Нийтлэл 05 сарын 03, 2020

208 бие даагч ба БИЕ ДААГААГҮЙ Монголын улстөр

Энэ жилийн УИХ-ын сонгуулийн нэг онцлог бие даан нэр дэвшигчид болж байна. Нийт 208 нэр дэвшигч бүртгүүлсэн нь өмнөх сонгуулиас 300 хувь буюу даруй 3 дахин, өнөөг хүртэлх 7 удаагийн нэгдсэн сонгуулийн дундажаас даруй 6 дахин их дүн юм. Энэ сонирхолтой тоог миний хувьд манай улсын улстөрийн төлөвшилд гарч байгаа ухралт гэж харж байна.

100 ямаанд 60 ухна гэдэг шиг 76 суудалтай парламентад 208 нэр дэвшигчтэй боллоо. Хаанаас ийм олон нэр дэвшигч гараад ирэв гэдгийг мэдээж эхлээд бодож үзэх хэрэгтэй. Гурван гол шалтгаан дурдаж болж байна. Нэгд, хоёр том намд задрал явагдаж намын экс гишүүд бие даасан. Хоёрт, үе солигдох процесс явагдаж, хүн амд хамгийн том жин эзэлж байгаа залуу үеэс улстөрд орж ирж байна. Гуравт, нас үл харгалзан олон нийтийн улстөрийн оролцооны хувь нэмэгдэж ирж байна. Эхний хоёр бол ойлгомжтой. Гуравдугаархын хувьд “Эдийн засгийн өсөлтийн араас олон нийтийн нийгмийн оролцооны идэвх, улмаар улстөрийн оролцоо нэмэгдэж ирнэ” гэсэн Самуэль Хантингтоны томьёолсон зүй тогтлын дагуу өрнөж байна гэж харж болно.

Ингээд нэг харахнээ дэвшил юм шиг харагдавч нидэр дээрээ бие даагчдын улстөр намуудаас ч том асуудал дагуулах эрсдэлтэй. Ерөөсөө улстөрийн хөгжил нь намын хөгжил, намын төлөвшил нь тухайн төр улсын улстөрийн төлөвшил юм. Энд энэ дүгнэлтээ үзэл санаа, нийгмийн бүлэг, зохион байгуулагдсан институц гэсэн өөр хоорондоо холбоо бүхий гурван түвшинд тайлбарлана.

Нэгдүгээрт үзэл санаа. Манай монголчууд яахав алив юмсын мөн чанарыг бүр байхгүй болгож шороонд булж аваад санаа амардаг. Улстөр ч ялгаагүй.  Хулгай дээрэм, хар шар хэрүүл уруул болж хувирсан улстөр гэдэг юм уг нь үзэл санаа, үнэт зүйлийн салбар юм. Үзэл санаанаас Ромын репаблик төрж, үзэл санаанаас Ромын ардчилал мөхөж, үзэл санаанаас Францын хувьсгал гарч, үзэл санаа л асар их эд баялаг цэргийн хүч агуулсан аварга том хаант засаглалуудыг халсан. Төрд оролцох, засгийн эрх авахын төлөө улстөрийн үйл ажиллагааг үзэл санаанаас ангид тодорхойлсон сэтгэгч нэгээхэн ч байхгүй.

Тэгээд 208 бие даагч дотор улстөрийн үзэл санаа, үнэт зүйлтэй хүн байна уу? Улстөрийн философийн чиг баримжаагаа хүнд ойлгомжтой тунхаглаж чадсан хүн байна уу? Суурь үзэл санаагаа хайж уншдаг хуваалцдаг хүн байна уу? Үнэт зүйлийн фронтод яг аминд тулахаар улстөрийн амбицаас үл хамааран хэн хэн гарч ирдгийг баримжаалахын хувьд энэ бие даагчдаас бол мэдэхгүй юм байна. Энэ хоёр намыг сөнөөнө гэдэг ядуу антитезис бол үзэл санаа биш. ЖДҮчдийн эсрэг акц хийж олон нийтээс оноо цуглуулаад явахдаа сайн. Гэтэл ЖДҮ гэдэг төрийн мөнгөний асуудал үүсгэж байгаа Кэйнсийн эдийн засаг, клиентелизмийн эсрэг бодлогын философи чинь юу байх юм? МАНАН МАНАН гэж орилохдоо бас сайн. МАНАН-гийн цаад суурь, дэлхийн нийтийн нийтлэг чиг хандлагыг дагаад явж ирсэн неолиберализмын эсрэг санал болгох үзэл санаа чинь юу юм? 30 жилийн гол дүр ах нарын эсрэг тэмцэгч дүрд тоглох гэнэ,  тэгээд тэр 30 жилийн үзэл санааны гол дүр Баабарт бичсэн ганц хуудас шүүмж байна уу? Эсвэл гөлөг нь болж Электорат, Уухай гэхчлэн дагаж далдайж байснаа ашиггүй санагдаад ирэхээр сугараад бие даацан уу? Мояа мояа гэж миална. Мояаг төрүүлсэн популизмаас авах ба хаях нь юу юм? Женко Баттулгаас ялгарах үнэт чанар, итгэл үнэмшил чинь юу юм? Өмнө нь явж байсан намдаа ямар итгэл үнэмшлээр орж, ямар итгэл үнэмшлээр салан тусгаарласан юм? Бүгд ийм асуултуудад унана. Итгэл үнэмшилтэй бие даагч гэж үгүй, учир нь чи үнэхээр итгэл үнэмшил, үзэл санаатай бол ганцаар биш олуул болдог юм. Үүний талаар дараагийн зүйлд өгүүлнэ.  

Хоёрдугаарт нийгмийн бүлэг.  Түүхийн гол дүр ер нь хэн бэ? Их хаад уу, хувь хүн үү, Будда юу? Нийгэм-түүхэн процессын цөмд Stande буюу сонирхлын бүлгийг тавьсан Макс Вебер, нийгмийг тэдгээр бүлгүүдийн коллектив ухамсар, үнэт зүйлийн нэгдэл гэж тодорхойлсон Эмиль Дюрхеймь, төрийн чадамж ба улстөрийн төлөвшлийг тэдгээр сонирхлын бүлгийн  харилцааны агуулгад тайлбарласан Хантингтон гээд социологи, улстөр судлалын их гүрү нар “статус бүлэг”, эсвэл “сонирхлын бүлэг” -ийг суурь нэгжээ болгодог. Өөрөөр хэлбэл асар хялбаршуулаад хэлбэл засаглалд оролцоо хийх хүсэл зорилго бүхий улстөрийн хамгийн жижиг нэгж нь статус бүлэг юм. Энэ статус бүлэг дээр дурдсан итгэл үнэмшил, үнэт зүйл бүхий лидер, эсвэл лидерүүдээ дагаж үүснэ.  Токвиль  “Хувь хувийн эрх тэгш байдал хэдий хэмжээнд нэмэгдэнэ, хамтран ажиллах урлаг төдий хэмжээнд хөгжиж байж иргэншил оршин тогтноно” гэжээ.

Одоо энэ онолын дэвсгэр дээр бие даагчдаас асуугаад үз. Зохион байгуулж чадсан, манлайлж дагуулж чадсан хамгийн жижиг нэгж чинь юу вэ? Чи ямар статус бүлгийг төлөөлж байгаа юм? Хэнд буулт хийж, юуны төлөө хувийн эгогоо дарж чадсан юм? Миний хувьд юуг ч манлайлж, юуг ч зохион байгуулж чадаахгүй учраас бие дааж байна гэж харж байна. Зарим нь бол бүр долоон дор шалтгаантай. МАНАН-гаас дүрс хувирсан статус бүлгээ бие даагч нэрийн дор нууж байгаа нэг томхон хэсэг байна. Эсвэл намыг задалж, бусдын статус бүлгийг сүйрүүлэхэд гаршсан нэг хэсэг байна. Анти-МАНАН гэдэг хэн юу нь үл мэдэгдэх саармаг бүлэгт сэтгэл зүрхээрээ багтаж байгаа бас нэг хэд байх шиг байна. Анти бол оршин байгаа ямар нэг статус бүлгийн үгүйсгэл болохоос өөрийн гэсэн чиглүүлэгч, алтангадас од бүхий бүлэг биш.

Манайд “нам” гэдэг юу болж хувирсан нь бол манай л асуудал. Энэ хүртэл дурдсан хоёр зүйл буюу үзэл санаа, түүний нягтрал болох статус бүлэг дээр биет зохион байгуулалт нэмэгдээд жинхэнэ нам төрдөг. Нам бол институц. Институцийн талаар дараагийн зүйлд өгүүлнэ.

Гуравдугаарт, институц.  Хөгжлийн онол нэгмөр нэг тийшээ харсан юм одоогоор алга байна. Нэг тийшээ харах байтугай улам бүр бужигнаж ирж байна. Гэхдээ дунд нь гол төмөр шиг нэг дүгнэлт улам бүр хүчийг авч байгаа нь “Институцгүй хөгжил гэж байхгүй” гэдэг зүйл. Институц гэдэг нь ганц улстөр төдийгүй нийгмийн бүх салбарын хувьд тухайн нийгмийн гишүүдийн оюун санаа, үзэл санааны үнэт зүйлээс урган гарсан зорилгыг хэрэгжүүлж чадахуйц зохион байгуулагдсан хэлбэрийг хэлж байна. Жишээ нь “Уул уурхайн баялгаасаа хувь хүртэх” гэдэг бол монгол хүний нийтлэг хийсвэр хүсэл. Үүнийг хэрэгжүүлэхэд дотоодын үнэт цаасны зах зээл гэдэг бодитой институц хэрэгтэй гэх мэт.

Улстөрийн хувьд ч ялгаагүй. Самуэль Хантингтоны классик “Өөрчлөгдөж буй Нийгмүүд дэх Улстөрийн дэг журам” бүтээлд улс орнуудад давтагдсан түүхэн хэв маягуудад шинжилгээ хийж дараах дүгнэлтийг хийсэн байдаг:

“Улс орнуудын дундаж орлогод асар их ялгаа байгаа шиг улстөрийн төлөвшилд ч асар их ялгаа гарах боллоо. Үүний гол шалтгаан нь нам буюу улстөрийн институцийн хөгжилд байна. Нийгэм хөгжиж, сонирхлын бүлгүүд олшрохын хэрээр тэдгээр бүлэг хоорондын харилцааг улстөрийн төлөвшил бүхий институцээр дамжин хэрэгжүүлэх ёстой”

гэжээ. Улмаар улстөрийн тогтворгүй байдал, авилга, үймээн самуун, хүчирхийлэлд идэгдсэн орнууд “Улстөрийн оролцооны боломж өргөжиж ирж байгаа хэрнээ интситуцийн хөгжил сул”  гэсэн нийтлэг хэв шинжтэй гэсэн онош гаргасан байдаг. Сонирхлын бүлгүүд олширч, оролцооны боломж өргөжиж ирэх гэдэг нь энэ тэмдэглэлийн эхэнд дурдсан манай өнөөгийн байдалд тохирч буй. Институцийн хөгжил сул гэдэг нь ч мөн. Өөрөөр хэлбэл өнөөдөртөө сонирхолтой харагдаж буй 208 гэсэн тооны цаана түүхийн хэв маягаа бариад үзвэл хямрал, хүчирхийлэл, задралын эрсдэл нуугдаж буй.   Бие даагчид хэзээ ч институц болж чадахгүй. Учир нь тэдэнд дээр дурдсан хоёр үндсэн бүрдэл нь байхгүй. Хамгийн ихдээ оршин байгаа институцийг үгүйсгэгчийн дүрд л тоглоно. Үүнийгээ ихэнх нь намуудад кноп зарах наймаа болгож хувиргана. Гамшиг!  

Хоёр том нам 30 жил үнэт зүйл биш эрх ашгийн улстөр хийснээс болж нийгмийн итгэлцэл унасан. Энэ нь манай улстөр цаашид гүнзгийрэн институцчлэгдэх биш хувь хүнших, задрах цаад шалтгаан болж байгаа нь мэдээж хэрэг. Гэхдээ маргаашийн Монголд институц сүйрч, итгэлцэл унаж байгаа дээр тоглох оппортюнистууд биш энэ хоёр намын хийж чадаагүйг хийх дэвшил хэрэгтэй. Сэтгэлгээ хоцрогдох нь хөгжил юм. Өөрөөр хэлбэл, улстөрийн агуулгад бол хоёр том намын үзэл санаа хоцрогдож, тэр хэрээр нэг бол дотроосоо шинэчлэгдэж, эсвэл гаднаасаа түрэгдэж илүү дээр идей, илүү дээр манлайлал, зохион байгуулалт бүхий нам бий болох нь хөгжил болохоос байгаа намуудаа задлахад гар бие оролцсон улстөрийн наймаачид бөөн бөөнөөр түрэх нь хөгжил биш сүйрлийн цондон. Энэ хэнд ашигтай байх вэ, хэн найруулж байж болох вэ гэдгийг ч бид бодолцох хэрэгтэй. 

Ертөнцийн явдал ярвигтай, улам ч ярвигтай болж ирж байна. Түүнийг тайлах тодорхой идей санааны цогц буюу идеологигүй бие даагчдын гарт улстөрийг атгуулна гэдэг улс үндэстний хувь заяанд учрах хамгийн аймшигтай эрсдэл мөн. Бие даагчдыг бие даасан улстөр хийтэл нь буюу нам болж төлөвштөл нь дугуйлахгүй буцаах нь улстөрийн хувьд тэднээс илүү төлөвшсөн сонгогчийн үүрэг болно.

arrow icon