Нийтлэл 10 сарын 10, 2020

Хил доторх хэлний асуудал (хоёрдугаар хэсэг)

Сумаас ирсэн хүүхдүүд хаана суралцаж, хаана амьдардаг вэ? 

Өмнөх дугаараар монгол хүүхэд төрийн албан ёсны хэлээр боловсрол эзэмшихийн тулд төв суурин газар бараадсанаар орон гэр, эцэг эхийн анхаарал халамжаас холдох, ар гэрт нь санхүүгийн хүндрэл үүсэж байгаа нөхцөл байдлын талаар газар дээрээс нь сурвалжилсан билээ. 

Алтанцөгц, Буянт, Сагсай гээд Өлгий хоттой ойрхон, монголчууд олонтой сумын дийлэнх иргэд хүүхдүүдээ ахлах, дунд ангид орох үед нь сумын сургуулиас гаргаж, аймгийн төв бараадуулах хандлагатай бөгөөд бараг бүх хүүхэд Б. Баастын нэрэмжит 2-р бүрэн дунд сургуульд шилжин суралцдаг. 2-р сургуулийн хашаагаар ороход Алтанцөгц, Буянт сумаас шилжиж ирсэн хүүхдүүдтэй хэд хэд тааралдав. Сумдаас ирсэн 5 хүүхдийн 4 нь Өлгий хотод гэр бүлтэйгээ хамт байдаггүй бөгөөд эцэг эхийнхээ хараа хяналтан доор бус хамаатныхаа айлд аль эсэхүл хашаа түрээслэн амьдардаг гэлээ. 1-р ангиасаа элсэн орж суралцсан сургуулиасаа гарч аймгийн төвийг зорих болсон шалтгаан нь нэгдүгээрт: багшийн ур чадвар, хоёрдугаарт: ангидаа цөөхүүлээ болж үлдсэнээр гадуурхагдах, ганцаардах, зарим нэгэн багш нарт дүнгээ даруулах гэсэн асуудлууд анги дэвших тусам гарч ирдэг учраас ойр дотнын хамаатны хүүхдүүдээ дагаад л Өлгий ороод ирдэг аж. Энэ хичээлийн жилд нэг сумаас л гэхэд 40 гаруй хүүхэд 2-р бүрэн дунд сургуульд шилжин ирсэн байна. Ахлах ангийн сурагч болсон охиноо энэ жил аймагт сургахаар шийдсэн малчин гэр бүлтэй ярилцахад “Манай гэр бүл чинь бусад сумынхаа айлуудтай харьцуулахад хүн бүл муутай, аймагт хамаатан садан гэхээр хүн байхгүй учраас хүүхдүүдээ сумандаа л сургаад төгсөнө гэж боддог байсан ч түрүү жилээс хойш охин ЭЕШ өгөх гол хичээлүүдийн багш нартайгаа ойлголцож чадахгүй байна, ангидаа ганцаараа хэцүү байна гэж гомдоллосоор ингээд айлын хажуу өрөөнд хүүхдээ 3 жил суулгах гээд явж байна даа. Өвөлжөө, хаваржаа сумынхаа төвөөс нилээн зайтай учраас охин саяхныг болтол дотуур байранд амьдарч байсан. Дотуур байр чинь хоолтой ундтай, дулаахан, хүүе хаая гээд харж хандах багштай, баасан гарагт хичээлээ тарангуутаа гэртээ хүрээд ирчих боломжтой. Одоо бол хөгшин бид хоёр ганц охиноо эргэж тойрох гээд мал ахуйгаа зохицуулахаас авахуулаад өчнөөн л ажилтай болж байх шиг байна. Дээр нь айлын хажуу өрөө түрээсэлнэ гээд мөнгө санхүү ч хэцүү. Гэсэн ч яахав, хүүхдийн боловсрол чухлаас хойш. Суманд манийн сурч байсан үе шиг чадвартай багш нар олноороо хүрээд ирвэл юу гэж насанд ч хүрээгүй жаахан охиноо айлын хажуу өрөөнд ганцааранг нь үлдээхэв дээ” гэсэн юм. 

Энэ хичээлийн жилд 2150 хүүхэдтэй хичээллэж байгаа 2-р бүрэн дунд сургууль угтаа 1700 орчим хүүхдийн хүчин чадалтай. Урьд урьдын жилүүдэд байнгын хүүхдийн тоо хэтэрсэн, ачаалал ихтэйгээр хичээллэдэг байсан бол 3 жилийн өмнө шинэ хичээлийн байр нь ашиглалтад орж ачаалал нь хэвийн болжээ. Хамран сургах тойргийн талаар нарийвчилж, тогтоосон ямар ч тогтоол, шийдвэр байхгүй тул энэ сургуульд сурах хүсэлтэй бүх хүүхдийг элсүүлдэг байна. Сургуульд шинээр элсэн орж байгаа хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул (хэдхэн жилийн өмнө 1-р анги нь таван бүлэгтэй байсан бол энэ хичээлийн жилд 8 бүлэгтэйгээр хичээллэж байна ) удирдлагуудын зүгээс Өлгий хотын хамран сургах тойргийнхоо казак хүүхдүүдийг элсүүлж аваад үлдсэн орон тоон дээрээ монгол хүүхдүүдийг харьяалал харгалзахгүй авъя гэдэг саналыг засаг захиргааны байгууллагад хүргүүлсэн боловч одоог болтол ямар ч хариу мэдэгдэл ирээгүй л байгаа гэнэ. Баян-Өлгий аймаг даяар байгаа цор ганц үндэсний хөтөлбөрийн дагуу монгол хэлээр хичээллэдэг сургууль учраас хүүхдээ монгол сургуульд оруулах хүсэлтэй казак, монгол хамаагүй бүх эцэг эхчүүд 2-р сургуулийг зорьдог. Сумдын сургуулиас ирж суралцаж байгаа хүүхдийн сурлагын түвшин, суурь мэдлэг нь бусад хүүхдүүдтэй харьцуулахад доогуур байдаг тул зарим багш нарын зүгээс дотооддоо шалгалт авч оруулдаг байя гэдэг саналууд гарч байгаа боловч хуулийнхаа дагуу хүсэлт гаргасан бүх хүүхдийг тэд сургах үүрэгтэй. Сумдаас гадна Өлгий хотод амьдарч байгаа казак иргэд ч сүүлийн үед хүүхдээ 1-р ангиас нь төрийн албан ёсны хэл дээр сургах сонирхолтой болсон учраас казак хүүхдүүдийн тоо ч мөн адил жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэв.

 Хөдөөний хүүхдүүд олноороо суралцдаг учраас сургуулийн хамгийн том асуудлуудын нэг нь дотуур байр. Сургуулийн шинэхэн баригдсан барилгын яг хажуухнаа байх хоёр давхар дотуур байр угтаа олон жилийн өмнө 2-р сургуулийн өмч байсан боловч төр засаг солигдох сиймхийгээр өөр сургуулийн барилга болсон байна. Нийгмийн ажилтантай сумдаас шилжиж ирсэн хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийн тухай ярилцахад “Хамгийн том асуудал гэвэл хүүхдүүд гэр бүлээсээ хол, тусдаа амьдарч байгаа явдал байна даа. Арван жилийн сургуулийн сурагчид гэдэг чинь насанд хүрээд өөрийгөө аваад явчих чадалтай болсон оюутнуудөөс тэс өөр шүү дээ. Гэтэл ийм нялхаараа байгаа хүүхдүүд хэд гурваараа нийлж гэр түрээсэлж суух, хамаатны айлынхаа хамаг гэрийн ажлыг нь хийж толгой хорогдох үед олон асуудлууд тулгарч байна. Түрүү жил гэхэд айлын хажуу өрөөнд амьдарч, тодорхой хэмжээний хүчирхийлэлд өртөж байсан нэг охиныг бид хөөцөлдсөөр байгаад дотуур байранд шилжүүлсэн. Гэхдээ аймагт байгаа шашны шинж чанартай дотуур байрнуудын  хүрэлцээ, хангамж маш хэцүүхэн. Арайхийж л жилдээ хоёроос гурван хүүхэд суулгах жишээний. 4,5 жилийн өмнө сумаас шилжин ирж ахлах ангид суралцаж байсан охин айлын эзгүй хашааг сахиж ганцаараа амьдарч байх үедээ хүсээгүй бэлгийн харилцаанд орж улмаар жирэмсэлсэн тохиолдол гарсан. Эцэг эхээсээ хол амьдарч байгаа хүүхдийн сургуулиас гадуур хэрхэн цагаа өнгөрүүлж байгааг бид алхам тутамд нь хянаж цагдаж чадахгүйн улмаас хүүхдүүд санаандгүй байдлаар гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох магадлал тун өндөр. Нэгэнт л шилжилт хөдөлгөөн ийм эрчимтэй байгаагаас хойш аймгийн зүгээс манай сургуулийг дотуур байртай болгох нэн шаардлагатай гэж хувьдаа боддог” хэмээн хариулсан юм. 

Мөн нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр, сүүлийн жилүүдэд аймгийн Боловсрол, Соёлын газраас сурагчдын ЭЕШ-т авсан оноонд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хүүхдүүдийн  өгөх шалгалтын тоог хязгаарладаг болсон гэнэ. Сургуулиуд ЭЕШ-ын оноогоо дээшлүүлэхийн тулд сурагчдад хамгийн ихдээ гурван хичээлээр шалгалт өгөх ёстой гэх мэт хатуу шаардлагыг тавьж, нэмж хичээл сонгосон тохиолдолд сонгон суралцах хичээлд нь оруулдаггүй гэх мэт асуудлууд байдаг ч энэ талаар сурагчид төдийлөн ярьж зүрхэлдэггүй ажээ.(Өнгөрсөн хичээлийн жилд Баян-Өлгий аймаг даяар ЭЕШ өгсөн нийт хүүхдийн 60 хувь нь зөвхөн хоёр хичээлийг сонгон шалгалт өгсөн бөгөөд  дундаж хичээл сонголтын тоо 2.5). 

Багшийн мэргэжил нь зөвхөн  боловсролын чанарыг нөхцөлдүүлэгч гэдэг утгаараа ч бус, тухайн нийгэм, орон нутаг хөгжиж дэвших хамгийн чухал тулгуур мэргэжил гэдгийг зөвхөн ганц сумын дунд сургуулийн жишээ та бүхэнд бэлхнээ харуулж байгаа биз ээ. Суурь боловсролтой холбогдох бүх хөгжлийн бодлогын хамгийн эхний алхам бол багшийн хөгжил юм. Нэн ялангуяа, өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой, хос хэлээр сургалтаа ордог, олон үндэстэн зэрэгцэн аж төрөх ийм бүс нутагт багшлах нь жирийн багшаас ч  их ур чадварыг шаардах нь хэнд ч ойлгомжтой. Гэвч бодит байдал дээр МУБИС төгссөн, хоёрдогч хэлийг заах арга зүй огт байхгүй багш шууд л монгол, казак хүүхдүүдэд хамтад нь хичээл зааж байна. Аймгийн Боловсрол, Соёлын газрын мэргэжилтэн багш нарын чадавхийн талаар “Сум төдийгүй аймгийн сургуулийн багш нарын хоёрдогч хэлээр заах арга зүй дутмаг бөгөөд зарим казак багш нарын монгол хэлний түвшин ч тааруу байгаа нь бодит үнэн. Бид өнгөрсөн жилүүдэд тухайн хичээлийг зааж байгаа багшаас өөрөөс нь ЭЕШ-ын материалаар шалгалт авахад авах ёстой онооны дээд тал нь 80-90 хувийг авч байна. Мөн багш нараа хичээлийн жил бүрийн төгсгөлд үнэлж, чанарын шалгалт аван дүнгээр нь цалин урамшуулал олгох тогтолцоог ч хэрэгжүүлж эхлээд байна” гэж хариулсан юм. Гэвч түүний яриан дунд хүүхдүүдээсээ ч илүү шалгалт шүүлэг өгч, хянаж шалгагдаж байгаа багш нарыг цаашид хэрхэн сайжруулж, заах арга зүйг нь хөгжүүлэх талаар ямар ч санал санаачлага байхгүй байсан нь харамсалтай. 


Баян-Өлгий аймагт төрийн албан ёсны хэлээр боловсрол олгодог нэг ч цэцэрлэг байхгүй

 

Өөрөөр хэлбэл, энэ оны байдлаар аймаг даяар 49 цэцэрлэгт нийт 7596 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд бүх цэцэрлэг сургалтаа казак хэлээр явуулдаг байна. Харин монголчууд амьдардаг таван сумын цэцэрлэгүүдэд монгол багштай анги заавал байдаг. Эдгээр цэцэрлэгүүд монгол хүүхдийн тоо хүрэлцэхгүй үед 3,4,5 настнаа нийлүүлэн холимог бүлгийн зохион байгуулалттайгаар хичээллэдэг аж. Харин монголчууд амьдардаггүй сумдын цэцэрлэгт монгол хэлээр хичээллэдэг бүлэг огт байдаггүй бөгөөд тухайн суманд монгол айл нүүж очлоо гэж бодоход цэцэрлэгийн насны хүүхэд нь өөрийн төрөлх хэл дээрээ сургуулийн өмнөх боловсрол  эзэмшиж чадахгүйд хүрдэг байна. 

Өлгий хотод л гэхэд хоёр цэцэрлэг дүүргэхүйц тоотой цэцэрлэгийн насны хүүхэд амьдардаг гэх судалгаа байгаа ч одоог болтол монгол цэцэрлэг нээх сураг байхгүй гэнэ. 2-р цэцэрлэг гэж социализмийн үед 2-р бүрэн дунд сургуультай ижил монгол цэцэрлэг байсан хэдий ч ардчилал гарснаас хойш казак цэцэрлэг болжээ. Казак цэцэрлэгт явж байгаа монгол хүүхдүүдийн хөгжлийн асуудал ч тэр болгон хөндөгддөггүй. Нэг анги 22 хүүхэдтэй байлаа гэж бодоход тэдний зөвхөн 2 нь монгол хүүхэд байдаг учраас багш хичээлээ Казак хэлээр л зааж, тэр дунд монгол 2 хүүхдийн суралцах эрх хаягдаад үлддэг байна. Өлгийд ажиллаж, амьдарч байгаа цэцэрлэгийн насны хүүхэдтэй гурван эцэг эхтэй ярилцахад тэдний ганц нь л энэ жилээс 3,5 настай хүүхдүүдээ анх удаа цэцэрлэгт өгөх гэж байгаа гэсэн бол үлдсэн хоёр нь казак цэцэрлэгт өгөлгүйгээр шууд сургуульд оруулнаа гэж хариулсан юм. Гэвч энэ хичээлийн жилээс хоёр хүүхдээ анх удаа цэцэрлэгт явуулах гэж байгаа танилд маань эхний өдрөөс нь л бэрхшээл тулгарчээ. Цэцэрлэгт огт явж байгаагүй хоёр хүүхэд нь аль хэдийнээ тэдний гэрээс бараг 3км-ийн зайд байдаг улсын цэцэрлэгт харьяалалтай байж таарч. Өөр цэцэрлэгт харьяатай хүүхдийг манай цэцэрлэг авахгүй гэхэд арга буюу нөгөө бүртгэлтэй цэцэрлэгийн удирдлагатай нь уулзахад “Өө андуурчихсан байна. Одоохон хасалтыг нь хийгээд өгчихье. Ийм явдал болсон талаар цаашаа олон хүнд битгий ярь” гэж хүсэх тушаахын завсраар хэлжээ. Улсын төсвөөс жил бүр аймгийн төвийн цэцэрлэгийн нэг хүүхдэд хувьсах зардал хэмээн 812.3 мянган төг төсөвлөдөг бөгөөд энэ мөнгийг 2 хүүхдээр үржүүлэхэд л жилдээ 1.624 мян.төг  болж байгаа юм. Өөр хэдэн хүүхдийн нэрийг цаасан дээр бүртгэн авсныг хэн ч мэдэхгүй. Энэ “эзэнгүй” мөнгө хэний халаасанд орж, хэнд зарцуулагдсаныг шалгах ч ямар ч аргагүй. Энэ мэтийн төрийн албаны шударга бус үйлдлүүдтэй алхам тутамдаа Өлгийн монголчууд тулгардаг ч тэр болгон ил гаргаж, эсэргүүцэж тэмцэх нь ховор. Учир нь гэвэл, цэцэрлэгийн эрхлэгчээс авахуулаад төрийн үйлчилгээ, захиргаа гээд шат шатны бүх байгууллагын удирдлагууд казакчууд учраас тэмцэл болгон нь эцэстээ хий дэмий цаг заваа зарцуулж, өөрсдийгөө хөөдсөн ажил болоод дуусдаг ажээ. 

Дахин нэг баримт дэлгэхэд, (эх сурвалжийн хүсэлтээр албан тушаал, нэрийг нууцлав) олон жил сумынхаа цэцэрлэгт багшилсан туршлагатай монгол багш 3 жилийн өмнө цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орох хүсэлт гаргажээ. Гэтэл төрийн албаны шалгалтад орж чадалгүй 2 жил гацаж. Сонгон шалгаруулалтад орж болохгүй учрыг асуухад “цэцэрлэгийн эрхлэгчийн удирдах албан тушаал урьд нь хашиж байсан туршлагатай байх ёстой” гэсэн тайлбарыг Аймгийн засаг дарга хэлжээ. 

Тэрээр болсон үйл явдлын талаар ярихдаа “Аймгийн засаг даргаас үнэхээр ийм нийтлэг шаардлагыг бүх хүмүүст тавьж байгаа юм бол яагаад надтай яг ижил туршлагатай цэцэрлэгийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгч зүв зүгээр шалгалтанд орох эрхээ эдлээд байгаа юм гэж асуусан. Надад хэлсэн үг нь хууль журам нь ийм, ганц чиний төлөө шийдвэрээ өөрчилж чадахгүй гэсэн л хариулт. Шалгалтад орохын төлөө Хүний эрхийн төв, Төрийн албаны зөвлөл гээд өргөдөл гаргаагүй газар байхгүй дээ надад. Төрийн албаны зөвлөл миний өргөдлийг хянаж үзээд тухайн заалтыг хүчин болгож би арай гэж шалгалтад орох эрхээ олж авсан. Хэрвээ та нар удирдах ажилтны сонгон шалгаруулалтын нээлттэй зараас хайгаад үзвэл бусад бүх аймгийн сумдын шаардлага дотор “цэцэрлэгийн багш, арга зүйчийн ажлыг нийт 8-аас доошгүй жил хийж гүйцэтгэсэн туршлагатай байх” гэсэн ганцхан л заалт байгаа. Хар ухаанаар бодоход ч анх удаа цэцэрлэгийн эрхлэгч хийх гэж байгаа хүнээс эрхлэгчийн албан тушаалд өмнө нь ажиллаж байсан туршлага нэхэх нь утгагүй хэрэг шүү дээ. Манай аймагт МАН ялбал тэр намын хүмүүсийн ах, дүү хамаатан садан л албан тушаалд очдог, эсрэгээрээ АН ялбал бас л тэр намтай холбоо хамааралтай хүмүүс эрх мэдлийн үзүүрээс атгадаг. Шударгаар шалгалт өгсөн хүмүүс дундаас сонгогдоно гэсэн ойлголт байхгүй. Өлгий даяар цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал гэдэг албан тушаал улс төрийн сонгуульт ажил болоод хувирчихсан. Хэрвээ итгэхгүй бол одоо болж байгаа ИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүсийн албан тушаалын жагсаалтыг нь л харчих. Ихэнх нь багш нар. Угтаа бол бид нар чинь улс төрөөс ангид байх ёстой, төрийн үйлчилгээний албаны хүмүүс шүү дээ. Надаас өмнөх эрхлэгч маань нийт 3 удаа төрийн албаны шалгалт өгөөд тэнцээгүй хэдий ч өчнөөн жил эрхлэгчийн ажил хийсэн. Аймгаас яагаад энэ хүнийг одоо болтол эрхлэгч хийлгээд байгаа юм гэж асуухаар танай суманд шалгалтад тэнцсэн хүн байхгүй учраас энэ хүнээс өөр ажиллах хүн алгаа гэдэг тайлбар тавьдаг. Заа, тэр шалгалтыг чинь өгье өө гэхээр өөдөөс өмнө нь эрхлэгч хийж байсан туршлага нэхэж байгаа байхгүй юу. Ийм л завхарсан зүйлтэй  хуулийн хүрээнд  тэмцсээр байж шалгалтад орох эрхээ олж авсан даа” гэв. Түүний ганц хүсэл бол Өлгийд хувийн ч болтугай монгол уламжлал, монгол соёлыг хүүхдүүддээ таниулан заадаг монгол цэцэрлэг байгуулах. “Амьдарч байгаа суманд минь морины магтаал дууддаг ганцхан өвгөн үлдсэн, тэр өвөөг ойчоод өгөхөөр хурдан морьны цол дуудах ганц ч хүн манай нутагт үлдэхгүй нь” хэмээн санаа зовнин суугаа тэрээр бие биелгээ, ерөөл магтаал, домог туульс гээд урианхай түмний ардын язгуур урлагийн гайхамшигт урын сангаас үр хойчдоо чадах чинээгээрээ өвлүүлж үлдээхийг хүсдэг. 

Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа багш нарын монгол хэлний түвшнээс суралцагчдын их дээд сургуульд элсэн орох, цаашлаад монголын төдийгүй гадаадын зах зээлд гарах үнэ цэнтэй мэргэжилтэн болох эсэх нь хамааралтай учраас багшийн мэдлэг, ур чадварыг шударгаар үнэлэн сонгон шалгаруулах, аттестатчилах, ажлын байрны шаардлагыг бүрэн хангасан алба хаагчийг ажилд авах шаардлагатай байгааг энэхүү сурвалжилгаар хөндөхийг хичээлээ. Багшийн хөгжлөөс боловсролын хөгжил эхэлнэ. Чадварлаг багшийг үнэлэх, шинээр ажилд авахдаа угсаатны бүлгийн тэнцвэртэй төлөөлөл бүхий багш, эцэг эх, суралцагчдын ажлын хэсэг сонгон шалгаруулах, шалгаруулалтыг ил тод, шударга зарчмаар хэрэгжүүлж байж суурь боловсролын тэгш хүртээмжийн талаар бид ярих хэрэгтэй байх. Энэхүү цуврал сурвалжилга маань үндэстэн хоорондын асуудал гэхээс илүүтэй Монгол улсын нутаг дэвсгэр дээр суралцаж байгаа зонхилох болон цөөнх аль ч бүлгийн хүүхэд үндсэн хуулиар өөрт олгогдсон төрийн албан ёсны хэл дээр боловсрол олж авах эрхээ эдлэх учиртай гэх өргөн агуулгыг хөндсөн гэдгийг уншигч та бүхэн төгсгөлд нь  тунгаан үзээрэй

 

Сурвалжилгыг бэлтгэсэн Э. Бөртгөлжин 




Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-10-13

    Нэг өнцгөөс харж бичсэн байна гэсэн сэтгэгдэлтэй санал нийлэхгүй байна. Хил доторх хэл гэсэн болохоор Монгол хэлнийхээ, Монголчуудад тулгамдаж байгаа асуудлыг бичихээс үндсэрхэг болж харагдах гээд байна гээд казакуудын бэрхшээлүүдийг давхар бичилтэй биш. Сайн монгол хэлгүй бол Монголд ажил алба хаах , дээд боловсрол эзэмших бололцоо хязгаарагдмал гэдгийг Казакууд ч гэсэн ойлгоод ганц байгаа сургууль нь хэт олон сурагчтай бна гээд бас бичсэн л байна. Энэ нийтлэлийг уншаад казакуудыг биш төрд байгаа дуракуудыг үзэн ядах тааламжтай шалтаг харин нэгээр нэмэгдлээ.

    • Зочин
    • 2020-10-12

    Сайн байна уу, Мэдээж чухал сэдвийг хөнджээ. Гэхдээ хэт нэг өнцгөөс харж, нэг өнцгөөс л бичсэн байна. Асуудлыг өргөн хүрээнд огт хараагүйд харамсаж байна. Хэт үндсэрхэг үзэлтнүүдэд тааламжтай шалтаг нэгээр нэмэгдлээ. Үүнийг уншсаны дараа казахуудыг өөрийн мэдэлгүй үзэн ядах сэтгэгдэл улам нэмэгдэж байна. Сэтгүүлч маань харин хэт үндсэрхэг үзэлтэн биш байгаа даа?

arrow icon