2020 оны Ерөнхий сайдад дайх үг

Шулуухан хэлэхэд манай үе үеийн улс төрчдийн хувьд Улаанбаатарын утааг шийдэх сонирхол байгаагүй. Тэд утааны асуудлыг мөнгө хөрөнгөө зузаалах ширгэж дундаршгүй "саалийн үнээ" гэдэг утгаар хандаж байсан нь сүүлийн үед шил дараалан гараад байгаа ийм эмгэнэлт хор уршигт хүргээд байна.

 Уг нь Улаанбаатарын утааны асуудлыг түргэн хугацаанд зохистой шийдэх маш олон арга зам байж болох хэдий ч манай улс төрчид, бодлого боловсруулагчид хамгийн үр дүн муутай, удаан арга хэрэгслийг сонгож ажиллаад байгаагийн цаад шалтгаан юу байж болох талаар дээр өгүүлсэн.

 Миний бодлоор 1 тэрбум 400 сая хүн амтай хятад улсын утааны эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга туршлагын заримаас судлаж суралцвал нийслэлийн утааны асуудлыг нэг их төвөг чирэгдэл гээд байлгүй шийдчихмээр санагддаг юм.

 Түүний эхнийх нь эдийн засгийн хэмнэлттэй хямд төсөр орон сууц хөтөлбөр бөлгөө. Алс холын Москва хот хүртэл хятад улстай хамтран ийм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тухай зарим мэдээлэлд ойр нөхөд уншиж байсан буй за. Нэг их хямдхан, тэр хэрээр тааруу чанартай, зай талбай бага байр сууц гэж битгий төсөөлөөрэй. Эхний зурган дээр хятадын Си Ань хотод баригдсан тийм төрлийн байрнуудын зургийг оруулав. Мэдээж уншигч нөхөд маань түүний өөрийн өртөг, зай талбай зэргийг сонирхож байж таарна. 3 ам бүлтэй айл өрхөд зориулсан ийм хямд төсөр байрны талбай 60 ам метр байх учиртай бөгөөд жилийн орлого 60 000 юанаас бага айл өрх ийм төсөлд хамрагдах боломжтой.

Хямд төсөр байрыг барих талбайг улсаас бодлогоор үнэгүй олгож, зарж борлуулах үнэ нь одоогийн зах зээлийн ханшаас хавьгүй доогуур байхын зэрэгцээ моргейжийн зээлд хамрагдах боломжтой. Хамгийн гол нь тийм байрнуудын газар хөдлөлтөд тэсвэртэй чанар зэрэг баталгааг онцгой анхаардаг давуу сайн талтай ажээ.

 Үүнээс гадна европ хэв загварын хямд төсөр хувийн сууцнуудыг зээлээр барьж амьдрахад улсаас ихээхэн хөнгөлөлт дэмжлэг үзүүлж байгаа болохоор томоохон хотын захын дүүрэг болон түүний ойролцоох тосгон суурингуудад гоёмсог хувийн сууцны хорооллууд олон тоогоор босох болсон байна. Би тийм хувийн сууцны зурагнуудаас хоёр гурвыг дор оруулъя. Тийм сууцны үнэ ханш ямар байдаг бол гэж та сонирхож байна уу? Метр кв нь 950-1200 юаний өртөгтэй гэнэ шүү. Зарах үнэ нь ийм байгаа юм чинь барьж босгох үнэ нь бүр ч бага байгаа даа.

Тэрбум 400 сая хүн амтай улс орон байр сууц, утаа угаарын асуудлаа ийм хялбар дөхөм аргаар иргэддээ ашиг тустайгаар шийдэж болоод байхад бид яахаараа үнс тоостойгоо зууралдан унхиагүйтээд суух учиртай юм бэ?

 Бидэнд байгаа хамгийн том давуу тал бол өргөн уудам газар нутаг юм. Манай дээгүүр суугаа сайн эрчүүд Хятад улсаас бараг 2 тэрбум долларыг своп хэлэлцээр гэгчээр дамжуулаад туучихсан болох нь өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ил болж гараад эхлэлээ. Бас сүүлийн жилүүдэд 500 сая долларыг утаатай тэмцэх нэрийдлээр салхинд хийсгээд хаячихсан аж. Үнэндээ ийм их мөнгөний тун багаахан хэсгээр уул нүхлэх аварга том нүхлэгч машин Өмнөд хөршөөс худалдан аваад Богд уулын хормойг 3-4 газраар нүхлэн том том урт хонгил зам гаргаж түүгээр дамжсан хурдны авто зам, цахилгаан төмөр зам тавьчихвал хотоо урд зүгт тэлж ийм гоёмсог хувийн сууцны хорооллууд барьж байгуулж яагаад болохгүй байх билээ? Хэрвээ тэгвэл хэн л Улаанбаатарын утаа руу хоргодож шигээд байхав дээ.

 Ямар ч байсан дээрх санааг өлхөн хэрэгжүүлж болох хөрөнгө мөнгийг гарын салаагаар урсгаад хаячихжээ. Одоо ч гэсэн манай төрд 4 тэрбум шахам доллар байгааг энэ үйлсэд зориулж яагаад болохгүй байх билээ? Гэр хорооллынхон худалдан авах чадваргүй. Эдийн засаг, зах зээлийн онолд нийцэхгүй гэх мэтээр амыг минь таглахаар улайрагч троллууд энэ бичлэг рүү удахгүй орж ирэх байх л даа. Хөдөөгийн малчид малаа хувьчилж авсан. Орон сууцанд амьдрагсад сууцаа үнэгүй хувьчилж авсан. Харин гэр хорооллынхон маань юу ч үгүй хоосон хоцорсон гэдгийг дээр доргүй бодолцож яагаад болохгүй байх вэ?

 Хүрэлсүхийн засгийн газарт энэ саналыг хүлээн аваад хэрэгжүүлэх цаг хугацаа одоо үнэндээ байхгүй болсон. Хамгийн гол нь энэ санааг шүүрэн аваад хэрэгжүүлэх чадамжгүй болох нь олон зүйл дээр харагдаж байгаа тул би 2020 оны шинэ засгийн газрын тэргүүнд энэхүү санаагаа хаяглан илгээв. Монголын заяа их болохоор ирэх онд үүнийг хэрэгжүүлж чадах од нь гийсэн аавын хүү төрийн жолоог атгах буй за.

 Би энэ тухай мэдээллийг нэлээд дээхнээс мэддэгийн хувьд өөрийн амьдран суудаг Налайхын Городокт санаанд нийцтэй газар ийм хувийн сууц барьж байгуулах санаатай сул чөлөөтэй газар сураглаад зарим нэг албан тушаалтантай уулздаг л даа. "Төрийн тусгай хамгаалалтанд авсан. Газар олгох боломжгүй." гээд халгаах янзгүй байх юм. Тэгсэн атлаа Хятад улсад жагсаалаас гарсан байж мэдэх, юу үйлдвэрлэдэг нь тодорхойгүй маш их хар утаа хаялсан хоёр үйлдвэр ойрхон байгуулчихсан байгааг юу ч гэмээр юм бэ дээ. Түүний залгаа том ил задгай хогийн цэг байгуулчихсан нь салхинд талаар нэг хөглөрөөд байж байдгийг та бүхэн тэр хавиар явахдаа харсан л байлгүй. Бодвол байгаль дэлхийгээ хамгаалах төрийн тусгай хамгаалалт гээч нь тэр юм байлгүй дээ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4988

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%