Нийтлэл 07 сарын 01, 2020

ФИЛОСОФИЙН АСУУЛТ: Чамд хэн чухал вэ?

Бид өдөр ирэх тусам нийгэм хөгжиж, хэн нэгнийг ямар байх ёстойг нь заадаггүй ертөнцөд амьдардаг болж байна гэж итгэж ирсэн. Өөрийнхөөрөө байхыг чухал гэж үзэн, хэн нэгэн алдартны илтгэлд үргэлж л “Өөрийнхөөрөө бай” гэх үг орж, сонсогч үзэгч бүхэн дотроо “Би хангалттай юм байна” гэсэн сэтгэлийн зоригийг авдаг нийгэм. Энэ нийгэмд хэн хамгийн чухал вэ? Бүгд өөрийнхөөрөө байх энэ дэлхийд хэн илүү чухал юм бол гэж та бодож үзсэн үү? Яг үнэндээ та өнөөдөр бидэнд чухал уу? Миний энэ нийтлэлд юу бичих нь танд чухал уу?

Энэ хичээлийн улирал би шашны хичээлүүдийг түлхүү авч үзэж байгаа юм. Ямар нэгэн шүтлэг дагаж биш, хүн төрөлхтний хариулж чаддаггүй хэдэн зуун асуултанд хүний итгэлд тулгуурлан хариулдаг шашин гэдэг нь яг үнэндээ юу юм болоо гэх сониуч зангаар судалж эхэлсэн. Энэ хүрээнд надад сонирхолтой санагдсан нэгэн хэсгээс санаа аван таныг яагаад чухал болохыг тайлбарлахыг хичээе.

Өөрсдийн сүйт залууг хүлээж буй (сүйт залуу нь бурхан эсвэл Есүс гэж энэ хэсэгт үзнэ) онгон арван сүйт бүсгүйчүүд байж гэнэ. Өдрийн турш хүлээж байсны эцэст үдшийн бүрий нөмөрч, ойр хавь амар харагдахгүй харанхуй болж эхэлсэн байна. Тэр үед сэргэлэн, ухаантай таван сүйт бүсгүй нь бамбар бэлдэн, сүйт залуугаа хүлээж суусан авч үлдсэн таван бүсгүй нь юу ч бэлдэж амжилгүй цаг нь болжээ. “Сүйт залуу ирлээ” гэх чимээнээр бамбартай таван бүсгүй явахыг завдахад үлдсэн таван бүсгүй нь бамбарынхаа тосын тал ч хүрэхгүй багахан хэсгийг өгөхийг гуйсан байна. Гэтэл бамбартай таван бүсгүй нь юу ч өгөлгүй цааш явчихсан гэдэг. Ингээд мэдээж түүх дуусаагүй ээ, бамбартай таван бүсгүй сүйт залуутайгаа уулзахад сүйт залуу/бурхан “Та нар чинь ямар хүн чанаргүй хүмүүс вэ? Юунд золгүй нөхөддөө тусалж багахан ч гэсэн бамбараа хуваалцсангүй вэ?” гэж уурлан тэднийг хөөжээ гэж хэлмээр байгаа ч үнэндээ их эсрэг үйл явдал болсон юм л даа.

Бурхан бамбартай таван бүсгүйг үзэсгэлэн гоо, ухаанаар нь магтаж харин золгүй үлдсэн таван бүсгүйг тэнэг байна гэж доромжлон, тэднийг тамд очно гэж хэлдэг. Энэ үйл явдал нь өнөөдийн орчин үеийн бидний нүдээр харвал хоёр талтай асуудал юм. Нэг бодлоор бол яалт ч үгүй ухаан сэргэлэн байсан нэгэн нь амьдралд ялж, Урагш алхаж чадаагүй нэг нь хойно үлдэж зовох ёстой ч юм шиг. Эсвэл хүний өмнө ороод алхаж чадахаар чадвартай бол бусдал туслаад хамтдаа л маргаашийн нарыг харах ёстой ч юм шиг. Энэ хоёр шийдвэрийн үндсэн дээр таны хувьд аль шийдвэрийг гаргах нь чухал вэ? Үргэлж хэн нэгэнд тусалж байдаг хүн чухал уу? Эсвэл үргэлж бусдаас нэг алхам түрүүнд явдаг гүйцэж чадахааргүй тэр хүн чухал уу?

Элон Маск

Хэдэн жилийн өмнө Тайландын агуйд гацсан хөл бөмбөгийн багийн хүүхдүүдийг та санаж байна уу? Тэрхүү үйл явдлын үеэр Элон Маск хүүхэд багтахаар жижиг хэмжээний шумбагч бүтээж түүгээрээ аврья гэсэн санааг гаргасан ч, гацсан хүүхдүүдэд гэхээс илүү интернэт хуудсанд ойр санаа байсан гэтлэй. Бяцхан шумбагч онгоцнуудын зураг, тайлбар бичлэгүүд цахимд тарсан ч хүүхдүүдийг аврахад нөлөө үзүүлж чадсангүй. Харин хүүхдүүдийг аварч чадсан шумбагч Ансворт Маскийг “Тэр шумбагч онгоцнуудаа …” гэж хараасны улмаас Маск, Ансворт хоёрын хооронд асуудал үүсэж байсан удаатай. Алхам хийдэг хүн чухал уу? Санаа гаргагч чухал уу? Дээрхи үр дүнгийн үүднээс хариу гаргалгүй та дотроо л бодоод үзээрэй.

Чуанг Зу (CHuang Tzu, Zhuang Zhou etc)

Эртний Хятадын Таоист бичээч Чуанг Зу-г улс орныг нь удирдан залахад туслаач гэж хаан гуйхад, Чуанг Зу “Танай ариун сүмд гэгээн яст мэлхий Чүү 3000 жилийн турш хадгалаастай байдаг гэнэ үү. Хаан түүнийг торгонд ороон хайрцганд хийсэн байдаг гэв үү. За бодоод үз дээ, тэр яст мэлхий торгонд ороолгон, ариун сүмд баймаар байсан бол уу? Эсвэл шаварт сүүлээ чирэн амьд явж байхыг илүүд үзэх байсан бол уу?” гэж асуужээ. Сонсож байсан хүмүүс ч “Амьд явахыг илүүд үзнэ” гэж хариулсан аж. Чуанг Зу хариуд нь “Алив, тэгвэл та нар яв. Би энд шаварт сүүлээ чирээд л байж баймаар байна” гэж хэлсэн гэдэг. Тухайн хүний өөрийн амьдралыг харах үзэл бодлоо илүүд тавих уу эсвэл улс орноо зөв залах ухаан байгаагаа илүүд үзэх үү? Хувь хүний дотор ч гэсэн өөрийнхөө аль байдлаар амьдарч явах нь чухал эсэхийг шийдэхэд төвөгтэй байдаг нь лавтай.

Чухал уу? Чухал биш үү? гэдэг шийдвэрийг гаргахад та энэ нийгмийг тэдгээр хүмүүсгүйгээр төсөөлж үзэхэд л хангалттай. Таны эргэн тойронд байдал адил төстэй хэн нэгнийг огт байхгүй байна гээд төсөөлөөд үз. Эсвэл таны өөрт чинь бий ямар нэгэн зан араншингаа байхгүй байна гээд төсөөл дөө.

Та чадвал яг энэ асуултанд чангаар хариулаад үз – танд ямар санагдаж байна?

Би энэ асуултын хариултын хэдэн сая янз байгаа гэж итгэж байна. Алга болчихвол сайхан байна гэж бодох хүн байхад, ёстой муухай байна гэх нэгэн бий. Ялгаа алга даа гэх хүн байхад, огт ойлгохгүй байх ч хүн байна. Өнөөдөр яригдсан бүх асуудлыг чухал гэж үзэх хүн байхад, үнэндээ л ямар ч утгагүй байна гэж бодох ч хүн байна. Хэдэн тэрбум хүнд тэрбум төрлийн нүд заяагдсан байхад, тэрбум төрлийн бодол санаа байх нь лавтай.

Та чухал юм. Та өөртөө чухал, та цор ганц тэр хүн дээ чухал, та гэр бүлдээ чухал, эсвэл та бүгдэд чухал. Таны бодол санаа шийдвэр амьдралд чинь өөрчлөлт авчирч байгаа тэр л мөчид та бид бүгдийн амьралд чухал юм.

 

Жич:  (Spoiler Alert) “Curious Case of Benjamin Button” гээд кинонд хайртай эмэгтэй нь машинд дайруулдаг хэсэг байдаг даа. Бэнжамин хэдэн хүний бяцхан шийдвэр нэг том зүйл дээр дуусаж байгаа талаар тайлбарлан ярьдаг. Тийм жижигхэн шийдвэрүүдийн үр дүн нэг хүний мөрөөдлийг дуусгаж байхад таны шийдвэрүүд бид нарт нөлөөлөхгүй гэж та яаж бодож чадах вэ?

2020.06.24

Обирин Их Сургууль

Амина.Д

 

Сэтгэгдэл бичих

arrow icon