ХУУЛЬЧДЫН ФОРУМ: Ямар үйлдлийг эрүүдэн шүүсэн гэж үзэх вэ?

Хуульчдын форумын салбар хуралдааны нэг "Эрүүдэн шүүх, хүнлэг бус хэрцгий харьцах, хүний эрхэм чанарт халдах” хэлэлцүүлгээр эрүүдэн шүүлт болон хилс хэргээр хохирсон асуудлыг бодит жишээн дээр буюу Орхон аймгийн Говь лагийн иргэн Д.Ням-Очир хилс хэргээр 330 хоног хоригдож харгис эрүүдэн шүүлтэд орсон тухай асуудлыг жишээ болгон яг ямар үйлдлийг эрүүдэн шүүсэн гэж үзэх вэ, эрүүдэн шүүлт, хилс хэрэг тохох үйлдлийг хэрхэн хуулиар зохицуулах вэ гэдэг асуудлуудыг  ярилцлаа. Хилс хэрэгт гүтгэгдэн эрүүдэн шүүлтэд орсон Д.Ням-Очирын ээж Д.Ойсайхны яриаг эндээс уншина уу.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр "Нээлттэй нигэм форум" ТББ -ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер, эрх зүйч Б.Хишигсайхан, зочдоор "Монголын Эмнести" интернэшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, УЕПҮ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан ахмад прокурор Б.Галдаа, ХЭҮК-ийн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрхзүйн хорооны Тэргүүн Л.Түвшинцэнгэл, УИХ-ын гишүүн Н.Оюундарь Иргэн Д.Ойсайхан нар оролцлоо.

Б.Хишигсайхан: Монгол улс эрүүдэн шүүсэн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар хэрхэн явагдаж байна вэ?

Д.Галдаа: Эрүүдэн шүүх ажиллагаа гэдэг бол хүний эрхийн ноцтой үр дагавар дагуулдаг зөрчил ба маш аюултай гэмт хэрэг. Тийм учраас Монгол улсад эрүүдэн шүүх ажиллагаатай хэрхэн тэмцэж ирсэн тухай товч ярья.

Монгол улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод нэгдээд үндсэндээ арваад жил болж байна. Монгол улс энэ конвенцод нэгдэж орсноороо олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө энэ конвенцод заасан үүргүүдийг биелүүлэх ёстой. Энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд үндэсний хууль тогтоомжид заасны дагуу олон ажлуудыг хийсэн. 2015 оны шинэ эрүүгийн хуулинд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо олон улсын заалтуудад үндсэндээ нийцүүлж чадсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэн тогтоохдоо эрүүдэн шүүж олсон нотолгоог нотлох баримтын хэмжээнд тооцохгүй. Энэ нь эргээд эрүү шүүлт тулгасан хүнд нотолгоо болно гэдгийг хуульчилж өгсөн. Энэ нь эрүүдэн шүүхтэй тэмцэх ажлыг алхам урагшлуулсан.гэж харж байна. Мөн бас ухарсан тохиолдол ч бий. Монгол улс 2002 онд прокурорын дэргэдэх эрүүдэн шүүхтэй тэмцэх тусгай албыг байгуулж байсан. Энэ алба байгуулагдсанаараа өмнө нь хэмжээ хязгааргүй эрх дархтай байсан ажиллагаанд зохих ёсоор хаалт хийсэн байдаг. Гэтэл энэ албыг 2014 оны дөрөвдүгээр сард татан буулгасан. Ямар шалтгаантай яах гэж татан буулгаж буйгаа тодорхой мэдэгдээгүй. Энэ нь эрүүдэн шүүхтэй тэмцэх ажлыг эзэнгүйдүүлсэн. Ингэснээрээ эрүүдэн шүүх нөхцөлийг Монголын төр өөрөө бий болгож эрүүдэн шүүхтэй тэмцэх олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ  алхам урагшлаад хоёр алхам хойшилсон.

Б.Хишигсайхан: Оюундарь гишүүнээс асууя. Эрүүдэн шүүх гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар хууль тогтоомжид оруулах өөрчлөлтөд УИХ ямар байр суурьтай байна вэ?

Н.Оюундарь: Бид асуудлыг нуун дарагдуулахаас илүүтэй бодит нөхцөл байдлыг хэлэлцэж байж үр дүнд хүрч чадна. Прокурорын мөрдөн байцаах албыг дахиж сэргээх ажлыг их хурал дээр хэлэлцэж байна. Ерөнхийдөө бол хуулийн байгууллагуудаас ч санал ирж байна. Ирэх долоо хоногоос ажлын хэсэг гарна.

Мөн ганц эрүүдэн шүүх гэж ярихаас илүү цогцоор нь харах хэрэгтэй. Хамгийн анх 2006 онд УИХ-ын чуулганы хуралдааны 2 өдрийн хурлаар эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлаар ярьсан. Гэтэл маргаашаас нь эхлээд л мартчихсан. Сая дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1 хүртэл НҮБ-ийн илтгэгч нар ирж чиглэл өгсөн. Гэтэл одоо бас энэ асуудлыг мартчихсан л явж байна. Мөн бас хууль батлахдаа хэт хэнэггүй хандаж байгаа асуудал байна. Та бүхний мэдэж байгаачлан саяхан болсон аймшигт эрүүдэн шүүлттэй видео бичлэг үзүүлээд л нэг хууль баталчихаж байна шүү дээ. Ингэж Эрүүдэн шүүсэн бичлэгээр олон нийтийг цочролд оруулж, үүгээр далимдуулан хууль батлах, шүүх засаглалаа унагах ажлыг УИХ хийж байгаа нь маш том алдаа. Шүүх бие даасан хараат бус байдлаа хэзээ ч алдах ёсгүй.

Б.Хишигсайхан: Нэгэнт эрүүдэн шүүлтэд өртөөд хохирчихсон хүмүүсийн хохирлыг барагдуулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

Т.Ихтамир: Эрүү шүүлттэй холбоотой асуудал өнөөдөр цоо шинээр гараад ирсэн юм биш. Байж л байсан байсаар л байгаа. Эрүүл шүүлт гэдэг төрөөс эрх олгогдсон албадлага хийх эрхтэй хүмүүсийн хийж буй үйлдэл. Төрийн ажлыг хийж байгаа албан тушаалтнуудын үйлдэл байдаг. Тийм учраас хууль хяналтын байгууллага болоод төрийн албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх хандлагыг өөрчлөх үе шаттай сургалтуудыг хийх хэрэгтэй байгаа юм. Үүнийг өөрчлөхгүйгээр мянга хэлээд, мянга хариуцлагын тогтолцоо яриад огтхон ч өөрчлөгдөхгүй юм. Хуулиндаа бол хууль бусаар хохирсон хохирлоо төрөөс төлүүлэх эрх зүйн заалт байгаа. Гэвч мөнгөн хөрөнгөөр хохирлыг барагдуулж байгаа боловч сэтгэл санааны хохирол, алдагдсан цаг хугацааны хохирол гэдэг зүйлийг Монгол улс үнэлж дүгнэх механизм байхгүй байна. Нэг жишээ дурьдахад:

 

"Хорь гаруй  жил хилс хэрэгт гүтгэгдэн таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан хүн сая хоёр жилийн өмнө л хэрэг нь шийдэгдсэн.Энэ хүн хорь гаран жил сэтгэл санааны хохиролтой сэтгэлийн дарамттай явсан. Тэгээд шүүхээр сэтгэл санааны хохирлыг нэхэмжилье гэхээр сэтгэл санааны хохирлыг тогтоогоогүй байна, сэтгэл санаагаар хохирсон гэдгээ нотлох сэтгэцийн эмчид үзүүлсэн баримт хэрэгтэй, мөн хэдэн жилийн турш сэтгэл санааны дарамтад байсан гэдэг нь тодорхой бус гэсэн үндэслэлээр нэг ч төгрөг олгоогүй."

 

Аргагүй манайд эрхзүйн орчин байхгүй. Тогтоох аргачлал байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэх аргачлал гаргаж, хуулийн заалт оруулж өгөөч гэж УИХ-аас жил дараалан гуйж байна. Одоо л тогтоол гарах гэж байна.

Б.Хишигсайхан: Эрүүдэн шүүсэн нотлох баримт нотлох чанараа алдах тухай заалт орсон нь зөв алхам гэж түрүүн Галдаа прокурор дурдсан. Гэхдээ бид үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ тал дээр өмгөөлөгчийн үүднээс ямар байр суурьтай байгааг өмгөөлөгч Түвшинцэнгэлээс асуумаар байна.

Л.Түвшинцэнгэл: Манай шинэ эрүүгийн хууль дээр хууль бус аргаар олж авсан нотлох баримтыг нотолгоо болгохгүй гэж заасан байгаа. Гэхдээ энд хоёр асуудал үнэхээр анхаарал татаж байгаа. Эрүүгийн хуулийн 15-р зүйлийн 15.6-д албан тушаалтны даалгаврыг биелүүлэх гээд ороод ирчихсэн. Тэгэхээр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, авилгатай тэмцэх газрын ажилтан зэрэг гол субъект болоод байгаа хүмүүс даргынхаа хууль бус үйлдлийг мэдээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй гээд хуулиндаа заачихсан.

Хоёрдугаарт нь гүйцэтгэх ажлын хуулиар дээрээс өгсөн ажлыг биелүүлэхгүй бол арга хэмжээ авна гээд оруулчихсан байна. Тэгэхээр Монгол улсад мөрдөгдөж байгаа дотоодын хуулиар яг энэ хүмүүсийг эрүүдэн шүүсэн байна гэж үзээд буруутгая гэхээр хуулиараа хамгаалчихсан байдаг. Яг энэ тохиолдолд яах вэ гэдгийг хоёр талаас нь харах ёстой. Тэгэхээр нэг бол олон улсын зүйл заалтаа дагана, нэг бол дотоодын хууль дүрмээ дагана гэдэг асуудал үүсэж байгаа юм. Тиймээс Монгол улс энэ хуулиудаа засах шаардлагатай. Конвенцийн дагуу бол эрүүдэн шүүх гэдэг ойлголтод бие махбодь сэтгэл санааг шаналгах зовоох бүхий л үйлдлийг хамруулна гэж зааж байгаа. Манайд бол хүний эрхэм чанарыг хүндэтгэх гэдэг зүйл хэрэг бүртгэх үйл ажиллагаанд байхгүй болчихоод ил далд аргаар гэр бүлээр нь нэр төрд нь халдаж сэтгэл санааны дарамтад оруулж байгаа нь эрүүдэн шүүх төрөлд орж байгаа гэж бид боддог.

Тэгэхээр нэгдүгээрт эрүүдэн шүүж буй нийтийн албан тушаалтнууддаа арга хэмжээ авах, хоёдугаарт нь хуулийн салбарынхныг бэлдэж байгаа хууль сахиулах сургууль болон бусад сургуульд практик дээр ажиллаж байгаа хүмүүсийг  үргэлжилсэн сургалтад хамруулж, соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна.

Б.Хишигсайхан: Монгол улс эрүүдэн шүүхтэй тэмцэх олон улсын конвенцод нэгдэж урьдчилан сэргийлэх механизмаа протколд заасан хугацаанд гаргана гээд нэгдээд орчихсон. Гэтэл одоог хүртэл урьдчилан сэргийлэх механизмаа яаж байгуулах вэ гэдгээ шийдээгүй явж байна. Үүнийг яаж шийдэх вэ?

Б.Алтантуяа: Хаалттай хаалганы цаана хүний эрхийг зөрчиж байгаа асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудал маш чухал. Мэдээж хорих байгууллага өөрийн гэсэн дүрэм журамтай байгаа. Үүнд хөндлөнгийн хяналт шалгалт ч хийгддэг. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл эрүүдэн шүүх ажиллагаа явагдаад байгаа юм бэ. Үүнийг шийдэхийн тулд зарим улс орон хорих ангийн яагаад заавал хаалттай байлгах ёстой нээлттэй байлгая гэдэг асуудлыг ч ярьж хэд хэдэн суурь зарчмуудыг баталсан байдаг. Хараат бус хөндлөнгийн механизмаар байнга хяналт шалгалт хийгдэнэ гэсэн үг.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4822

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%