Нийтлэл 09 сарын 25, 2020

Кембрижийн хөтөлбөрийн лоббиг эсэргүүцэх нь - 2

Боловсрол судлаач  Г.Баянзулын Кембрижийн хөтөлбөрийн лоббиг эсэргүүцэх нь нийтлэлийн хоёрдугаар хэсгийг хүргэж байна. 

Дунд боловсрол эзэмших хугацаа уртсахын хэрээр даяарчлагдсан шинжтэй мэдлэг, хэл соёл болон юниверсал болж буй сургалтын арга зүй, суралцахуйн арга барил давамгайлж, үүний нөлөөгөөр уламжлалт соёл сэтгэлгээ, амьдралын хэв маяг эвдэрч огцом өөрчлөгдөж байгаа билээ. Ийм үед өөрийн орны үндэсний онцлогийг агуулсан, боловсролын тэгш байдлыг хангахад чиглэсэн боловсролын бодлого шаардлагатай болж байна. Өндөр хөгжилтэй орнууд ч шашны сургуулиудын асуудлаас болоод тэгш хамруулан сургахад бэрхшээл үүсч байна. Хүнд, ядуу нөхцөлд амьдарч арайхийн сургуульд сурч байгаа хүүхдүүдийн хувьд ирээдүйн амьдралаа авч явах хэмжээний мэдлэг ур чадвар эзэмшиж байгаа гэсэн үг хараахан биш юм.   Манай орны хувьд мөн төрөөс иргэддээ тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол олгох бодлого тууштай хэрэгжихэд юу саад болж байгаа талаар үзэл бодлоо хуваалцахыг хүссэн юм.

Нийтлэлийнхээ эхэнд төрийн өмчит хос хэлний сургуулиудын тухай 2-3 асуудлыг товч хөндье. Эдгээр сургуулиудын элсэлтийг зохион байгуулах, сонгон шалгаруулалт хийх асуудал олны анхаарал татдаг болжээ. Одоо сургуулиуд өөрсдөө шийдээд багш ажилтнууд нь хүүхдээ оруулаад, үлдсэн орон тоон дээр нь 1000-2000 хүүхэд бужигнуулж байгаа дүр зураг байна. Эргэн сануулахад төрийн өмчит хос хэлний сургуулиуд 2010, 2011 оноос Кембрижийн болон үндэсний хөтөлбөрийг англи, монгол хэлээр хэрэгжүүлж байгаа юм. Ерөнхийдөө 300, 400 гаруй хүүхэдтэй, жилдээ 1 тэрбум 170-180 сая төгрөгийн төсөв зарцуулж сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Нэгэнт төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж байгаа цөөн тооны хос хэлний сургуульд төлбөргүй, тэтгэлгээр суралцаж байгаа бол элсэгчид тодорхой шалгуурыг давж орох хэрэгтэй гэж тухайн үед КОУШТ-өөс зөвлөж байсан юм. Шалгууруудын тухайд өргөдөл, зорилго тодорхойлсон эсээ, шалгалт, ярилцлага зэргээс гадна амьжиргааны түвшинг харгалзаж болох тухай дурдсан. Орлого багатай айлын хүүхдүүдэд шударга өрсөлдөх боломж олгох үүднээс нийслэлийн дүүрэг бүрээс амьдралын боломж тааруу айлын, сурлага сайтай, мэрийлт чармайлттай 3-4 хүүхэд сонгон элсүүлж үлдсэн цөөн квотод нь нээлттэй сонгон шалгаруулалт хийдэг болгож болох юм.

Тэгвэл эцэг эхчүүд, олон нийтэд учир байдал нь тодорхой болж хүн бүр хүүхдээ хөтөлж хошуурахгүй, зорилго чиглэлийг нь ойлгодог болно. Жил дараалан хичээнгүй сайн суралцаж байгаа, орлого багатай өрхийн хүүхдүүдийн шалгалтын төлбөрийг тухайн сургууль төлж хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт хийх арга зам байж болно. Түүнчлэн Шинэ эрин, Шинэ эхлэл сургуулиуд Кембрижийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлдэг болох. Нэгэнт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм чинь 6-8-р ангид үздэг Checkpoint хөтөлбөрийн шалгалтыг хүүхдүүд өгдөг болох нь зүйтэй. Нэмж хэлэхэд Шинэ эхлэл сургуулийн захирлыг томилох, хос хэлээр хичээл заах чадвартай, мэргэшсэн багш нараа тогтвортой ажиллуулах зэрэг анхаармаар асуудлууд бас байна.

Бидний монголчууд болбоос нарийн зохион байгуулалттай, нэгдэж хамтарч урагшилж чаддаг, алс хэтийн зорилгоо тодорхойлж түүндээ хүрэхээр тууштай ажиллаж чаддаг хүмүүс гэж хэлэхэд их хэцүү. Дээр нь заль мэхтэй улс төрчид гэнэт сэрж санаж, сэтгэж, үймүүлж хүч тарамдуулна. Бид одоо л боловсролын салбарын нөхцөл байдлыг зөв тодорхойлж алс хэтийн бодлого төлөвлөлтөө сайтар хэлэлцэж шүүн тунгаахгүй бол 21-р зууны хүүхдүүд, шавь нар, залуустаа улам гологдсоор, боловсролын салбар аажуухан доройтсоор байх дүр зурагтай нүүр тулгарч байна.

УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргад хандсан албан бичигтээ: “... Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл нэрээр боловсролын салбарт багагүй туршилтууд хийгдэж олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байсан. Тухайн туршилтуудаас хамгийн амжилттай хэрэгжиж, ... үр дүн гарсан хөтөлбөр бол Кембриж юм” гээд Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд нэмж байгуулах, үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулж байгаагаа мэдэгдсэн байна.

Гэтэл яг үнэндээ, монгол улсын Засгийн Газар 2011 оноос КОУШТ-тэй хамтарч олон улсын стандартад тулгуурлаж үндэсний хөтөлбөр, стандартыг бүхэлд нь шинэчилж, үнэлгээний системийг боловсронгуй болгож аттестатчилах замаар дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилготой ажилласан шүү дээ. Кембрижийн олон улсын хөтөлбөр, шалгалтын системд үндэслэн дунд боловсролын үндэсний хөтөлбөр, шалгалтын системд дорвитой реформ хийнэ гэж бодлого боловсруулагчид үзсэн. Ингээд боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөр, ном сурах бичгийн шинэчлэл, багшийн мэргэжил дээшлүүлэх, сургуулиудад мониторинг хийх, боловсролын чанарын үнэлгээ зэрэг бүхий л чиглэлээр өргөн далайцтай, тогтолцооны томоохон өөрчлөлт өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд хийгдсэн. Бүр тодруулж хэлбэл Дамдинням гишүүний хийнэ гээд яриад байгаа "системийн шинэчлэлийг" хийсэн. Үр дүнд нь боловсролын чанарын шинэчлэлийг 10 жил тууштай хийж хэрэгжүүлээд энэ онд юм уу ирэх 2021 онд үндэсний сургалтын хөтөлбөр, стандартаа магадлан итгэмжлүүлж дуусаад ЕБС-ийн диплом, гэрчилгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө гээд зарлах ёстой байлаа. Харамсалтай нь эрх баригч намууд бодлогын залгамж халааг хөсөрдүүлдгээрээ хөсөрдүүлж сонгуулийн циклдээ багтааж хийх гэж бужигнуулсан, нэгдэж хамтраад боловсролын салбараа өөд татах чадвар дутсан, урт\дунд хугацаанд алсыг харсан төлөвлөлт хийгээгүй зэргээс үүдээд баахан ажил төлөвлөөд, ингэж тэгж хийгээд эцсийг нь үзэлгүй таг зогссон байдалтай байна.

ЖАЙКА олон улсын байгууллага дээд дурдсан улс орны хэмжээнд хийж хэрэгжүүлсэн боловсролын шинэчлэлийн ажлыг шинжилж судалгаа хийх болоход "өнгөрсөн хугацаанд хийгдсэн хөтөлбөрийн шинэчлэлийн үйл явцын талаарх мэдээ баримтууд системчлэгдэн хуримтлагдаагүйн улмаас" тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн мэдээлэлд үндэслэхээс өөр арга байсангүй гэнэ. Дээр дооргүй "цаас хийгээд байдаг, хийгээд байдаг", хэрэгтэй мэдээ баримтууд нь бүрэн байхгүй байна гэдэг хариуцлагагүй явдал юм. Олон улсын хөтөлбөрийг орчуулан боловсруулж, туршсан судлагдахууны сургалтын цөм хөтөлбөр болон бусад хөтөлбөр боловсруулах ажлын хөлсийг 1 хэвлэлийн хуудсыг (8 ширхэг А4-ийн нүүр гэсэн үг) нь 1-1.5 сая төгрөгөөр тооцож төсөв хийсэн байсан гэнэ. Гэвч эдгээр боловсролын шинэчлэлд зарцуулагдсан төсөв, зардлыг бүхэлд нь үнэлж дүгнэх ямар ч боломжгүй байна гэж уг тайланд бичжээ.

Энэ удаа лобби бүлгийн гишүүд сургуулийн түвшний танилцах аяллаа дуусгаад Боловсролын Хүрээлэн (БХ), Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ), Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт (БМДИ) зэрэг газруудаар ажил хэрэгч уулзалт хийж мэргэжилтнүүд, судлаачдын үгийг сонсвол илүү зүгээр байх. БХ-ийн Боловсролын хөтөлбөрийн судалгааны сектор үндэсний хөтөлбөр болон Кембрижийн хөтөлбөрийг харьцуулсан судалгаа шинжилгээний ажил нэлээд хийсэн байгаа. БҮТ-ийн чанарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалт судалгааны хэлтэс мөн яаж хөтөлбөрийг цогц байдлаар хийж, үнэлгээний системээ хөгжүүлэх талаар хийсэн судалгаа, анализ, дүгнэлтүүдтэй байж таарна. Үүн дээр нэмээд өнгөрсөн 10 жилийн хугацаанд бага, дунд боловсролын шинэчлэлийн ажлууд хэрхэн өрнөсөн, замын зураг хэрхэн хэрэгжсэн болон шинэчлэлийн үр дүнг нягталсан тайлангуудыг уншиж үзээд эргэцүүлбэл нэлээд зүйлс тэдгээр гишүүдэд ойлгогдоно.

Боловсролын яам Кембрижийн сургууль байгуулахад нэлээд өндөр зардал гардаг гэснийг лобби бүлгийнхэн үгүйсгэж байсан. Учрал гишүүн өөрөө тайлбарлахдаа "үлээсхийгээд" явчхаар бас л бодит мэдээлэл хүмүүст хүрч байгаа эсэх нь эргэлзээтэй болчхож байгаа юм. Эхлээд ЕБ-ын 90 сургуульд Кембрижийн хөтөлбөр нэвтрүүлж "дэлхийн боловсролыг гэрийнх нь дэргэд" авчирна гэсэн. Одоо бол 9-өөс дээш ангид 4-5 хичээл л сонгох юм аа гэж байх шиг байна.

Ярьж ярьж янз бүрийн сургуулиуд нэмж байгуулна гэж төлөвлөснөөр, байгуулснаар боловсролын шинэчлэл хийгдэхгүй. 2011 оноос боловсролын шинэчлэлийн хүрээнд 30 хос хэлний сургууль байгуулна гэсэн, гурван сургууль байгуулаад зогссон. Мөн 29 үндэсний лаборатори сургууль байгуулж сайжруулсан үндэсний хөтөлбөр, стандарт, шалгалтын системийг туршиж боловсронгуй болгох, улмаар олон улсын жишигт хүргэх ажлыг хийнэ гэж. Одоо байгаа 40 орчим лаборатори сургуулийн зорилго чиглэл бүдэг ч багш нар нь энгийн ЕБС-тай харьцуулахад үндсэн цалингийн 30%-ийн нэмэгдлээ авсаар байгаа. Лаборатори сургуулиудыг бас Боловсролын яамны удирдлага дор байлгаж тэндээс захирлыг нь шууд томилдог, хольж сольдог л болгосон.

Тухайн үедээ засгийн газар олон улсын түвшинд тендер зарлаж, монгол улсад боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийг сонгоогүй, шууд КОУШТ-тэй хамтрахаар шийдсэн нь явцуу шийдвэр байсан гэж судлаачид дүгнэсэн байдаг. Гэтэл Дамдинням гишүүн IB хөтөлбөр хаалттай, арай хүнд хөтөлбөр учраас КОУШТ-ийг сонгож хамтарсан гэж мэдэгдсэн. Кембрижийн хөтөлбөртэй хувийн сургуулиуд маш өндөр төлбөртэй, 10-120 саяын хооронд байна гэнэ. Миний мэдэж байгаагаар жилийн 3,900,000₮ төлбөртэй Кембрижийн сургууль байдаг. 1-т, энэ маш өндөр төлбөр арай биш байх, 2-т, 120 сая төгрөгний төлбөртэй Кембрижийн сургууль байдаг эсэхэд би эргэлзэж байна, 3-т төлбөрийн доод, дээд хязгаар нь ийм байна гээд үнэн зөв мэдээлэл олон нийтэд өгөх хэрэгтэй.

Лобби бүлгийн гишүүд бол Кембрижийн сургуулиуд "нэмж байгуулж, ардын хүүхдүүдийг" сургаж тэгш боломж олгоно гээд байгаа шүү дээ. Эд нар парламентад хууль тогтоохоор ажиллаж байгаа гишүүд учраас хариуцлагатай, ёс зүйтэй, барин тавин худлаа үнэн ярьдаггүй байх ёстой биз дээ. Эсвэл юу дуртайгаа ярихыг нь бид чимээгүй сонсох ёстой юу?

Ойрын 5 жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо жил тутам 35 мянгаар нэмэгдэх бөгөөд түүнийг тооцсон хичээлийн байрны багтаамж, үндэсний хөтөлбөрөөр хичээл заах багшийн нөөцийн асуудал хурцаар яригдаж эхэлж байна.

Тогтвортой хөгжлийн зорилгуудын чухал зарчим нь “хөгжлөөс хэнийг ч үл орхих, хоцроох” үзэл санаа байдаг ба улс орнууд 2030 он гэхэд эрх тэгш, чанартай бага дунд боловсролыг бүх хүүхдэд тэгш хамруулан олгох үүрэг хүлээн ажиллаж байхад лобби бүлгийн гишүүд нийт ЕБС-ийн 10 орчим хувьд нь Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлье, хэрэгцээ асар их байна гэж өөр хөтөлбөрөөр суралцах хүүхдүүдийн хувь хэмжээг тогтоох нь зүйд нийцэхгүй бодлого юм.

Боловсролын тэгш байдал, хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших боломжийн талаар хэлэлцэхэд олон нийтийн анхаарал төдийлөн татаад байдаггүй олон асуудал байдаг. Боловсролын гадна үлдэх эрсдэл бүхий бүлгийн талаар салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид онцгой анхаарч ажиллах шаардлага үүсч байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй, бусдаас өөр хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн боловсрол эзэмших эрхзүйн орчин бүрдсэн боловч хэрэгжилт хангалтгүй, эцэг эхчүүд төр засгаас шийдэл хүлээсэн хэвээр. Энэ бүлгийн хүүхдүүдэд олгож буй боловсролын чанар, хүртээмжийн талаар улсын хэмжээнд нэгдсэн судалгаа, статистик мэдээлэл байдаггүй. Түүнчлэн казах, тува хүүхдүүд болон бусад ялгаатай хэрэгцээтэй суралцагчдын хувьд бодлого зохицуулалт гэхээсээ илүү хэсэг бусаг үйл ажиллагаа явуулж байна гэж Боловсролын суурь мэдээллийн тайланд дурджээ. БХ-ийн хийсэн судалгаагаар казах, тува хүүхдийн эх хэл болон монгол хэлний сургалтын үр дүнд дорвитой ахиц гарахгүй байна гэж дүгнэсэн. Орон нутагт хос хэлний сургалт явуулж буй бага ангийн багшийн хувьд эх хэлний (казах, тува) болон монгол хэлний чадварын түвшин доогуур байгааг анхаарах шаардлагатай гэсэн байна. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын тува-цаатан иргэд, хүүхдүүдийн эх хэлний сургалт нь тасалдаж зогсонги байдалд орсноор эх хэлээ мартаж болзошгүй байдалд хүрчээ. Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 454 сурагчийн 160 нь буюу 35% нь тува хүүхдүүд аж. Эцэг эхчүүд нь тува ёс заншил, хэл соёлоо мартаж байгаад нь сэтгэл зовинож байгаа бөгөөд хүүхдүүдээ төдийгүй өөрсдөө төрөлх хэлээ сурах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Мөн малчдын болон лам хүүхдийн боловсрол эзэмшиж байгаа талаарх судалгааг системтэй хийх нь чухал байгаа талаар яригддаг. Малчдын хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал болон сургууль завсардалт нь тулгамддаг асуудал хэвээрээ  байгааг уг тайланд онцолсон. Суралцахуйн бэрхшээлийг илрүүлэх, ийм бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй манай улсад шинэ тутам, зөвхөн эхлэл төдий түвшинд байна гэж үзэхээр байна.

Монгол улсын хувьд ерөнхий боловсролын чанар, хүртээмж, тэгш байдлыг хангахад тулгарч байгаа эдгээр асуудлуудад чиглэсэн оновчтой боловсролын цогц бодлого үгүйлэгдэж, бодлого боловсруулагчдын хувьд улс орны хэмжээнд нийтийн эрх ашгийг хангасан бодлого шийдвэр гаргаж ажиллах сорилттой тулгарч байгаа юм.

Тиймээс боловсролын тэгш байдлыг хангах, хүүхэд бүрт чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэх талаар шийдвэртэй арга хэмжээ авах нь бодлого боловсруулагчдын хувьд тодорхой тооны сургуулиудад Кембрижийн хөтөлбөр нэвтрүүлэхээс илүү эн тэргүүнд тавигдах ёстой зорилт юм.

Хөдөө орон нутгаас хот суурин луу чиглэсэн нүүдэл, томоохон хотууд ялангуяа нийслэлд үүссэн хэт төвлөрлөөс үүдэлтэй сургууль цэцэрлэгийн хүртээмжийн хомсдол, хэт цөөн хүүхэдтэй орон нутгийн сургуулиудын асуудал  байна. Эдгээр боловсролын салбарын олон талт асуудал, бэрхшээлүүд нь УИХ-ын гишүүд, бодлого боловсруулагчдыг хөнгөн хуумгай хандалгүйгээр нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж ажиллах ёстойг сануулж байна.

Энэ лобби бүлгийнхэн үндэсний сургалтын хөтөлбөр гологдоод байгаа учраас, өөрсдөө сайжруулж чадахгүй учраас олон сургуульд боловсролын хөтөлбөрийн импорт хийж Кембрижийн хөтөлбөр нэвтрүүлье, бүүр олон хүүхэд гадаадын их дээд сургуульд суралцах боломжийг нь нээе гэж ам уралдан ярьж байна. Дунд боловсрол эзэмших нь зөвхөн гадаадын их дээд сургуульд сурахад бэлддэг гэдэг бол орчин үед маш явцуу ойлголт юм. Залуу хүн амын тоо болон ажилгүйдлийн түвшин залуусын гадаад руу явж сурах эрэлтийг бий болгож байна. Олон улсын боловсролын салбар дахь зах зээлийн судалгаа, шинжилгээ хийдэг ICEF Monitor байгууллагаас гаргасан мэдээллээс үзвэл 25,000 гаруй монгол оюутан гадаад оронд сурч боловсрол эзэмшиж байна гэжээ. Нэг талаар Монгол улсын Засгийн газар залуустаа гадаадад чанартай дээд боловсрол эзэмших боломжийг олгож байгаа боловч сайн мэргэжилтнүүдээ гадагш алдах эрсдэлтэй тулгарч эхэлж байна. Нөгөө талаар парламентийн гишүүд үндэсний их дээд сургуулиуд хоосорч эзгүйрээд дампуурах эрсдэлийг тооцолгүйгээр,  хэт нэг талыг барьсан бодлого сурталдах нь ихээхэн өрөөсгөл бөгөөд үндэсний дээд боловсролын системийг доройтуулах уршигтай үйлдэл юм. Хөгжил дэвшил эрчээ авсан эрин зуунд ийм түвшинд сэтгэж боловсролын шинэчлэлийг хийх шийдвэр гаргана гэдэгтэй боловсрол судлаач хүний хувьд үнэхээр санал нийлэхгүй байна.

Өнгөрсөн 10-аад жилд ямар шинэчлэл хийгдэж юу нь дутуу орхигдсоныг ч хэлэлцэхгүйгээр өөр хөтөлбөрөөр хичээллэх дунд сургуулиудыг нэмж байгуулах бодлого ярьж байна. Ийм маргаантай, төдийлөн тодорхой бус шинэчлэлийн бодлогыг боловсролын салбарынхан бодит шинэчлэл гэж үзэж хүлээн авах магадлал багатай юм.

Дунд боловсролын салбарт, ерөнхий боловсролын сургуулиудын түвшинд ул суурьтай шинэчлэл хийхийн тулд том зургаар нь хараад үндэсний боловсролын системээ сайжруулж, дунд дээд боловсролоо уялдаа, хамааралтай хөгжүүлэх нарийн төлөвлөгөөг оронд нь лоббидох хэрэгтэй байна. Манай улс төрчид боловсролын шинэчлэл ярихаар л сургалтын хөтөлбөрийг нь онцолж анхаардаг. Одоо үүсээд байгаа нөхцөл байдалд дүгнэлт өгч, бодит гаргалгаа гаргаж бодлого боловсруулж тууштай ажиллах чадамжийг нийтээрээ хэлэлцэх цаг болсон байна.

Үндэсний боловсролын системээ жигд сайжруулж хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг олгохын оронд нэг талыг барьсан, үндэслэл багатай, тооцоо судалгаагүй бодлого зүтгүүлж хуумгай хандаж байгаа лобби бүлгийн гишүүдийг тууштай эсэргүүцэх ёстой.

Г.БАЯНЗУЛ

Сэтгэгдэл бичих

    • ganaa
    • 2020-10-03

    taalagdav. unen iim bol dampuu yumbnai

arrow icon