Нийтлэл 07 сарын 21, 2019

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ : Эргэн харах зарим асуудал

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь нийт иргэн, улсын ашиг сонирхол, эрхэмлэх үнэт зүйлстэй амин холбоотой учраас иргэн бүр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүрэн эрхтэй, иргэд тус эрхээ эдлэхийг эрмэлзэж байна, бас засаг төрөөс иргэдэд эрхээ эдлэх боломж нөхцлийг бүрдүүлж байгааг харж байна.         

Тухайн амин чухал асуудлуудыг олон талт өнцгөөс харж, үзэл бодлоо чөлөөтэй уралдуулснаар зөв гарцыг олж болно. Үзэл бодлын зөрүү байж болно, гол нь бүхий л алдаа, буруу, бүрхэг асуудлыг илрүүлэн хэлэлцэх, нэг мөр ойлголтод хүрэх, засч залруулах нь чухал болоод байна.       

Иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дараах цөөн зарим асуудлаар үзэл бодлоо илэрхийлж байна.                             

Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгон байгуулах хэрэгцээ шаардлагын талаар :   

Монгол Улсын хувьд өнөөгийн хөгжлийн буурай, хоцрогдмол байдлаас хөгжил дэвшилд тэмүүлэн алхам алхамаар урагшлах, угтах ирээдүй, хөгжил, аюулгүй байдлаа баталгаажуулах бодит шаардлага, Монголын одоогийн дүр төрх, хотжих, суурьших хөдөлгөөн, нийслэлийн төвлөрөл, бөөгнөрөл, бөглөрөл, мал маллах эрсдэлт нөхцөл буюу байгаль, цаг уурын сөрөг үзэгдлүүд, хөгжингүй бусад орнуудын хөгжлийн загвар, туршлага зэргийг харгалзахад хот; тосгон байгуулах нь зүй ёсны шаардлага болж байна.    

Бид нэгэнт ардчилал, зах зээлийн нийгэм буюу орших, хөгжих зөв замыг сонгосон учраас тус сонголтоо улам бүр бэхжүүлэх, улс орны ирээдүйн хөгжлөө угтан харах, орчин үежүүлэх буюу аж үйлдвэржүүлэх, хот суурин байгуулах, хөгжүүлэх, иргэдийн хотжих үйл явц, хөдөлгөөн, амьдрах, хөгжих, ажил орлоготой, өмчтэй байх зэрэг суурь эрхийн хэрэгжилтийг бүх талаар хангах орчин нөхцөл, баталгааг бүрдүүлэх, хамгаалах нь иргэдийн өмнө хүлээсэн засаг төрийн үүрэг.  

Иргэдийн хотжин суурьших буюу мал аж ахуйгаас хот, тосгон сууринд шилжих, үйлдвэр, аж ахуй эрхлэх зэрэг “хөгжил, амьдрах боломж” рүү тэмүүлсэн тасралтгүй үргэлжлэх үйл явц, хөдөлгөөнийг дэмжихгүй, аж үйлдвэржүүлэлтийг шинээр болон шинэчлэн хөгжүүлэхгүй гээд бид хаашаа явах, яаж хөгжих юм бэ ?     

Харь бусдын хараа, хяслант тээгүүд, есөн шидийн буруу бодлого, бусармаг явдлын үр дагавар буюу хөгжлийн хар бараан хонгил, ангалын ирмэг дээр, чөтгөрийн тойрогт гуйлга гуйж, аврал эрэн дороо дэгэн догон хий эргэлдсээр л байх уу ? Боолчлох, боолчлогдох замыг хэн хүснэм !            

Тийм учраас улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгон байгуулах хэрэгцээ шаардлагыг эсэргүүцэх, үгүйсгэх боломжгүй.     

Харин Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгон байгуулахын тулд нэн тэргүүнд Үндсэн хууль дахь шүүхийн тогтолцооны зохицуулалтыг өөрчлөн найруулах, мөн Үндсэн хуульдаа хот, тосгоныг “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж”-д албан ёсоор тооцон хуульчлах зайлшгүй шаардлага байна.  

Хэрэв тухайн асуудлыг үл хайхран Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх тохиолдолд Үндсэн хуулийн хийдэл, зөрчилдөөн үүсгэх улмаар хот, тосгоны зохицуулалт нь бодит хэрэгжилтгүй үхмэл заалт хэвээр байх, мөн Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөхөд хүргэхээр байна.  

Үндэслэл, баримт : (Шүүхийн тогтолцоог өөрчлөн найруулах)  

  1. 1992 оны ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жил гаруй хугацаанд Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгон байгуулж чадаагүй өдий хүрсэн нь Үндсэн хууль дахь шүүхийн тогтолцооны талаарх зохицуулалттай салшгүй холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт : Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэхээр хуульчилсан.

Хэрэв хот, тосгон байгуулбал тухайн хот, тосгонд гарсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүхгүй болох буюу шүүх байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Учир нь Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтолцоо, мөн шүүхийг гагцхүү тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох сум бүрт эсхүл хэд хэдэн сумдын дунд байгуулна, өөрөөр байгуулах үндэслэлгүй талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоол, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаар тогтоолын дагуу сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болно, харин хот, тосгонд шүүх байгуулах эсхүл хот, тосгон, сумдыг харьяалсан “шүүх” байгуулах боломжгүй.       

Мөн хот, тосгон бол засаг, захиргааны нэгж биш бөгөөд хот, тосгоныг Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгжтэй адилтгах бодит боломжгүй төдийгүй хот, тосгон засаг захиргааны хувьд орон нутгийн нэгжид харьяалагдах[1], мөн хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, бүрэн эрхийг олгосон ч эдгээр нь тус тус засаг захиргааны нэгж мөн гэж үзэх үндэслэл болохгүй.    

Иймд Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг : Шүүхийн үндсэн тогтолцоо анхан болон давж заалдах шатны шүүх, хяналтын буюу Улсын дээд шүүхээс бүрдэх…гэж өөрчлөн найруулах зайлшгүй шаардлагатай. Ингэж өөрчлөх нь шүүхийн үйлчилгээг иргэдээс холдуулж байгаа утга агуулга биш, харин Үндсэн хуулийн зохицуулалт хооронд хийдэл, зөрчил үүсгэхгүйн тулд хийгдэж байгаа зохицуулалт. Энд эргэлзэх, маргах үндэслэл байхгүй.   

Мөн тийнхүү өөрчилснөөр дүүрэг бүрээс гадна хот, сум, тосгон бүрт шүүх байгуулж болох эрх зүйн үндэс бүрдэх ба уг асуудлыг иргэдийн санал, хүсэлт болон холбогдох хуульд заасан шалгуур үндэслэл, журмын хүрээнд гагцхүү УИХ шийдвэрлэх бүрэн эрхтэй учраас шүүхийн үйлчилгээ иргэдээс холдох тухай яриа, таамаг огт үндэслэлгүй болно.         

  1. Үндсэн хуульдаа хот, тосгоныг “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж”-д албан ёсоор тооцон хуульчлах mалаар :

Cанал : Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг "Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотод, аймаг нь орон нутгийн зэрэглэлтэй хот; сум, тосгонд, сум болон тосгон нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот нь хороонд хуваагдана” гэж өөрчлөх шаардлагатай.     

Хэрэв Үндсэн хуульдаа хот, тосгоныг “засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж”-д албан ёсоор тооцон хуульчлахгүй л юм бол Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу” Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэснийг Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот; тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, бүрэн эрхийг олгох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэх мэтээр хэдэн янз дахин өөрчлөн найруулаад бодлого, зохицуулалтын хувьд “нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” шиг тодорхой ахиц дэвшил, чанарын өөрчлөлт гарахгүй, харин Үндсэн хуулийн зөрчил, маргаан үүсгэхээр байна.

Үндэслэл : Улсын зэрэглэлтэй хот

- Улсын зэрэглэлтэй хотод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, бүрэн эрхийг олгох асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан буюу тус бичвэрийн цаад утга агуулга нь улсын зэрэглэлтэй хотыг “засаг  захиргааны нэгж”-д тооцохыг зөвшөөрч буй үзэл санааны үндэс уг нь зөв хэдий ч засаг захиргааны нэгжид албан ёсоор тооцохгүй орхигдуулж байгаа нь зөвшөөрөгдөхгүй.   

Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 2, 57 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана”, тус нэгжид юу  хамаарахыг хоёрдмол утгагүй нэг мөр заасан тул “нэгж” биш Улсын зэрэглэлтэй хот байх боломжгүй.      

- Улсын зэрэглэлтэй хот гэдэг нь орон нутгийн буюу аймгийн захиргаанд харьяалагдахгүй харин засаг захиргааны үндсэн буюу бие даасан нэгж байх нэн тэргүүний утга агуулгатай.   

- Улсын  зэрэглэлтэй хот байтлаа засаг захиргааны хувьд орон нутгийн нэгжид харьяалагдах[2] нь улсын гэх утга агуулгыг бодитой илэрхийлэхгүй, улсын зэрэглэлтэй хот нь аймгийн нутаг дэвсгэрт байршлаа ч гэсэн засаг захиргааны нэгжид  тооцогдохгүй бөгөөд бодлого, зохицуулалтын логик уялдаа холбоогүй, зөрчилдөөн үүсгэнэ.              

- Улсын зэрэглэлтэй хот нь нэгэнт Үндсэн хуулийн дагуу засаг захиргааны нэгж биш тул тус хотод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, бүрэн эрхийг олгосон ч засаг захиргааны нэгж мөн гэж үзэх үндэслэл болохгүй.  

- Улсын зэрэглэлтэй хотыг засаг, захиргааны нэгжид Үндсэн хуулиар албан ёсоор тооцохгүй тохиолдолд Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх Үндсэн хуулийн зохицуулалтад нийцэхгүй, мөн улсын зэрэглэлтэй хотын удирдлага нь төрийн төвлөрсөн удирдлагатай хослох буюу захирагдах ёс алдагдан, хийдэл маргаан үүсгэнэ, улмаар хот байгуулах асуудал гацаанд орно.    

- Нэгдмэл улсынхаа хувьд засаг захиргааны нэгжид албан ёсоор тооцохгүйгээр хот суурин байгуулсан гэж үзэх үндэслэл 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтуудаас үзэхэд илрэхээргүй байна.  

  - Улсын зэрэглэлтэй хотыг засаг захиргааны нэгжид тооцохгүй тохиолдолд “Ханлиг, Ванлиг”-ууд хоорондын тэмцэл, хямрал үүсч байсан өмнөх түүхээ санах нь зөв болно.      

- Улсын зэрэглэлтэй хот гэж үзэх шалгуур, нөхцлийг бусад засаг захиргааны нэгжээс хэд дахин илүү хангасан хот сууринг буюу зарим аймгийг (тухайлбал, Дархан-Уул, Орхон) улсын зэрэглэлтэй хот болгохыг хүсч буй тухайн аймгийн хүн амын дийлэнхи олонхи, мөн удирдлага, төлөөлөгчдийн хувьд засаг захиргааны хувьд бие даасан нэгжийн эрхтэй хот байхыг л хүсэмжилж байгаа, харин аль нэг аймагт харьяалагдсан “улсын зэрэглэлтэй хот” байхыг зөвшөөрсөн гэж үзэх, төсөөлөх боломжгүй.        

- Зарим аймаг (Дархан-Уул, Орхон)-ийг улсын зэрэглэлтэй хот болгоход тус хотоос алс зайны цөөвтөр сумдыг нь харьяаллын дагуу өмнөх аймагт нь шилжүүлэх боломжтой учраас энд маргаан, зөрчил төдийлөн үүсэхгүй, үүсгэхгүй байхаар зохицуулж болох юм.    

Үндэслэл : Орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгон   

- Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, бүрэн эрхийг олгох асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан буюу тус бичвэрийн цаад утга агуулга нь хот, тосгоныг “засаг захиргааны нэгж”-д тооцохыг зөвшөөрч буй үзэл санааны үндэс уг нь зөв хэдий ч засаг захиргааны нэгжид тооцохгүй орхигдуулж байгаа нь зөвшөөрөгдөхгүй.    

Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 2, 57 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана”, тус нэгжид юу  хамаарахыг хоёрдмол утгагүй нэг мөр заасан тул “нэгж” биш орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон байх бодит үндэслэлгүй.       

- Орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгон гагцхүү аймагт харьяалагдах нь зөв, гэхдээ аймагт харьяалагдсан байх нь тухайн хот, тосгоныг “засаг захиргааны нэгж” гэж үзэх үндэслэл болохгүй учраас засаг захиргааны хувьд аймгийн нэгж байхаар Үндсэн хуульдаа тусгайлан хуульчлах зайлшгүй шаардлагатай.   

- Тус хот, тосгоныг аймагт харьяалуулах атлаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд аймгийн нэгжээр тооцон хуульчлахгүй орхигдуулах нь Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх Үндсэн хуулийн зохицуулалтад нийцэхгүй, мөн орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгоны удирдлага нь төрийн удирдлагатай хослох зарчим алдагдах, хийдэл маргаан үүсгэх үндэслэлтэй юм.   

Тухайлбал, аймгийн төвүүдийн сумд, мөн томоохон сум Хархорумыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгосон тохиолдолд тухайн хотууд нь аймагт харьяалагдах атлаа Үндсэн хуулийн дагуу засаг захиргааны хувьд аймгийн нэгжид хамаарахгүй тохиолдолд засаг захиргааны нэгж бишээс шалтгаалан бүрэн эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд болон бусад нутгийн өөрийн ба төрийн удирдлагын олон талт асуудлын хүрээнд зөрчил, маргаан үл тасрах нь эргэлзээтэй асуудал биш юм.   

Нэмэлт тодотгол:   

Бид хөдөө талд талын нэг тарж, бутарсан байдлаар, зөвхөн мал аж ахуй эрхэлснээр, мөн Улаанбаатарт бөөгнөрснөөр хөгжил, дэвшилд хүрэхгүй нь ойлгомжтой.  

Бидний орших, угтах ирээдүй, хөгжил, аюулгүй байдлаа баталгаажуулах үндсэн арга замын нэг бол үйлдвэр, аж ахуй эрхлэлтийг дэмжих, хөгжүүлэх буюу улсаа, орон нутгаа аж үйлдвэржүүлэх цогц бодлого ба хэрэгжилтийг шуурхай хангах, эрчимжүүлэх явдал мөн. Энэ бол зөв, оновчтой бодлого, зохицуулалтаар Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгон байгуулах, хөгжүүлэх утга агуулга, стратеги.  

Засаг захиргааны нэгжүүд ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жил гаруйн хугацаанд хөгжлийн диалектикийн дагуу ороомог байдлаар хөгжиж байна.   

Гэхдээ амьдрал баян. Цаг хугацаа зогсолтгүй урсана. Хөгжил бол зогсонги биш, бас механик зүйл биш. Хүн, аливаа зүйлс, үзэгдэлт орчин, үзэл, хандлага хувьсан өөрчлөгдөнө. Орчин цагийн хөгжил дэвшил, хандлагаас хоцрох ёсгүй.       

Тийм учраас хот, тосгон байгуулах зүй ёсны шаардлага, бодлого, зохицуулалттай холбоотойгоор засаг захиргааны нэгжүүд томрох, нэгдэн нийлэх, бүсчлэгдэх замаар хөгжих, хөгжүүлэх (зарим багуудаас тосгон, зарим тосгон, сумдаас орон нутгийн хот, зарим орон нутгийн хотоос улсын зэрэгтэй хот бий болох хөгжлийн үйл явц)-ийг суурь үзэл санаа болгон Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгжид зөв, оновчтой тохируулга, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.           

Бид хөгжлийн зөв зүг чигийг эрхэм чиглэл болгож, хүчээ нэгтгэх нь улс орны амин чухал хэрэгцээ, шаардлага болоод байна.      

  1. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн бичвэр : 9/ 60 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн...”Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно” гэснийг : “Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан, чөлөөлсөн бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлснээр аймаг, нийслэлийн Засаг дарга батламжилна” гэж өөрчлөн найруулах санал.

Үндэслэл :   

- Засаг даргыг огцруулахаас гадна бас чөлөөлөх үндэслэл байж болох учраас “чөлөөлсөн” гэж нэмэх шаардлагатай.      

- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сум, дүүргийн Засаг даргыг тухайн нэгжийн иргэд сонгох тул Засаг даргын бүрэн эрхийн үлдэгдэл хугацаанд эсэхээс үл хамааран Засаг даргаар хэнийг ажиллуулах бүрэн эрх нь “тухайн нэгж”-ийн нийт хүн амыг төлөөлөх бүрэн эрхтэй байгууллага буюу Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хадгалагдах бүрэн үндэслэлтэй гэж үзнэ.   

- Сум, дүүргийн Засаг дарга болох хүнийг бүрэн эрхийнх нь үлдэгдэл хугацаанд эсэхээс үл хамааран нэг хүн өөрөө мэдэн шууд томилох, эсрэгээр тухайн нэгжийг бүрэн төлөөлөх эрх бүхий төлөөлөгчид “олон нэр дэвшигчдээс нэгийг сонгон” улмаар батламжлуулах нь эрс тэс ялгаатай, олон талын утга агуулгыг илэрхийлнэ.       

- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тухайн нэгжийн иргэдээс сонгогдсон Засаг даргыг дээд шатны Засаг дарга батламжилна гэж заасан тул Засаг даргын бүрэн эрхийн үлдэгдэл хугацаанд эсэхээс үл хамааран “батламжлах” биш “томилно” гэж өөрчлөх үндэслэлгүй гэж үзнэ. Батламжлах, томилох гэсэн 2 өөр утга агуулгаар өөрчлөлт хийх нь үндэслэл хангалтгүй, зөрчилтэй бөгөөд зохисгүй.         

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад цаг хугацааны асуудал  

            Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь тулгамдсан асуудал мөн.

Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхэд хамаарах асуудлуудын хүрээ,  Үндсэн хуулийн зохицуулалт хоорондын хийдэл, зөрчилдөөнийг нэг мөр илрүүлэн оношлох, тэдгээрт хангалттай үндэслэл, судалгаатай, иж бүрэн задлан шинжилгээ хийж, зөв, оновчтой нэгтгэн дүгнэсэн байх зэрэг онцгой чухал шаардлагууд тавигддаг.    

Тус шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд явцуу сонирхол, үзэл,  хандлагын хүрээнд, одоо энэ цагт л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулахгүй бол дахиад 8 жил Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжоо алдана гэдгээр яаран сандран Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь сөрөг үр дагаварууд дагуулж болох юм.

Нийт иргэн, улсын ашиг сонирхолд зайлшгүй чухал, тулгамдаж байгаа цогц асуудлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах, хэлэлцэхэд Монгол Улсын  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11-д заасан “...Санал асуулгыг хүчингүйд тооцсон, хуулийг батлахаас ийнхүү татгалзсан бол санал асуулгын дүн гарсан өдрөөс хойш Улсын Их Хурал найман жилийн дотор дахин авч хэлэлцэхгүй” гэсэн хэсэг саад болохоор байгаа бол тухайн хэсгийг өөрчлөх, түдгэлзүүлэх боломжтой. Үндсэн хуульд заасан үнэт зүйлс, нийт иргэн, улсын ашиг сонирхлоос давах   салбар хууль дахь “хугацаа” байх зөв үү, буруу юу ?        

Тэгээд ч ард иргэдийн олонхийн санал асуулгаар тухайн хуулийг батлахаас  татгалзсан байх нь тухайн хууль буюу хуулийн төслийн бичвэрийг сайжруул, дахин засч өөрчил, зохицуулалт хоорондын хийдэл, зөрчилдөөнийг арилга, эдгээр дутуу  ажиллагааг хийж гүйцэтгэснийхээ дараа дахин шалгуул гэсэн л утга агуулгыг илэрхийлэхээс эсрэгээр жадлан эсэргүүцэж, улс орны эрх ашгийг уланд орхисон буюу зарим талын бохир, буруу бодлого, зохицуулалттай эвлэрч, эрх мэдэл бүхий хэсэг бүлэгт дахин “8 жил” дураар авирлах, хуйвалдах зөвшөөрөл олгож байгаа хэрэг биш гэж ойлгож болохоор байна.               

Тийм учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад яарч, сандрахгүйгээр 7 байтугай түүнээс дээш удаа хэмжихэд хязгаар тавигдах ёсгүй, харин 1 л огтлох нь нийтлэг эрх ашиг, зарчим, зүй ёсонд нийцнэ.          

 Хэрэв үнэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дахин сайжруулах, боловсронгуй болгон тодотгоход хугацаа давчуу, дахин авч хэлэлцүүлэхгүй гэх  хугацаанд баригдан, шахагдахаар тохиолдолд Үндсэн хуульд заасан үнэт зүйлс, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, салбарын зарим хуульд заасан тухайн хугацаатай холбоотой зохицуулалтыг өөрчлөх бүрэн эрх гагцхүү УИХ-д хадгалагдаж байгаа.      

 

[1] Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйл.

https://www.legalinfo.mn/law/details/532?lawid=532

[2] Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйл.

https://www.legalinfo.mn/law/details/532?lawid=532

Сэтгэгдэл бичих

arrow icon