Монгол улсын эдийн засгийн чөлөөт байдал, ардчилсан тогтолцоо хаачсан бэ?

Monnichi.Today дээр Японоор бичсэн “Index of Economic Freedom" буюу Монголчилвол Эдийн засгийн чөлөөт байдлын индексийн тухай бичсэн нийтлэлээ  хүргэж байна.

"Heritage Foundation" гэдэг байгууллагаас жил болгон зарлагддаг “Index of Economic Freedom” энэ жил  нэгдүгээр сарын 25-нд зарлагдсан.

100% оноогоор үнэлэгддэг тус индекст 80-аас дээш бол онц буюу чөлөөтэй (free), 70-80 оноо бол сайн буюу нилээд чөлөөтэй (mostly free), 60-70 оноо бол дундаж буюу дунд зэргийн чөлөөтэй (moderately free), 50-60 оноо бол муувтар буюу бараг эрх чөлөөгүй (mostly unfree), 50-аас доош бол муу буюу эрх чөлөөгүй (repressed) гэж дүгнэгддэг. Харин Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний индекс 2019 онд өмнөх оноос 0.3 хувиар буурч 55,4 хувь буюу дэлхийн 186 орноос 126 дугаарт бичигдэж байгаа нь бараг эрх чөлөөгүй буюу (mostly unfree) ангилалд орж байна.

Уг нь Монгол улс 2006-2013 он хүртэл 60-аас дээш оноо аван "дунд зэргийн эрх чөлөөтэй" гэсэн дүн авч байсан бол, 2014 оноос хойш байнга ухарсаар ирсэн. Харин энэ жилийн тухайд   1997 оноос хойш хамгийн муу дүнгээ авсан гэсэн үг.  Энэ нь Монгол улсын Засгийн газар, томоохон төслүүдийг зогсоон, популизм хийж эхэлсэн үетэй давхцаж байгаа нь анзаарагдаж байгаа байх.

Тэгвэл Азийн улсууд, энэ дүнгээр ямар дүн тавиулсан бэ хараад үзье.

 

1. Чөлөөт эдийн засагтай (Free): Хонг Конг (1-р байр, Сингапур (2-р байр) гээд, нийт 6 улсаас 2 нь Ази тивд.

2. Ерөнхийдөө чөлөөтэй (Mostly Free):Тайван (10-р байр), Малайз (22-р байр), Солонгос (29-р байр), Япон (30-р байр) гээд, нийт 28 улсаас 4 нь Ази тивээс, ихэнх нь Европын улсууд

3. Дунд зэргийн эрх чөлөөтэй (Moderately Free): Тайланд (43-р байр), Индонез (56-р байр), Казахстан (59-р байр), Азербайжан (63-р байр), Турк (68-р байр), Филиппин (70-р байр), Бутан (74-р байр), Киргиз (79-р байр) гээд нийт 58 улсаас 8 нь Ази

4. Бараг эрх чөлөөгүй (Mostly Unfree): Орос (98-р байр), Хятад (100-р байр), Канбуж (105-р байр), Лаос (110-р байр), Шри Ланка (115-р байр), Бангладеш (121-р байр), Тажикстан (122-р байр), Монгол (126-р байр), Вьетнам (128-р байр), Энэтхэг (129-р байр), Пакистан (131-р байр), Мянмар (139-р байр), Узбекистан (140-р байр), Афганистан (152-р байр) гээд, нийт 63 улсаас 15 нь Ази, Монгол ерөнхийдөө сүүл мөшгих хандлагатай.

5. Эрх чөлөөгүй (Repressed): Туркменистан(164-р байр), Хойд Солонгос (180-р байр)буюу, 2 улс Азиас, үлдсэн 20 улс нь ихэвчлэн Африк тивээс

 

 Уг нь  манайх ардчилсан улс гээд цээжээ дэлдээд байдаг. Гэтэл илүү диктатурны системтэй Орос, Хятад, Казахстан, Киргизстан зэрэг улсуудаасаа доогуур үнэлгээ авсан сохирхол татаж байна. 

Уг оноо нь

1) Хуулийн хэрэгжилт

2) Засгийн газрын дарамт

3) Зохицуулалт (regulation)-ын эрх чөлөөт/ үр ашигт байдал

 4) Зах зээлийн чөлөөт байдал гэсэн дөрвөн хэсгээс бүрдсэн байдаг ба Монгол улс, бизнес эрхлэх эрх чөлөө (66 оноо), хөдөлмөрийн эрх чөлөө (75 оноо), вальютын хөрвөлтийн эрх чөлөө (77.8 оноо) гэх мэтийн 3-р хэсэгт багтах хэсгүүд, Худалдааны эрх чөлөө (75.8 оноо), Санхүүгийн эрх чөлөө (60 оноо) гэх мэт 4-р хэсэгт багтах хэсгүүд дээр харьцангуй гайгүй оноо авсан байна.

За тэгвэл юун дээр муу оноо авчихав?

Нөгөө л Засгийн газартай холбоотой зүйлүүд. Яахав, татварын дарамт харьцангуй гайгүй, Засгийн газрын төсвийн зарцуулалт сайжирсан (2014, 2015 онд repressed байсан) гэх мэт категори байгаа ч,  хуулийн хэрэгжилт, ЗГ-ын тогтвортой байдал, хуулийн уялдаа холбоо зэрэгт муу дүн, муу муудаа бүр арай ч дээ гэмээр муу дүн авчээ.

(Дээрх зурагт: Цэнхэр нь дундаж хэмжээний эрх чөлөөтэйг, улаан нь бараг эрх чөлөөгүйг илэрхийлж байгаа.  Манайх  энэ жил 1995 оноос хойш сүүлийн 22 жилд байгаагүй муу оноо авсан гэсэн үг)

1) Хуулийн хэрэгжилт дотор байгаа гурван ангилал, бүгд муу дүнтэй. Гол нь энэ гурван ангилал хоорондоо маш холбоотой ба эцсийн дүндээ дөрөвдүгээр хэсэгт багтах Хөрөнгө оруулалтын эрх чөлөө гэдэгт муугаар нөлөөлөх гол нөхцөл болж байгаа юм.

а) Өмчийн эрх (Property rights) 48.2%.

Хуулийн хэрэгжилт дотор байгаа гурваасаа хамгийн гайгүй дүнтэй нь. Гэхдээ, яалт ч үгүй өмчийн маргаан байнга үүсдэг өмчийн маргааныг олигтой шийдвэрлэж чаддаггүй гээд нүдэн дээр харагдаад байдаг асуудал тоон хэлбэрээр шууд гарч ирсэн. Сая, 2018 оны эцсээр одоогийн УИХ-ын дарга, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Занданшатар Ерөнхий сайдыг- тушаалаар Салхитын ордонд дайлаар мордсон байдал эсвэл он гараад дэгдсэн Номтойбаярын Цагаан суваргын ордны хэрүүл, South Gobi-ийн хэрүүл, одоо ид хэрүүл өрнөж байгаа Эрдэнэтийн 49% гээд том уурхай, орднуудын лиценз, эзэмшлийн асуудлаас эхлээд, жижиг сажиг зүйлийг ортол хамгийн асуудалтай өмчийн эрхийн халдашгүй байдал, өмчлөл, эзэмшлийн процедур гээд олон утгаараа муу дүн авахаас өөр аргагүй юм. Харин ч 48.2%, гайгүй өндөр оноо өгчихсөн авчээ. 

б) Засгийн газар-ын тууштай байдал (Government integrity) - 29.8%
Казакстан, Орос, Хятад гээд бусад бүс нутгийн улсууддаа хамгийн хол хаягдаж байгаа ангилал нь энэ. Бүс нутгийн улсууд нь энэ категор дээр дор хаяж 40-60 оноо авсан байгаа юм.

Манайх ийм оноо авах нь ч аргагүй.  Хууль, журмууд нь хоорондоо уялдаа холбоо байхгүй, Засгийн газар нь байнга солигддог, солигдох бүртээ бодлого төдийгүй хүний нөөц нь хүртэл орвонгоороо эргэдэг, бодлогуудаа 3 хоногийн өмнө шийдээд, 3 хоногийн дараа хэрэгжүүлэх гэж муйхарладаг гээд дурьдаад байвал дуусахгүй. Тэгээд уялдаа холбоо байхгүй, логик байхгүй дүрэм журмуудаа жижиг дунд бизнес эрхлэгчиддээ тулгадаг, торгодог, дээрэлхдэг. Ийм тодорхой бус байхаар гадны хөрөнгө оруулагч байтугай дотоодын бизнес эрхлэгчид ч тогтож байхад хэцүү шүү дээ.

Separation of Powers буюу, хууль батлах (legislature) , хууль хэрэгжүүлэх (Judiciary), засаглах (executive) гэсэн гурван эрх үүргийн тусгаарлалт нь одоогийн парламентийн ардчилсан, эрх чөлөөт нийгмийн тулгуур болдог атал Монгол улсад энэ нь алдагдаад байгаа байна.

УИХ буюу хууль батлах  гол байгууллага нь нөгөө 2 тулгуур хүчин болох хууль хэрэгжүүлэх болон засаглах байгууллагуудын эрх, үүрэгт хэт оролцдог, боомилдог, дарамталдаг болж байгаад Монголын засаглалын хямрал оршиж байна.
Засгийн газраа байнга сольдог, огцруулдаг, шантаажилдаг УИХ байхад Засгийн газар нь эрүүл байдлаар гүйцэтгэх засаглалын үүргээ биелүүлж чадах уу?

Японд ч тэр Сингапур зэрэг улсуудад ч тэр барууны улсуудад ч тэр  ЗГ-ын яам тамгын газруудын мэргэжилтэнүүд нь олон жил бэлтгэгдсэн хүмүүс нь УИХ-д  хэн гарсанаас үл хамааран дундаж түвшин хүртлээ тогтвортой байдаг. Энэ тогтвортой байх тогтолцоог нь УИХ нь тогтворгүй болгож хаяаад, хүн бүрийн ажилтай нь, цалинтай нь ярьж, шантаажилдаг байхаар УИХ-ын эрх хэмжээ хязгааргүй өндөр болохоос ч яахав. Тэгээд өөрсөддөө ашигтай хуулиа санал болгож батлангуутаа ЗГ-ын сайд нарыг гар хөлөө болгодог энэ систем байгаа цагт Засгийн газар  нь эрүүл үйл ажиллагаа явуулах боломжгүй .

в) Хуулийн хэрэгжүүлэгч байгууллагын үр ашигтай байдал (Judiciary Efficiency) - 23.8%.

Энэ ангилалд манайх Ази тивдээ доогуурт ордог Мьянмар зэрэг улсаас ч   муу оноо авсан. Бүс нутгийн Орос, Хятад, Казахстан, Зүүн өмнөд Азийн улсууд бүгд үүн дээр дээрхтэй адил 40-60, түүнээс дээш оноо авсан байтал, тэдний тал оноонд ч хүрэхгүй байна гэхээр л...

Нөгөө л Separation of Powers буюу, хууль батлах (legislature) , хууль хэрэгжүүлэх (Judiciary), засаглах (executive) гэсэн  гурван эрх үүргийн тусгаарлалт алдагдаад байгаатай холбоотой.

Саяхан шүүгч нь ч бил үү, АТГ-ийн дарга нь ч бил үү хуулийн хариуцлага ярьсан. УИХ-ын гишүүн нь “Чи муу энд орж ирчээд юу гээд томроод байгаа юм? Дураа хүрвэл наад хуулийг чинь бид нар өөрчилчих эрхтэй юм шүү!“ гэж томорсоныг санаж байгаа байх.

За тэгээд хууль хэрэгжүүлэх байгууллагын эрх үүрэгт шууд халдана. Саяны Салхитын уурхайн асуудал дээр л гэхэд уг нь шүүх нь шийдвэрээ гаргаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь очих ёстой бус уу? Юун ЗГХЭГ вэ?, Юун тусгайгийнхан бэ?

Одоо Хөгжлийн банкны шалгалт 1992 оны хувьчлал асуудалтай байсан гэх мэт асуудал ч тэр. Уг нь хууль хэрэгжүүлэх байгууллагын хариуцах ёстой ажил биш гэж үү? Засгийн газар  нь Засгийн газрынхаа хийх ёстой ажлаа л хий л дээ.  Шалгах материалыг нь шүүх хуулийн байгууллагад шилжүүлэх төдийг бол ойлгож байна. Засгийн газар  нь өөрөө шүүх байгууллага болох гээд байгаа юм уу?

Ингээд, шүүх, хууль хэрэгжүүлэх газрууд нь нэг утгаараа бүлдэгдүүлсээр байгаад эрх, үүргээ биелүүлж чадахаа байчихсан. 
60 тэрбум л гэнэ, ЖДҮ л гэнэ, одоо Эрдэнэтийн 49% л гэнэ. Угаасаа шүүн хэлэлцэх хангалттай үндэслэлтэй хэргүүд одоо болтол шүүхээрээ ч орохгүй байгаад байна. Ядаж шүүхээрээ ороод “нотлох баримт, үндэслэл хангалтгүй" гээд буцаагдсан бол өөр хэрэг. Томоохон шуугиантай хэргүүдээс Төмөр Замын хэрэг л гурван шатны шүүхээр бүгдээр нь явсан байх. Бусад нь хайчсан бэ?

Хууль хэрэгжүүлэх байгууллага нь үүргээ биелүүлэх чадвар байна уу? Эсвэл том эрх мэдэлтэй бүлэглэлүүдэд бүлдэгдүүлээд явдаг газар болсон юм уу?

Монгол улс тогтолцооны эрүүлжилт хийхгүй бол бид энэ хонгилоосоо гарч чадах ч үгүй байх.  Улам бүр өрсөлдөх чадвараа, бизнесийн орчин болон эдийн засгийн чөлөөт байдлаа алдах болов уу!

Камбуж аль хэзээний Монголын урд гарчихсан байна, Мьянмар удахгүй урд гарна. Газарзүйн байршлын хувьд өрсөлдөх чадвар муутай Монгол улс тогтолцооны эрүүл байдлаараа л бусадтай өрсөлдөнө шүү дээ.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4867

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%