ХЭЛЭХ ҮГ БАЙНА: ЖДҮ эрхлэгчдээ мөнгө төлж төслөө бичүүлэхээр өөрсдөө бичиж сурцгаая

 ЖДҮ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зээлийн төслийг хэрхэн бичдэг талаар мэдээлэл авахаар иргэд цахим системд ханддаг аж. Ингэхдээ “Төсөл бичих” гэсэн түлхүүр үгээр хайлт хийхэд олон төрлийн мэдээлэл гарч ирдэг хэмээн эх сурвалж ярьж байна.  Тухайлбал, төслийн бэлэн загваруудыг онлайнаар зардаг хүмүүс, вэб сайт ч олон байдаг юм байна. Мөн аймаг бүрт төсөл бичдэг цөөн тооны хүмүүс байдаг тухай мэдээлэл ч байна. Энэ чимээгүй бизнесийн гол хэрэглэгч нь ЖДҮ эрхлэгчид. Тэд мэдлэг чадвар нимгэнээс олсон багахан мөнгөө  энэ үйлчилгээнд зарцуулсаар байна. Энэ нь улсын хөгжлийг нуруундаа үүрч яваа тэднийг төр нь дэмжиж мэдлэг чадвартай болгохын төлөө цаасан дээр бичсэн ажлаас өөр зүйл хийдэггүйтэй холбоотой. Мөнгөөр төсөл бичдэг иргэд  ихэвчлэн өмнө нь  төрийн албанд ажиллаж байсан хүмүүс байдаг тухай эх сурвалж хэлсэн юм. Энэ мэтчилэн жижиг дунд бизнес эрхлэгчдэд (ЖДҮ) санхүүгийн бэрхшээлээс гадна бизнес төслөө бичих, бичиг баримт бүрдүүлэх, бизнесээ удирдах мэдлэг, чадвар, туршлага байнга дутагдаж байдаг аж.  Гэвч манайд ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн зөвлөгөө, сургалт, төсөл бичих аргын талаар ямар нэгэн ажил, хөтөлбөр зохион байгуулах нь хомс. Дэлхийн бусад улс жижиг дунд бизнес эрхлэгчдээ чадавхижуулахад байнга анхаардаг. Жишээлбэл, Сингапур улс ЖДҮ эрхлэгчдийг гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломж нөхцлөөр хангахад чиглэсэн, шинэ техник технологи ашиглан бизнесээ хөгжүүлэх боломж, хүний нөөцийг чадавхижуулсан сургалт, хөтөлбөр, зөвлөх үйлчилгээнүүдийг нэгдсэн бодлоготойгоор зохион байгуулж үр дүнг нь тогтмол үнэлдэг гэнэ. Тэгвэл энэ салбарт ЖДҮ эрхлэгчдээ сургах ажлыг  цаасан дээр төлөвлөж улмаар төсөв батлуулах арга хэрэгсэл болгон мэргэжилтнүүдийн ширээний шургуулганд хадгалдаг дүр зураг сүүлийн хэдэн жил манайд давтагдсаар.  Уг нь ДНБ-ийн 17.8 хувь буюу жилд ойролцоогоор 6.0 орчим их наяд төгрөгийн баялаг бүтээдэг, 60.000 орчим ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгж, 900 мянган ажилтантай эдийн засгийн чухал ач холбогдол бүхий салбар билээ.

“Шургуулганд хадгалсан ЖДҮ эрхлэгчдийг сургах зорилт, төлөвлөгөөгөө бодит ажил болгох хэрэгтэй”

ХХААХҮ-ийн яамны вэб сайтад ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх зорилтыг хэрэгжүүлэн ажилладаг гэжээ. Мөн тус яамны жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах зорилтын хүрээнд бизнесийн зөвлөгөө, сургалт, мэдээллээрхангаж, инкубацийн үйлчилгээг өргөжүүлнэ гэж тусгажээ. Гэвч  ЖДҮХ сангийн вэб сайтад энэ талаар мэдээлэл байхгүй байна. Мөн тус сангийн 2017, 2018 оны ажлын гүйцэтгэлийн тайланд энэ зорилтыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар мэдээлэл ч алга. Харин яам болон сангийн албан ёсны мэдээллийн хуудсанд мэдээлэл зөрүүтэй, гүйцэтгэлийн мэдээ олдохгүй байгаа нь “Энэ зорилт тунхагийн төдий шинжтэй, бодит хөрсөн дээр бууж ажил хэрэг бололгүйгээр шургуулганд нүдэнд хадгалагдаж үлддэг үү гэсэн хардлагыг төрүүлж байна.

“Аймгийн засаг дарга нар харьяалах нутаг дэвсгэртээ ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор иргэдийг төслийн арга зүйн сургалтаар хангах ажлаа хангалттай хийхгүй байна”.

Орон нутагт ЖДҮ эрхлэгчдэд зориулсан сургалтын үйлчилгээг аймаг нь хариуцдаг. Сум хөгжүүлэх сангийн танилцуулгад “Аймгийн засаг дарга нар харьяалах нутаг дэвсгэртээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлд цаашид хамрагдах иргэдийг төслийн арга зүйн сургалтаар хангах ажлыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна” гэжээ. Гэвч Говь-Алтай, Архангай аймгийн зарим  ЖДҮ эрхлэгчидтэй холбогдоход өнгөрсөн болон энэ онд сургалт зохион байгуулагдаагүй гэсэн юм. Түүнчлэн бизнесийн төсөл бичих мэдлэг, чадвар дутагдаж байгаа нь тулгарч байгаа бэрхшээлийн нэг гэж байлаа. Тиймээс ихэнхи ЖДҮ эрхлэгчид төслөө төлбөр төлж бичүүлдэг нь хэвшил болжээ. Энэ нь тэд  бизнес төлөвлөгөөгөө өөрсдөө боловсруулах чадвар муу байгаатай шууд холбоотой. Бизнес төлөвлөгөө, төслөө  бүрэн тодорхойлж бичиж боловсруулж чадахгүй байгаа хүн тус бизнесээ өргөжүүлж хөгжүүлнэ гэдэг хэцүү. Тиймээс мөнгө төлж төслөө бичүүлдэг биеийн амрыг харсан ажилд сургах биш тэдэнд мэдлэг чадвар эзэмшүүлэхэд салбарын яам, мэргэжлийн байгууллага нь анхаарч төлөвлөгөөгөө бодит ажил болгох цаг болжээ. 

 


avatar
    • зочин
    • 162.158.90.*

    үнэн шүү өөрсдөө бичиж бмаар бна

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4822

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%