1960 оны Үндсэн хуулийн “өөрчлөлт” ба зөрчил

Өмнөх дугаарт 1940 оны Үндсэн хуульд орсон өөрчлөлт шинэчлэл хийгээд зарим алдааг дурдсаныг эндээс уншина уу.

Гуравдугаар Үндсэн хууль нь 1960 онд ихээхэн тодорхойгүй нөхцөлд батлагдсан түүхтэй. 1960 оны Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал төрийн бүх эрхийг барих бөгөөд үүнээс тухайлбал: а) БНМАУ-ын Үндсэн хуулийг батлах, өөрчлөх; ...”[1] гэж зааснаар Ардын Их Хурал (цаашид АИХ гэнэ) хууль тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Мөн Үндсэн хуулийн “БНМАУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх ба халах тухай” гэсэн 10 дугаар бүлгийн Ерэн гуравдугаар зүйлд БНМАУ-ын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг гагцхүү Ардын Их Хурлаар хэлэлцэж, түүний депутатуудын гуравны хоёроос доошгүй нь баталснаар оруулна.”, Ерэн дөрөвдүгээр зүйлд “Коммунизмын үед төрийн зарим үүрэг мөхөх тутам тэр үүргийн тухай Үндсэн хуульд бичигдсэн зүйлс хүчингүй болж байна. Социализм, коммунизм байгуулах гол зэвсэг болсон төр байх хэрэгцээгүй болж, түүнийг хөдөлмөрчдийн коммунист эвлэлээр сольсон цагт БНМАУ-ын Үндсэн хууль халагдана.[2] гэж тус тус Үндсэн хуулийг батлах, өөрчлөлт оруулах журмыг заажээ.

Анх 10 бүлэг, 94 зүйлтэй батлагдсан ба 1963, 1966, 1969, 1970[3], 1971, 1972, 1973, 1978, 1980, 1981, 1983, 1989, 1990[4] онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон. Нийт 94 зүйлээс 51 зүйлд огт өөрчлөлт ороогүй, Оршил болон бусад 43 зүйлд өөрчлөлт орсон бөгөөд шинээр нэмэгдсэн эсвэл хасагдсан зүйл байхгүй, гагцхүү өөрчилсөн буюу өөрчлөн найруулсан агуулгатай буйгаараа онцлогтой.

Бүхэлд нь тоймлон авч үзвэл Үндсэн хуульд өөрчлөлт орсон зүйлүүд агуулгын хувьд: 

1) Нэг зүйлд түүний “хэсэг”-ийг нэмэх байдлаар өөрчлөлт оруулсан;

2) Хугацаатай холбоотой зохицуулалтуудад түлхүү өөрчлөлт оруулсан;

3) Ардын депутатын хурлыг “ардын хурал” болгосонтой холбоотойгоор депутат гэдэг үгийг хасаж;

4) засаг захиргааны нэгжээр “район” нэмэгдсэнтэй холбоотойгоор “район” гэсэн үгийг нэмэх байдлаар орсон өөрчлөлтүүд;

5) мөн сонгуулиар сонгогдож буй албан тушаалтны тоог өөрчилсөн зэрэг агуулга ихэнх хувийг эзэлж буй бол Эдийн засгийн үндсэн зарчим ба үүрэг, Иргэдийн үндсэн үүрэгт хамаарах зохицуулалт, сүлд, далбаа, дуулалыг тодорхойлсон зохицуулалт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтад огт өөрчлөлт оруулаагүй[5].

Үндсэн хуульд зааснаар БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллага бол АИХ байна. АИХ нь Үндсэн хуулийг батлах, өөрчлөх, хууль гаргах, Засгийн газар, түүний харьяа байгууллагыг байгуулах, батлах ... зэрэг өргөн эрх эдэлнэ[6]. АИХ-ын чөлөө цагт төрийн дээд эрхийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчид (цаашид АИХТ гэнэ) барина. АИХТ нь Үндсэн хуульд заасан асуудлаар зарлиг гаргаж, АИХ-д оруулан батлуулах, бусад асуудлаар зарлиг, тогтоол гаргах ... зэрэг эрхтэй[7]. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрх, журмыг Үндсэн хуулийн 20, 93, 94 дүгээр зүйлээр журамлажээ. Мөн 1981 оны 6 дугаар сарын 29-ний өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын регламентыг[8] баталсан бөгөөд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөвхөн АИХ-ын эрх хэмжээний асуудал болохыг тус регламентад хуульчлан тогтоосон. БНМАУ-ын Ардын Их Хурлын регламентын 48 дугаар зүйлд “БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганаар хэлэлцсэн хуулийн төсөл бүх депутатуудын олонхийн санал авснаар батлагдана. Харин БНМАУ-ын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг депутатуудын гуравны хоёроос доошгүй нь баталснаар оруулна.[9] гэж заасан байна.

АИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуульд 1963, 1966, 1969, 1978, 1980, 1981, 1983, 1989, 1990 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа журмын дагуу буюу ямар нэгэн зөрчилгүйгээр өөрчлөлт оруулжээ. Харин АИХТ АИХ-ын бүрэн эрхэд халдаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан тохиолдол цөөнгүй байна.

1960 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийг зөрчиж, өөрчлөлт оруулсан жишээг дараах хүснэгтээс харна уу. Үүнд: 

Дээрхээс үзвэл АИХТ 1969, 1970, 1971, 1972, 1973 онуудад Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байна. Үүнээс 1969 онд өөрчлөлт оруулсан зарлиг баталсныг АИХ-ын чуулганаар баталсан. Үүнийг хуульд заасан журмын дагуу өөрчлөлт оруулсан гэж үзнэ. Учир нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар “Бүгд Найрамдах Монгол Ард Улсад гагцхүү Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй...”[10] бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн а-д зааснаар “Үндсэн хуулийг батлах, өөрчлөх...”[11] эрх зөвхөн АИХ-д байна. Мөн Үндсэн хуулийн Ерэн гуравдугаар зүйлд зааснаар “БНМАУ-ын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг гагцхүү Ардын Их Хурлаар хэлэлцэж, түүний депутатуудын гуравны хоёроос доошгүй нь баталснаар оруулах”[12] журамтай.

Харин АИХТ “Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, дагаж шийтгүүлж буй хуулийг тайлбарлах, зарлиг гаргах...”[13] зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд энэ чиглэлээр гарсан АИХТ-ийн зарлигийг АИХ-ын чуулганаар батална. 1970-1973 оны хооронд жил дараалан гаргасан Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан АИХТ-ийн зарлигийг АИХ чуулганаараа батлаагүй. Иймд АИХТ Үндсэн хуулийг зөрчиж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан гэж дүгнэж болно. 1940 оны Үндсэн хуульд Их Хурлын Тэргүүлэгчид Их Хурлын бүрэн эрхэд халдаж мөн ийм нэмэлт, өөрчлөлт оруулж байсныг өмнө дурдсан билээ.

Жич нэгэн зүйл. 1960 онд Үндсэн хуулийг шинээр батлахдаа хууль бусаар буюу ихээхэн тодорхойгүй байдалд баталсан байдаг. Тодруулбал, шинэ (1960 оны) Үндсэн хуулийг батлахдаа тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан (1940 оны) Үндсэн хууль, түүнд заасан журмыг зөрчиж баталсан. Ганцхан жишээ дурдахад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсхүл Үндсэн хуулийг шинээр батлахад Үндсэн хуульд заасан “Бүгд Найрамдах Монгол Ард  Улсын Үндсэн хуулийг өөрчлөх явдлыг Улсын Их Хурлаар гүйцэтгэх бөгөөд Их Хурлын тэргүүлэгчдийн гуравны хоёроос доош бус хувийн гар өргөж баталснаар өөрчилнө.[14] гэсэн журмыг баримтлах ёстой байсан. Харамсалтай нь Үндсэн хуульд заасан журмаа баримтлаагүй бөгөөд тэр бүү хэл Үндсэн хуулийн төслийг боловсруулах комисс хэзээ, ямар журмаар байгуулагдсан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл шинээр батлахыг УИХТ-ийн хэдэн хувь нь зөвшөөрсөн, түүний баримт, БНМАУ-ын Их хурлын 4 дэх удаагийн анхдугаар чуулганыг удирдах төлөвлөгөө[15] яагаад төлөвлөснийхөө дагуу явагдаагүй, чуулганаар Үндсэн хуулийг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл байхгүй, хэн, ямар үг хэлж, асуулт, санал[16], шүүмж гаргасан, түүнийг нь хэрхэн тусгасан, ганцхан өдөр уншиж сонсгоод (уг нь хэлэлцүүлэх ёстой) баталсан, анхны эх нь “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулсан төсөл, Улаанбаатар хот. 1960 он” гэж байсныг ямар учраас “БНМАУ-ын Үндсэн хууль” гэж өөрчилсөн, түүнчлэн Үндсэн хуулийн нэлээдгүй зүйл, заалт, бүлгийн нэр зэргийг өөрчилж, гараар зассан, энэхүү засвар хийсэн эхийг Их хурлын тэргүүлэгчдэд танилцуулсан эсэх, дахин хэлэлцсэн эсэх, эцэст нь Үндсэн хууль баталсан сар, өдрийг тавиагүй зэрэг нь өнөө хэр тодорхойгүй, баримт нотолгоо хомс, бүдэг бүрхэг хэвээр байна. Энэ бүх тодорхойгүй байдал нь 1960 онд Үндсэн хуулийг албан ёсоор баталсан, хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичиг мөн гэж үзэхэд ихээхэн эргэлзээ төрүүлж байна. Гэсэн хэдий ч тус Үндсэн хууль монголын улс төр, нийгмийн амьдралын бүх хүрээнд үйлчилж, түүхэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Өмнө 1949 онд томоохон өөрчлөлт оруулсан үйл явц, 1960 онд Үндсэн хуулийг шинээр баталсан үйл явц хоёр нь яг ижил процессоор буюу Үндсэн хуулийн бус аргаар, Үндсэн хуульд заасан журмыг зөрчиж, Үндсэн хуульд дур зоргоор өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан ижил дүр зураг харагдаж байна.

Жич бас нэгэн зүйл. Нам төвтэй, социалист нийгэм дэх аливаа асуудалд бүхнийг намын бодлого, төлөвлөгөөгөөр хэрэгжүүлдэг тул энэ мэт зүйл ийм байх нь аргагүй гэж боддог, сэтгэдэг, хүлээн зөвшөөрдөг хүн өдгөө олон бий. Гэвч бүгд тийм биш юм. Орчин үеийн бидний хэрэглэж буй хууль дээдлэх ёс, хуулийг заавал дагаж мөрдөх, хэрэв дагаж мөрдөхгүй бол эрх зүйн үр дагавар үүснэ гэдгийг тэр үеийн түшмэд, сэхээтэн, эгэл жирийн иргэд ч ойлгож мэддэг (үзэл санааны хувьд. Зориуд тодотгов) байсан, тэр хэрээрээ хууль дээдлэх, хуулийг дагаж мөрдөх, хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн бол хэлдэг, сануулдаг, шүүмжилдэг байв. Тухайлбал, МАХН-ын VII их хурлын хуралдааны үеэр[17] тус хуралд оролцсон төлөөлөгчдийн[18] зүгээс Үндсэн хуулийг хэрхэн зөрчиж, гажуудуулж байгааг

"...УБХ-ын тэргүүлэгч 5-ыг гурав болгон сонгуулж суулгасан нь Үндсэн хуулиас гажуудуулж, далд хулгайгаар хүчингүй болгон явуулсан..., ...үнэхээрийн үл нийлэлцэх тул энэ мэт хэргийг эрхбиш урьдах тогтоосон Үндсэн хуульд нийцүүлэн чанартайгаар явуулж..., ...улсын Үндсэн хууль ба төр шашны хэргийг тусгаарласан хуульд нийлэлцэхгүйн дээр..., ...сонгуульд оруулбаас зохино хэмээсэн зарлал нь Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийг зөрчсөн мэт..., ...элчин сайдын эрх ийм болсноор үзвээс Үндсэн хуулийг зөрчсөн явдал харин ч илэрхийлэгдэн буйгаас гадна мөн Үндсэн хуулийг устгахад хүрсэн эл байдлыг..., ...сонгуулийн хэргийг Үндсэн хуулийн ёсоор явуулж чадаагүй..., ...Үндсэн хуулийг зөрчсөн байдал ийнхүү гэрчлэгдэх бөгөөд...[19]

гэх зэргээр дурдан, санал, шүүмжлэл өрнүүлж байсан зэргээс харж болно. Мөн гишүүд нь ч гэсэн тэдгээр санал, шүүмжийг ухаалагаар хүлээн авч

...улсын Үндсэн хуулийн дотор зааж дурдсан бодлого зорилго дэмий сул цаасан дээр хоцрогдоход хүрч буй нь зүйл зүйлээр илэрсний тул үүнээс урагш энэ мэт үл зохилдох байдлыг эрхгүй үндсээр устгаж..., ...Үндсэн хуулийн дотор зааж дурдсаныг хэрэг дээр ёсоор явуулах явдлыг хэргийн явуулгаар илрүүлэх болговол зохино..., ...улсын Үндсэн хуульд заасан ёсоор явуулахыг чухал болгохын дээр..., ...Үндсэн хуульд заасан ёсоор ... явуулбал зохино.[20]

 гэх зэргээр бодлого, шийдвэртээ тусгаж, хэрэгжүүлж байсныг дээрх баримтууд нотолж буй. Иймд тэр үеийн нөхцөл байдлыг бүгдийг “харлуулж”, үгүйсгэж бас болохгүй юм.

Үүнтэй холбогдуулан нэмж дурдахад социалист нийгмийн үеийн “хууль ёсны зарчим”-ыг ардчилсан нийгмийн “хууль дээдлэх ёс”-ны зарчимтай механикаар адилтгаж харьцуулах нь боломжгүй төдийгүй хэрэв тэгж гэмээ нь уг эрх зүйн үнэт зүйл (хууль дээдлэх ёс)-ийн үндсэн агуулга, язгуур мөн чанарыг гажуудуулсан хэрэг болно. Мэдээж хэрэг энэ хоёр ойлголт нь нэр томьёоны хувьд ижил төстэй мэт боловч өөр өөрийн түүхэн үедээ тохирсон зорилго, агуулга, мөн чанар бүхий эрс ялгаатай ойлголт гэдгийг анхаарвал зохино.  

 

Баянбаатарын Батбаяр
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх
зүйн тэнхимийн багш, Хууль зүйн магистр (LL.M

[1] БНМАУ-ын Үндсэн хууль. 1960 он. 20 дугаар зүйл. [БНМАУ-ын Үндсэн хууль, түүнд холбогдох зарим актын эмхтгэл. 1941-1970. Хоёрдугаар дэвтэр. Уб., 1974. 310 дахь тал]

[2] БНМАУ-ын Үндсэн хууль. 1960 он. 93, 94 дүгээр зүйл.

[3] Үндсэн хуульд 1970 онд 2 удаа өөрчлөлт орсон.

[4] Үндсэн хуульд 1990 онд 2 удаа өөрчлөлт орсон.

[5] “Үндсэн хуульт ёс” сангаас хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн түүх (тойм, харьцуулсан судалгаа)” сэдэвт судалгааны төсөл. Гүйцэтгэгч Б.Батбаяр, М.Цэдэвсүрэн. 2019 он

[6] БНМАУ-ын Үндсэн хууль. 1960 он. 20-32 дугаар зүйл.

[7] БНМАУ-ын Үндсэн хууль. 1960 он. 33-36 дугаар зүйл.

[8] БНМАУ-ын Ардын Их Хурлын регламент. БНМАУ-ын хууль. 1981.06.29. [Монголын хууль тогтоомжийн  түүхэн эмхтгэл. Зургаадугаар боть. (1971-1985.IV сар). Уб., 2010. 415-422 дахь тал]

[9] БНМАУ-ын Ардын Их Хурлын регламент. БНМАУ-ын хууль. 1981.06.29. [Монголын хууль тогтоомжийн  түүхэн эмхтгэл. Зургаадугаар боть. (1971-1985.IV сар). Уб., 2010. 420 дахь тал]

[10] БНМАУ-ын Үндсэн хууль. 1960 он. 19 дүгээр зүйл.

[11] БНМАУ-ын Үндсэн хууль. 1960 он. 20 дугаар зүйл.

[12] БНМАУ-ын Үндсэн хууль. 1960 он. 93 дугаар зүйл.

[13] БНМАУ-ын Үндсэн хууль. 1960 он. 34 дүгээр зүйл.

[14] БНМАУ-ын Үндсэн хууль. 1940 он. 95 дугаар зүйл. Тус зүйлийг 1949 онд “Зуун наймдугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг өөрчлөх явдлыг гагцхүү Улсын Их Хурлаар, гурваны хоёроос доошгүйн саналаар баталсан шийдвэрийн ёсоор гүйцэтгэнэ.” гэж өөрчилсөн.

[15] БНМАУ-ын дөрөв дэх удаагийн их хурлын анхдугаар чуулганыг удирдах төлөвлөгөө. БНМАУ-ын Их хурлын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы материал. I боть. ҮТА, Ф№11, Т№1, Хн№1713

[16] “БНМАУ-ын Их Хурлын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаас сонгогдсон тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан төслийг хянан засварлах редакцын комиссын хоёрдугаар хурлын тогтоол”-ын хавсралтаас харвал 14 хүн, давхардсан тоогоор 58 зүйл асуулт, санал гаргасан байгаа боловч энэ нь Ю.Цэдэнбалын гараар зассан эхтэй үг үсэг, утга агуулгын хувьд ижил байна. Тус Тогтоол болон асуулт, саналыг Ж.Амарсанаа нарын эмхэтгэсэн “Монгол Улсын Үндсэн хууль. Баримт бичиг. Уб., 2004” бүтээлийн 317-320 дахь талаас дэлгэрүүлж үзэж болно.

[17] МАХН-ын VII их хурал 1928 оны 10 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 11 хүртэл хуралдсан.

[18] МАХН-ын VII их хуралд 15000 гаруй гишүүдийг эгнээндээ багтаасан намын 600 шахам үүр, хороодоос 192 төлөөлөгч сонгогдон оролцжээ. Бүх төлөөлөгчдийн 93 хувь нь жинхэнэ ард гаралтай хүмүүс байсан юм. 

[19] Монгол Ардын Хувьсгалт Намын долдугаар их хурал. 1928 оны аравдугаар сарын 23. Арван хоёрдугаар сарын 11 (баримт бичиг, материалууд). Ред. Д.Даш. Улсын хэвлэлийн газар. Уб., 1980 он. 197, 247, 259, 262, 281, 287 дахь тал

[20] Монгол Ардын Хувьсгалт Намын долдугаар их хурал. 1928 оны аравдугаар сарын 23. Арван хоёрдугаар сарын 11 (баримт бичиг, материалууд). Ред. Д.Даш. Улсын хэвлэлийн газар. Уб., 1980 он. 411, 424 дэх тал


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5003

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%