Ази, Номхон далай дахь геополитикийн шинэ тоглолтууд

Аливаа улсын гадаад бодлогын нөлөө зөвхөн тэр улсдаа биш бусад улсуудтай хэрхэн харилцаж, бодлогын хэмжээнд өрсөлдөж байгаа чадвараараа тодордог. Энэхүү чадвар нь эргээд улс оронд нь хөгжил дэвшил, эдийн засгийн давуу талыг олгодог байна. Ази, Номхон далайн улсуудын эдийн засгийн хамгийн давуу тал нь далайн транзит, далайн тээвэрлэлт, импорт-эxспортын боомтуудыг ашиглах меxанизм билээ. Бүс нутгийн хэмжээнд нийт 60 гаруй орон хамрагдаж, 4.3 тэрбум хүн амын тоотой байна.[1] Японы тэнгисээс урагш Хятадын шар мөрөн, Зүүн Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис, Филиппиний тэнгис, Бенгалын булан, Энэтхэгийн далай хүртэл геополитикийн шинэ тоглолтууд явагдаж АНУ, БНХАУ-ын сонирхол, геополитикийн тоглоом мөргөлдөж байна.

Энэхүү шинэ тоглолтыг АНУ болон түүний холбоотнууд, БНХАУ болон түүнтэй эдийн засаг, нийгэм, аялал жуулчлалын салбараар нягт холбоотой жижиг улсууд хэрэгжүүлэн хүчний тулааныг тодруулж байна. АНУ-БНХАУ-ын Ази Номхон далай дахь геополитикийн тулааны хамгийн гол зорилго эдийн засгийн давуу талыг далайн гарцаар, боомтоор олох, батлан хамгаалах, бүс нутгийн аюулгүй байдалд зохицуулалт хийх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, зарим жижиг улсын аюулгүй байдлыг баталгаажуулах гэх мэт стратегийн бодлогоор хүч үзэж байна. 

2019 оны 5 дугаар сарын 31-нд Сингапурт болсон “Шангри-Ла яриа хэлэлцээр”-ийн[2] үеэр 50-н улсын батлан хамгаалахын сайд нар оролцож бүс нутагт өрнөж буй уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудлыг ярилцан, шийдэл олох журмаар хэлэлцээ өрнөсөн билээ. Энэхүү дэд хэмжээний уулзалтын үеэр жижиг улсууд АНУ-БНХАУ-ын тулааны дунд хавчигдаж хүндрэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сингапурын Ерөнхий сайд, Lee Hsien Loong хэлэхдээ,

 

"Манай дэлхий глобалчлалд бүслэгдэж, эргэлтийн цэг дээрээ ирсэн байна. АНУ-БНХАУ-ын хурцадмал байдал нь бүс нутгийн улсуудын санааг зовоож байна. Сингапур мөн адил санаа зовж байгаа. Зүүн өмнөд Азийн түүхэн үйл явдлуудыг харвал, Голланд, Их Бритайн, Испани, Франц, Япон, дараа нь АНУ гэх мэт их гүрнүүдийн сонирхлыг татаж, колоничлолын их түүхтэй тив билээ. Энэ түүх одоо ч давтагдаж эдийн засгийн давуу тал хайх, далайн боомтыг булаацалдах, ашиглах, бүс нутгийн улсуудыг хамтын ажиллагаанд уриалах меxанизмууд их хэмжээгээр явагдаж байна. БНХАУ-ын нөлөө ихсэж, бүс нутгийн геополитикийн нөхцөл байдлыг өөрчлөн байгаа нь илт. Гэсэн хэдий ч БНХАУ-ын эдийн засгийн цар хүрээ, бодлого нь бүрэн капитализм, нээлттэй хэмжээнд хүрч амжаагүй, дахиад 10 гаруй жилийн хөгжил хэрэгтэй. Бүс нутгийн улсуудын итгэл найвдарыг бэхжүүлэхийн тулд, БНХАУ-ын бусад улсуудтай харилцан буй аргачлал нь өөрчлөгдсөн, гэгээрсэн, цаг үетэйгээ тохирсон, алсын хараат байх гэдгээ улс орнуудад харуулах хэрэгтэй. Өөрийн байр суурийг хууль ёсны дагуу илэрхийлэн усан хилийн маргаан, Өмнөд Хятадын тэнгист үүсэж буй арлын маргааныг олон улсын арбитрын шүүхийн шийдвэрээр шийдвэрлэх, мөн Дэлхийн Банк, ОУВС, НҮБ гэх мэт олон улсын байгууллагатай цаашид хамтран ажиллаж итгэлцэл бий болгох дээр ажиллах нь бүс нутагт сайн нөлөөтэй. АНУ-ын хувьд Индо-Пасифик стратегийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх гэж эрмэлзэж, шинэ түншүүд хайж байна." 

 

 

 АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас гаргасан “Индо-Пасифик стратегийн баримт бичиг”[3] нь 6 дугаар сарын 1-нд олон нийтэд нээлттэй болсон бөгөөд энэ нь яг Шангрила хэлэлцээрийн үеэр таарч уулзалтад оролцсон сайд нар энэхүү төрийн баримт бичигтээ танилцаж, гүйцэд уншиж амжаагүй учраас баримт бичгийн агуулгын тухай яриа сайн өрнөөгүй гэж судлаачдад шүүмжлэгдэж байна. 

 “Индо-Пасифик стратеги” баримт бичгийн 4.2-т зааснаар “Япон, Өмнөд Солонгос, Австрали, Филиппин, болон Тайланд” холбоотон улсуудын харилцааг цаашид улам бэхжүүлэх, мөн Ази, Номхон далайн бүс нутагт нөлөө бүхий стратегийн ач холбогдолтой улсуудыг нэрлэсэн байна. Үүнд: Сингапур, Тайван, Шинэ Зеланд болон Монгол оржээ. АНУ-ын Батлан хамгаалахын хамтын ажиллагааны цар хүрээ Зүүн Ази, Ази номхон далайгаар ч дуусахгүй Өмнөд Азид олон түншүүдтэй болсоор байна.

Энэхүү батлан хамгаалахын баримт бичиг нь АНУ-ын геополитикийн сонирхлыг тодруулах, хамтын ажиллагаанд ямар улсууд тодорхой байр суурь эзлэх, АНУ-БНХАУ-ын өрсөлдөөнөөс аль улсууд хэний талд орж өөрсдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах гэх мэт олон чухал асуудлууд хөндөгдөж байна. Мөн АНУ-ын Батлан хамгаалах яамны стратегийн баримт бичиг нь Ази, номхон далайг онцолсон стратеги нь бүс нутагт өрнөж буй олон өрсөлдөөн, аюул занал, боломжийг давхар тодруулж байгаа юм. Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, аюулгүй байдал, цэрэгжилт, геополитикийн ач холбогдол эрс нэмэгдсэнтэй шууд уялдаатай. Энэ нь нэг талаар улс орнуудын хамтын ажиллагааг өрнүүлэх, дэд шатанд хүргэж, эдийн засгийн боломж бололцоог дээшлүүлэх завшаан болов ч, нөгөөтээгүүр жижиг улсын аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, АНУ-БНХАУ-ын аль нэгийг сонгох гэсэн байдалд оруулж байгаа нь Шангрила хэлэлцээрийн үед илт харагдаж байв. 

 Тэгвэл Монгол улс АНУ-ын Индо-Пасифик стратегийн бодлогод орсон гэдэг нь ямар ач холбогдолтой, энэ нь хоёр улсын харилцаанд хэрхэн нөлөө үзүүлэх вэ? гэдэг тухай дараагийн нийтлэлээр хүргэх болно. 

 

[1] https://asiapacific.unfpa.org/en/node/15207.

[2] https://www.iiss.org/events/shangri-la-dialogue/shangri-la-dialogue-2019.

[3] https://media.defense.gov/2019/May/31/2002139210/-1/-1/1/DOD_INDO_PACIFIC_STRATEGY_REPORT_JUNE_2019.PDF.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5099

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%