Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлал ба АНУ, Монголын стратегийн түншлэлийн хүрээнд

7 дугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Цагаан ордноос Монгол улсын Ерөнхийлөгч Х. Баттулгыг Ерөнхийлөгч Доналд Трамп хүлээн авна гэсэн мэдэгдэл гаргасан билээ.[1] Ерөнхийлөгчийн АНУ дахь албан ёсны төрийн айлчлал нь 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 8 дугаар сарын 2-ны өдөр хүртэл богино хугацаанд болж өнгөрсөн юм. Энэхүү 4 өдөрт ямар ажил амжуулав, АНУ-тай стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд яригдаж, хөндөгдөж буй асуудалд гадаад харилцааны мэргэжилтэн, судлаачийн үүднээс хэдэн зүйл бичихийг хүсэж байна. 

АНУ, Монголын стратегийн түншлэлийн гэрээ[2]-нд хоёр тал гарын үсэг зурсан нь Монгол улсын төрийн гадаад бодлого сүүлийн 32 жилийн турш АНУ-тай идэвхтэй, сайн харилцаатай байж үе үеийн гадаад бодлого нэгдмэл байсныг давхар харуулж байгаа юм. 2017 онд АНУ-Монголын дипломат харилцаа тогтоосны 30-жилийн ойн баяр[3] болж өнгөрсөн бөгөөд эдгээр хугацаанд Монгол улсын гадаад бодлого хэрхэн бие даан, дэлхийн тэргүүлэх улс орнуудтай гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэн харилцаж байгааг тодруулах нь зүйтэй болов уу. 

Монгол улс одоогоор 4 улстай стратегийн түншлэлийн гэрээтэй, Орос (2006), Япон (2010), БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэл (2014), Энэтхэг (2015), тэгээд АНУ нь тав дахь улс болж байгаа юм. Эдгээр улсуудтай стратегийн түншлэлийн гэрээ хийх гол механизм нь өөрөө Монгол улсын бие даасан гадаад бодлого, тэр тусмаа хоёр хөрштөөгөө найрсаг харилцааг цаашид үргэлжлүүлэхийн зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогоо бэхжүүлэн хамтын ажиллагааны санаачлалыг идэвхжүүлэх зорилготой билээ. Тийм ч учраас ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр тал харилцааг стратегийн төвшинд хүргэж, улс төр, эдийн засаг, үндэсний аюулгүй байдал болон нийгмийн хүрээнд хамтран ажиллах томоохон ажлуудын суурийг тавьсан гэж үзэж болно. 

Монгол, АНУ-ын харилцаа

Монгол улсын гуравдагч хөршийн бодлого нь 2011 оны Гадаад бодлогын үзэл баримтлал[4]-д төрийн бодлого болон oрсон хэдий ч энэхүү “гуравдагч хөрш” гэдэг үндсэн агуулга нь 1911 оны хувьсгалын өмнө хүртэл хэрэглэгдэж ирсэн бичигдээгүй бодлого гэж хэлж болно. Төрийн албан бичигт “гуравдагч хөрш” гэж тусгагдаагүй, бодлогын баримт бичигт ороогүй учир гаднын судлаачид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан James Baker-ийг энэ үгийг хамгийн анх хэрэглэсэн гэх мэтээр бичдэг.

АНУ нь Монгол улсын анхны гуравдагч хөрш улс бас биш юм. Монгол улстай газарзүйгээрээ ойр, гадаад харилцаа-улс төр-нийгэм-эдийн засгийн хүрээнд илүү уялдан холбоотой улсууд гэвэл Япон, Солонгос хоёр бий. АНУ-ын хувьд сүүлийн 32 жил бага багаар харилцаагаа өргөжүүлэн, АНУ-ын талаас гэхээсээ илүү Монголын тал илүү хүчин чармайлт гарган АНУ-ын дэлхий дахинд явуулж буй үйл ажиллагааг дэмжин ажилласнаараа харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, өөрсдийгөө таниулах төвшинд хүрсэн. Энэхүү хүчин чармайлт, төрийн гадаад бодлогын амжилт ололтыг хамгийн эхэнд толилуулах нь зүй ёсны билээ. 

2001 оноос хойш Монголын зэвсэгт хүчин АНУ-ын Ирак болон Афганистан дахь терроризмын эсрэг удирдан зохион байгуулах олон улсын эвсэлтэй нэгдэж хойд Африк дахь НҮБ-ын энх тайвныг хамгаалах үйл ажиллагааны үеэр хүүхэд эмэгтэйчүүдийг зэвсэглэсэн цэргүүдээс хамгаалахад хувь нэмрээ оруулсaaр байгаа. Кабул дахь 10-р салбарлалтын тухай Дэслэгч Марк Ларсоны бичсэнээр,

“Монголчууд олон улсад үнэхээр гайхалтай тусламж үзүүлсэн байгаа. Гуравхан сая хүн амтай далайд гарцгүй орон, ойролцоогоор тал хувь нь одоог хүртэл нүүдлийн аж ахуйгаа эрхэлдэг гэхэд олон улсын ямар ч хүч албадлагын эсрэг тусалж байгаа нь үнэлшгүй.”[5]

Тэгэхээр 7 дугаар сарын 31-нд гарын үсэг зурсан АНУ-Монголын стратегийн түншлэлийн ач холбогдол нь нэг бодлоор дэлхийн геополитик өөрчлөгдөж, их гүрнүүд шинэ түнш хайж байгаа нь үнэн боловч  нөгөөтэйгүүр Монгол улсын гадаад бодлого тэлэн өргөжиж, бие даасан бодлого, санаачлага гарган амжилтад хүрч байгаагаараа бахархах хэрэгтэй. Гэхдээ амжилтад хүрэх зам хэзээ ч хялбар байдаггүй. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр салбарынхан дотроо маргаж, санал зөрсөн зүйл ч яригдаж байсныг үгүйсгэхгүй.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр

АНУ-Монголын Стратегийн гэрээнд гуравдагч хөршийн худалдааны актаас гадна шинжлэх ухааны арга барил, шинэ теxник теxнологийг Монголд нэвтрүүлэх, үйлдвэрлэх, тэр бүтээгдэхүүнээ урьд нь хийж байсан транзит тээврийн гэрээгээр экспорт хийх гэх мэт боломжуудыг нээж өгч байгаа юм. Хөгжиж буй орнуудын хамгийн том асуудал бол хөрөнгө оруулалт, энэхүү стратегийн түншлэлийн гэрээнд АНУ-ын 2018 онд үүсгэн байгуулсан BUILD ACT-ыг Монголд хэрэгжүүлэх боломжтой. Энэхүү санхүүгийн асар их боломжийг төрийн оролцоотой жижиг дунд үйлдвэр, хувиараа бизнес эрхлэгч, ялангуяа эмэгтэй антрепренерт боломж олгох агуулгатай юм билээ.

7 дугаар сарын 30-ны өдөр Вашингтон ДС дахь Стратегийн судалгааны хүрээлэнд Ерөнхийлөгч болон Монголоос ирсэн төлөөлөгч нар зочилсон билээ[6]. Энэхүү үйл ажиллагаанд ДС дахь олон Монголчуудыг ирэх болов уу гэсэн сэтгэгдэлтэй цагаа барин бууж байсан ч ирсэн хүмүүсээс нүүр дотно, идэвхтэй хэдхэн, арав ч хүрэхгүй Монгол хүн харагдав. АНУ-ын гадаад харилцааны мэргэжилтэн, оюутан, судлаач, Монгол судлалаас Alicia Campi, Christopher Atwood нар хүрэлцэн ирсэн байв. Удалгүй хурал эхэлж Ерөнхийлөгч Х. Баттулга нээлтийн үгээ хэлэн, өрөө дүүрэн хүмүүсийн анхаарал Монгол улсын гадаад бодлогын агуулга дээр төвлөрч эхлэв. Энэхүү стратегийн судалгааны хүрээлэнд олон хуралд сууж байсан миний бие ерөнхийд нь ямархуу асуулт асуух, ямархуу хариулт хүлээж байгааг дотроо мэдэж байв. 

Хурлын үеэр Монгол улсын гадаад бодлогын байр суурийг ихэд сонирхон хойгийн аюулгүй байдал, Монгол-Хятадын харилцааны төвшин, Монгол улсын ядуурлыг буулгах бодлого, Монгол улсын соёлын бодлого г.м. асуудлыг хөндсөн. Нэгэн блогчин, АНУ-ын талаас Монголд гурван хүсэл өгвөл тэр юу байх вэ гэх мэт шог асуулт тавьсанд өрөөнд сууж байсан мэргэжилтэн судлаачид гайхаж байв. Энэ нь нэг бодлоор тэр хүнийг дүгнэхэд нөлөөлж байгаа болов ч нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн амыг асууж, цэрэг, эдийн засаг, нийгмийн тухай тодорхой хариулт авах аргачлал байсан гэж хувьдаа үзэж байна. Миний бодлоор Ерөнхийлөгч зарим асуултад тод хариулж, зарим асуултад хөнгөн хандаж байсан. Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дэргэдэх аюулгүй байдлын зөвлөх Жон Болтонг яагаад Монголд ирсэн, ямар ажлаар явсан г.м. төрийн асуудлыг тулгаж асуусанд Ерөнхийлөгч, “Төрийн дээд шатны уулзалт зүгээр гэнэтийн үйл явдал биш, төлөвлөж, хоёр талаас ярилцаж байгаад шийдсэн, Болтоныг урьсан хүн нь энд сууж байна” гэх мэтээр хариулсан. Энэхүү хариулт нь зарим сэтгүүлч, судлаач, шинжээчдэд хангалттай хариулт байгаагүй ч, нэг бодлоор улс орныхноо төрийн бодлогыг нэгэн судалгааны байгуулгад тоочоод байхгүй нь ойлгомжтой биз ээ. 

Цаашид АНУ-Монголын харилцаа бүс нутгийн аюулгүй байдалд хамтран ажиллах, Монгол улсын статусыг Индо-Пасифик бодлогын хүрээнд бэхжүүлэн ажил хэрэг болгож, энх тайвны яриа хэлэлцээрт улам идэвхтэй оролцох тал дээр хамтран ажиллах боломж бүрдэж байна. АНУ-ын 'Индо-Пасифик' стратегийн бодлогын бичигт Монгол Улс орсон нь тухай эндээс уншиж болно.

 

[1] Statement from the Press Secretary on the Visit of His Excellency Khaltmaagiin Battulga, President of Mongolia, White House, July 25, 2019  https://www.whitehouse.gov/briefings-statements/statement-press-secretary-visit-excellency-khaltmaagiin-battulga-president-mongolia/?utm_source=facebook&fbclid=IwAR3V6wSefLc-lWbLv7atliG4emEan1pQ8Gj4gvPsazGD4EnYkv2t8SK28mc.

[2]Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс дараах тунхаглалыг гаргаж байнаМонгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, 2019 оны 8 дугаар сарын 1-ны өдөр, https://president.mn/10307/.

[3] Bolor Lkhaajav, “30 Years of US-Mongolia Relations,” The Diplomat. January 31, 2017 http://thediplomat.com/2017/02/30-years-of-us-mongolia-relations/.

[4] “Гадаад бодлогын үзэл баримтлал” 2011,  http://www.mfa.gov.mn/?page_id=25999.

[5] https://www.trends.mn/n/8775.

[6] CSIS, Global Leadership Forum: July 31, 2019 https://www.csis.org/events/global-leaders-forum-his-excellency-khaltmaa-battulga-president-mongolia.


avatar
    • l
    • 162.158.183.*

    hiisen geree nuuts yarisan huul garaagui ur dun hezeee garahiiiiiiiiiiiiiiiiiiiiin?

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4455

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%