Нийтлэл 09 сарын 16, 2020

Хөгжлийн түлхүүр бол боловсрол

«Хамгийн сайн наймааны ухаантай үндэстэн хаана байдаг вэ?» хэмээн асуувал манайхны олонхийн толгойд хятадууд юун түрүүнд санагдах болов уу? Орос, Хятад хоёрхон хөрш улстай бидний хувьд ингэж бодох нь арга ч үгүй юм. Зарим нэг хүний санаанд япон, солонгосууд бодогдож байж мэднэ л дээ. Би ч бага залуудаа бусдаас өөрцгүй тиймэрхүү маягтай төөрөлдөж л явлаа.

«Хамгийн их ном уншдаг үндэстэн хаана амьдардаг вэ?» гэсэн асуултын хариуд таны толгойд ямар үндэстний нэр харван орж ирж байна вэ? Дээхнэ Зөвлөлтийн үед оросууд ном их уншдаг байсан. Америк, Япончууд ч ном унших талаараа зартай. Том том номын дэлгүүрүүдтэй болохоор Хятадуудыг их уншдаг байх гэж зарим хүн хэлж мэдэх л юм.

Гэвч амьдралд амин чухал байж мэдэхээр дээрх хоёр асуултын зөв хариултын эзэд хэн болох талаар энэ бичлэгтээ товч өгүүлье! 2000 мянга гаруй жилийн турш дэлхий даяар тархан тэнүүчилэхдээ асар их хэлмэгдүүлэлт, зовлон зүдгүүрийг амссаны эцэст төрөлх хэл нь хүртэл устан мөхөөд дэлхийн наян таван хэлээр ярьдаг болчихсон байхдаа арабын хойгийн өчүүхэн буланд улс гэрээ төвхнүүлэх боломж олдсон энэ жижиг атлаа агуу үндэстний өмнө тулгарсан хамгийн эхний шийдвэрлэх учиртай том бэрхшээл нь еврей хэлээ сэргээн ашиглах явдал байжээ. Тэр амаргүй зорилтыг маш богино хугацаанд амжиллтай хэрэгжүүлснийг бид мэднэ.

Түүнээс хойш өдгөө болтол Израйль улс арабын хойгийн элсэн цөлд олон гайхамшигтай үйлсийг цогцлоож чадсан боловч «Ном унших дуртай ард түмэн», «Боловсролыг дээдлэгч үндэстэн» хэмээх алдар цол нь бүхний сонорыг бүхнээс хүчтэй дэлдэж байгаа бөлгөө.

Миний бие энд тэнд яриа таниулга хийгээд явж байхад зарим залуу эцэг эхчүүд хүүхдээ хэрхин номонд дуртай болгох талаар асууж лавлах нь бий. Охиныгоо багад нь номтой хэрхин нөхөрлүүлж байсан дурсамж нэлээд алсран бүдгэрсэн болохоор тэг ингэ гэж тоймтой юм тэр болгон хэлж чаддаггүйг нуух нь юун. «Охиныг маань мэдээ ороход л аав нь гэж нэг хүн ширээ тохойлдоод ном уншиж суугаа нь харагдсан байж таарна. Өөрөөр хэлбэл ном унших тал дээр залуу эцэг эхчүүд биеэрээ үлгэрлэх хэрэгтэй.» гэсэн маягийн бүдүүн тойм хариулт өгөөд өнгөрөх нь олонтоо байдаг.

Тэгвэл еврей эцэг эхчүүд хүүхдээ номонд дуртай болгох бэлэн жор нь манайханд ч гэсэн маш хэрэгтэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл тэд хүүхдээ бүр тав зургаан сартай байхаас нь эхлээд жижиг үлгэрийн ном аядуу, зөөлөн, тод дуугаар уншиж өгдөг ажээ. Тухайн үед нялх нярай хүүхэд хэдийгээр номын утгыг ойлгохгүй боловч эцэг эхийн дууг таньдаг болсон байх тул ихэд сонирхож анхаарал нь татагдан төвлөрөх боломжтой байдаг ажгуу. Энэ мэтчилэн мэдээ ортол нь өөрсдөө байнга номтой нөхөрлөж уншихын зэрэгцээ ном судрын цогц орчин дунд нялх хүүхдийг өсгөдөг байна. Тэгээд нэг настайгаас нь эхлэн өөрийн эрхэмлэн дээдлэдэг «Библи» зэрэг судар номын үг үсгээс нөгөөх л хэв маягаар уншсаар байх бөгөөд ийм номын орчинд өссөн хүүхэд 2-3 насандаа бие дааж ном унших чадвартай болсон байдаг гэнэ шүү.

Эхнэр бид хоёр охиныгоо 2 ой есөн сартайд нь 35 үсэг нүдлүүлж гурван настайд нь нэлээд боломжийн уншуулж сургасныгаа тухайн үедээ маш их олзуурхаж байсныг тодхон санаж байна. «Би ч бараг энэ тал дээр Гиннесийн амжилт тогтоосон байх даа?» хэмээн залуу хүн юм чинь лав омогшиж байсан байлгүй. Гэтэл жүүдүүдийн хувьд тийм зүйл амжилт биш ердийн үзэгдэл байдаг гэхээр мөн гайхалтай хэрэг шүү. Манай дийлэнх хүмүүс «Жүүд ухаан» гэхээр тэдний тархины онцлог, гени энэ тэртэй нь холбож бодох гээд байдаг нь түгээмэл. Гэтэл тэдний нууц нь тун энгийн буюу хар багаасаа номын амтанд орж, боловсролыг эрхэмлэн дээдлэгт байдаг нь бараг тодорхой байнам бус уу? Номын амт гэснээс жүүдүүд хүүхдийг багаас нь номын амтанд оруулдаг уламжлал нь ч ихээхэн этгээд сонирхолтой ажгуу. Тэд эртнээс нааш таван нас хүрсэн хүүхдээ чулуун хавтангийн өмнө зогсоолгоод амтат зөгийн балаар судар номын үг үсгийг дээр нь бичиж түүнийг уншиж чадах бөгөөс долоох эрх олгодог байжээ. Тэгээд унших чадвар нэмэгдэхийн хэрээр амтат бялуу, чихэр. . . . . гээд хүүхдийн дуртай болгоноор шагнадаг байсан аж. Өөрөөр хэлбэл ном уншуулж сургахын сацуу хүүхдэд ном унших, эрдэм сурах нь ийм амттай, сонирхолтой байдаг юм шүү гэдгийг ухааруулдаг хэрэг байж таарна.

Аав маань жирийн л тостой жолооч нарын нэг байсаан. Гэхдээ намайг сургуулийн сурагч болоход «Хүү минь цүнх номоо орны хөлд хаядаггүй юм шүү.» хэмээн сургаж байсан тэр сайхан уламжлал еврей үндэстэнд мөн л байдаг тухай мэдээд мэл гайхаж цэл хөхрөх шиг санагдав.

Би жүүд хэмээх агуу үндэстний хүүхдээ хэрхин номонд дуртай болгодог тухай энэ бичлэгтээ голчлон өгүүллээ. Харин үндэстэн даяараа номонд хэрхин шимтдэг талаар бичнэ гэвэл хэдэн арван боть ном гаргах хэрэгтэй болж мэдэх байх шүү. Дэлхийн том гүрнүүдэд борлуулалт сайтай нэг сайн ном гарлаа гэхэд хамгийн түрүүнд шахам Израйльд орчуулагдан хэвлэгддэг гэдгийг та бүхэн лав дуулсан байх аа. Ням гаригт бүх үзвэр үйлчилгээний газрууд амарч хаалгаа барих учиртай боловч ганцхан номын дэлгүүр л нэлээд удаан цагаар ажиллах хуультай ажээ.

Хууль гэснээс эртний еврейчүүдийн дунд хэн нэгэн хүн нөгөөдөө байгаа номыг зээлэн уншъя гэхэд харамлаад татгалзах бөгөөс чамгүй их мөнгөн торгууль оногдуулдаг байсан гэдэг. Бас еврейчүүдийн дунд «Ном зээлэхээр гуйсан хүн өст дайсан чинь байлаа ч түүнд өгөх л хэрэгтэй. Хэрвээ өгөхгүй гэвэл чи өөрөө мэдлэгийн дайсан болон хувирлаа гэж бод.» хэмээх мэргэн үг хүртэл байдаг байх юм.

Номыг энэ мэт дээдлэж, мэдлэгийг эрхэмлэдгийн үр дүнд Америкийн Нобелийн шагналтангуудын тавь шахам хувь, алдартай их сургуулийн профессорын гуравны нэг, нэрт өмгөөлөгчдийн дөрөвний нэг хувь нь жүүдүүд болсон байдаг нь эргэлзээгүй хэрэг. Бас дэлхийн алдартай бизнесмэнүүдийн талаас илүү хувь нь жүүд гаралтай бизнесмэнүүд бөгөөд Америкийн эдийн засгийн том салбарын 25 хувийг зөвхөн жүүдүүд атгаж байдаг гэдгийг та лав дуулсан байх аа.

Энэ бичлэгийн эхэнд дурдсан хоёр асуултын зөв хариултын эзэн хэн болохыг өдгөө та бүхэн лав ойлгосон гэж итгэж байна. Хөгжлийн гарц юу байж болох тухай дээр доргүй эрэл хайгуул болж байгаа энэ цаг үед түүний хариултыг олох гээд тэгтэл мунгинаж төөрөхийн хэрэггүй Монгол үндэстэн даяараа ном эрдмийг эрхэмлэж төр засгаас түүнийг нь хүчтэй дэмжиж туслаад өгөхөөс өөр гарц үгүй гэдгийг ч уншигч авгай та лав ухааран ойлгоо болов уу гэж бодож байна.

 

Сэтгэгдэл бичих

    • Yalanguya udirdagchdiin bolovsrol
    • 2020-09-20

    unuudur bol Gadaad helnii medleg bas chuhal. Oros heltei uls turchid udirdagchid zuvhun hoish ni changaana.

arrow icon