Үлгэрийг үнэн болгон Стив Жобсын тухай А-Я

Аpple компанийг үндэслэгч Стив Жобс хорт хавдрын улмаас 56 насандаа хорвоог орхисон билээ. Хэрэв өнөөдөр амьд байсан бол 61 хүрэх байж. Алдар нэртэй ч, эд хөрөнгө, баялагтай ч эрүүл мэндийг хэн ч худалдан авч чадахгүйг тэгэхэд маш олон хүн мэдэрсэн. Хэдийгээр Стив эр хүний хувьд хангалттай насалж чадаагүй ч, хангалттай их зүйлийг дэлхий ертөнцөд бүтээж чадсан юм.

Бэлэг тэмдэг. Стив Жобс компанийнхаа бэлэг тэмдгийн тухай “Ньютон алимыг газарт унагаад таталцлын хуулиа нээсэн бол би түүний алимнаас хазсанаар технологийн шинэ хуулийг нээсэн” хэмээн ярих дуртай байжээ.  

Возняктай танилцсан үеэс Стив Жобс “Компьютерыг надаас илүү мэддэг цорын ганц хүн байдаг юм байна. Тэр бол Возняк” гэж хүлээн зөвшөөрчээ. “Apple”-ын амжилт компьютерын суутан Стив Возняк, персональ компьютерийг санал болгож дэлхийг өөрчилсөн бизнесмен Стив Жобс наргүйгээр оршин тогтнох аргагүй байсан юм.

Геннисийн ном. Түүнийг хамгийн өндөр цалинтай гэж боддог хүн олон байсан ч Apple-ын vvсгэн байгуулагч Стив Жобс дэлхийн хамгийн бага цалин авдаг захирлаар Гиннесийн номонд бичигджээ. Түүний бүтэн жилийн цалин 1$ байжээ.

Дарангуйлагч. Зарим нь түүнийг дарангуйлагч гэж нэрлэдэг, Стив өөрөө үүнийг хүлээн зөвшөөрдөг байлаа. "Гэхдээ л үргэлж миний зөв байдаг байсан" гэж араас нь заавал хэлнэ. Хүний санааг урж тасдахад бэлэн хатуу үг, төмөр мэт ширүүн харц нь түүнийг дарангуйлагч болгодог байв. Төмөр мэт хатуу зарчим л дэлхий ертөнцийг өөрчилж чаджээ.

Ерөнхийлөгч Барак Обама Жобсын цаг бусаар таалал төгсөхөд "Стив америкын агуу их шинийг санаачлагчдын нэг байсан. Тэрээр ертөнцийг өөрчлөх тухай өөрийн авьяас чадвартаа итгэж, үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд авьяас төгөлдөр байж бусдаас дэндүү өөрөөр сэтгэж чадсан" гэж тодорхойлов.

Жобсын өдөр. Стив Жобсын гэгээн дурсгалд зориулан www.stevejobsday2011.com гэсэн сайтыг фенүүд нь нээж, жил бүрийн 10 сарын 14-ний өдрийг Жобсын өдөр болгон Стивийн загвараар хар өнгөтэй битүү цамц, цэнхэр жийнс, пүүз өмсөж зургаа авахуулан Facebook, Twitterт тавьдаг болжээ.

Засвар буюу мэс засал. Стив Жобс 2004 онд хорт хавдартайгаа мэджээ. Мэргэжлийн эмч болон ойр дотны хүмүүс нь түүнийг мэс засалд орохыг зөвлөсөн ч Жобс татгалзсаар байв. Түүний биедээ мэс хүргэхгүй гэсэн шийдвэр жил хүрэхгүй хугацаанд өөрчлөгдөж, амьд явахын тулд мэс заслын ширээн дээр аргагүй эрхэнд гарчээ. Үүний ачаар Стив дахин 8 жил амьдарч, дэлхийн технологийн хөгжил тэр хэрээр урагшлав.

Их хөрөнгө. Жил бүр “Форбес” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 2011 онд Стив Жобс 8.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр 110 дугаар байрт бичигдсэн. Харин 1985 онд буюу “Apple” компаниа дөнгөж байгуулсныхаа дараа дэлхийн баян хүмүүсийн тавдугаарт бичигдэж байжээ.

Коллежоос завсардаагүй бол энэ дэлхий Apple-гүй байж мэдэх л байлаа. Стив Жобс Калифорнигийн Купертиногийн дунд сургуулийг дүүргэж, 1972 онд Реед коллежоос завсардсан. Би юу ч хийдэггүй байсан. 5 центээр хоол унд авч,  сайхан хоол идэх гэж долоо хоног бүрийн ням гаригт 11 км алхаж Харе Кришнагийнд очдог байсан” гэж дурсчээ.

Лорин Пауэлл. Стив Жобс 1991 онд Лорин Пауэлл гэгч бүсгүйтэй Калифорнийн Йосемити үндэсний цэцэрлэгт хүрээлэнд даруухнаар гэрлэх ёслолоо хийжээ. Тэд хүү Ридпол болон ихэр охид Эрин Сиенна, Ева нарын эцэг эх болсон. Гэхдээ Стивт бас нэгэн нууц охин бий. 1978 онд 23 настайдаа дунд сургуулийнхаа найз охин Крис Анн Бреннантай үерхэж охинтой болсон нь Лиза Бреннан бөгөөд Стив олон жилийн турш охиноо хүлээн зөвшөөрөөгүй явсан билээ.

Мона Симпсон. Стив 27 насандаа төрсөн дүүтэйгээ уулзаж байлаа. Дүүг нь Мона Симпсон гэдэг. Тэрбээр алдартай зохиолч төдийгүй түүний бичсэн “Энд биш бол хаана ч яах вэ” гэх зохиолоор нь 1999 онд америкчууд кино бүтээж, гол дүрд нь Натали Портман, Сьюзан Сарандон нарыг тоглуулж байв.

Нэкст. Apple-ыг санаачилсан ч зөрүүд зангаасаа болж ажлаасаа гарсан түүнийг арван жил дэмий сэлгүүцэж байгаад буцаж орсон гэж зарим хүмүүс боддог. Apple-аас завсарласан тэр жилүүдэд Стив Нэкст, Пиксар зэрэг томоохон компаниудад захирлын алба хашиж явсан билээ. Apple компанийн удирдах зөвлөлтэй таарамжгүй болсны улмаас 1988 оны 3-р сард компаниасаа гарч “Next computers”-ыг үүсгэн байгуулсан. 1996 онд Apple Next-ийг 429 сая ам.доллараар худалдаж авахаа мэдэгдэж, Жобсыг эргүүлэн авч чадсан юм. Жобс Apple-д эргэн ирснээр IMac, iPod, iPhone зэрэг шилдэг бүтээгдэхүүнээ гаргаж, электрон барааны зах зээлд хаанчилж эхэлсэн юм.

Олныг гайшруулсан мэдэгдэл. 2011 оны 8-р сард Стив Жобс “Би Apple-ын ерөнхий захирлын ажлаа хүлээлгэн өгч байна. Хэрвээ компанийн дээд удирдлага намайг тохирно гэж үзвэл би ТУЗ-ийн дарга, захирал эсвэл Apple-ын ажилтан ч болоход бэлэн. Apple-ын гэрэл гэгээтэй өдрүүд урд маань байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж зарлав.  Стив Жобс Apple-ын захирлын ажлаа хүлээлгэн өгсөн тухай мэдэгдэл хийснээс ердөө нэг цагийн дараа Apple компанийн хувьцааны үнэ 5 хувиар унасан билээ.

Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна” гэсэн зарчмыг тэр мөрдлөг болгодог байв.  “Мөдхөн би үхнэ гэсэн бодол асуудлыг хурдан, зөв шийдэх хамгийн сайн арга. Эрсдэлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг” гэж Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзахдаа Стив амьдралынхаа сүүлийн нэг жилийнхээ бүх дүгнэлтийг хэлж орхисон.

Понг. 1975 онд “Атари” компанид программ хангамж, гар утасны технологи дээр ажиллаж байхдаа Стив “Понг” хэмээх тоглоом зохион бүтээв. Шинэ тоглоомныхоо ачаар олны танил болж эхэлсэн “Атари” компани Стивт 750 ам.долларын урамшуулал өгсөн нь тэр үед маш их мөнгө байлаа.

Рено Gazette-Journal. Стивийн төрсөн эцэг Абдулфаттах Жон Жандали хүүгээ бусдад өргүүлсэндээ харамсаж явдаг тухайгаа сэтгүүлчдэд ам алджээ. “Стив над дээр ирвэл би уулзах болно. Би түүний хөрөнгө мөнгөнд болоод байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хүсэхгүй байна. Би мөнгөөр гачигддаггүй ээ. Надад байхгүй ганц зүйл бол хүү. Надад хүү минь л хэрэгтэй байна” гэжээ.

Сан Франциско. Стив Жобс 1955-2-24-нд Сан Франциско хотод мэндэлсэн. Эх нь хүүгээ төрүүлмэгц бусдад үрчлүүлсэн бөгөөд өргөж авсан ээжийг нь Клара, аавыг нь Пол Жобс гэдэг байв. Пол Жобс “алтан гартай” хүн байсан бөгөөд эвдэрсэн машин худалдан авч засаад оюутнуудад 50$-аар зарж, хүүгээ коллежид сургах зардал цуглуулдаг байжээ.

Телевиз. Стив Жобс зөвхөн гар утас, компьютер бүтээхийг зорилго болгоогүй юм. Apple өдөр тутмын бүх л үйл явдал, хэрэгслүүдэд нөлөөлөхийг хүсэж байлаа. Тэр iCar болон itv-г бүтээхээр төлөвлөж байсан. Стив ipod-ыг хийснээр CD-г хөгжмийн ертөнцөөс хасаж, хуурцаг сонсож өссөн хөгжмийн түүхэнд 2 дахь чухал шатыг эхлүүлсэн. itunes хэмээх хөгжмийн дэлгүүрээс хүссэн хүн бүр дуу худалдаж авч гар утсандаа суулган сонсож, ipad-ын олон тоглоом, бичвэр дэлхийг өөрчилж байлаа. Гэхдээ гайхамшигтайгаар. Хэрэв тэр өнөөдөр амьд байсан маш олон зүйлийг өөрчлөх байлаа.

Уран бичлэг буюу калиграфи. Стив коллежид сурч байхдаа үндсэн хичээлээ биш уран бичлэгийн хичээлийг илүүд үзэж байлаа. Ямар ч ашиггүй юм шиг санагдаж байсан ч тэр “serif, sans serif-ийн донж, хэв маягтай бичлэгүүдийг сурахыг хичээж байсан юм. Арваад жилийн дараа “Macintosh” компьютерыг боловсруулахад нь их сургуулийн уран бичлэгийн мэдлэг нь гэнэт хэрэг болжээ. “Хэрэв би коллежид үүнийг сураагүй байсан бол Мак гоёмсог үсэг хоорондын зай харьцаа нь тохирсон хэд хэдэн үсгийн сантай болохгүй байсан” гэж тэр дурсчээ.

Үнэндээ Apple-ын ажилчдын 90% нь Стивтэй нvvр тулж vзээгvй байсан гэнэ. Компанийнхаа захирлыг бидэнтэй нэгэн адил интернэтээс, ном сонингоос л зургийг нь харж, түүний тухай зөвхөн уншдаг байсан гэнэ.

Хүүхэлдэйн кино. Яагаад Стив Жобс хүүхэлдэйн кино 2 холбоотой вэ гэж та гайхаж байгаа байх. iMac, iPad, iPhone, iPod зэргийг үйлдвэрлэн гаргадаг Apple Computer болон Cars, Toy Story, Up, Wall-E зэрэг олон арван хүүхэлдэйн киног бүтээсэн Pixar Animation Studio-г Стив Жобс үүсгэн байгуулсан юм. Харин 2006 онд “Pixar” компаниа “Уолт дисней”-д 7.4 тэрбум ам.доллараар худалдсан байна.

Цалин. Стив 1997 оноос эхлэн сард 1$ цалинтай ажиллаж эхэлжээ. Энэ талаараа сонинд “Би ажилдаа жилд дунджаар 50 цент зориулна. Харин үлдсэнийг нь хувьдаа зарцуулна” гэжээ. Тэрээр мөн энэ онд “Apple” компанидаа 5.5 сая ам.долларын ногдол ашгаа шилжүүлсэн байна. 

Чимээгүй хүн. Стив эхнэр хүүхэд, найз нөхдөдөө элэгсэг ханддаг ч дотны найзууддаа хувийн амьдралынхаа нарийн ширийнийг дэлгэдэггүй “чимээгүй” нэгэн байв. Түүнтэй өдөр бүр ажил төрөл, амин хувийн асуудлаа ярилцдаг дотны нөхөд нь хүртэл хувийн амьдралын талаар бараг юу ч мэддэггүй байсан гэж хэлж болно.

Шашин. Стив Жобс буддист үзэлтэй байжээ. Барууны ертөнцөд түүнийг нас барсны дараа л агуу зохион бүтээгч буддист байсныг гайхшран шуугилдацгааж байсан юм.

Энэтхэгт аялаад эргэж ирэхдээ Жобс Энэтхэгийн үндэсний хувцас өмсөж, гар болон хүзүүндээ эрх зүүсэн байсан нь олон хүнийг алмайруулав. Тэр буддист болсон тухайгаа зарлаж, АНУ-д ирсэн даруйдаа Зен хэмээх буддын ламтай танилцан цагаан хоолтон болсон.

Юу ч гэсэн миний тухай бичээч. Энэ саналыг “CNN” телевиз болоод “Time” сэтгүүлийн захирал байсан зохиолч Уолтер Айзаксонд Стив Жобс тавьжээ. Харин Уолтер Айзаксон “Ид гялалзаж яваа насан дээрээ байж юун намтар?” хэмээн ёжлоод тоосонгүй. Харин бүтэн 5 жилийн дараа Уолтер Айзаксон шийдвэрээ өөрчилж Стив Жобсын түүхийг бичихээр болжээ. Энэхүү ном Америкийн зах зээлд хэвлэгдэн гарсан даруйдаа хэдэн сая хувь борлогдож дэлхийн бусад хэл рүү орчуулагдан, Хятадад гарахаасаа өмнө урьдчилсан захиалгаар нэг сая хувь борлогдож, Япон улсад эхний долоо хоногт нэг сая хувь зарагдсан.

Ялалт. Стив Жобсгүй Аpple одоо ч дэлхийд тэргүүлсээр байна. Түүний бүтээсэн iMac, iPad, iPhone зэрэг төхөөрөмжүүд улам сайжирч, улам шинэчлэгдсээр хэрэглэгчдийн хэзээ ч татгалзаж чадахааргүй төгс бүтээл болсон. Дэлхий дахинд гайхагдаж байгаа iPhone утсыг бид өндөр хөгжилтэй бусад орны хэрэглэгчдийн нэгэн адил албан ёсны баталгаатайгаар Монголоосоо худалдан авах боломжтой болжээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4866

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%