Нийтлэл 03 сарын 29, 2020

ХЭЛЭХ ҮГ БАЙНА: Коронавирусаас авах сургамж ба вирусаас өмнөх амьдралаа бодоод үз!

Би энэ вирусыг арай өөрөөр харж эхэлж байна. Хүн төрөлхтөн нэгэн зэрэг пауз авч яах гэж амьдарч байгаагаа ухаарч, үхэл гэж байдгийг санаж, тэр хүртэл үнэ цэнэтэй амьдарч, тэр үнэ цэнэ нь ажил төрөл нэр хүнд, эд баялаг биш хайртай хүмүүс нь байсныг олж харж, тэдэнтэйгээ байх хугацаа маань асар богино болохыг ойлгож, нээсэн.

Одоо та бүхэн вирус гараагүй байсан бол гээд бодоод үз. Өдийд өнөө л хэвээрээ зам дээрээ түгжрээд, ажил дээрээ алалцаад, хоорондоо хараалцаад, мөнгө, төлбөр л бодоод, шал танихгуй хүмүүст сэтгэдэл төрүүлэх эгондоо баригдаад, шал хэрэггүй юм авах хэрэгцээндээ цухалдаад 7 тэрбумаараа хаашаа ч юм гүйлдээд, амьдралын үнэ цэнийг бодох ч сөхөөгүй байж байгаа.

Хүүхэдтэйгээ байх хугацаагаа хамт тоглох, инээж хөөрч, юу хүсдэг, мөрөөддөг, ямар онцлогтой, бодолтойг нь ойлгох, сургах, ярилцах, амьдралынх нь тасаршгүй хэсэг нь гэдгээ мэдрүүлэх биш бас л хоол, цэнгээн, тоглоомын газруудаар явж их мөнгө зарснаа гавьяа гэж хардаг. Яг үнэндээ тэдэнтэйгээ хамт байдаггүй л байж.

Ханьтайгаа байхдаа мөнгө, ажил, авна, олно, хэрэгтэй, хэцүү байна , завгүй байна, ядарч байна, ганцаараа баймаар байна л гэдэг хэдхэн яриатай байснаас яг нүд рүү нь харж, гарыг нь атгаж, ямар ч зорилгогүй дэмий юм ярьж, мангартаж, инээж, мөрөөдөж хөөрөлдөж сууснаа санаж байна уу? Эцэг эхдээ хань болж өдөр хоногийг хамт өнгөөрсөн үү?

Байгаль ээж бидэнд Зогс, хаашаа гүйлдээд байгаа юм бэ?, өөрсдийгөө нэг эргэж харцгаагаач гэсэн сануулга өглөө.

 Хүчээр биднийг нэг дор, нэг гэрт, хамтдаа сууж ярилцах, хооллох, цагаа өнгөрөөх боломж олголоо. Хайрлаж байгаа гэж итгэдэг худлаа дүр эсгэлт чинь хайртай нэгнийг нь авч одоход хийгээгүй, амьдраагүй, ойлгоогүй, цаг гаргаагүй гэдэг харамсал л дагуулна гэдгийг санууллаа.

Эрлэг ирээд маргааш чамайг авч явнаа гэхэд гялс амжаад хэдэн цаастай болъё, гялс үхтлээ идье, гялс мөрөөддөг хүүхэнтэйгээ унтая гэх үү хайртай бүхэнтэйгээ нэгэн өдрийг амьдралын үнэтэй дурсамж болтлоо хамт өнгөрөөе гэх үү? Үхэл биднийг угаасаа авна. Тэр хүртэл яах ёстой вэ? Хүн ёсоор амьдрах ёстой юм байна.

Томоор нь харвал дэлхийгээрээ нүргэлж, хүн төрөлхтөн солиорч эхэлсэн. Том том Эдийн засаг, зогсолтгүй ажил, харилцаагүй хүмүүс, сэтгэлгүй амьдрал, хэрэгцээгүй хэрэглээ бидний зовлон болсон. Яг амьдарч байгаа хүн бараг алга. Өдөр тутмын үхэл, өвчин, зовлон, дайн бидэнд ердийн зүйл болж, айхаа ч байж, тоохоо ч больж, нэгэн дээрээ гишгэлэн алхсаар.

Яг үнэндээ энэ вирус бидний өдөр тутмын аймшигт харгислал, хайхрамжгүй байдал, үл тоосон харьцаанаас үүдсэн үхлийн хажууд дусал ч хүрэхгүй. Харин үхэл энгийн зүйл мэт болтлоо хахиржсан, хүн гээч амьтанд цочроо болж нүдээ нээ гэсэн мессэж болов. Том корпораци, хүчтэй гүрэн , хэмжээлшгүй эд хөрөнгө, эрх мэдэл чиний амьдралын үнэ цэнэ огт биш гэдгийг ойлгууллаа. Ухаарцгаая, амьдарцгаая, хайрлацгаая!

Нүүр зургийн эх сурвалж: mymodernmet.com

 

Сэтгэгдэл бичих

arrow icon