Нийтлэл 03 сарын 24, 2019

Хулхи либералуудаас зах зээлийг аврах нь

Манайд улстөр, банк, уул уурхай дамнасан эрх ашгийн махчин бүлгүүд төртэй нийлж хийсэн хулгайгаа зөвтгөхийн тулд “хувийн хэвшил” хэмээх гоё нэр бүхий сагсгар том хонины арьс нөмөрдөг. Тиймд энэ арьсыг хуулж үзэх, нэн ялангуяа “хувийн хэвшил”  ба “зах зээл” гэсэн хоёр ойлголтыг ялгаж салгадаг болоосой гэсэн сэтгэлээр үүнийг татлав. Орчуулгын зөрүү гардаг тул зарим нэршлийг зориуд англи, монгол хоёр хувилбараар бичлээ.

Засгийн Газар vs. Хувийн хэвшил, Төр vs. Зах зээл

Төр гэдэг нь абстракт ойлголт ба түүний биет хэлбэр нь засгийн газар, УИХ зэрэг хэлбэртэй. Түүнтэй адил зах зээл market гэдэг нь абстракт онолын ойлголт юм. Зах зээлийн биет илрэл хязгааргүй олон төрлийн хэлбэртэй. Урт цагааны гудамжинд ундаа зарж байгаа эгч ч зах зээлийн биет илрэл мөн. Манайд төрийн өмчөөс ялгаж “хувийн хэвшил” гэж нэрлэж дадсан хэдэн компани ч зах зээлийн бодит илрэлийн нэг хэлбэр. Эдийн засгийн философийн үзэл санааны гол маргаан чухам энэ хоёр абстракт буюу зах зээл үү, төр үү гэсэн сонголтын орон зайд өрнөж ирсэн байдаг. Орчин үеийн эдийн засгийн түүх нь хувьцаат болон бусад төрлийн corporate  компаниуд зах зээл market-ийн гол тоглогчид болж хөгжсөн түүх болно.  Гэхдээ компани ба зах зээл нь нэг зүйл гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл эдийн засгийн онолын гол дүр нь ямар нэг компани, хэн нэг улстөрчийн тэргүүлсэн засгийн газар биш зах зээл буюу амьдрал гэдгийг дахин давтах байна.

Зах зээл бол амьдрал. Тиймдээ компаниас ч ах, төрийн эдийн засгаас ч ах. Төрийн эдийн засаг байтугай төр өөрөө үүсэхээс ч өмнө худалдаа наймаа хийгдэж байсан түүхтэй. Харин 18-р зууны сүүлээс тэсрэлт маягтай явагдсан үйлдвэрлэлийн хувьсгалаас хойш зах зээлд асар хүчирхэг тоглогчид төрөх болж  АНУ-д трастыг, Японд заибацуг задлах зэргээр зах зээлийг өөрөөс нь төрсөн том тоглогчдоос хамгаалах оролдлогууд хийгдэж ирсэн байдаг. Ер нь зах зээлийн хөгжил ба хүчирхэг цөөнхийн эрх ашиг үргэлж нийцтэй байдаггүйг баталсан хямрал түүхэнд олонтоо дэгдэж ирснээс хамгийн хоёр том нь 1930-аад оны Их Хямрал ба 2008 оны санхүүгийн их хямрал юм.  

Төрийн оролцоог шүүмжилдэг Австрийн школын загалмайлсан эцэг Хаекээс авахуулаад либерал эдийн засгийн үзэл санааны амин сүнс нь ямар нэг корпорац, субъект биш зах зээлийг хамгаалахад оршдог. Үүнийг хагас дутуу, буруу ойлгосон хулхи либералууд эхийгээ мөргөдөг ишигний үлгэрээр эргээд зах зээлээ идэх хэмжээнд хүрсэн хувийн хэвшлийг пиардах ажил хийж суусаар үзэл санааны хямралд орж, энэ нь популизм, социализм, экстримизм зэрэг улам хурц гажуудалд хөтлөх болов.

Хаекийн онол бол зах зээлийг төрөөс гэхээсээ хэн нэгний arbitrary дурын халдлагаас, өөрөөр хэлбэл  “coercion”-ээс хамгаал гэж захисан гэрээслэл юм. Түүнийхээр хөгжил гэдэг нь сайн дурын, чөлөөт хүсэл зоргоос үүдсэн, хэн нэг тоглогч үнэмлэхүй жин дарж дүрэм бичих боломжгүй органик хөгжил явагдаж байдаг либерал талбар. Ийм оролцоо хэн нэг үнэмлэхүй хүчтэй оролцогчийн coercion буюу халдлагад дархлаатай эрх чөлөөний мэдрэмж, оюун санааны бие даасан байдал, liberty-д  суурилах тул түүний онолыг эдийн засаг гэхээсээ улстөрийн философи гэж тайлбарлах нь бий. Хаекийн либерал зах зээлийн хөгжлийг улстөрөөс ангид ойлгох ер нь боломжгүй. Өнөөдрийн Монгол улстөрийн сонгуулиар саналаа худалдчихдаг масс эдийн засгийн liberty-гээ ч хамгаалах чадваргүй байдгийн баталгаа болсон.

Хаек arbitrary coercion буюу явцуу эрх ашгийн үүднээс зах зээлд халдлага хийх гол дүрээр төрийг сонгож анхааруулсан нь цаг үеийн нөхцөл шалтгаантай. Дэлхийн хоёр их дайн, геноцид, ЗХУ гэдэг аюул хаяанд орших. Төр асар хүчирхэг болж, асар гамшигт туршилтууд хийсэн хорьдугаар зуунд төрөөс болгоомжил гэж анхааруулах нь зүй ёсны сануулга байв. Технологи улам хүчирхэг болж, тэр нь улам гүн гүнзгий орлогын ялгаа үүсгэж, үндэстэн дамнасан корпорацууд дуртай оффшортоо хөрөнгөө байршуулж, түүнийг нь царайчилсан төр талдаа татахын тулд байдгаа барж байгаа өнөөдөр хүчний харьцаа арай өөрчлөгдсөн. Дархан төмөрлөг, Хөтөл цемент, Эрдэнэт үйлдвэр зэрэг аль том төрийн өмч, орд, үйлдвэрүүдийг нэг арилжааны банктай групп зах зээлийн аливаа зарчмын дээгүүр улстөрийн аргаар хувьчилж авах, үүнийг нь нэр бүхий хулхи либералууд дуртай хэвлэл мэдээллээр зөвтгөж тархи угаах боломжтой Монголд хүчний харьцаа бүр урвуу эргэсэн. Үндэсний телевизээр танай төр манай банкнаас мөнгө гуйдаг гэж яриад сууж байх хэмжээний хувийн хэвшил либерал зах зээлд орших ёсгүй юм. Тийм байтал гадаад гүйлгээний 50%-ийг хийдэг банк, нийт татварын 90 хувийг төлдөг 5 компани зэрэг статистикаар бүр гайхуулах аястай “эдийн засагчид” хавиар нэг байх нь мөн чанарыг гажуудуулах монгол авьяасын сонгодог жишээ болж.

“Заль мэх, авилга нь coercion халдлагын нэг хэлбэр болно”. Хаек

Хэн нэг этгээд дангаар дүрэм бичих боломжгүй байх ёстой гэдэг нь хэн нэг этгээд мэдлэг ба үзэл санааг хянах, өмчлөх боломжгүй байдлыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл либерал хөгжлийн нэг үндсэн нөхцөл нь бүх нийтийн оролцоотой мэдлэг ба үзэл санааны хөгжил юм. Өөрөө хагас дутуу ойлгосон түүхий онолоор жирийн монголчуудыг далдайлган дээрэлхэж, тэрэнд нь эргэлзсэн хэнийг боловч тэнэг мангар гэж өөрт нь итгүүлэх нь оюун санааны лидер биш эрх ашигт үйлчлэгч хөлсний пиарчдын ажил. Баярцогтын хорин мянган хувьсагч бол үүний ноён оргил хаха, гошин шог.  Хаек оюун санаа, ёс зүй, урлагийн манлайлагчид нь олон нийт биш ямар нэг анги, явцуу эрх ашигт харьяалагддаг нийгэм доголдолд орно гэж үзсэн байдгийг номоос уншиж биш өөрсдийн уушиг, агаар, усаар баталж суугаа нь бидний өнөөдрийн амьдрал.

Тийм байтал зах зээлийг хянаж байх сонирхолтой том бүтцүүд медиад хөрөнгө оруулдаг учраас Монголд мэдлэг, үзэл санааны органик хөгжилд гажуудал үүсдэг. Хүний нийгэм гэдэг итгэл үнэмшил, үнэт зүйлээ дагаж хэвшдэг тул coercion-ий хамгийн гол зэвсэг нь үзэл суртал. Тэдний талд итгэл үнэмшил байхгүй нөхцөлд өөрсдийн эрх ашигт нийцэх  улстөрийн шийдвэр гаргуулах, компанийн имижээр сайн боловсон хүчин татах, мотивацтай ажиллуулах зэргийн өртөг эсрэгээрээ нэмэгдэх тул soft power буюу зөөлөн хүчний төлөө сүүлчийн зоосоо ч хамаагүй хөрөнгө оруулна. Манайд гэхэд олон тооны уул уурхайн орд газрын лицензтэй, төрөөс татаас авч дадсан олон группийн нэг Гацуурт компани үндэсний телевизээс том нэртэй Монгол ТВ-ийн эзэмшигч. Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар гэхэд мөн л үндэсний медиа шиг том нэртэй “Засгийн газрын мэдээ” сонин эрх ашгийн хамгаалалт хийж байдаг, Голомт банк гэхэд Масс медиа групп, Eagle TV-гийн ард байдаг гэх мэт зах зээлийг биш компанийн арьс нөмөрсөн явцуу эрх ашгийг хамгаалах хэдэн том бүтэц structure хоорондоо өрсөлдөж байдаг.

Мэдээж зах зээлд дангаар нөлөөлөх хүч power болж хувирсан, үүнийгээ ашиглан өөрсдийн эрх ашгийг хамгаалах тоглолт хийдэг нь зөвхөн Монголд үзэгддэг асуудал биш.  Ардчилал, зах зээлийн хөгжлийн бэлэг тэмдэг АНУ-д ч эрх ашгийн бамбай маягтай итгэл үнэмшлийн өрсөлдөөн ямар ширүүн явагддаг тухай Нобелийн шагналт эдийн засагч Штиглиц маш дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. “Нийгэмд тэгш бус байдал гүнзгийрэхийн хэрээр тийм л байх ёстой гэж үзэх  итгэл үнэмшил улам гүнзгийрдэг” гэсэн дүгнэлт нь их сонирхолтой. Манай хар ярианы хэлээр бол нохой уясан эзэндээ янаг гээчийн үлгэр болой. Монголд ч боломжоо дээрэмдүүлсэн бизнесмэн топ татвар төлөгчдөд талархан нулимс унаган сууна. 

Энд нэг зүйлийг буруу ойлгож болохгүй, зах зээлийг түүнд дангаар нөлөөлөх чадвартай хувийн хэвшлийн power-аас хамгаалах гэдэг нь төрийг пиардах юм уу, төр зөв сайн гэдгийг батлахгүй. Бүх ард түмнээс эрх мэдэл ацаглаж, төсөв татдаг төр ч хэзээд хянаж, хазаарлаж байх ёстой coercive power мөн. Тэр талаар хангалттай пиар явж байгаа тул энэ удаа түүнээс дутуугүй хүчтэй хувийн хэвшлийн талаас бичлээ.

Үзэл санаа хэчнээн хүчтэй ч түүний эх нь, түүнээс хүчтэй, түүнээс бодитой нь зах зээл өөрөө буюу амьдрал юм. Халдлагад өртсөн зах зээлийн хэвийн ажиллагаа алдагдаж, тэр нь хүний амьдралын зовлон болон хувирч, түүнийгээ илэрхийлсэн аливаа дуу хоолой, үзэл санааг тэнэг мангараар нь дуудан элдэв цэцэн онигоо бичиж оюуны хүчирхийлэл үйлдээд баймагц амьдрал эргээд өөрсдөөс нь өс авах цикл дээр ирээд байнам. Зовлон бодитой, тэрийг үгүйсгэлээ гээд үгүйсгэгчид өөрт нь ч ашиггүй гэдэг нь өнөө цаг үеийн гол хичээл гэж хэлж болно. Хэдэн coercive бизнес групп өөрсдийгөө зах зээл, ардчилал, либерал хөгжлийн бэлэг тэмдэг гэж үнэмшүүлсэн үзэл санааны завхралын гайгаар либерал үзлийг тэр чигт нь үгүйсгэх, нөгөө талын барын ам руу ханарах, төрд орд газрыг хураахыг дэмжих, улстөрийн хувьд ч дарангуйлагч хүсэмжлэх зэрэг туйлшрал газар авах болов. Хулхи либералуудын эш татах дуртай коммунизм ч, боливарын социализм ч үнэндээ бол өвчнөө даагаагүй зах зээлээс төрсөн. Зах зээлийг улам бүр хүчирхийлж, төртэй хамтран дээрэм үйлдэж, түүнийгээ зөвтгөж дөргүй бух шиг зүтгэхээр амьдрал ямар хариу авдгийг түүх бэлхэн зааж өгнө. Тэндээс манай “либералууд”  суралцах эсэх нь тэдэнд хандах олон нийтийн шүүмжээс буюу уншигч таны үзэл бодол, итгэл үнэмшлээс ихээхэн хамаарах болно. Нийт олонх хувийн хэвшил нэртэй дураар дүрэм бичигчид ч биш, төр нэртэй дөхөө гарууд ч биш зах зээлийн буюу өөрсдийнхөө талд зогсох үзэл бодол, итгэл үнэмшилтэй байхад нэмэр болох зорилгоор үүнийг таталж таны оюун ухаанд хүргэв.

 

@bolushka 2019/03/24

 

arrow icon