Нийтлэл 04 сарын 24, 2020

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Ад үзэгдэх зориг буюу ирээдүйн тухай диалоги

Түүхийн талаар

Өдгөөгөөс бараг 100 жилийн өмнө Австрын Венад “The science of living” хэмээх ном хэвлэгдэн гарчээ. Энэ ном хэвлэгдэн гарсан даруйдаа хүний мөн чанарын тухай детерминист онолуудад хүчтэй цохилт өгсөн юм. Тухайн үеийн сэтгэгчид хүний сэтгэлзүйн үйл ажиллагааг тэр чигтээ химийн, биологийн өгөгдөл, урвалын дүнд үүсдэг гэх механистик үзэл баримтлалыг баримталдаг байв. Энэ нь хүний оршихуйг өнгөрсөн цагт даатгасан, одоогийн шийдвэрийг алив нэг сэтгэлийн шархын үр дүн гэж гэдэг байжээ.

Харин Фройд, Юнг нарын араас гарч ирсэн, хожимоо сонгодог сэтгэлзүйчдийн тоонд зүй ёсоор багтсан Адлер лекц бүрийнхээ төгсгөлд “ямар нэгэн зүйл буруу байвал бүх зүйл нийтлэг мэдрэмжтэй холбоотой” гэдэг байв. Энэ нь угтаа нийгэм рүү тэмүүлэх, бусдыг сонирхох мэдрэмж хүнд байх эсэхээс хамааран хэн байх нь шийдэгддэгийг хэлж байжээ.

Бодгаль сэтгэл судлалын тухай товчхон

Хүн бүр харилцан адилгүй, нэг гэр бүлийн хүүхдүүд байсан ч ялгаатай л байна. Цэцэг, ногоонд хүрч буй нарны тусгал орчны биетүүдээс шалтгаалж ялгаатай тусдаг учир зарим нь өндөр, зарим нь тачир ургасан байдаг. Үүний адил хүний эргэн тойрны үй түмэн хүчин зүйлс хүн бүрт янз бүрээр үйлчилж, нөлөөлдөг тул хүний сэтгэлзүй ялгаатай байдлаар хөгждөг. Иймд Адлер онолоо “бодгаль сэтгэл судлал” гэж нэрлэжээ. Нөгөөтэйгүүр Адлер сэтгэцийг ухамсартай, ухамсаргүй гэж ялгадаггүй, эдгээрийг нэг бүхэллэг зүйл гэж үздэг байсан тул ийн нэрлэсэн байж магад.

Адлерын бодгаль сэтгэл судлал нь философич Ханс Файхингер, Фёдор Достоевский, Фридрих Ницше нарын үзэл санаанаас төрөн гарсан гэдэг.

Зөвхөн хүн ч биш, цэцэг ногоо хүртэл өсөж, хөгжихийн төлөө амьдардаг. Энгийнээр хэлбэл зорилгодоо хүрэх шийдвэрийн ялгамжит байдлыг тандахыг санал болгодог сэтгэл судлалын урсгал гэж ойлгож болно.

Ад үзэгдэх зориг

Миний бие 2015 онд Адлерын “The science of living” бүтээлийг орчуулж дуусаад сэтгэл судлалын сонгодог бүтээлийг уншигчдад хүргэнэ гэхээс тэсэн ядан хүлээж байлаа. Гэсэн ч энэ бүтээлийг ойлгох хүсэлтэй хүн сэтгэл судлалын ангийн хэдэн оюутнаас хэтрэхгүй байгаа нь урмыг минь хугалж билээ. Заримдаа хэнд ч хэрэггүй зүйл хэвлэчихсэн юм болов уу гэж санаашрах нь бий.

Гэвч сонгодог бол сонгодог л байдаг. Өрнийн онолуудыг ярих бүрт зарим хүмүүс нэг бол хоцрогдсон, эсвэл дорнын хүмүүст аналь үе шатын хөгжлийн тухай ярих хэрэггүй гэдэг. “The Courage to Be Disliked” буюу монгол хэлнээ “Ад үзэгдэх зориг” хэмээх япон зохиогчтой ном хэвлэгдэн гарсныг дуулаад энэ номыг яаран авч уншлаа. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү бүтээлийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр орчуулж бидэнд эх хэл дээрээ унших боломж олгосон “Garuna Publishing”-н хамт олонд талархлаа илэрхийлье. Зөвхөн сэтгэл судлаач биш, мэргэжлийн бус хүмүүс уншихад ч ойлгомжтой бөгөөд орчуулга сайна байлаа.

Харин номын зохиогчдыг судалж үзэхэд Ichiro Kishimi нь сэтгэл судлаач суурьтай бөгөөд Адлерын сэтгэл судлалыг баримтлан зөвлөгөөний чиглэлээр ажилладаг юм байна. Тэрбээр номын гол санааг удирдаж чиглүүлж, Fumitake Koga философичийн туршлагаараа харилцан ярианд оруулж эмхэтгэсэн бололтой.

Венын сэтгэл судлаачийн онолыг хаа байсан Япончууд бичсэн гэхэд дэлхийд 4 сая хувь борлогдсон нь тун гайхалтай. Goodreads-д 4.2 үнэлгээтэй, Amazon-ы review маш сайн байна. Адлерын онол хүчтэй ч бусад сонгодог сэтгэгчдийн бүтээлүүдтэй харьцуулахад уншигчдад хүрсэн нь тун чамлалттай юм. Энэ нь уг хүний бичихээс илүү ярьдаг байсантай нь холбоотой байх. Хэвлэсэн ном бараг л байхгүй, лекц уншдаг байсан тул бусад сэтгэгчдийнх шиг ирээдүй хойчдоо хангалттай уншвар үлдээсэнгүй. Миний мэдэхийн энэхүү бүтээл нь Адлерын онолыг уншигчдад хамгийн сайн хүргэж чадсан нь төдийгүй эх зохиол болох “The science of living” нь хүртэл ийм олон хувь хэвлэгдээгүй гэдэгт итгэлтэй байна.

Номын эхнээс л зохиогчид Адлерын сэтгэл судлалд бүрэн нэвтэрсэн нь харагдсан. Философи суурьтай, сэтгэл судлалын онолыг уншигчдад ойлгуулах амаргүй. Харин уг ном нь хоёр хүний харилцан ярианд түшиглэн амьдралын энгийн жишээнүүдээр Адлерын сэтгэл судлалыг тэр чигт нь тайлбарлачихсан байна. Жишээ нь, би оюутнуудад бодгаль сэтгэл судлалд гардаг амьдралын зорилго болон зоригийн тухай тайлбарлахад бэрхшээлтэй байдаг.

Гэтэл энэ номонд хүн яагаад уурлаж буй тухай дурьдсан байна. Хувьслын онолоор мэдээж хүн амьд үлдэхийн тулд уурладаг гэж үзнэ. Тэгвэл үүний эсрэг жишээг авч үзье. Эхнэр нь нөхөртөө байнга уурладаг. Үүнийгээ нөхрийнхөө ажилгүй, арчаагүй байдалтай холбож тайлбарладаг. Энэ логикоор үзвэл нөхөр арчаагүй учраас эхнэр уурлаж байна. Бодит байдал дээр эхнэр уурласнаар нөхрийгөө эрхшээлдээ оруулдаг. Гэхдээ үүнийгээ бүрэн ухамсарлаж чадахгүй. Ийм байдлаар нөхрийгөө захирах, гэр бүлдээ ноёлох гэсэн зорилгодоо хүрч байна. Энэ нь даамжирвал комплекс үүснэ.

Өөр нэг онцлох зүйл нь бидний шийдвэр, бодол санаа нэлээд субьектив байгааг тайлбарласан байна. Номын зохиогч Детерминист онолуудыг шүүмжлэхдээ траума буюу сэтгэлийн шарх байдагийг үгүйсгэжээ.

Энэ дээр Виллиам Жеймс хүний ухамсрыг ухраах боломжгүй бичлэгтэй адил зүйрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл бичлэгийн дүрс тухайн агшинд тоглогдоод л өнгөрнө. Үүнтэй адил хүний ухамсар тухайн цагтаа мэдээллээ эргэлдүүлээд өнгөрдөг учир тухайн дүрсийг тэр байна, энэ байна гэж олох боломжгүй. Тэгэхээр хүнд сэтгэлийн шарх гэж байдаггүй гэдэгтэй би ч санал нийлдэг. Энэ хэсэг дээр номын зохиогч сэтгэлийн шарх байх эсэхийг тухайн хүн өөрөө юу гэж бодож байгаа, өөрийгөө хэрхэн үнэлж, цэгнэж байгаагаас шалтгаална гэсэн байна. Иймд хүчирхийлэл дунд өссөн хүүхэд ирээдүйд заавал сэтгэлзүйн гэмтэлтэй болно гэсэн үг биш. Хүүхэд тухайн үйл явдлуудыг хэрхэн дүгнэж байгаа нь чухал. Жишээ нь, хөөрхий минь хэцүү амьдрал туулсан юм. Ажил төрлөөс хол байлгаж эрхлүүлэх хэрэгтэй гэж хэн нэгэн аргадаж болно. Энэ тохиолдолд хүүхэд би хэцүү амьдрал туулсан учраас … гэж аливаа ажил бүрээс цааргалах, өөрийгөө зориуд гэмтэлтэй мэтээр хүлээж авах магадлалтай. Энэ утгаараа сэтгэлийн шарх байхгүй. Цаашлаад хүний сэтгэлзүй бол цэвэр өөрөө өөртөө наасан “шошго” юм. гэсэн санаа нь таалагдлаа. Миний дуртай утга учрын тухай санааг Адлерын онолд суурилан үгүйсгэсэн нь таалагдлаа. Экзистенциал сэтгэл судлалаар утга учрыг ямар нэгэн зүйлээр үүсгэх боломжтой гэдэг. Эд зүйл, ажил хөдөлмөр, амьдралынхаа нөхцөл байдалд гэх мэт юу ч байж болно. Эсрэгээрээ Адлерын сэтгэл судлалаар энэ бүхэн худлаа гэжээ. Байгалийн гамшиг тохиолдоход утга учрын тухай эргэцүүлдэг тийм тэнэг хүн байхгүй. Хүн зүгээр л байгалийн гамшигийн даван туулахыг хичээнэ. Түүний дараа амьдралдаа шийдэх ёстой дараагийн асуудлуудаа шийдсээр л явна. Энэ мэтчилэн бидний амьдрал зорилгоос зорилгын хооронд орших аж.

Ерөнхийдөө номын утга санаа нь өөрийгөө голсон залуу ба бодгаль сэтгэл судлалыг баримталдаг багш хоёрын дунд өрнөх харилцаагаар хүний амьдралын бүхий л сэдвүүдийг ухаарч байгаагаар өндөрлөнө. Номонд гарч буй нэр томъёонууд өмнө нь хэвлэгдсэн ном, бүтээлүүдээс хол зөрөөгүй санагдсан. Жишээ нь, individual psychology-г бодгаль сэтгэл судлал, inferiority feeling-г дутуугийн мэдрэмж, lifestyle-г амьралын хэв маяг зэргээр орчуулсан нь уншигчдыг төөрөлдүүлэхгүй байхад чухал байх.

Сул тал

Сэтгэлзүйн детерминист онолуудад хүний оршихуйг өнгөрсөн цагийн үр дүн гэж тайлбарладаг. Мэдээж Адлер хүн ямагт ирээдүйд тэмүүлж амьдарна гэсэн байгаа. Миний ажигласнаар зохиогч уг номоороо Адлерын онолыг хэтэрхий хүмүүнлэгийн, позитив сэтгэл судлал шиг тайлбарласан санагдлаа. Зарим хэсгүүдэд гештальт үзэл санаа гарч байсан. Зохиогчийн тайлбарлаж байгаа шиг тийм оптимист онол биш. Хүн амьдралын хэв маягаа (lifestyle) өөдрөгөөр бодох ч юм уу, өөр өнцөгөөс харахад өөрчлөгдөнө гэсэн нь хэтэрхий хөнгөн, хуумгай санагдаж байна. Учир нь Адлерын бичсэнээр амьдралын хэв маяг 4–5 насанд төлөвшиж загвар үүсдэг. Тэр загварыг Private logic буюу хувийн логик гэж нэрлэх бөгөөд бүхий л асуудалд уг логикоороо хүртэж, тайлбарлаж, шийд гаргадаг. Үүнийг өөрчлөх тийм ч амаргүй. Би лав Адлерын онолыг хагас-детерминист гэж үзнэ.

Зөвлөмж

Энэхүү ном нь гоё нэртэй ч хэн нэгний тэгтлээ их ад үзэгдээд гол дүр нь болоод байгаа үйл явдлын тухай биш шүү. Хувь хүний хөгжлийн ном бүр биш. Та эндээс хүмүүстэй хэрхэн харилцах зөвлөгөө олж уншихгүй. Номын зохиогч ч гэсэн бэлэн хариулт гэж байдаггүй. Хүн хариултыг өөрөө боловсруулдаг гэсэн байна. Энэхүү ном нь сэтгэл судлал, философийн бүтээл. Үе үе зогсоц авч, дахин дахин ойлгож уншихыг санал болгож байна. Мөн энэ номоос урьтаж Адлерын “The science of living” бүтээлийг уншвал сайн ойлгоно байх.

Л.Энхтүшиг

 

Сэтгэгдэл бичих

arrow icon