүгт, Итали улстай хил залгах өндөр уулсын бүсэд “Тисино” нэртэй муж бий. Үүлс шүрэглэм өндөр уулсын хяр бэлээр хэдэн зууныг өртөөлөн суурьшсан жижиг тосгонд онгон дагшин үзэсгэлэнт байгаль, уулсын хормой дагасан бэлчээрийн мал аж ахуй, амар тайван, аз жаргалаас энэ муж бүрдэнэ"...

                   (Дээрх хэсгийн дүрслэл яг тагнуулчтай кино үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ.) 

 Ер нь тэгээд хүмүүс хэзээ ч үхэж болох эрсдэл дунд амьдрахдаа  өдрийн хоол, үр хүүхэд, өр төлбөр, гэр орон гэсээр толгой өөд сөхөлгүй зүтгэж явахдаа өөрт нь болоод ирээдүйд нь ямар аюул занал отож байгааг, бүр цаашлаад эх орон улс үндэстнээрээ үгүйрч болох эрсдэл хэзээд байдаг гэдгийг энэ зохиолоос уншиж болно.

Гэхдээ ийм аюул байна, тийм зовлон байна гээд зүгээр л тоочоод байвал хэн чамайг тоох юм бэ?

Өвс, вакцин, тоглоом, хувцас, эдлэл хэрэглэл тань халдварт өвчин тээгч гээд хэлвэл хэн чамд итгэх юм бэ?

Үргэлжлэлийг "Харь хэлээр яригсад" хэмээх хоёрдугаар дэвтрийн тэмдэглэлийн хамт  хүргэнэ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon