Нийтлэл 09 сарын 08, 2019

ШҮҮМЖ: 100 эрхэм моодноос гарахад Монгол хөгжинө

"Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг, хурандаа генерал Сономын Лувсангомбын оролцсон дугаарын талаар зарим нэг үзэгчийн сэтгэгдэл хуваалцъя. Энэ дугаарыг онцлох учир нь нэгдүгээрт түүх, соёл, улстөрийн гурван өнцгөөс манай нийгмийн хамаг онцлог шинж чанар ба гажуудлыг өөртөө агуулж.  Хоёрдугаарт найруулагч Херо Баатарын хувь ертөнцийг хамгийн тод тусгасан санагдсаных.

Нэгдүгээрт, түүхийн хувьд

Лувсангомбо генерал говийн ээжийн хүү юм байна. Цэрэгт татагдаж, дайны үеэр Зөвлөлтөд сурч, хожим социалист бүтээн байгуулалтыг гардан удирдалцсан барилгын инженер, хотын дарга, НАХЯ-ны сайд, Улстөрийн товчооны орлогч гишүүн гээд өнгөрсөн зууны хамгийн амжилттай карьер дүрийн нэг мөнөөсөө мөн. Тэр утгаараа бас амьдрал намтар нь хорьдугаар зууны Монголын амьд түүх юм. Гэхдээ түүхийг Баатар уран сайхан болгож хувиргажээ. Өөрөө уран сайхны өгөгдөлтэй, нүдэндээ бурхны гоозүй агуулж төрсөн л уран бүтээлч. Дээр нь Жанцанноров гуайн хөгжмийн яруу нэмэгдээд бараг л  кино. Гэхдээ уран сайхан түүх гэж үгүй, үнэн түүх гэж л бий. Баатар Жанцанноров хоёр нийлээд төгс аарт бүтээж байх ёстой атал ядуу нийгмийн зовлон, нэг түүхэн хүн суулгаж байгаад хагас баримтат нэвтрүүлэг, хагас уран сайхны кино хийх юм. Үзэгчид муухан кино үзсэнээс дээр боллоо гээд байгаа нь нэгийг хэлээд байгаа хэрэг. Ном уншсан юм шиг боллоо гэвэл өөр хэрэг. Жанцанноров гуай уран бүтээлчийн ир бяр, ертөнцийг үзэх үзэл жигдэрсэн энэ насандаа Мандухайгаас ч супер урлаг нэгийг бичиж үлдээх амбиц тээгээсэй гэж ч бодогдох юмаа. Ер нь урлагийн зах зээл жижиг нийгэмд авьяасууд нь мэдлэгт суурилах ёстой сэтгүүлзүй рүү түрж ордгоос гурвалжинг дөрвөлжин болгон үзүүлэх, авилгач хулгайчуудаа уран яруу үгээр хулдаад улстөрийн насыг нь уртасгаж өгөх гэх мэт гажуудал гардаг. 

Тэгээд яадаг юм хагас баримтат, хагас уран сайхан байхад гэж тэрсэх шүтэн бишрэгч мэдээж гарч ирнэ. Уг нь бол мэдлэг, урлаг хоёр салж хөгжих ёстой. Мэдлэг бол reason учир шалтгаан, урлаг бол мэдрэмж гоозүй. Түүх нь баримт нотолгоо, учир шалтгаан, зүй тогтолд суурилах ёстой мэдлэгийн салбар ба түүнийг урлаг болгож хувиргамагц ирээдүйн баримжаа алдагдах буюу. Социалист бүтээн байгуулалтын түүх, архивын бичлэг, хайрламаар жижигхэн өвгөн. Энэ бүхнийг урлаг болгоод өгөхөөр нэг их сайхан үе ард үлдсэн мэт мэдрэмж төрнө. Тэр нь маргаашийн чиг баримжаа, үнэт зүйлд нөлөөлнө. Цэрэг татаад бүтээн байгуулалт хиймээр ч юм шиг, хүний өмч хураамаар ч юм шиг болно. Гэтэл яг баримт, түүх, онолоо үзэх юм бол энэ бүхнийг аугаа их Орос орон ч хийж амжаагүй, тийм эдийн засгийн горыг одоо хүртэл бүрэн төлж дуусаагүй байна. Энэ талаар яривал урт яриа болно. Ямар ч гэсэн социалист эдийн засаг ажиллаагүй, хүний түүх дүнгээ тавьж өгсөн. Дэлхийн эдийн засгийн гол тэнхлэг нэгэнт чөлөөт зах зээл, технологийн хөгжил болсон.  Энэ утгаараа 100 эрхэм нэвтрүүлэг нийгмийн шинэчлэлийг үргэлж хойш нь цахалж чангааж байдаг үүргээ энэ дугаараар машид гарамгай гүйцэтгэжээ. Тийм гоёор үзүүлж байгаа социалист эдийн засгийнх нь хөлдүү тогтолцооноос төрсөн камераар хэзээ ч тийм гоё дүрс авах боломжгүй. Баатарын зэвсэг, тэрбумын үнэтэй дуран бол чөлөөт өрсөлдөөний бүтээл. Тэгээд яахав уран сайхны формат дор Лувсангомбо генерал Зөвлөлтөд мэдээлэгч байсан уу, Цэдэнбал даргаас урвасан уу, Филатова гуайн тухай дурсахдаа яагаад тийм гэмшсэн нулимс унагав... үнэнийг бид мэдсэнгүй. 100 эрхмийн нэгээс үнэнийг шалгаах нь алдас болно тийм үү, Янжинлхам бурхан өршөө.

Хоёрдугаарт улстөр эдийн засгийн хувьд

Сая дурдсан түүхийг зөвхөн өнгөрсөн цаг, архивын хувьд үзүүлж байгаа бол нэг хэрэг. Гэтэл монголчуудын маргаашийн үнэт зүйл, улстөрийн сонголт, эдийн засгийн бодлогод нөлөөлөх давхар зорилго заавал агуулах юм. Нэг марзан юм, Жанцанноров гуай хурандаа генералаас ингэж асууна. Та яагаад орос эхнэр авсан юм бэ, ер нь манай Монголын хамаг  л чадвартай ухаантай нь орос эхнэр авдаг байсан юм биш үү гэх аж. Нөгөө буурал нь бас ухаантай, тэгж бас хэлж болохгүй гэх юм. Цаад санаа нь Монгол ялна гэх хэрнээ орос эхнэртэй гэж хааяа баалуулдаг ЕрөнхийлөгчХ.Баттулгыг өргөх зорилготой. ЗХУ орос эхнэрээр дамжуулж Монголын төрийг хянадаг байсан эсэх нь өмнө дурдсан түүхийн шинжлэх ухааны асуулт юм. Түүнээс илүүтэй урлагийн бурхад түүхэн бууралтай нийлээд нэг улстөрчийн амьдрал зөвтгөх гээд сууж байх нь нэг л даржин, өрөвдмөөр. Аливаа юмс байр байрандаа мөн чанартаа оршдог нийгэмд урлаг нь улстөрийг өндрөөс ихэмсэг харцаар ширвэж элэглэж, эс бол бүр ор тас огоорох маягтай ангид оршиж байдаг бөлгөө. Улстөрөөс ангид урлаг гэмээ нь хүн ардын сүнсийг тэжээж, үнэт зүйл, эрх чөлөөгөөр цэнэглэж, энэ нь эргээд улстөрд айдас сэрэмж өгч байх ёстой юм.

Орос эхнэр дээр нэмээд цэргийн эдийн засаг. Цэргийн бүтээн байгуулалтыг баахан сурталдлаа. Зорилго нь ердөө ч зөвхөн хорьдугаар зууныг магтан дуулах төдий биш гэдгийг бид  сайн мэднэ. Ерөнхийлөгчөөс хэдэн мянган цэрэг билээ татаж төмөр замын бүтээн байгуулалт хийлгэх санал бодитой гарсан. Энд олныг дурдах зайгүй, юутай ч өнөөдрийн Монголын төсөвт ийм амбиц дийлэх чадамж байхгүй. Төгрөгийн ханшаар дамжаад өмнө нь ЗХУ нөхдөг байсан алдагдлыг хамгийн ядарсан иргэд төлөх болно. Нэг хачин нь их Орос 20-р зуунд туршаад нурсан санааг 21-р зуунд Боливарын Венесуэль туршаад бас сүйрэв.

Найруулагч Баатарт өөрт нь бол үнэндээ өөрийн гэсэн улстөрийн эдийн засгийн чиг баримжаа байхгүй. Байхаар онолын боловсрол байхгүй, зураач. Байгаа нь төрөлх мэдрэмж, уран сийрэг ухаан, нэмэх нь женкоизм. Женко Баттулга юу гэнэ, улстөрийн бодлого нь тийшээ. Ямар сайндаа өөрөө жинхэнэ топ маркетер, чөлөөт энтэрпренёр, хэний ч үзэл хандлагыг хүлцэх уян зан чанартай хэрнээ нөгөө талаар Цэдэнбал даргыг шүтэж, уран бүтээлээрээ цэргийн социализм сурталдаж суух билээ. Нэг биедээ хоёр хүн агуулж байгаа юм уу гэлтэй хачин хурц контрасттай. Түүний иймэрхүү Монголын эзэнт гүрний бахархал, социалист носталжиа, дээр нь капиталист хэв маягтай амьдралын холион бантан бол өнөөгийн монгол хүний яг дундаж төлөөлөл. Энэ холион бантан болсон сүнс нь нэвтрүүлэгт нь ч нэвт шингэжээ. Хэдийгээр одоо давтан хийх утгаа алдсан ч хорьдугаар зууны социалист бүтээн байгуулалт гэдэг манай яруу алдарт түүх мөн. Түүх түүхдээ буурай Монгол орчин цагийн үйлдвэржсэн шинжлэх ухаанч нийгэм болж хөгжсөн модернизацын түүх. Гэтэл ийм түүхийн нэг гол дүрээр өөрөөр нь яриулж байгаа хайран материал дундуураа хувин барьсан хүүхнүүд, унага мал, самарсан цай болоод явчихна. Уг нь цаад хүн нь тэр хувингаар зөөдөг байсан усыг босоо хүн явахаар ган хоолой бүхий ганган инженерчлэл болгож өгсөн, тэр нь одоо хэр хэрэглээнд байгаа тухай яриад байдаг. Цэдэнбал даргын бүтээн байгуулсан түүхээс хагас хугас хөндсөн хэрнээ төгсгөлд нь нүдээ дарж боосон үс ноостой харцуул хүй нэгдлийн үеийн ан авын дараах бүжиг үү гэмээр дэвж шавсан шторк орж ирнэ. Хөлс дусалсан хөдөлмөрийн хүний дүр, нижигнэсэн модерн хөгжлийн эрчмийг харуулахад мань хүний авьяас уг нь хүрэлцэнэ. Сэтгэлгээ нь л хүрэлцэхгүй байх шиг.

Өөрөөр хэлбэл найруулагч Баатар улстөрийн эдийн засгийн хувьд өнөөгийн монголчуудын арифметик дундаж болохоос маргааш зорих хөгжлийн хязгаар, үзэл санааны идиал зааж чадахгүй байна. Болоод өнгөрснийг сайхнаар үзүүлэхэд авьяас хэрэгтэй. Болох чинадыг зааж үзүүлэхэд харин нэмээд боловсрол, итгэл үнэмшил, үнэт зүйл хэрэгтэй. Цаашид зааж чадах эсэх нь өөрөө ийм сул талаа хүлээн зөвшөөрөх эсэхээс хамаарах биз. Үнэндээ бол парламентын ардчилал бүхий чөлөөт зах зээл гэдэг нь  Баатар шиг дор бүрнээ Чингис хааны эготой монгол хүн дур зоргоороо давхих шинэ цагийн тал нутаг юм. Гэтэл ерөнхий найруулагчаасаа эхлээд дарангуйлал сурталдаж, өнгөрснөөс зууралдах маягийн үнэт зүйлийн зөрчилд байгаа нь бидний өнөөдрийн ерөнхий дүр төрх мөнөөсөө мөн. Мөнөөх эзэнт гүрэн нь үнэндээ бол ганц Чингис хааны биш цэргийн ардчилал, Их Хурилдай гэх парламентын түүх. Хүний ой санамж гэдэг үнэнд биш домогт дурлах юм. Бүгд л домогт баатрыг санаж үлдэнэ, системийг мартана. Тэрхүү хэлтгий ой санамжаасаа болоод системийг хөгжүүлэх өөрийн үүрэг хариуцлагаа умартаж, ирээд авраад өгөх хүчтэй баатар хүсэмжилнэ. Түүнийг нь Баатар Баттулга хоёр сайхан ашиглана.

Гуравдугаарт нийгэм соёлын хувьд

Энэ хамгийн сонирхолтой хэсэг. Дээр дурдсан түүхэн баримт ба улстөр, эдийн засгаас гадна нэвтрүүлгийн уран сайхны гол драма нь говийн ядуу ээжийн хүү нэр төртэй амьдраад, харийн нутгаас төрсөн нутгаа дурсан суугаа маягийн зохиол. Төрсөн нутаг гэдэг ээж л юм байна гэнэ. Ээжээ дурссан яриан дундуур ээжийн зургийг дэлгэцэнд гаргаад дон дон дон гэсэн уянгын ая өгөх юм. Ядаж тэр хүний нэр усыг нь бичихгүй. Эмэгтэй хүн бол ээж л юм байна. Уйлаач чи гээд заамдуулж байгаа ч юм шиг мэдрэмж төрнө. Өвөө ч уйлна. Ээжийн дүрийг дахин дахин дэлгэцэнд өгнө. Дон дон дон ая бас дахиад өгнө. Монголчуудад дэлгэцээр мөөм хөхүүлэх нь холгүй. "100 эрхэм" монгол хүний нэг, бүтээн байгуулагч, хамгийн их хийсэн бүтээсэн амжилттай том дүр ингээд залууст хэрхэн хатуу ширүүнийг даван туулж, хатуужиж тэр бүхэнд хүрсэн тухайгаа зааж сургахаас илүүтэй эргээд ээжийн нялх үр болж хувирна.  Монгол хүн 60 хүрч ухаан суугаад, 61 хүрээд өнгөрдөг гэлцэнэ. Өөрөөр хэлбэл хэзээ ч насанд хүрдэггүй, мөнхөд ээжийн хүү хэвээр хөгшрөх харцуудыг хэлж байгаа юм. Тэрийг нь Баатар улам бүр нялхруулж сул дорой болгох шившлэг хийсээр. Өөрөө ч ээжийн нялхаараа хүү, заримдаа нүдээ дарсан хүүхэд шиг загнаж улаан цагаан ёс зүйгүй эвлүүлэг, илт улстөрийн суртал тархи угаалт хийчихээд хийгээгүй гэж зүтгэнэ.

Гэтэл бидний хийх гэж сонгоод будилж төөрч яваа орчин үеийн нийгэм гэдэг нь аав ээжийн охид хөвгүүд буюу хувь хүн насанд хүрч нийгмийн бие хүн болж төлөвших тухай л юм. Нийгмийн бие хүн болно гэдэг нь байгалийн харилцаагаа гэртээ орхиод гарахын нэр.

Эх орон гэдэг ээж юм уу гэдэг их ярвигтай асуулт. Эх орон гэдэг ээжийг агуулсан, гэхдээ түүнээс давсан үүрэг хариуцлага байж ч мэднэ. Өнөө цагийн барууны хөгжлийн сууринд Христийн соёл бий. Тэр нь Христийн шашин ээж үр, эхнэр нөхөр гэх мэт байгалийн харилцааг давсан нийтлэг морал суулгаж, бие хүнийг нийгэм, төр гэх мэт илүү абстракт том нэгжид бэлдэж өгснийх юм. Энэ нь гэхдээ төр хувь хүний дээр гэсэн улстөрийн эрэмбэ биш. Харин ч эцэг эхээс бие дааж төрд, нийгэмд оролцоо хийхэд бэлэн болсон, абстракт үнэт зүйлс бүхий индивидуалыг бий болгосон гэсэн үг. Бушидо бушидо гэдэг. Тэр ч байгаль, мах цусны холбоосын дээгүүр үүрэг хариуцлагыг эрэмбэлж өгсөн философи. Английн хатан хаан гэр бүл ба хатан титмийн зөрчлөөс үргэлж титмээ сонгох үүрэг хүлээдэг. Хятадын хүчирхэг төрийн үүсэл ч гэр бүл хэмээх нийгмийн цөм нэгжээс хувь хүний хэт хамаарлыг салгах процесстой нэгэн зэрэг явсан гэж түүхч, судлаачид үзсэн байдаг. Гэр бүлд үнэнч байх Күнзийн школыг ямар хатуу ширүүн нухчин дарж байж төрийн бодлого хэрэгжүүлж байсан түүхээс уншвал сонин. Чингисийн Монгол ч хэзээ ямагт ингэж эмоорсон, мөөмөө эргэсэн, уйлж уярсан нунж дорой юм байгаагүй нь лавтай.

Өөрөөр хэлбэл хүчирхэг төр, модерн нийгмийн хөгжил ба эх үрийн хайр гэдэг заримдаа нэг нэгийгээ үгүйсгэх хэрэг гардаг. Энэ нь ээжийгээ бүү хайрла гэсэн үг биш. Байгаль байгалдаа, нийгэм нийгэмдээ байхын нэр. Баатар гэтэл мөн л холион бантан хийнэ. Хүчирхэг төрийн бүтээн байгуулалт сурталдаад байгаа ч юм шиг, тэгснээ гол дүрээ ээжийн нялх үр болгож үзүүлнэ. Яахав амьдрал олон талтай. Гэхдээ Монголд ээжийн магтуу арай дэндсэн. Төрөөс ээжийн төрөлтөд медаль зүүж, хэвлэл мэдээллээс ээжийг сурталдаж, ерөнхий найруулагчаас ээжийг магтан дуулж дон дон дон уран сайхан хийнэ. Эх үрийн асуудлыг хувь хүнд өөрт нь үлдээгээд төр уг нь нийгмийн бодлогоо хийх ёстой. Баатар ч баримтат, улстөр, эдийн засгийн асуудал хөндөх юм уу, хувь хүний нарийн нандин харилцааг зураглах аарт хийх юм уу гэдэг жанраа сонгох ёстой мэт. Тулгар төр үүссэн гэж наадам болгоноор шүлэг уншдаг Хүн гүрэн Модун Шанью эцгээ харваж хөнөөснөөс эхэлдэг. Манай түүх ч байгалийн дээгүүр нийтлэг зарчмыг ийм хатуу эрэмбэлсэн сургаал агуулдаг гэсэн үг. Одоо гэтэл ээжээ ээжээ гэж нялхарсан харцууд төрөөр дүүрч, энэ нь хэлбэрээ өөрчлөөд непотизм буюу нийтлэг эрх ашгийн дээгүүр амин хувь, гэр бүлээ эрэмбэлэх гажуудал болсон. Ийм жижиг цөмүүдэд хуваагдсан нийгэм дундын үнэт зүйлгүй болж, хэн нь илүү авилга өгч, хэн нь өөрийн гэр бүл отог омгоо ахиухан тэжээх вэ гэсэн уралдаан болсон. 

Ер нь монголчууд нийгэм байгуулъя гэж үнэхээр хүсч байгаа бол Баатарт бага автах нь өлзийтэй. Өөрөө угаасаа нийгмийн дээр байгалийг эрэмбэлэх үзэлтэй шахуу. Ямар сайндаа нийгмийн бүтээн байгуулалтын гол дүрүүдээс заавал байгалийн нүцгэн үнэнийг асуулгаж нийгмийн моралийг унагаж каиф авдаг. Тэгээд тэр асуултаа тэгэхээс тэгэх гэж их болхи вулгар тулгаж асууна. Байгаль үнэн, байгаль хүчтэй. Тийм хүчтэй, тийм үнэн, харгис болохоор нь байгалиа даван туулж нийгэм бүтээх гэж л явж ирсэн түүхийг бид хөгжил гэж нэрлэдэг. Хөгжих хүсэлтэй бол солио хийх хэрэгтэй, Баатар бол тэрэнд туслахгүй харин ч саад болно.

Түүнээс гадна ээжгүй хүмүүсийн шархыг тэр их уран сайхан нь яаж нүхлэхийг бодох хюманизм ч найруулагчид алга. Ээжээ зураад, ээжийн тухай шүлэг уншаад ир гэдэг 10 жилийн багш, төв телевизийн захирал, Херо Баатар нарын үзэгдэх бие өөр ч үзэл хандлага нь ижил. Харгис.

Төгсгөлд нь

"Монгол Тулгатны 100 эрхэм" бол өнөөдрийн Монголын сүнсийг базаж байгаа цаг үеийн хамгийн том контент нь. Эхэнд дурдсанчлан манай нийгмийн өнгөрсөн ба ирээдүйн завсар гацсан эргэцээ, их нүүдэл шилжилтийн үеийн зөрчлийг бүтэн агуулсан сонирхолтой дугаар болсон тул баахан олныг нуршив. Уламжлалаас орчин цаг руу, өнгөрснөөс ирээдүй рүү нүүх гэдэг нь уран сайхнаас логик мэдлэгийг, хувь хүнээс бие хүнийг, байгалиас нийгмийг, улстөрөөс урлагийг салгах л процесс юм. Энэ их хэцүү хөндүүр процесс. Гэхдээ өвдөж байж хөгжинө. Баатар найруулагчийн энэ бүхнийг бүгдийг нь хольж хутгасан уран бүтээл "100 эрхэм" цуврал унтаж асан уламжлалт Монголыг моодонд оруулж сэргээхийн сацуу шинэ Монгол болж дахин төрөх сөхөө өгөхгүй уярааж мансууруулах үүрэг гүйцэтгэсээр. Энэ үүргээ өөрөө эвдэх үү, өөр хүн эвдэх үү цаг хугацаа мэднэ.

arrow icon