Нийтлэл 06 сарын 12, 2019

АМ АСУУЯ: Сургууль цэцэрлэгийн ойролцоо баригдсан зөвшөөрөлгүй гарааш хэзээ цэгцрэх вэ?

Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Гэтэл Улаанбаатар хотод барилгаа дагаж зам тавигддаг жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй. Тэнд шинэ хотхон, шинэ үйлчилгээний газар нээгдэхэд л тэр зүг рүү зам тавигдаж, ойр орчим цэцэрлэг, сургууль, гарааш зэрэг хүний хэрэгцээт зүйлүүд бий болдог. Мэдээж энэ бүхэн хэрэгтэй. Гэхдээ энэхүү хүний хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай зүйлүүд ч буруу газраа байрласан бол аливаа эрсдэл хохирлыг үргэлж дагуулж байдаг.

 Манай улсад гэрэлтүүлэг, камер, хашаа зэрэг иргэн хүн аюулгүй зорчих баталгаа болох зүйл нэлээд асуудалтай. Тиймээс эмэгтэйчүүд, хүүхдүүд гэмт хэрэг аюул осолд үргэлж өртөж байдаг. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ гэгчээр гэмт хэрэг аюулд осолд өртөх орчин нөхцөл нь үргэлж бэлэн байдаг нь өнөөгийн нийгмийн үнэн төрх. Харанхуй гудам, хальтаргаатай зам, гарц хашлагагүй замууд, бохир гражууд. Тиймээс  бид энэ удаагийн сурвалжлагаар сургууль цэцэрлэгийн ойр орчимд зөвшөөрөлгүйгээр баригдсан гараашнуудын асуудлыг хөндлөө.

 Энэ жил нэлээд хэдэн сургууль цэцэрлэгт томоохон засвар үйлчилгээ хийж зарим сургуульд өргөтгөл баригдах юм. Үүүний нэг бол  Нийслэлийн Баянгол дүүрэг дэх "Эрдмийн өргөө" цогцолбор сургууль. Тус сургууль  нэг ангидаа 50-60 хүүхэд суралцаж гурван ээлжээр хичээллэдэг ачаалал ихтэй сургуулийн нэг.  Мөн ирэх намар тус сургуульд нэгдүгээр ангид 560 хүүхэд суралцахаар бүртгүүлсэн байна. Гэтэл тус сургуулийн анги танхимын хүрэлцээ маш муу учир өргөтгөл барих зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Тус сургуулийн өргөтгөл баригдах ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхэлж сууриа бүрэн цутгаж дууссан байна. Харин өргөтгөлийн ажил баригдаж дуусахад ойр хавийн гарааш болон бусад барилгаас болж хөлбөмбөгийн талбайг танах хэрэгтэй болжээ.  

Энэхүү өргөтгөл нь үндсэн гурван давхар болон зоорийн давхар нэмэгдээд нийт дөрвөн давхартай бөгөөд спорт заал нь хувцас солих, амралтын өрөөтэй байхаар зураг төслөө гаргасан байна. 

Мөн сургуулийн өргөтгөл барихад зай талбайгаас хумслахаас гадна ойр хавьд баригдсан албан ёсны зөвшөөрөлгүй гарааш нь төвийн шугамд холбох хэсэг дээр байрласан байна.

Энэ нь сургууль руу татах төвийн шугам сүлжээнд асуудал гарч болзошгүй тул нийслэл газрын албанд хүргэсэн ч хариуцах эзэн тодорхойгүй учир одоо болтол шийдвэрлэгдээгүй байгаа юм байна.

Өмнө нь бид нийслэлийн 33-р сургуулийн гарцыг хааж баригдсан гараашнуудын асуудлыг мөн хөндөж байсан. Гражуудыг нүүлгэн шилжүүлж буулгах болохоор хариуцах эзэн байхгүй болчихдог газрын маргаантай асуудал одоо ч хэвээр.

Нэн ялангуяа сургууль цэцэрлэг орчимд энэ мэт гражууд байх нь хүүхдийн аюулгүй байдалд үргэлж заналхийлсээр байдаг.  Ядаж л ийм газар газар өвөлдөө хальтиргаатай, хавар намар сул шороо боссон, эргэн тойрон хог шороо, булан тохой бүрт шээс, ялгадас ч байх энгийн үзэгдэл болоод байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon