ЖДҮ хулгай давтагдах уу?

 2018 оны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх (ЖДҮХС) сангийн зээл олголтын шуугиан дарагдаагүй, иргэд аж ахуйн нэгжид очих ёстой энэ боломжийг хулгайлсан улс төрчдийн хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. ЖДҮ сангаас мөнгө авсан хулгай бол урьдчилан төлөвлөсөн, зохион байгуулалттай, албаны эрх мэдлээ ашигласан, үргэлжлэн шалгагдаж байгаа гэмт хэрэг. Үүний уршгаар өнөөдрийг хүртэл ЖДҮ эрхлэгчид  санхүүгийн эх үүсвэр дутмаг, өндөр хүүтэй зээлийн хүүгээ төлж чадахгүй, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжгүй мөн  цалингаа тавьж чадахгүй байдалтай байна. Ямартаа ч хагас жил саатсаны эцэст төслийн сонгон шалгаруулалт өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр гэнэт зарлагдаж, улс орон даяар 15 хоногт багтаан жижиг дунд бизнес эрхлэгчдийн төслийг хүлээн авч дууссан.

“47 тэрбум төгрөг төсөвлөсөн нь хүссэн зээлийн дүнгийн 10 хувьд хүрэхгүй, төсөл өгсөн оролцогчдын тоо нийт ЖДҮ эрхлэгчдийн 5 хувьд хүрэхгүй байна”

ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэгийн мэдээлснээр ЖДҮ сан өнгөрсөн онд 233 иргэн, ААН-д 96.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол энэ жил 47 тэрбум төгрөгийг олгохоор төсөвлөжээ. Үүний 21 тэрбум төгрөгийг 21 аймагт, 26 тэрбумыг нийслэл хотын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өгөхөөр  төсөвлөжээ. Гэтэл тус санд төсөвлөсөн зээлийн дүн зээл авахаар төслөө ирүүлсэн ЖДҮ эрхлэгчдийн нийт хэрэгцээний 10 хувьд ч хүрэхгүй байна. Ялангуяа Улаанбаатар хотод ЖДҮ зээл авах төслийн зээлийн дүн төсөвлөсөн зээлийн дүнгийн  долоон хувьд хүрэхгүй байна. ДНБ-ийн  17.8 хувь буюу жилд ойролцоогоор 6.0 орчим их наядын баялаг бүтээдэг салбарт дөнгөж 47 тэрбум төгрөг төсөвлөнө гэдэг бол бодит дэмжлэг биш юм гэдгийг эдийн засагчид хэлж байв. Мөн улсын хэмжээнд ойролцоогоор 60000 ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа. Энэ жил иргэн аж ахуйн нэгж нийлээд 2752 төсөл ирүүлсэн нь нийт ЖДҮ эрхлэгчийн таван хувьд хүрэхгүй байна. Эндээс харахад ХХААХҮ-ийн яам ЖДҮ эрхлэгчдийнхээ санхүүгийн хэрэгцээг судлаагүй, зүгээр л таамгаар төсөвлөсөн дүр зурагтай байна. Аймаг бүрт ижилхэн дүнгээр нэг тэрбум төгрөг шилжүүлсэн нь энэ таамаглалыг илүү тодотгож байна. 

 Дунд болон томоохон зээл хүссэн буюу банкаар дамжуулах 11 иргэний 11.3 тэрбум төгрөгийн, 186 аж ахуйн нэгжийн 137.9 тэрбум төгрөгийн нийт 149.2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮ санд бүртгэгдэж сонгон шалгаруулалтад оролцоход бэлэн болжээ. Тус зээлийг энэ жил арилжааны банкаар дамжуулан олгох юм.

Өнгөрсөн онд ЖДҮ сангийн нэр дээр 1031 төсөл ирснээс 498 нь зээлийн шаардлага хангасан бөгөөд эдгээрийн 134-т сангаас шууд зээл олгосон байдаг. Гэвч эдгээрийн 93 хувь буюу 124 нь УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтны компани байна гэдэг мэдээллийг АТГ-аас олон нийтэд зарласан. Энэ удаа 300 саяас  нэг тэрбум хүртэлх хэмжээний зээл банкаар дамжих тул өмнө жилийнх шиг улс төрчид хувааж авах эрсдэлээс бага ч гэсэн ангижирч байгаа бололтой

 “Аймгуудын ЖДҮ шалгаруулалт эрх баригчдад илүү үйлчлэх нөхцөл бүрдэж байгаа тул “ЖДҮ хулгай” давтагдаж мэдэхээр байна”

 Өнгөрсөн онд УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон “ТОМ” гэх тодотголтой ЖДҮ хэргийн нөмөрт аймаг орон нутгийн “жижиг ЖДҮ” гэх хэрэг дарагдаад үлдсэн билээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Хөвсгөл, Увс зэрэг аймагт “жижиг ЖДҮ” хэрэг гарсан гэх мэдээ гарсан ч олны сонирхолд орж чадалгүй чимээ алдарсан. Хөвсгөл аймагт мэдээллийн мөрөөр АТГ-аас холбогдох албан тушаалтныг шалгасан ч үр дүнг нь мэдээлээгүй.  Энэ жилийн хувьд орон нутагт сангийн мэргэжилтэн гэх хүн бүх төслийг хянаад дэд хорооны хурлаар оруулж ирэх үүрэгтэй ажиллаж байна. Дэд хорооны санал өгөх эрхтэй долоон гишүүн төсөл шалгаруулах, дүгнэх, үнэлэх талаар хангалттай туршлагатай, энэ ажлаар сургалт авсан, мэргэшсэн гэх ямар ч баталгаа байхгүй байна. Тиймээс аймгуудын ЖДҮ шалгаруулалт улс төрийн нэг намд, тухайн аймгийн эрх баригчдад илүү үйлчлэх нөхцөл бүрдэж мэдэхээр байна.

Р.Шинэгэрэл

 

 


avatar
    • @drmlts
    • 162.158.93.*

    Аймаг бүрийн сонгон шалгаруулалтын үйл явцыг олон нийтэд ил тод болгож болдоггүй юм байхдаа

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4680

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%