ХЭЛЭХ ҮГ БАЙНА: Шалгуур хангасан ЖДҮ төслүүдийг нэгийг ч үлдээлгүй санхүүжилтыг нь бүрэн шийдэх ёстой

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх (ЖДҮ) сангийн үйл ажиллагааны тайланд 2009-2017 оны хооронд нийт 26454 төсөлд гурван их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсч байсан тоон мэдээлэл байна. Энэ тоонд  анхаарлаа хандуулахын шалтгаан нь  үе үеийн эрх баригчид өөрсдийнх нь хамаарал бүхий этгээд уг зээлд хамрагддаг байсан болохоор тэдний хүссэнээр санхүүжилтыг төсөвлөдөг байсан дүр зураг харагдаж байгаа юм.

Ялангуяа энэ сангаас  өмнөх онд нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий  компаниуд  авсан нь нийтэд ил болсон мэдээллийн дараагийн жилд санхүүжилт хоёр дахин буурсан байдаг юм. Жишээлбэл, 2017 онд 49.8 тэрбум байсан санхүүжилт 2018 онд 96.2 тэрбум төгрөгт хүрч огцом өссөн. Тус онд 233 төсөлд дээрх санхүүжилтыг олгосон боловч эдгээрийн талаас илүү нь УИХ-ын гишүүд, МАН-ын болон төрийн өндөр албан тушаалтны компани аж ахуйн нэгж байсан.

Харин ЖДҮ сан 2019 онд өмнөх онтой харьцуулахад хоёр дахин бага төсөв буюу 47 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Энэ төсөвлөсөн зээлийн дүн зээл авахаар төслөө ирүүлсэн ЖДҮ эрхлэгчдийн нийт хэрэгцээний 10 хувьд ч хүрэхгүй байна. Ялангуяа Улаанбаатар хотод ЖДҮ зээл авах төслийн зээлийн дүн төсөвлөсөн зээлийн дүнгийн  долоон хувьд хүрэхгүй байгаа юм. ЖДҮ санхүүжилтыг төсөвлөхдөө УИХ-ын гишүүд өөрсдийнхөө компанид авах гэж байсан дүнгээ хасаад өмнөх жилүүдийн жишгээр мөнгөн дүн тавьсан нь тодорхой. Энэ тухай ч албан бус эх сурвалжууд хэлсээр байгаа билээ.

 “Жил бүр ЖДҮ эрхлэгчид мөнгө, цагаа  зарцуулан байж төслөө ЖДҮ санд ирүүлдэг боловч төсөв хүрэлцэхгүй гэсэн хариултаас шалтгаалж олон хүн хоосон хоцорч хохирдог”

 Нөгөөтэйгүүр 2009-2017 он буюу есөн жилийн хугацаанд  нийт ирүүлсэн төслийн 21 хувь буюу 7536 төсөлд 835.2 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгожээ. Тухайлбал, 2011 онд 1900 төсөлд 300 гаруй, 2014 онд 928 төсөлд 144 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан нь хамгийн өндөр дүнтэй байна. Энэ 9 жилийн хугацаанд эдгээр санхүүжилт бодит судалгаан дээр тулгуурласан уу, ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадсан уу, бодлогын хэрэгжилтийн үр дүн ямар байв гэсэн асуултад хариулах хэмжээний бодлогын судалгааны дүгнэлт одоог хүртэл гараагүй байна. Энэ жилийн хувьд ДНБ-ий 17.8 хувь буюу жилд ойролцоогоор 6.0 орчим их наядын баялаг бүтээдэг, ойролцоогоор 60000 аж ахуйн нэгж, 900 орчим ажиллах хүчнийг шингээдэг том салбарт дөнгөж 47 тэрбум төгрөг төсөвлөнө гэдэг бол бодит дэмжлэг биш. Эндээс харахад ХХААХҮ-ийн яам ЖДҮ эрхлэгчдийнхээ санхүүгийн хэрэгцээг судлаагүй таамгаар төсөвлөсөн дүр зурагтай байна. Аймаг бүрт ижилхэн дүнгээр нэг тэрбум төгрөг төсөвлөсөн нь энэ таамаглалыг илүү тодотгосон.

Жил бүр ЖДҮ эрхлэгчид өчнөөн мөнгө, цагаа  зарцуулан байж төслөө ЖДҮ санд ирүүлдэг боловч төсөв хүрэлцэхгүй гэсэн хариултаас шалтгаалж олон хүн хоосон хоцорч хохирдог. Жишээлбэл 2018 онд ЖДҮ сан дээр зээлийн шаардлага хангасан 364 төсөл хөнгөлөлттэй зээлээ авч чадахгүй хохирчээ. Зээлийн хүсэлт энэ жилийн тухайд  төсөвлөснөөс 10 дахин их байгаад байхад яагаад төсвийг нэмж болдоггүй юм бол. Жирийн иргэдэд зээл очих болохоор хасч танаад УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдэд өгөх болохоор нэмдэг ийм л тооцооллыг эрх баригчид баримтлан төсөвтөө тусгадаг аж. Үүнд  ХААХҮЯ болоод ЖДҮ сангийхан анхаарлаа хандуулж тооцоо судалгаагаа  бодиттой хийх хэрэгтэй.

 “Засгийн газар шалгуур хангасан ЖДҮ төслүүдэд өөр эх үүсвэрээс мөнгө олж санхүүжилтыг нь бүрэн шийдэх ёстой”

 ЖДҮ сангийн мэдээлснээр энэ жилийн шалгаруулалтанд ирсэн 1411 төслөөс 1-р шатанд 38 хувь буюу 534 төсөл шалгарчээ. Эдгээрийн 376 нь аж ахуйн нэгж, 158 нь иргэдээс ирүүлсэн төслүүд гэнэ. Мөн 47.4 тэрбумын дүн бүхий 65 төсөл нь 300 саяас нэг тэрбум хүртэл зээл хүссэн төслүүд байгаа юм байна. Харин аймгуудад шалгаруулалтад орж буй 1330 гаруй төслийн эхний шатны шалгаруулалт дуусаагүй байгаа гэж ЖДҮ сангаас мэдээлээд байна. Дөрвөн шатны төсөл шалгаруулалтын дараа төсөвлөсөн 47 тэрбумаас хэд дахин давсан дүнтэй  төсөл шалгарч үлдэх магадлалтай. Энгийнээр  тооцоход, хэрэв энэ жил нийт төслийн дүнгийн 30 хувь нь зээлд хамрагдах  шаардлага хангавал 137 тэрбумын төсөв шаардлагатай болно. Ийм хэрэгцээ үүсвэл олон ЖДҮ эрхлэгч бүтэн жил хөнгөлөлттэй зээл хүлээсээр хохирох болно. Тиймээс Засгийн газар шалгуур хангасан ЖДҮ төслүүдэд өөр эх үүсвэрээс мөнгө олж санхүүжилтыг нь бүрэн шийдэх ёстой.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4330

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
18%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 18%
  • 69%