Нийтлэл 05 сарын 11, 2020

Хар жагсаалтаас ч хар сэхээтнүүдийн тухай

Эхлээд саарал, хар жагсаалт гэж ер нь юу болоод байгаа талаар тойм мэдээлэл бичье.  Мөнгө угаалтын эсрэг APG буюу Ази/Номхон Далайн Бүлэг гэж 41 орны гишүүнчлэлтэй олон улсын байгууллага байна. Гишүүн орнууд баг болоод нэг нэгэндээ үнэлгээ хийдэг. Манайд үнэлгээ хийсэн багт өөрсдийгөө яая гэж байгаа Пакистаны цагдаа, Макаогийн санхүүгийн тагнуулаас хүртэл орсон харагдсан. 40 үзүүлэлтээр хийсэн үнэлгээний үр дүн мөн л мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцдэг FATF гэж олон улсын байгууллага руу очиж, хамтран ажиллах шаардлагатай гэгдэх улсууд тодордог. Ямар нэг үйлдэл шаардлагатай гэж ангилсан хоёрхон орон байгаа нь Иран, Хойд Солонгос хоёр. Мониторинг хийгдэж байгаа гэсэн 18 орон байна.

FATF нь коронавирусээс үүдсэн нөхцөл байдлын улмаас аливаа хэлбэрийн үнэлгээг хойшлуулж байна гэдгээ 4 сарын 28-нд зарласан. Харин Европын Холбоо дайны хажуугаар дажин гэгчээр хагас жилийн өмнө гарсан тэдний үнэлгээг тусгаж авна гэдгээ 5 сарын 8-нд зарласан. Тус мэдэгдэлдээ манай 2016 оны үнэлгээ хуучирсан байжээ, үүнийг ямар нэг хориг арга хэмжээ дагалдахгүй, цаашид нягт хамтран ажиллана гэж дурджээ.

Энд нэг зүйл тайлбар хиймээр байна. Эдгээр байгууллагууд эднийх хар шүү, танайх саарал шүү гэж улс орнуудыг өнгөөр ангилаад байдаг юм байхгүй. Тэгэх боломж олон улсын харилцааны зарчим, эрх зүйд байхгүй.  Иймэрхүү төрлийн олон улсын байгууллагууд засгийн газар хоорондын буюу intergovernmental статустай байх ба supranational буюу төрт улсын бодлогыг давж засаглах шинж чанаргүй болох тухай өмнөх нийтлэлд тайлбарласан. Тийм ч учраас энэ төрлийн интерговернментал байгууллагаас гаргасан аливаа эрэмбэ, тайлангийн урд “Энэхүү тайлан нь аливаа улсын бүрэн эрхт байдалд ямар нэг байдлаар харшлахгүй” гэх маягийн тайлбар заавал зүүдэг.

Эндээс юу харж болох вэ гэвэл хар ба саарал жагсаалт гэдэг нь дотоодод үүссэн улстөрийн нэршил бөгөөд тэрэнд орчихлоо, одоохон сүйрлээ гэж орилоод байгаа асуудлууд ч ихэвчлэн дотоодын улстөрөөс урган гардаг. Ерөөсөө Улс хоорондын совернд суурилсан харилцааг боолын гэрээ шиг юм болгож хувиргадаг нь хаа газрын хурган сэхээтнүүд өөрсдөө. Үндэсний үзэлгүй сэхээтэн гэж би лав мэдэхгүй тул налуу бичив. Ийм хуурмаг “сэхээтнүүд”-ийг хоёр ангилж болно. Нэг хэсэг нь бол ямар нэг улстөр, эрх ашгаас ангид гэмгүй нөхөд. Зүгээр л явсан сурсан газрынхаа системд харанхуй дагаар орогсод. Нөгөө хэсэг нь бол мэдлэггүй гэнэн нийгмээ дээрэлхэж тархи угаах замаар хоолоо олж иддэг  улс орноо худалдагсад. Нэг их эдийн засаг мэддэг, улс орондоо санаа зовсон дүр эсгэнэ. Үнэндээ бол явцуу эрх ашиг, тамын тогооны үлгэрт нь англиар гарсан ямар нэг сүр мэдэгдэл хэрэг болох төдий. Тэдний улстөрд манай ерөнхий соёл, сэтгэлгээ хөрс нь болж өгдөг. Москвад найтаахад Улаанбаатарт ханиад хүрнэ гэдэг шиг л юм. Нэг долдой нөхөр генерал цолтой нөхөр рүү  найтаасандаа санаа зовсоор байгаад үхчихдэг Чеховын өгүүллэг байдаг биз дээ? 300 жил гаднын дарлалд байсан Монголын комплекс их гүнзгий. Гадаад л бол баян, хүчтэй, зөв гэж хүлээж авч дагаар ордог гүнзгий шарх манай нийгэмд байдаг учраас л ииии аажууу энийг хар даа гадаадууд биднийг ингээд байна гэж давс үрэх боломж үүсдэг.

Харамсалтай нь хилийн чанадад хөнгөн найтаасны төлөө өөрсдөө сайн дураар хатгаа тусах тусам дотоодын соверн бодлогын барьц суларч байдаг. Жишээ нь Н.Алтанхуяг Оюутолгойн зардал хэтэрлээ гэж Рио Тинтотой нэлээн үзсэн. Олон улсын хэвлэл мэдээлэл, үзэл суртлын машин ажиллаж Монголд хөрөнгө оруулах хэрэггүй гэсэн дохио өгч буланд шахсаар байгаад манайх буулт хийсэн. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар ч засгаа авсан, Дубайн гэрээ хийгдсэн. Тухайн үед Рио Тинтод Монголын “эдийн засагчид” их тус болсон доо. Засгийн газраа баалж, энд тэндэхийн рейтинг барьж өдөр шөнөгүй орилолдсон.  Уг нь ирээдүйд энэ улсад үр хүүхэд нь үлдэнэ, Рио бол гараад явна.

Ер нь гадаад л бол шударга, гадаад л бол зөв гэсэн юм байхгүй. FATF мөнгө угаах, терроризмтой тэмцэхийн эсрэг 18 орны нэр цохоод хянана гэнэ. Үнэндээ бол ингэж ядуу буурай улсуудыг дээрэлхэж жагсаагаад байгаа олон улсын байгууллагын автор орнууд өөрсдөө хамгийн гамшигтай террор дайн, хамгийн хөнөөлтэй санхүүгийн систем хийдэг.

Энэ 18 орноос үзээд өгье гэсэн ч АНУ шиг үе үе хөрөнгийн зах зээлийн хямралаар дэлхийн түрийвчийг сэгсэрч сая сая хүний амьдралд ядуурал, гамшиг авчирдаг орон байхгүй. Дэлхийн эдийн засагт триллион триллион долларын алдагдал авчирсан 1930 оны их хямрал, 2008 оны хямрал, Евро бүсийн хямрал бүгд эдгээр өндөр хөгжилтэй орны санхүүгийн тогтолцооноос үүдэн гарсан. 1970-аад оноос хойш гэхэд эдгээр оронд их бага 160 орчим санхүүгийн хямрал ээлж дараатай дэгдэж байсан гэх тоо ч байна.

Терроризмын хувьд ч адилхан. Холбоотнууд Ойрх Дорнод, Сирид дайн хийх болохоор үзэл санаа, энх тайвны төлөө тэмцэл болдог. Бусад орон болохоор барбарианууд, террористууд болдог. 2019 оны байдлаар дэлхий дахинд цэрэг зэвсэглээр хөөцөлдөхөд зарцуулж байгаа 10 доллар тутмын 4 доллар нь ганцхан улсад буюу АНУ-д ногдож байна. Тийм байтал Монгол шиг хэдхэн мянган цэрэгтэй энх тайван орон мөнгө угааж, дэлхийд терроризм санхүүжүүлэх гээд байна гэнэ.  Ерөөсөө сүүлдэж гараанаас гарсан, дэлхийн санхүүгээс ангид шахуу орнуудад дааж давшгүй олон босгоор үнэлгээ хийж, нэг нэр хоёр хоч өгч байдагт эдийн засгийн гэхээсээ улстөр, геополитикийн шинж чанартай асуудал олон байна. FATF-ийн үнэлгээгээр дүүжлүүрт очоод байгаа Иран, Хойд Солонгос хоёр гэхэд цөмийн зэвсэгтэй, улстөрийн дэглэмийн хувьд АНУ, Их Британиас бие даасан бодлого хэрэгжүүлж ирсэн хоёр орон. Өөрөөр хэлбэл улстөрийн асуудал.

Европоос хамгийн гамшигтай дэлхийн хоёр дайн гарсан тухай энд бичсэн. Мөрөөрөө амьдарч байсан улс орнуудын хаалгыг тогшиж, тайлахгүй байвал дэлбэ өшиглөж ороод дээрэмдчихдэг байсан үе ард үлдсэн ч нэгмөр дууссан гэж үзвэл хэтэрхий гэнэн өөдрөг үзэл болно. Энэ тивээс харьцангуй либерал дэг журам тогтоохын төлөө хүчин зүтгэл хийдэг болсон нь үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ дэлхийг дээрэмдэж өндөр хөгжилтэй болчихоод, тэр ул мөрөөс нь сэхэж амжаагүй орнуудад агуу агуу шаардлага тавьж, бодлогын дарамт үүсгэж суух эрх байгаа эсэхийг асуух эрх бусад орнуудад бий. Зах зээлийн бүтээгдэхүүний асар өндөр стандартууд дээр ч манай төр өөрийн толгойтой, бодлоготой хандах хэрэгтэй. Тэгэхгүй бол тусламж нэртэй хэдэн сая долларын араас хөгжиж байгаа орны ямар ч компани сөхөрч унамаар олон стандарт оруулж ирээд хууль болгочихдог. Тэр стандартаар нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдааны өрсөлдөөн хийхийн тулд бодвол өөрсдийнх нь туулсан 200 жилийг дахиж туулах хэрэгтэй байх.

Энэ мэтийг өөрсдөө асуухгүй бол хэзээ ч хариулахгүй. Хүний дэлхий үзэл суртлаас ангижрах болоогүй. Руссогийн хэлсэн нэг үг бий, “Зөв гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй хүч хэзээ ч хамгийн хүчтэй нь байдаггүй.”

“Зөв гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй хүч хэзээ ч хамгийн хүчтэй нь байдаггүй."

Өөрөөр хэлбэл, өнөөдөр хамгийн хүчтэй их гүрнүүдэд ч бүхнийг хар хүчээр шийдэх сонирхол байхгүй. Тийм ч учраас хүн ойлгохгүй олон товчилсон үсэг бүхий бүтэц хийж, аливааг зөв шийдэж байгаа юм шиг асар олон дүрэм, зарчим хийдэг. Монгол мэт жижиг эдийн засаг тийнхүү “зөвчлөгдсөн" олон давхар өөхөнд өөрсдийн үнэт зүйл, үндэсний эрх ашгийг шингээхийн төлөө сэтгэж байж л арай нэг эрх тэгш зарчимд дөхөж харилцах болно. Түүнээс биш хүний зуураад өгсөн будгийг улам өтгөрүүлж, улам харлуулж аваад улс орноо будах гэж уралцаад суувал хэн ч өөр өнгөөр харж өгөхгүй.  Улстөр, эдийн засгийн элдэв байгууллагын хийсэн хар цагаан жагсаалтад орж болно, гарч болно. Улс орноо бусадтай нийлж барьдаг хар дотортой “сэхээтнүүд”-ээ цайруулж авах нь илүү хэцүү даваа.

arrow icon