ХЭЛЭХ ҮГ БАЙНА: Улс төрийн намууд үзэл баримтлалын дагуу ажилла

Төлөөлөлийн ардчилалд улс төрийн намууд чухал байр суурийг эзэлдэг. 1990 онд ардчилал ялж Монгол улс нээлттэй ,олон намын системтэй улс болсон. 1992 оны анхны ардчилсан сонгуулиас өнөөг хүртэлх сонгуулийн үр дүнг харахад Монгол Ардын Нам, Ардчилсан намууд ээлжлэн засаг барьсан байна.

Монгол улсын намын түүхийг авч үзвэл:

Дэлхийн дахинд коммунизм байгуулах хүсэл зоригийн дагуу Монгол улс социализм руу шилжсэн үед Монгол Ардын Хувьсгалт Нам нь марксист улс төрийн философиор үйл ажиллагаагаа 1921 оноос эхлэн явуулсан.

Улмаар ардчилсан хувьсгал гарч МАХН марксист онолоос социал демократ онол руу шилжин өөрийн намаа зүүний чиглэлийн социал демократ нам мөн гэдгээ зарлав.

 Ардчилсан хувьсгалын үр дүнд 1990 оны 5 сард АИХ Улс төрийн намын тухай хууль баталсанаар олон нам бүрэлдэх эрх зүйн орчин бий болж намууд байгуулагдав. Анхны намуудын нэг нь одоогийн Ардчилсан нам буюу Монголын Ардчилсан нам юм.

 

Монгол Ардын Нам нь зүүний чиглэлийн социал демократ, Ардчилсан нам барууны чиглэлийн либерал нам ч хоёр намын мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх бодлого нь хоорондоо нэг их ялгарахгүй.

            1990 он гарсанаар Монголын Ардчилсан Нам /одоогийн ардчилсан нам/ либерал үзэл баримтлалын дагуу өмч хувьчлалын ажлыг эхлүүлж хөдөө орон нутгийн иргэдэд малыг, хот суурин газрын иргэдэд орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилсан.

2000 оноос Намууд өөрсдийн чиглэл, үзэл баримтлалын дагуу мөрийн хөтөлбөрөө эс боловсруулан, бодлогоор өрсөлдөхөө больсон гэж олон судлаачид үздэг .

2000 оноос эхлэн Монгол улсад популизм давамгайлсан улс төр газар авсан. Өнгөрсөн жилүүдийн сонгуулийн амлалт зэрэг нь дээрхи өгүүлбэрийг батлах мэт.

            Улс төрийн намын чиглэл, үзэл баримтлал нь онолын хувьд хийсвэр ч практик ач холбогдолтой зүйл. Улс төрийн нам тодорхой чиглэл, үзэл баримтлалын дагуу үйл ажиллагаагаа явуулснаар намын үйл ажиллагаанд ,улс орны хөгжил цэцэглэлтэнд чухал нөлөөг үзүүлнэ.

Улс төрийн нам нь улс төрийн философи дээр үндэслэсэн хүчтэй үзэл баримтлалтай , үзэл баримтлалын дагуу ,чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй.

            Улс төрийн философийн тухай авч үзвэл:

төрийн засаглал нь бусад хүнийг засаглахдаа ямар заагаар хязгаарладаг болох, хүмүүсийн улс төрийн эрх чөлөөг хязгаарлахгүйгээр тэдний эдийн засгийн үйл ажиллагааг хатуу хянах боломжтой юу?, хууль тогтоох засаглалын сонгуульт төлөөлөгчид зөвхөн өөрт зохистой санагдсан саналыг оруулах ёстой юу, эсвэл гагцхүү сонгогчдынхоо олонхын санал , хүслийг илэрхийлж байх ёстой юу гэх мэт асуудлыг судалдаг. Улс төрийн философийг Платон, Томас Гоббс, Жон Локки, Жон Стюарт Милл, Карл Маркс зэрэг хүмүүс өөр өөрийнхөөрөө авч үзсэн байна.

            Монгол Ардын Нам социал демократ нам ба Социал демократ намын Үзэл санааны эх үндэс нь эрх чөлөө, нийгмийн шудрага ёс, эв нэгдэл.

Социал демократ намууд нийгмийн ялгаатай анги давхарга, бүлгийн эрх ашгийг жигд харгалзаж , хүн амын нийгмийн баталгаа, шудрага ёсыг хангахыг хичээдэг мөн нийгэмд дэх хүн амын эмзэг ядуу хэсгийн эрх ашгийг түлхүү анхаарч ,нийгмийн суурь үйлчилгээг төрөөс хариуцахад чиглэдэг.

 Иргэдийн үндсэн эрхийг хангахыг зорилго болгож, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, амралт эдлэх, тэтгэмж хүртэх зэрэг эрхийг чухалчилдаг.[1]ба дээрхи зүйлсийн төлөө МАН-н бодлого чиглэгдэх ёстой.

            Ардчилсан нам нь барууны чиглэлийн либерал нам. Барууны чиглэлийн намууд нь Хувь хүн өөрөө туйлын үнэт зүйл мөн.Амьдрах эрх, эрх чөлөөтэй байх эрх, өмчтэй байх эрх нь хүний салшгүй эрх.  Хүний жам ёсны эрхийг хамгаалах нь төрийн цорын ганц үүрэг.Хүн аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа хэнээс ч үл хамаарна.Эдийн засагт төр оролцохгүй байх нь зөв ,хэмээн үздэг ба барууны чиглэлийн намууд хувь хүний хүсэл зоригийн бие даасан байдлыг хүндэлдэг.[2] Тул Ардчилсан намын бодлого дээрхээс хазайхгүй байх ёстой.

Монгол улсад 1921 онд нам байгуулагдан 97 жилийг ардаа орхиж,Олон намын системтэй болоод 29 жил өнгөрсөн ч чиглэл үзэл баритлалын дагуу үйл ажиллагаагаа явуулах,явуулдаг нам бий болж чадсангүй.

 Улс төрийн хоёр голлох нам үзэл баримтлалаа баримтлахгүй байгаа явдал нь ард иргэдийн намд итгэх итгэлийг сулруулж байгаа.  МИК ХХК-аас ард иргэдийн дунд 2018 оны 1-р сарын 17-20 ны өдөр Улаанбаатар хотод амьдардаг сонгуулийн насны 750 иргэдээс ,  2018 оны 03-р сарын 7-10-ны өдөр сонгуулийн насны 800 иргэнээс түүврийн аргаар явуулсан судалгааны үр дүнд ард иргэдийн улс төрийн намд итгэх итгэл алдагдаж буй  юм. Тодруулбал,  аль ч намыг голчилдоггүй иргэд хагас жилийн өмнө 28 хувь байсан бол 2018 оны нэгдүгээр сарын байдлаар огцом нэмэгдэж 70 хувьд хүрээд байна.[3] 2017 оны 07 сард судлагаанд оролцсон иргэдийн 28% нь нам дэмжээгүй бол 2018 оны  08 ,09 сард 40 % 10 сард 47%, 11 сард 48 %, 12 сард 51% байсан бол 01 сард 70%, 02 сард 64 % нь нам дэмждэггүй гэсэн санал өгөөгүй байна

Үүнээс харахад Улс төрийн намын үзэл баримтлал нь улс төрийн философи дээр үндэслэх ёстой. Намууд өөрсдийн чиглэл үзэл баримтлалын дагуу ажиллах шаардлагатай. Ард иргэд улс төрийн боловсролын түвшингээ нэмэгдүүлж намуудыг чиглэл ,үзэл баримтлалын дагуу ажиллахыг санал болгох хэрэгтэй байна.

 

 

[1] https://www.socialeurope.eu/social-democratic-basic-values-and-the-work-of-the-spd-basic-values-commission

http://www.econlib.org/library/Enc/Socialism.html

 

[2] https://www.philosophybasics.com/branch_liberalism.html

 

[3] http://ikon.mn/n/17qh

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4979

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%