Өөхөнд боосон чулуу

Манай УИХ хууль батална. Тэрийгээ засах гэж шинэ хууль батлахаасаа дутахгүй ажил болно. Одоо байчихаад Бурхан багшийн дүйчин өдрийг амралтын өдөр болгоно гэж буй. Хүний шашин шүтлэгтэй холбоотой учраас илээр шүүмжлэх нь эрсдэл өндөртэй учраас УИХ хэлэлцэхээр болчихвоо хөөрхий. 300 000 хүн өргөдөл ирүүлсэн юм байхаа. Өргөдлийн байнгын хорооны рекорд нь нэг асуудлаар 8000 байгаагүй бил үү?

Хуулийн үзэл баримтлал гээд энэ хуулийг л баталчихвал сайн сайхны манлайд хүрэх тухай уран үгээр хулдсан хуудас цаас дагалдана. Тэрийг нь өргөн барьсан гишүүн танилцуулга гэж индрээс уншина. Засгийн газраас оруулж ирж байгаа хуулийн төсөл нь арай дээр процентоор илэрхийлсэн статистик үзүүлэлттэй. Гэхдээ уг хуулийг хөөрхөн харагдуулах статистик тоо баримтыг олж тавихаа мэднэ. Тэгээл хэрэлдэх ажилдаа орчихно доо. Намынхаа бүлэг дээр тохирсноороо нүүрээ ширлээд зүтгэцгээнэ. Үүний тод жишээ нь саяхны О. Баасанхүү, Ц. Нямдорж хоёрын хэрүүл мөн.

УИХ гишүүн гэх бичиг үсэг тайлагдсан нь ч эргэлзээтэй хүмүүст бүх юмыг мэднэ гэсэн зүйл байхгүй. Хэлэлцэж буй хуулийн танилцуулгыг бүрэн уншдаг нь ч хэд юм? Уншсанаа ойлгодог нь бүр цөөн. Тэгэхээр аливаа хуулийн төслийг өргөн барихдаа гарч болох эрсдэлийг нь давхар танилцуулдаг болох юм бол дагаж гардаг зохицуулалтын журамдаа энэ бүхнээ тусгах боломжийг олгоно. Түүнээс хууль баталлаа, дагаж гардаг журам нь батлагдан гардаггүй, гарсан ч өнөөхийг нь хэлбэрэлтгүй нэг утгаар ойлгогдохоор хийгддэггүй учраас хэрэгжилт дээрээ дандаа алдаа завхрал гардаг. Тод жишээ нь хөгжлийн том зорилготой сангуудын зарцуулалт мөн. Яагаад ганц компани нэг сангийн хөрөнгийн талыг нь авч байхад зохицуулалтаа өөрчлөөгүй юм бэ? Журмыг нь боловсруулдаг яаманд нь тухайн асуудлыг хариуцсан ганц мэргэжилтэн байгаа.

Тэр нь хуучин журам харж байгаад нэг ноорог гаргана. Дараа нь холбогдох этгээдүүдээс санал авна гэж баахан бичиг цаас мэргэжлийн холбоод, ашиг сонирхлын бүлгүүд рүү явуулна. Хариу нь гэж авч ч болохгүй, хаяж чиг болохгүй шуналын жагсаалт ирнэ. Тэрийг хуулийн үзэл баримтлалд нийцүүлээд дахин найруулан бичих авьяас чадвар үсрээл таван жилийн туршлагатай албан хаагчид байхгүй. Арай туршлагатай ахлах мэргэжилтнүүд нь бага ангийн багш шиг үг, үсгийн алдаа түүсээр таарна. Цүнхчин газрын дарга нар нь бол уншаад ч ойлгохгүй. Сайд нь оруулж ирсэн журмыг зөвлөхдөө өгнө. Өнөө улстөрч-мэргэжилтэн зөвлөх нь гайгүйхэн хүн бол харна, гайтай нэгэн бол тэгээд хаячихна. Журам бэлэн. Ийм механизмаар явж байгаа цагт өөхөнд чулуу боож шидэх маш амархан. Гайгүйхэн сэтгэдэг нэгэн аль нэг заалтын нэг өгүүлбэрт таслал тавихад л өөрийгөө хуулийн хүрээнд цэвэрхэн авч гарах төдийгүй, ашиг сонирхол нэгдмэл этгээддээ давуу боломж олгочихож байгаа юм. Шүүх дээр очиход бүх юм хууль журмын дагуу. Хонь бүтэн, чоно цатгалан. Win-win*. Иймд тэрхүү өөхөнд боосон чулууг олохын тулд гарч болох эрсдэлийг нэгд нэгэнгүй танилцуулгадаа жагсаан бичиж, УИХ-ын гишүүддээ өгчихвөл попдолт нь хүртэл ашиг тус хүргэж магадгүй гэж горьдон үүнийг бичив. Тэгээд ч монгол хүн болохыг нь биш болохгүйг нь эхлээд олж хардаг сэтгэхүйн тавилттай нүүдэлчид билээ.

*Win-win гэдэг улстөр- эдийн засгийн шинжлэх ухаанд аль нэг талыг хохироохгүй бүгд үр шимийг нь хүртэнэ гэсэн утга болохоос бүгд хулгайлаад хувааж иднэ гэсэн үг биш юм. 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5098

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%