Жан Жак Руссогийн парадокс: Нийгмийн гэрээ буюу нийтийн хүслийн төөрөгдөл

Хүн төрөлхтөн байгальд эрх дураараа амьдарч, байгалийн аливаа үзэгдлийн өмнө хүчин мөхөстөн, хувь тавилантайгаа эвлэрсээр олон зууныг үджээ. Гэвч одоо “хүмүүс байгалийн жам ёсонд захирагдаж биш, нийгмийн зохион байгуулалтад бүрэн орсон, гэхдээ энэ байдал буцаад байгалийн жам ёсонд суурилах боломжийг эрж хайх хүртлээ бүр туйлшралд ороод байгаа, тиймээс байгалийн жам ёсонд суурилсан нийгмийн зохион байгуулалт хийх” шаардлага гарч иржээ. 

Тэгвэл үүнийг хэрхэн зохицуулах вэ? Энэхүү асуудлын тухай Жан Жак Руссо “Нийгмийн гэрээ” номдоо дурдсан байна. Түүнийхээр бол “Нийгмийн гишүүн бүрийнхээ амь бие, эд хөрөнгийг нийтийн хүчээр сахин хамгаалах чадвартай нийгмийн холбооны хэлбэрийг олох хэрэгтэй бөгөөд гишүүн бүр энэ нэгдэлд нийлэх боловч гагцхүү өөрөө л өөрийгөө захирч урьдын адил бусдаас хамааралгүй эрх чөлөөтэй үлдэнэ”.

Өнөөгийн манай нийгэмд буй энэхүү амин хувиа хичээсэн үзэл одоогоос 200 гаруй жилийн өмнө ч оршин байжээ. Дэлхийн улс орнууд энэхүү асуудлыг олон зуун жилийн туршлагаараа даван туулж өнөөдрийн түвшинд хүрсэн нь лавтай. Тэгвэл Монгол улс цөөн тооны хүмүүсийн амин хувийн ашиг сонирхлын зөрчлийн талбар болоод байна. Үндсэндээ 200 жилийн өмнөх Англи, Францын нийгэм өдгөө Монголд оршсоор байна.

 Хүмүүс “өөрсдийн захирагддаг хуулиа өөрсдөө бичилцээгүй, харин тусгай эрх мэдэл бүхий хэдхэн тооны хүмүүсээр шийдүүлж байна. Эдгээр хууль нь нийтийн эрх ашигт үйлчлэхийн оронд, дан хүчтэний буюу баячуудын эрх ашгийг л хамгаалж байдаг” хэмээн Руссо үзсэн байна. Энэхүү үйл явдал өнөөдөр манай Монголын нийгэмд тулгараад буй асуудлуудын нэг юм.

Монголын бизнесмэнүүд УИХ-д ихээр орж буй нь нийгмийн сайн сайхны төлөө бус, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө. Тэр дундаа өөрсдөдөө ашигтай хуулийн төсөл боловсруулж батлуулахын төлөө л ажиллаж буй хэрэг. Үнэн хэрэгтээ “Бусдаас илүү эрх дархтан ч хүч чадлаа байнга чамлах бөгөөд үргэлжид захирч ноёлохын тулд тэрбээр эрх мэдлээ хууль ёсны болгон хувиргаж, үүнд дуулгавартайгаар захирагдах ёсыг үүрэг болгож чадахгүй л бол хүчин мөхөстөнө”. Тиймээс бизнесмэнүүд өөрийн бизнесдээ, улс төрчид намдаа ашигтай хууль батлахын төлөө л ажилладаг гэсэн үг. Үүнийг зогсоож, хориглохын тулд тухайн ард түмэн, нийгмийн эд эс бүхний нэгдсэн үзэл санаа, зорилго, итгэл үнэмшлийг бий болгох хэрэгтэй.

Руссогийн үзсэнээр “Хууль тогтоох амин үндэс нь зөвхөн бүх нийтийн хүсэл зориг байх учиртай. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхт засаглалын бүрэлдэхүүний хувьд иргэн бүрийн зүгээс бүх нийтийн хүсэл зориг шингэсэн, бүгд санаа нийлэх тийм л хууль хэрэгжих учиртай.” 

Гэвч нийтийн хүсэл зорилго нь үргэлж зөв байх шаардлагагүй бөгөөд ард түмнийг мөнгөөр худалдаж авч чадахгүй боловч тэднийг хуурч болох ажээ. Ард түмнийг хуурах арга нь тэднийг мэдээлэлгүй, мэдлэггүй байлгах явдал юм. Харин “зохих хэмжээний мэдээлэлтэй ард түмэн шийдвэр гаргах үед иргэд өөр хоорондоо ямар ч харилцаа холбоогүй ч ялихгүй зөрүүтэй саналын үр дүнгээс бүх нийтийн хүсэл зориг бий болдог бөгөөд гаргасан шийдвэр нь ямагт зөв байдаг”. 

Гэтэл өнөөдөр Монголд ямар байна вэ? Ард түмэн ямар ч мэдээлэлгүй бүх зүйл хаалттай хананы цаана өрнөх бөгөөд олон нийт ч мэдлэг мэдээлэл олохын оронд хэн нэгэн амбицтай нөхрийн үгэнд итгэж хууртсаар байна. Энэ л Монголын нийгмийг, монголчуудын нийтийн хүсэл зорилгыг хааж буй үзэгдэл.

Монголд олон нийтийн санаа бодол, хүсэл сонирхлыг боогдуулах бас нэгэн хүчин зүйл байгаа нь нам. Тэр дундаа зарим нам бүлэглэлийн доторх фракцууд юм. Энэ тухай Жан Жак Руссо “хуйвалдааны журмаар салангид холбоод байгуулагдвал эдгээр холбоо тус бүрийн хүсэл зориг түүний гишүүдийн хувьд нийтлэг хүсэл болох бөгөөд харин Төр улсын хувьд тухайлсан аминчхан хүсэл зориг болж хувирна: энэ тохиолдолд хүмүүсийн тоогоор бус, холбоодын тоогоор санал гарч байна гэж хэлж болно.

Саналын ялгаа багасаж, ерөнхий үр дүн буурна. Эцсийн дүнд эдгээр холбоодын нэг нь хүчээ авч бусад бүх холбоодын дээр гарах юм бол ялихгүй санал зөрөлдөөн гэж байхгүй болж цорын ганцхан зөрөөтэй санал гарч ирнэ. Тэр үед бүх нийтийн хүсэл гээч нь үгүй болж, хүчээ авч дийлсэн санал бодол буюу тухайлсан аминчхан үзэл гарч ирнэ.” Иймд улсын дотор тухайлсан аминчхан нэгдэл байлгахгүй, иргэн бүр өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлж байхын тулд чухамхүү нийтлэг хүсэл зоригийг татах нь чухал юм. 

Нийгэм доторх хуйвалдаан, цөөнхийн засаглалыг халахын тулд улс оронд нийтийн хүсэл зорилгыг төлөвшүүлэх дараах зүйлс шаардлагатай ажээ.

Хүчээр тогтоон барьж байсан хүмүүсийн нэгдлийн оронд сайн дурын нэгдэл бий болох. 

Эрх мэдлийг гартаа атгасан цөөнхийн буюу цөөн тооны хүмүүсийн амин хувийн ашиг сонирхлын оронд, хууль тогтоох гол удирдамж болсон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэх.

Хууль тогтоох амин үндэс нь зөвхөн бүх нийтийн хүсэл зориг байх учиртай. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхт засаглалын бүрэлдэхүүний хувьд иргэн бүрийн зүгээс бүх нийтийн хүсэл зориг шингэсэн, бүгд санаа нийлэх тийм л хууль хэрэгжих учиртай. 

Иргэний эрх чөлөө гэдэг нь хүн бүр өөрийн хүссэнээ хийж, дур зоргоор аашлахын нэр биш, харин бүрэн эрхт засаглалын гишүүний хувиар батлагдахад нь өөрийн хувь нэмрээ оруулж, санал нийлсэн тэр л хуульдаа захирагдахын нэр.

 

С.Ууганбаяр

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5583

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%