Нийтлэл 03 сарын 24, 2020

КОРОНАВИРУС ба ЯДУУРАЛ

Корона вирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай улсад хөл хорио тогтоосоор буй билээ. Мэдээж хэрэг зайлшгүй шаардлагатай арга хэмжээ байж таарна.

Хөл хорионы үеэр цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, цахимаар ажиллаж сурах тэргүүтэй зөвлөмж ч ихэсч байна. Цаг үеэ олсон чухал зүйл ч гэлээ бид энэ үед "цагийг үр бүтээлтэй өнгөрөөх" гэх ойлголт дэндүү хол, тансаглал мэт санагдахуйц нөхцөлд амьдарч буй хүмүүс маш их байгааг мартаж болохгүй.

Хатуухан хэлэхэд цагийг өлсөхгүй, бэртэхгүй, амьд үлдэж "өнгөрөөх" нөхцөл дунд амьдарч буй нэгэн хажууханд л бий.

Гадаадын зарим улсад ч корона вирусын үеэрх хөл хорионоос үүдсэн хэцүү, дорой нөхцлийг багасгахаар нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлж эхэллээ. Эдгээрээс заримыг өөрийн орны онцлогт тусган буулгавал:

НЭГТ, ажилгүй болсон, бага цагаар ажиллах болсон орлогогүй/орлого багассан хүмүүст тэтгэмж олгож байна.

Улаанбаатарын нөхцөлд гэхэд л Нарантуул, Сандэй, Зуун айлын барилгын зах зэрэгт өдрөөр ачигч, худалдагч хийдэг, энэ төвүүдийг болон үйл ажиллагаа нь зогссон бүх томоохон төвүүдийг (Албан газар, их сургууль зэрэг) дагаж ажилладаг гуанз, цайны газруудын тогооч, бэлтгэгч зэрэг өдрөөр цалинжиж, түүгээрээ амь зуулгаа залгуулдаг хүмүүс, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд бодит утгаараа өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэл бий.

ХОЁРТ, өвчтэй эсвэл өвчтэй хүнийг асарч буй хүмүүст тэтгэмж олгож байна.

Суурь өвчтэй хүмүүс коронавируст эмзэг, мэдрэг буйгаас шалтгаалж өвчтэй хүмүүст илүү хүнд үе тул тэдэнд болон асарч буй хүмүүс санхүүгийн бэрхшээлд орж буй.

ГУРАВТ, хүүхдээ харж буй эцэг, эх, асран хамгаалагчдад тэтгэмж олгож байна.

Цэцэрлэг, сургуулийг хорьсноос хүүхдүүдийг харах хүн зайлшгүй шаардлагатай. Энэ шаардлагыг мэдэрч цалинтай чөлөө олгож буй албан газрууд ч бий. Олгохгүй эсвэл олгох боломжгүй албан газрууд ч бий. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг учраас хүүхдээ харснаас орлого нь шууд зогсож буй хүмүүс ч бий.

Эдгээр нөхцлүүдэд энэ хүмүүст зориулан тэтгэмж олгох зохицуулалтыг улс орнууд авч эхэлжээ.

Дээрхээс гадна угийн ажилгүй, орлогогүй, хүнд нөхцөлд амьдарч байсан хүмүүсийн нөхцөл бүүр ч дордож байна.

Эдгээр бүх бүлэгт:

- Хоол, хүнс;
- Эм тариа, гар ариутгагч, маск;
- Нүүрс, түлш;
- Ариун цэврийн хэрэглэл (эмэгтэй хүмүүс бас бий)

зэрэг наад захын ахуйн хэрэглээний зүйлсийг хангах шаардлагатай.

Эмнести интернэшл болон бусад олон улсын, бүс нутгийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас ч "корона вирусын үеэрх хүний эрхийн зөрчил"-ийн нэг хэсгээр дээрх бүлгийн эрх ашгийг дурдаж байна.

ТИЙМЭЭС:

- Хүнс зэрэг ахуйн хэрэглээний зүйлээ хувьдаа нөөцлөхийн хамт дээрх бүлгийг бодолцож хуу хамахгүй байх. Их хэмжээгээр нөөцлөх боломжгүй, өдөр өдрийн хүнсээ залгуулж амьдардаг нь олон;

- Нэгэнт ингэж хуу хамж буйгаас үүдэн үнэ хөөрч буй тул сэргийлэх;

- Боломж буй бол эдгээр хүмүүст тусламж, хандив өгч байх;

- Хамгийн гол нь төрийн халамжийн бодлого үүнд чиглэхийг шаардахад анхаарлаа хандуулахыг УРИАЛЖ байна.

ТҮҮНЧЛЭН гэр бүлийн хүчирхийлэлд буй хүмүүс, ялангуяа хүүхдийн нөхцөл бүүр ч дордож буйг санах, ерөнхийдөө угийн таагүй, хэцүү нөхцөлд амьдарч байсан хүн бүрийн нөхцөл бүүр ч дордож буйг санаж, чадах чадахаараа үүний эсрэг ажиллах, анхаарал хандуулцгаая.

 

 Нүүр зургийн эх сурвалж: inosmi.ru

Сэтгэгдэл бичих

arrow icon