ҮНДСЭН ХУУЛЬ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг үргэлжлүүлэн хэлэлцүүлэх боломжгүй

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын Ерөнхийлөгч нэг дэх хэлэлцүүлэг давсан төслөөс тусдаа нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн барьсан нь хэлэлцүүлгийг мухардмал байдалд оруулаад байна. Мэдээж Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд зарим авууштай санал буйг үгүйсгэхгүй. Гэвч Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах нь биш харин хэрхэн өөрчлөх вэ буюу процедур нь ямар байх вэ гэдэг асуулт нь илүү чухал асуулт юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хязгаарласан энэ шалтгааны улмаас Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг зэрэгцүүлэн хэлэлцэх боломжгүй юм.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах процедурыг бие даасан хуулиар зохицуулсан уг хуулийг Үндсэн хуулийн нэг хэсэг мөн гэж үзэх хандлага түгээмэл байдаг. Учир нь Үндсэн хууль судлалын хүрээнд хууль тогтоох байгууллага ердийн хууль батлах эрхтэй боловч үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй гэж үздэг. Үүнийг хуульч Нарангэрэл “Ард түмнээс илүү эрх мэдэлтэй УИХ байж болохгүй” хэмээн тодорхойлж байна.

Уг хуулийн нэг суурь зарчим нь, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа урьдчилан тогтсон зөвхөн нэг төслийг хэлэлцэх; өөр үзэл баримтлалтай төслийг зөвхөн саналын түвшинд харгалцан үзэх юм. Урдьчилан тогтсон зөвхөн нэг төсөл гэдэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа иргэд, олон нийтээр урьчилан хэлэлцүүлсэн, хууль санаачлах эрх бүхий этгээд буюу УИХ-ын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгчийн аль нэг нь УИХ-д өргөн барьсан төсөл юм. Тодруулбал, хууль санаачлах эрх бүхий этгээдүүд нь хоорондоо ялгаатай үзэл баримтлал бүхий өөр төслүүдийг өргөн барьсан ч тэдгээрийг зэрэгцүүлэн хэлэлцүүлэхийг хуулиар хориглосон. Харин зэрэгцүүлэн өргөн барьсан саналын түвшинд төслийг авч хэлэлцэж болно. Өөрөөр хэлбэл бие даасан төсөл биш санал гэж үзэн хэлэлцэж болох юм.

Эндээс төсөл, санал хоёрын ялгаа юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үндсэн хуулийн өөрчлөлт нь даацтай судалгаанд үндэслэгдэн, хожмын үр дагаварыг нь сайтар тооцсоны үндсэн дээр хийгдэх ёстой гэдэгтэй маргах хүн үгүй биз. Чухалчилбал, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүд нь хоорондоо уялдаа холбоотой эсэхэд байдаг тул нэг үзэл баримтлалд зангидагдсан байх учиртай. Тийм ч учраас зүйл, заалтын өөрчлөлтөөс илүү ямар шалтгаанаар өөрчлөлт оруулж буй, ямар үр дүн хүлээж буйгаа тодорхойлох нь илүү чухал юм. Дээрх шалтгааны улмаас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь нэг үзэл баримтлал дор зангидагдсан байх шаардлага тавигддаг бөгөөд хэрэв нэг үзэл баримтлалтай биш бол өөр төслүүд байна гэж үзнэ. Үүнийг амьдрал дээр хэрэгжүүлэхдээ нэгэнт өргөн барьж хэлэлцүүлэг хийж эхэлсэн бол эхний шатны хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөөгүй зүйл заалтыг дараагийн шатны хэлэлцүүлгүүдэд хөндөхгүй байх зарчим баримтлан хязгаар тогтоох ёстой.

Уг шаардлагаас улбаалан хэлэлцүүлгийн хоёр дахь шатанд ирүүлсэн санал нь урьдчилсан тохиролцсон буюу эхний хэлэлцүүлэгт орсон төслийн хүрээнд хөндөгдөж буй зүйл, заалтуудыг дэмжихгүй, эсвэл хасах эсвэл өөрчлөлт оруулах санал гэж ойлгох нь зүйд нийцнэ. Харин эхний хэлцэлцүүлгийн хүрээнд багтаагүй саналыг хэлэлцэх нь өөр нэг төсөл хэлэлцэж байгаа буюу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь эхний хэлэлцүүлэг дуусч хоёр дахь хэлэлцүүлгийн дундуур орж ирсэн. Хэрэв Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг “төслийн” хэмжээнд хэлэлцвэл УИХ хууль зөрчсөн үйлдэл болох нь тодорхой. Харин саналын түвшинд авч үзэн хэлэлцэнэ гэвэл өмнөх хэлэлцүүлгийн үед хөндөгдсөнөөс бусад заалтуудыг хэлэлцэхгүй байх ёстой болно. Үүнд УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацааг өөрчлөх, байгалийн баялагтай холбоотой заалтууд зэрэг ихэнх нь багтана. Хэрэв эдгээр хоёр төслийг нэгтгэнэ гэвэл УИХ дээрх төслүүдийг үзэл баримтлалын хувьд нэгтгэн иргэдээр хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлгээс нь эхлэх шаардлагатай болно.

Дээрх процедурын зөрчлөөс гадна зөвхөн тоон утгаар нь авч үзсэн ч Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг үргэлжлүүлэн хэлэлцүүлэх боломжгүй юм. Учир нь хөндөгдөж буй зүйл, заалтуудын тооноос хамааран Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үү, эсвэл шинэ үндсэн хууль бичиж байна уу гэдэг асуудал бас үүсч байна. Нэг дэх хэлэлцүүлгээ хийсэн буюу нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөл нь Үндсэн хуулийн 20 зүйлийн 52 заалтыг хөндөж байгаа буюу 28%-д өөрчлөлт оруулахаар хэлэлцэгдэж байгаа бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл нь мөн 20 зүйлийн 49 заалтыг хамарч буй нь мөн л 28% болж байгаа аж. Эдгээрийн давхардлыг хасч тооцвол нийт Үндсэн хуулийн 41% буюу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хязгаарласан 35%-иас давж байна. Энэ тохиолдолд нэмэлт өөрчлөлт бус Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх асуудал болж хувирна.  

Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчин байж хоёр төслийг зэрэгцүүлэн хэлэлцэх сонирхол аль аль талуудад байгааг тэмдэглэх хэрэгтэй. Нэг талаас, УИХ-ын гишүүдийн байр суурийг ажиглавал, журмын тухай хуулиар УИХ-ыг гишүүд өргөн барихыг хязгаарласан зарим заалтууд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд байгаа юм. Жишээлбэл УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх заалт гишүүдийн хувьд том олз гэж хэлж болно. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн төсөлд 62 гишүүний өргөн барьсан төслөөс шүүхийн бие даасан байдлыг дээшлүүлэхэд чиглэгдсэн заалтуудыг хасах сонирхол агуулсан гэх хардлага дагалдаж байна.

Улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн бүлгүүд тус бүрт нь ашигтай саналуудыг харилцан дэмжих замаар хоёр тал хоёул хожоотой гардаг тохиролцоог side payment гэдэг. Үүнийг үгчилбэл дам төлбөр, агуулгаар нь үзвэл “ацаг хожоо” ч гэж хэлж болох юм.

Хэрэв Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчин хоёр төслийг нэгтгэн хоёр дахь хэлэлцүүлгийг эхэлбэл үүнийг ацаг хожоо ч гэж үзэхээс аргагүй. Товчхондоо, манай төслийг дэмжинэ гэвэл энэ төслийн энэ хэсгийг нэмж оруулъя, эсвэл хасъя гэхчлэн ацаг тохиролцоо хийх нь дамжиггүй. Чухам үүнийг л арай гоёор зөвшилцөх хэмээн нэрлэж буй. Ацаг хожооноос Монгол улс бүхэлдээ хожих эсэх нь өнөөдрийн монголчууд хариулах ёстой хамгийн гол асуулт.

 

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4822

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%