Нийтлэл 03 сарын 04, 2019

Оюутан насны гэрийн даалгавар

 Мэдэхгүй байж болно -Угаасаа л сурах нас. Чадахгүй эсвэл хийж бүтээгээгүй байлаа гээд ичих зүйлгүй. Цаашид хийх үе ирэх болохоор. Алдлаа ч хариуцлага бага. Гэр бүл эсвэл харилцагч, үйлчлүүлэгч, менежерүүдийн өмнө хүлээх үүрэггүй. Ер нь . Хэдийгээр насанд хүрч том хүн болсон ч гэлээ мэдэхгүй чадахгүй, эсвэл байхгүй юмны чинь төлөө хэн ч чамайг гоочлохгүй. Одоогоос илүү ирээдүй чинь л чухал учраас зөвхөн хүсэл тэмүүллээр дүүрэн байхад л хангалттай.

Харин нэгэнт амьдрал дээр гарсан бол асуудал өөр. Харагдах өнцөг солигдож, дүгнүүлэх үнэлэмж өөрчлөгдөнө. Ирээдүй биш харин одоогийн үсний засалт, өмссөн хувцас, албан тушаал, авдаг цалингаараа илүү тодорхойлогдоод эхэлнэ. Хэлэх үг, хийх үйлдлээс чинь арай өндөр түвшний зүйл хүлээгдэх болно. Үр дагаварт нь ногдох хариуцлага ч өндөр. Оюутан үе шигээ мэдэхгүй чадахгүй зүйлийнхээ талаар бодолгүй яривал хэн ч сонсохыг хүсэхгүй. Дахиж чамайг хүлээж авахгүй. Нийгэмдээ юу хийж бүтээж, хэр их хувь нэмэр оруулснаар ярих зүйлсийн цар хүрээ хязгаарлагдана. Буруу зүйл хийвэл өөрөө ч алдах зүйл их, өрөөлд ч учруулах хохирол том.

Иймээс нэгэнт төгсөөд амьдрал дээр гарсан хойно бол хийхэд хэтэрхий эрсдэлтэй олон зүйлийг айлгүй туршиж үзэх цаг бол оюутан нас. Өнгөрсөн одоогийн алинд ч хязгаарлагдахгүй, юунд ч баригдахгүй. . Ажилд ороход л хэрэгтэй чадвар олж авах шат ч биш. Эдгээр нь оюутан үеийн зорилго биш, ердөө нэг л хэсэг нь.

Дүнгийн төлөө гэлгүй 1 бүтэн ном уншиж дуусахад төрөх тэр тийм нэг өег сэтгэгдэл. Шөнөжин хичээл хийн ширээний ард сууж хоноод өглөөний нарыг харахад өөрийгөө ялсан мэт санагдах тэр амттай мэдрэмж. Мөнгө, карьер, албан тушаалын төлөө биш, зөвхөн өөрийн хүслээр сайн дурын ажил хийхэд дотроос оргилон гарах тэр эрч хүч. Итгэл үнэмшлээсээ өөр бодол санаатай хүмүүстэй ярилцаж мэтгэлцэхэд нүд онгойж харах өнцөг тэлсэн мэт санагдах тэр сэтгэгдэл. Олуулаа нийлж хичнээн хөлсөө урсган бэлдсэн ч тэмцээн дээрээ хожигдоод хоолны аппетитгүй болтлоо гонсойх тэр мөч...Оюутан үед энэ бүгдийг хийж, олон зүйлийг мэдрэхэд хангалттай цаг зав боломж бий. 

 Тэгвэл оюутан үеийн зорилго юу вэ? Өөрийгөө таньж мэдэх.  Дуртай дургүй, чаддаг чаддаггүй зүйлээ мэдэж авах. Элдэв зүйлээр оролдож, аз жаргалыг юунаас мэдэрдгээ ойлгох. Хийсвэр мөрөөдлөө (сансарт нисэх г.м?)  хүүхэд насныхаа дурсамжинд үлдээж, харин цаашид энэ амьдралд юу хийж, нийгэмдээ ямар хувь нэмэр оруулмаар байгаагаа тодорхойлох.

Энэ бүхний нийлбэр л оюутан насанд хийх ёстой гэрийн даалгавар.

Харин амьдралыг, өөрийгөө таньж мэдэх энэхүү гараан дээрээ байшин, машин, хүүхэд эсвэл албан тушаалаар л мөрөөдөл, зорилго хязгаарлагдвал гунигтай. Жинхэнэ амьдрал эхлэхэд оюутан үед л байдаг боломж дахиж олдохгүй. Олдлоо ч хийж бүтээх үедээ оюутан насандаа хийгээгүй гэрийн даалгавартайгаа эргээд зууралдаад суувал харамсалтай... 

Сэтгэгдэл бичих

arrow icon