Төрийн түшээдэд дайх үг

... "Хур бороо нь орж дуусахгүй зун

  Хурал, хэлэлцүүлэг нь тарж өгдөггүй зун юм даа..." гэж УИХ-ын тамгын газрын ажилтан залуу өөрийн нүүр номондоо бичсэн нь харагдана. Арга ч үгүй тамгын газар хэзээ, хэзээнээсээ илүүтэй ажил ихтэй байгаа нь илхэн. Амралт, зугаалгын хажуугаар утасны нүүр, сайтын мэдээ, телевизийн дэлгэцнээс уяатай байгаа сэдвээр нийгмийн нэг хэсэгт мэдээлэл, бас нэгэн хэсэгт урам өгөх хэдэн үг дайя.

Гишүүнээ та хийхгүй бол өөр хэн хийх вэ?

            Одоогийн Их хурал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёс суртахууны эрхгүй. Тэгээд хэн эрхтэй вэ? 1992 онд Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлаа ахин байгуулах уу? Тэр хүмүүс хаана яваа вэ? Бас тэр хүмүүс одоогийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах эрхтэй юу? Эсвэл бүр болиод үгүйдээ л сонгуулийн насны 2 сая хүн нийслэлийнхээ төв талбай дээр цуглаад хэлэлцэх үү?

Эдгээр саналууд нэг л үл бүтэх шинжтэй биш үү? Эсвэл бүр өөрөөр 2020 онд хамгийн шилдгүүдээ Парламентдаа сонгоод Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг хийе. Хэр найдвартай бол. Одоогийн болохгүй гээд байгаа нөхдөөс маань лав хэд нь сонгогдоно. Өмнө нь Их хурлын гишүүн байсан хүмүүс маань ч сонгогдож магадгүй. Шинээр хүмүүс гишүүн болно л доо, тэд нар маань уул уурхайгүй, аль нэг намын гишүүн биш, цэвэр монгол, эхнэрээсээ өөр хүнийг хардаггүй, бизнес эрхэлдэггүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, сонгогдсоныхоо маргааш өглөөнөөс л бүтээгээд өгөх өөр юу билээ? Энэ олон шалгуурыг маань даваад Их хуралд олонх болох хэмжээний хүмүүс гардаг л байгаадаа та минь. Тэгээд одоо яах вэ?

Парламент гэдэг ардчилсан нийгэмд сонгодог утгаараа төлөөллийн байгууллага. Ямар иргэд байна яг тийм өнгө төрх, чадамжтай парламент тэр нийгэмд байдаг. Гишүүд маань саяхан л ганзагын наймаанд явж гахай үүрч, архи ууж, дуулж бүжиглэж, гарцгүй газраар зам хөндлөн гарч, арван жилийн сургууль, их дээд сургуульдаа зарим хичээл дээр муу авч байсан нь өөрсдийнх нь намтраас харагддаг. Тэгэхээр хүний хайлан УИХ-ын гишүүн, сайд, дарга байдаггүй. Харин тэрээр хууль бус зүйл хийвэл тогтоож, тохирсон хариуцлага хүлээлгэх нь л чухал.

Цаг үе нь таарлаа. Иргэдээс аваад эрдэмтэн судлаачид нь оролцлоо. Одоо тантай хамт хэн хэн батлах гэж буйг бус ямар өөрчлөлтүүд хийх гэж байгаагаа нэг харчих. Тэгээд шийд. Нэмж хэлэхэд өөртөө итгэ гишүүнээ. Одоогоор ардчиллын зарчим, хүчин төгөлдөр хууль ёсны дагуу эрх бүхий этгээд нь та.

Улс төрийн шинжлэх ухаанаар төдийгүй нийгмийн харилцааны нэгэн зүй тогтол бол эрх ашиг. Хувь улс төрч, нам, эвсэл бүгд л асуудал бүрт тодорхой байр суурь баримталдаг нь жам. Хувь заяаны шоглоомоор 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар УИХ-ын сонгуульд навс ялагдсан сөрөг хүчний нэр дэвшигч Ерөнхийлөгч болсон. Х.Баттулга Ерөнхийлөгч олон зүйлээр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ганзага нийлж байгаа ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дээр доторх саналуудын хувьд анхнаасаа зарчмын зөрүүтэй байр суурьтай байсан. Яагаад, МАН-ын боловсруулсан хуулийн төсөлд шүүгчдийг томилох, шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулахад оролцох, Ерөнхий сайдыг томилох, огцруулахад идэвхтэй оролцох зэрэг тодорхой харилцаануудад Ерөнхийлөгчийн эрх хэмжээг бууруулах заалтууд тусгагдсан.

УИХ дахь цөөнх буюу Ардчилсан нам МАН-ын энэ гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёс суртахууны эрхгүй гэж байснаа хэлэлцүүлэгт оролцож саналаа өглөө. Ард нийтийн санал асуулга явуулах гэх мэт тодорхой шаардлагууд тавьж байна. Энэ УИХ гэнэт ёс зүйтэй болчихов уу? Үгүй. Энэ бол гацаа бус оролцоо, парламентынн төвшинд явагддаг л харилцаа. Мөн сөрөг хүчний шүүмж бол тасрахгүй ээ. Манайх ялагч бүхний авдаг сонгуулийн тогтолцоотой. Ялагдсан хүчин ялсан нам, улс төрийн хүчний нэр хүндийг унагах жижиг асуудлыг дэвэргэхээс өөр юу хийх юм. Энэ үйл явдлуудад Ерөнхийлөгчид ч Ардчилсан намд ч буруу байхгүй. Тэд улс төрийн тоглогчийнхоо хувьд боломжит үйлдлээ хийж байна. Цочих шаардлагагүй.

УИХ нэмэлт, өөрчлөлт оруулах ажлаа шуурхайлж 6-р сард нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж 7-р сард хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр ажиллахад Ерөнхийлөгч өөрийн төсөл, саналаа яаравчлан оруулж ирсэн. Энэ бол нийт иргэдээс сонгогдсон төрийн тэргүүний хамгийн зохист оролцоо. Мөн Ардчилсан намын зөвлөлөөс саналаа хүргүүллээ. Тэр санал хөтөлбөрүүдийг үндсэн хэлэлцэж буй УИХ-ын 62 гишүүний төсөлд саналын түвшинд авч үзэж үндсэн бүтэц, суурь зарчмуудаа хөндөлгүйгээр тусгаад явах нь зөв. Тэрнээс зөвшилцөл нэрээр зүйл, заалтуудаа харилцан наймаалцах мэт ажиллаж байгаа нь хоорондоо уялдаад санаануудаа зэрэмдэглэж, гээгдүүлэх үр дагавартай. Үүнээс үүдэж хүсэж байсан үр дүндээ хүрэхэд нилээдгүй саад учрах, болох ёстой сайн шинэчлэлүүд саармагжих магадлал байна.

Тодруулбал, Мэдээллийн хэрэгсэлд шүүгчдэд тавигдах болзол, шалгуурын талаарх заалтыг хасахыг Ерөнхийлөгч санал болгосон хэдий ч ажлын дэд хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх үед иргэдийн олонх нь дэмжсэн санал өгсөн болон бусад судалгаа тооцоонд үндэслэн авч үлдэхээр тохирсон тухай мэдээлж байна. Гэсэн хэдий  ч Их хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан Улсын Дээд Шүүхийн  шүүгчдийн тоо, мөн  Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг хүлээж авчээ. Ингэхээр шүүх хараат бус, бие даасан байх зорилт бүрэн хэрэгжиж чадах уу? Өөр олон холбоотой заалтууд салжээ. Чөдөртэй байсан морь өрөөлдөхөөр сул адуу шиг давхиж чадах уу?

Цаг ирлээ. 10 хүрэхгүй сарын дараа сонгогчидтойгоо уулзаж дүнгээ тавиулна. Хангалттай олуулаа байж яагаад саармаг юм хийв дээ гэсэн хэрсүү сонгогчынхоо асуултанд юу гэж хариулах гэж байна. Бидний дэмжсэн шүүхийг шударга, улс төрөөс хараат бус, бие даасан байлгах, сум, аймаг дахь улс төржилт дэндсэн тул сумын засаг даргаа өөрсдөө сонгодог байх, Дархан, Эрдэнэтээ хот болгох асуудлууд юу болов гэхээр яалаа гэх вэ?

Хэлсэн үг, гаргасан шийдвэр чинь бичлэгт эрээнээр, цаасан дээр хараар үлдэнэ. Тэр шийдвэр чинь заримдаг байвал таньд бид ахиж итгэж чадахгүй. Уучлаарай. Таныг сонгохгүй. Монгол хүн уужуу, саруул ухаантай юм. Та бүхнийг тойрог, тойргийн чинь сонгогчид бид чимээгүй гэхдээ анхааралтай харсаар л байгаа шүү.

УИХ-ын эрхэм гишүүнээ, хоёрдугаар  хэлэлцүүлгийн үеэр горимын санал гаргаж энэ мэт гээгдэж буй 2010 оноос хойш шүүгдэн, судлагдсан төслийн заалтуудыг бүтэн авч үлдээч ээ. Танд боломж нь эрх нь байна.

 

Хүндэтгэсэн,

Монгол Улсын Иргэн Э.Сундуй

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4676

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%