Ардчиллыг анзаараагүй байхад хулгайлдаг

Нийтлэлийн эхний хэсэг Үндсэн хуульт байгууламж вакумд оршдоггүй, улс төрийн соёл, нийгмийн сэтгэлгээгээр амилдаг гэдгийг сануулаад, эрх мэдэлд хяналт тавих, эрх мэдэлтэн нь хянуулах дадал бидэнд харьцангуй хэврэг болохыг өгүүлсэн. Нийтлэлийн эхний хэсгийг эндээс уншина уу.  Товчхондоо уншигч таныг дотогшоо эргэцүүлэхийг санал болгосон. Хоёрдугаар хэсэг харин гадагшаа харах юм.

Хэзээнээсээ ямар ч хүчирхэг улс орон туйлын дангаар, хэнээс ч хамааралгүй оршиж байсангүй. Түүхийн туршид хэвлэх үйлдвэр, уурын тэрэг, интернет зэрэг технологиос эхлээд шашин, үзэл санааны урсгалууд, улс төрийн үзэгдлүүд газрын зураг дээрх хил хязгаарыг даанч нэг тоолгүй улс хооронд зорчиж, нийгмийн мөн чанарыг өөрчилсөөр ирсэн. Эд баялгийг хэт төвлөрүүлсэн цөөн хөрөнгөтний эсрэг ядуу тарчиг ажилчин анги Европын зүрхэнд тэмцэл өрнүүлсэн нь тусгаар тогтнолын тэмүүлэлтэй сүлэлдэн талын Монголд социалист улсыг төрүүлж байв. Намын дарангуйлал, үзэл бодлын цензур, үр ашиг багатай эдийн засгийг шүүмжилж, зүүн Европт сэвэлзсэн “салхи” мөн л үндэсний ашиг сонирхолтой нэгдэж, улаан Монголыг цэнхэр болгосон. Дэлхийн улс төрийн цаг агаар дахин өөрчлөгдөж байна, гэхдээ энэ удаа бидэнд ашиггүй байдлаар.

Готенбургийн их сургуулийн Анна Лурман, Стаффан Линдберг нарын энэ онд нийтэлсэн шинжилгээний өгүүлэл судлаачдын анхаарлыг татаж байна.[1] Тэд 1900-2017 онд дэлхийн 109 улсад өрнөсөн хаалттай нийгэм, дарангуй засгийг бий болгох 217 удаагийн оролдлогод шинжилж, дарангуйллын гурав дахь давалгаа бодитоор бий болсныг харуулжээ. Дарангуйлал гэж нэг хүний гарт төвлөрсөн хяналтгүй эрх мэдэл, олон ургальч үзэл хумигдсан байдлыг хэлж байна. Тэдний судалгаагаар дарангуйллын эхний давалгаа 1926-1942 онд, хоёр дахь давалгаа 1961-1977 онд явагдсан бол гурав дахь давалгаа 1990-ээд оны эхэн үеэс Орос, Армен, Беларусаар эхлэж, одоо эрчээ авч байгаа аж. Ухаандаа Стэнфордын Фукуяама профессор хүн төрөлхтөн чөлөөт ардчилсан дэглэмийг сонгож, түүх төгссөнийг зарлаж дуусаагүй байхад өөр нэг хоржоонтой тоглоомыг түүх эхлүүлж байсан гэсэн үг.[2] 

Ардчиллаас илт ухарсан Венесуэл, Итали, Турк, Унгар, Польш, Филиппин төдийгүй Энэтхэг, Япон, АНУ-д одоо өрнөж буй мөн чанар, үр дагаврыг дүгнэхэд эртдэх үйл явцууд судлаачдын анхаарлын гадна мэдээж байгаагүй. Харин эдгээр үзэгдлүүд тухайн улсын дотоодын, харьцангуй дангаар шинжтэй юу, эсвэл харилцан хамааралтай юу гэдэг нь маргаан дагуулж байсан юм. Дарангуйллын гурав дахь давалгаа бодитой болохыг олон эх сурвалж дуу нэгтэй хэлэх боллоо. Энэ үзэгдэл нэг бүс нутгийн улс орнуудад төсөөтэй хэлбэрээр өрнөж байгаа[3] болон авторитар удирдагчид хэрхэн бие биеэсээ суралцдагийг зурагласан өгүүллүүд ч хэвлэгдэж байна.[4]

Лурман, Линдберг нарын судалгааны өөр нэг чухал үр дүн нь давалгааны мөн чанартай холбоотой юм. Дарангуйллын нэг, хоёр дахь давалгаанд төрийн эрхийг зэвсгийн хүчээр булаах тохиолдол олон байв. Өнгөрсөн зуунд Аргентин, Бразил, Доминикан, Гана, Грек, Гуатемала, Нигер, Пакистан, Перу, Тайланд, Турк, Уругвайд цэргийн болон төрийн эргэлт хийж, илт хууль бус аргаар ардчиллыг “нүд аниулж” байсан. Харин энэ удаад ардчилсан сонгуулиар төрийн эрхийг олж авсан удирдагчид хууль зүйн аргаар эрх мэдлээ дархлах үйл явц зонхилж байна. Гурав дахь давалгаанд хамааруулж тэдний шинжилсэн дарангуйлал тогтоох 75 оролдлогын 70 орчим хувь нь ардчилсан институциудыг аажмаар мэрж, сулруулах замаар өрнөж байгаа аж. Энэ дүгнэлт нь өмнөх жилүүдэд хийгдсэн олон судалгааны таамаглалууд, түүний дотор Харвардын профессорууд Стивен Левицки, Данейл Зиблатт нарын ихэд алдаршиж буй номын ажиглалтыг статистикийн аргаар баталгаажуулжээ.[5]

Төрийн эрхийг хүчээр булаах нь эрсдэл өндөр, олон нийтийн эсэргүүцэл, гадаад улс орнууд, олон улсын байгууллагуудын шахалтаар бүтэлгүйтэх нь олонтаа. Тухайлбал, 2016 онд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй Гамбийн ерөнхийлөгч Yahya Jammeh-ийн үйлдэл хөрш орнуудын дургүйцлийг төрүүлж, түүнийг эх орноо орхин явахад хүргэсэн. Сонгуулийн илт булхай нийтийг хамарсан үймээн самуун, өнгөт хувьсгалуудыг өдөөж байв. Харин сонгогдсон удирдагчид хяналтын институциуд (шүүх, бусад хараат бус байгууллагууд)-ыг ганхуулах, хэвлэл мэдээллийг хянах, иргэний нийгэм, улс төрийн намууд, сөрөг хүчнийг хязгаарлах зэргээр илт биш, хуулиар халхавчилж эрх мэдлээ зузаатгах нь удаан боловч эрсдэл багатай.Ихэнхдээ цаг улирал бодитоор хэзээ солигдсоныг бид анзаардаггүй. Ганц нэг хүйтэн өдөр, намрын нар, бороотой саарал тэнгэр, дахиад нар, цас. Намар үнэндээ хэзээ дууссаныг, өвөл хэзээ эхэлснийг хэлэх үргэлж амархан байдаггүй. Яг үүн шиг ардчилал хэзээ алга болсныг ийм тохиолдолд хэлэхэд хэцүү. Учир нь хулгайлагдсан ардчиллын үед шүүх, парламент оршиж, сонгууль явагдаж байвч мөн чанартаа эрх мэдэлд хяналт байхгүй болж, сөрөг хүчний амьгүй намууд моорогт хэвтэж байдаг.

Европ, Латин Америкийн улс орнуудад ардчиллыг хумих үйл явцыг 15 жил судалсан Левицки, Зиблатт нар дарангуйлал тогтоох үйл явц хэрхэн явагдаж буйг ийнхүү тайлбарлажээ.[6] Эрх мэдлээ дархлахаар шийдсэн удирдагч, мэгдэж хоцорсон ардчилсан институциудын хоорондын улс төрөөс үүссэн урьдчилж таамаглахын аргагүй үйл явцуудын үр дүнд ардчилал хумигдаж байгаа аж. Энэ үйл явц ихэнхдээ үгээр эхэлдэг. Венесуэлийн Уго Чавес өрсөлдөгчдөө “арчаагүй олигархууд”, шүүмжлэгчдээ “дайснууд”, “урвагчид” хэмээн цоллож байв. Перугийн Алберто Фужимори өрсөлдөгчдөө хар тамхины наймаачид, терроризмтой холбож, Италийн Силвиа Берлускони өөрийнх нь эсрэг шийдвэр гаргасан шүүгчдийг коммунизмтай хамаатуулж, Туркын Режеп Тайип Эрдоган сэтгүүлчдийг терроризмийг дэмжигчид хэмээн буруутгаж байжээ. Энэ мэт үгс хэдийгээр бодит үр дагаваргүй, хоосон сонсогдовч нийгмийг талцуулж, үл итгэсэн, үзэн ядсан, тайван бус уур амьсгалыг бий болгодог.Дараагийн нийтлэг дайралт шүүх, хуулийн байгууллага, тагнуул, татвар зэрэг хараат бус хяналтын механизмууд руу чиглэдэг. 2010 оноос хойш Унгарын ерөнхий сайд Виктор Обран прокурор, аудит, омбудсмен, статистикийн байгууллага, Үндсэн хуулийн шүүхийг өөрийн хүмүүсээр бүрдүүлсэн. 2015 онд Хууль ба шударга ёсны нам Польшийн төрийн эрхинд дахин гармагцаа Үндсэн хуулийн трибуналийг өөрийн болгов. 2005-2007 онд Үндсэн хуулийн трибунал тус намын эсрэг хэд хэдэн шийдвэр гаргаж байсан юм. Перу, Венесуэл, Турк ч үүнийг давтсан.

Хараат бус хяналтын байгууллагуудыг гартаа оруулсан эрх мэдэлд шунагч цаашлаад нөлөө бүхий эсэргүүцэгчидтэйгээ ажилладаг. Сөрөг хүчний улс төрчид, тэднийг санхүүжүүлэгч бизнесийнхэн, хэвлэл мэдээлэл, олон нийтэд нэр хүндтэй шашин, урлагийн зүтгэлтнүүд энд багтана. Албан тушаал амлаж урвуулах, худалдан авах нь түгээмэл боловч хүч хэрэглэх тохиолдол бас цөөнгүй. Малайзын ерөнхий сайд Мохамед Махатир “өөрийн” цагдаа, шүүхээр зэвсэглэн улс төрийн өрсөлдөгч Анвар Ибрахимийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэгт буруутгаж, 9 жил хорих шийтгэл оногдуулж байв. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Леонардо Лопез хүчирхийлэл өдөөсөн хэргээр шийтгэгдэж байв. 2011 онд Эквадорын ерөнхийлөгч Рафеал Корреа “El Universo” сонинг дарангуйлагч гэж гүтгэсэн хэмээн буруутгаж, 40 сая долларын торгуульд унагав. Туркт Эрдоган “Dogan Yayin” мэдээллийн конламератыг татварын хэргээр дампууруулж, Орост Путин NTV, ORT-ын амыг барьжээ. Сөрөг хүчнийг санхүүжүүлэхгүй байх тухай Путиний сануулгыг хүлээж аваагүй, “том толгой” Ходоровскийд юу тохиолдсоныг та санах байлгүй.  

Дарангуй улс төрчийн дараагийн бай нь тоглоомын дүрмийг өөрчлөх гэнэ. Сонгуулийн хуулиуд, Үндсэн хууль овоо хараанд орно гэсэн үг. Малайзын парламентийн 2004 оны сонгууль, Унгарын парламентийн 2014 оны сонгуулиуд эрх баригч намууд давуу байдлаа ашиглан, хуулийг өөрт ашигтайгаар өөрчилж эрх мэдлээ зузаатгасны жишээ. Хяналтын байгууллагуудыг өөрийн хүмүүсээр бүрдүүлэх, сөрөг хүчин, шүүмжлэгчдийг ил, далд хумих болон ердийн хуулиудыг өөрчлөх зэргийг олон нийт тэр бүр анхаардаггүй. Харин Үндсэн хуульд гар дүрэхэд том шалтаг хэрэгтэй. Эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг, террорист халдлага, авлига зэрэг нийгмийн асуудал, бэрхшээлүүд энэ хэрэгт олз болно. 1972 оны 7-р сард Маниллад болсон бөмбөгдөлтүүдийг 1973 онд 2 дахь бүрэн эрхийн хугацаа нь дуусах байсан Фердинанд Маркос олзолж онц байдал зарласан, Үндсэн хуулиа өөрчилж эрх мэдлээ дахин 14 жил дархлаж байв.

2015 оны 6-р сард болсон Туркын парламентийн сонгуульд Ерөнхийлөгч Эрдоганы Шударга ёс, Хөгжлийн нам (AKP) ялагдсан боловч ISIS-ын террорист халдлагууд, үүнээс улбаатай үүссэн нийгмийн айдсыг далимдуулан ээлжит бус сонгууль зарлаж, эхний сонгуулиас хойш тавхан сарын дараа AKP парламентийн олонх болов. 2016 онд болсон цэргийн эргэлт хийх оролдлого Эрдоганд онц байдал зарлах боломж олгов. Энэ үеэр мэдээллийн хэд хэдэн агентлагууд хаагдаж, 50 000 орчим хүн, түүний дотор хэдэн зуун шүүгч, прокурор, Үндсэн хуулийн шүүхийн 2 шүүгч, 144 сэтгүүлч баривчлагдсан. Хамгийн хорлонтой нь 2017 оны 4-р сард Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийж, ерөнхийлөгчид тавих хяналтуудыг бүрмөсөн үгүй хийв.

Магтаад байгаа Америкийн маань улс төрчид, судлаачид, олон нийт ерөнхийлөгчийнхөө үйлдлийг түгшин ажиглаж байна. Дарангуй удирдагчийн дөрвөн шинжийг Трамп ерөнхийлөгч харуулж буйг улс төр судлаачид тэмдэглэх ажээ. Ардчилсан төрийн дүрэм журмыг сахих эрмэлзэл сул, өрсөлдөгчийнхөө хууль ёсны байдлыг хүлээн зөвшөөрдөггүй, асуудлыг хүчээр шийдэхийг дэмжих хандлагатай, сөрөг хүчин, шүүмжлэгчдийнхээ дуу хоолойг боомилох сонирхолтой гэсэн шинжүүдийг тэд нэрлэж байна. Ийм ерөнхийлөгч сонгогдоход хүргэсэн тогтолцооныхоо цоорхойг тэд дүгнэн ярилцаж байна. Эрх мэдлийг хязгаарлах соёл, өрсөлдөгчөө хүлээн зөвшөөрөх (mutual tolerance) болон тогтолцоог ганхуулахаас зайлсхийх (institutional forbearance) улс төрийн бичигдээгүй дүрмүүд[7] төдийгүй ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахад хамгийн чухал үүрэгтэй намуудын филтер нь хаана доголдсоныг тэд яг одоо шүүн тунгааж байна. АНУ-ын төрийн тогтолцооны бодит байдлыг судлах, ойлгоход үүнээс тохиромжтой цаг үгүй мэт.

АНУ-ын тогтолцоо эрх мэдлийг хязгаарлах төгс жор биш. Колончлолын дараах Латин Америкийн улсуудын ихэнх нь АНУ-ын Үндсэн хуулийг хуулсан. Тэд Америк маягийн ерөнхийлөгч, хоёр танхимтай парламент, шүүх, зарим нь бүр сонгогчдын коллеги, холбооны тогтолцоог нь хүртэл авсан. Гэвч тэдний ихэнх нь иргэний дайн, дарангуй засгийн горыг амссан. Заалтуудынхаа 2/3-ыг АНУ-ын Үндсэн хуулиас шууд хуулсан Аргентиний Үндсэн хууль (1853) 1930, 1943 оны цэргийн эргэлтүүд, Пероны түрэмгий, хяналтгүй засгаас сэргийлж чадаагүй. Америкийн колони байх үедээ боловсруулж, АНУ-ын Сенатаар батлагдсан Филиппиний Үндсэн хууль (1935) цагтаа “чөлөөт ардчилсан засгийн сурах бичиг” гэгдэж байлаа. Гэтэл төрийн эрх мэдлийг хуваарилж, хүний эрхийг тунхаглаж, ерөнхийлөгч хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллахыг баталгаажуулсан энэ Үндсэн хууль ерөнхийлөгч Маркосыг төрийн эрхэнд 21 жил суухаас сэргийлж чадаагүй юм. Маркосын Филиппин ямар байсныг нэг гүүглэдчихгүй юу даа.  

Дэлхийн улс төрийн барометр төвлөрсөн эрх мэдэл хадуурах эрсдэл их байгааг харуулж байна. Тэр тусам нь бид парламентийн засаглалаа бэхжүүлэх ёстой, алдаагаа засахыг хичээж боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдээ батлах ёстой. 1990 онд эхэлсэн эрх зүйн шинэтгэл маань арай гэж цэгцэрч байна. Засаглалын шинэ хэлбэр хөөж, хэдэн зуун хууль, журмыг дахиж бичих цаг, мөнгө бидэнд байхгүй. Шийдэх ёстой жинхэнэ асуудлууд, хийх ёстой ажлууддаа л төвлөрье. Ажилгүй залуучууд, үнэн логикгүй цалин хөлс, орлогын тэгш бус байдал, бизнесийн орчин, стратегийн үйлдвэр, дэд бүтцүүд, орчны бохирдол, эрүүл мэндийн үйлчилгээ, ирээдүй үеийнхээ боловсролд анхааръя. Нэг хүнд эрх мэдлийг төвлөрүүлэхэд бидний геополитикийн нөхцөл тун эмзэг. Төвийг сахисан, эвсэлд үл нэгдэх гадаад бодлогоо тууштай сахиж, цөмийн зэвсэггүй бүсийн статусаа бэхжүүлье.

Ерөнхийлөгчийн засаглалыг тууштай эсэргүүцэж энэ нийтлэлийг бичихдээ уншигч таныг түгшээх зорилго агуулаагүй гэдгээ зориуд сануулъя. Тэгэх аваас нийгэмд айдас, бухимдал төрүүлж, үүссэн сэтгэл хөдлөлөөр далимдуулан, эрх ашгаа урагшлуулдаг шалихгүй улс төрчөөс ялгаагүй болно. Дарангуйллын давалгаа бодитой хэдий боловч дэлхийн улс орнуудын 2/3 нь ардчилсан дэглэмтэй хэвээрээ байгаа. 2018 онд Малайз, Армен, Этопи, Ангол, Эквадор улсууд засгаа нээлттэй, ардчилсан болгох шийдвэртэй алхмууд хийснийг Freedom House онцлож байна.[8] Нийгмийн шударга бус байдлыг илтгэсэн, олон нийтийг цочроосон мэдээ, баримт задрах тусам хийрхэж савлахгүйгээр, үйл явцыг саруул ухаанаар шүүн тунгаахыг танаас хүсье. Жаран тэрбумыг сонсоход, сэжигтнүүдийг эрүүдэн шүүхэд, мөнгөтэй оймс харахад ой гутаж байсан. Гэвч эдгээр баримтуудыг задлахад хүргэсэн ямар эрх ашиг, улс төр байгааг бид мэдэхгүй. Энд нэг л зүйл ойлгомжтой. ТАНД ЭРХ МЭДЭЛ БАЙНА! Танд эрх мэдэл байгаа учраас, таны үзэн ядалт, таны үгс хэрэгтэй учраас талцсан улс төрчид аргаа барахдаа танд хандаж байна. Эрх мэдэл нэг хүнд төвлөрчихвөл харин та хэрэггүй болно. “Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гээд байлуу?

Олон улсын эрх зүйч (PhD), Австралийн Үндэсний Их Сургуулийн зочин судлаач Г.Нарантуяа

2019 оны 10-р сар 

[1] Өгүүлэл интернетэд нээлттэй бий. Anna Lührmann and Staffan I. Lindberg ‘A third wave of autocratization is here: What is new about it?’ (2019) 26 Democratization 7, 1095-1113 <https://www.tandfonline.com/doi/full/10.1080/13510347.2019.1582029>. 

[2] Francis Fukuyama, ‘The End of History and the Last Man’ (1992, Free Press). Фукуяама профессор хүйтэн дайн төгсөж, улс төрийн чөлөөт ардчилсан дэглэм дэлхийн жишиг боллоо хэмээн дүгнэсэн нь их алдаршсан.

[3] Andrea Cassani and Luca Tomini, ‘Post-Cold War autocratization: Trends and patterns of regime change opposite to democratization’ (2019) 49 Italian Political Science Review/Rivista Italiana di Scienza Politica 121-138. 

[4] Stephen G.F. Hall and Thomas Ambrosio, ‘Authoritarian Learning: A conceptual overview’ (2017) 33 East European Politics 2, 143-161. 

[5] Steven Levitsky and Daniel Ziblatt, ‘How Democracies Die: What History Reveals About Our Future’ (2018, Crown Publishing). 2018 онд хэвлэгдсэн даруйдаа энэ ном нонфикшн жанрын номонд олгодог АНУ-ын ихэнх шагналыг түүсэн. 

[6] Нийтлэлд дурдагдсан баримтуудын ихэнхийг Левицки, Зиблатт нарын дээрх номноос дэлгэрүүлж уншиж болно. 

[7] Нийтлэлийн эхний хэсэгт өгүүлсэн нийгмийн суурь соёлоос гадна АНУ-ын улс төрийн хоёр бичигдээгүй дүрмийг ардчилсан засгийн баталгаа гэж үздэг. Mutual toleration буюу өрсөлдөгчөө хүлээн зөвшөөрөх гэдэг нь хуулийн дагуу өрсөлдөж байгаа тохиолдолд улс төрийн өрсөлдөгчийнхөө оршин байх, өрсөлдөх, засаглах эрхийг хүлээн зөвшөөрнө гэсэн агуулгатай. Institutional forbearance гэдэг нь хэдийгээр хуулиар эрх мэдэл олгогдсон боловч ардчилсан тогтолцоог сулруулах үйлдэл хийхээс зайлсхийх ёстой гэсэн агуулгатай.

 


avatar
    • Zochin
    • 172.69.252.*

    Уг нь их олон жишээ баримт татаж бичиж. Найруулга бичилт нь муу юм. Эргэж өөрөө уншиж үздэггүй юмуу

    • Иргэн
    • 172.68.110.*

    Ардчилал гэж юу вэ ихэнх хүмүүс энэ бол хүн бүрийн эрх чөлөө, хууль гэх мэтээр олон янзаар тодорхойлно. Гэвч манай бүү хэл бусад оронд ч ялгаагүй хууль эрх мэдэлд хүрэгсэд дураараа авирладаг болгодог нийгмийг л хэлдэг юм шиг болж ялангуяа гадгаадад сурсан гэх хүмүүс юу билээ хавард гэх шиг тэрийгээ монголдоо нийгэмшүүлэх гээд бүтэлгүйтхийн. Уучлаарай монгол ану биш үүнийг л судалж хууль болго энэ л манайд ардчилалын нэг үндэс болно

    • JN
    • 172.69.252.*

    Үндэслэл, судалгаа сайтай саш сайн бичжээ. Баярлалаа!

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4990

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%