Нийтлэл 11 сарын 02, 2020

Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ хоёр Эрдэнэтийн хаана алдсан бэ?

Хүний бүтээлч үйл ажиллагаанаас зах зээл бий болдог. Хүний улстөрийн сонголтоос төр бий болдог. Чухам энэ зах зээл, төр хоёрын  харилцаа ямар байх дээр ялгаатай үзэл баримтлал бүхий онолууд хөгжиж иржээ. Түүнчлэн энэ харилцаанаас улс улсын макро эдийн засгийн онцлог урган гардаг.  Тэр утгаараа социализмаас үлдсэн  хамгийн том улсын үйлдвэр Эрдэнэт, түүнчлэн Тавантолгойн ордод манай эдийн засаг, улстөрийн замнал, онцлог, амжилт ба алдаа цөм агуулагдаж буй.

Нэгдүгээрт,  Эрдэнэт үйлдвэр Монголын эдийн засаг нь социализм, төрийн эдийн засгаас эхлэлтэйг тусгаж буй.

Хоёрдугаарт, төрийн өмчит хэвээр Эрдэнэт үйлдвэр шилжилтийн гэгдэж асан Монгол шиг эдийн засгууд гүйцэд шинэчлэл хийж амжаагүйг илэрхийлнэ.

Гуравдугаарт, Эрдэнэт үйлдвэр бүрэн шинэчлэл хийгээгүй социалист эдийн засгийн суурь нь ардчиллын арьс нөмөрсөн авилгын систем, клиентелизм болж хувирдгийг нотлоно.

Дөрөвдүгээрт, Худалдаа хөгжлийн банк ба 49 хувийн худалдан авалт тойрсон асуудал. Энэ хэрэг Монголын эдийн засаг социализмаас зах зээлд шилжиж амжилгүй улстөр, банк, уурхай дамнасан клептократ шинжтэй болсныг илэрхийлнэ.

Тавдугаарт, Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоосон нь төрийн эдийн засаг эргэн хүчийг авсан олон улсын чиг хандлагад уялдана.

Эдгээр таван үе шат цөм дэлхийн улстөр эдийн засгийн ерөнхий чиг хандлагаас урган гарсан тухай өмнөх цуврал “Монголын улстөр, эдийн засгийн асуудлууд дэлхийн чиг хандлагаас урган гарсан нь” тэмдэглэлд дэлгэрэнгүй өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ үйлдвэр өнгөрсөн 30 жил неолиберал үзэл хандлага дор зах зээлийн тоглогчдыг хяналтаас алдах, түүний дүнд дэлхий дахинд хямрал нүүрлэх, тэр нь буцаагаад төрийг моодонд оруулах гэсэн ерөнхий чиг хандлагыг дагаж ирсэн гэсэн үг. Энэ утгаараа Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар нэгэнт бэлэн үүссэн байсан дэвсгэр дээр МАНАН дэглэмтэй тэмцэл хийж төрийн эрхэнд гарсан. Гарсан хойноо мөн л неолиберализмын эсрэг ханарсан чиг хандлагаа дагаж, төрийн оролцоо, төсвийн эдийн засгийн жинг тасралтгүй нэмж ирлээ. Одоо Монголын эдийн засгийг чөлөөт зах зээлийн эдийн засаг гэж хэлэхэд хэцүү дүр зурагтай, Ерөнхий саад Хүрэлсүх өөрөө ч энэ талаар амны алдас хийсэн. Ядаж байхад ковид-19 гарч, нэгдмэл удирдлага, хүчтэй төрийн эрэлтэд нэрмээс болов.

Энэ бүхний дүнд тэгээд зургадугаарт юу болсон бэ? Эрдэнэтийн захирал Бадамсүрэнгийн хүүхэд ямар ч гэсэн сургалтын төлбөрөө төлүүлсэн байна. Ер нь авилгажсан эдийн засгийн загварын цөмд эргэж байгаа үйлдвэр, хүрээний булай барагдахгүй гэдэг чинь тэр буй заа. Яагаад ийм болов? МАНАН мафиас улсын өмчөө аваадахвал хулгай дээрэм зогсоно гээгүй билүү? Хүрэлсүхийн шударга ёсны сэлэм яагаад хий эргэнэ вэ?

Төр сайн менежер байж чаддаг орнууд ч байна, чаддаггүй нь ч байна. Манай Монгол сүүлийнхэд нь орно гэдэгтээ хэргийн гол нь байна. Szanki(2019) нарын судалгаанд дурдсанаар

“Зах зээлийн болон ардчилсан институциудын хөгжил сул оронд төрийн өмчлөлийн хувь нэмэгдэхийн хэрээр авилга нэмэгдэж, баячуудыг улам баяжуулах шинжтэй болж, төрийн бодлого зарчмын бус прагматик шинжтэй болж, хуулийн засаглалаас холдоно”

гэж дүгнэжээ.  Тавдугаар шатанд гацсан манай төрийн өмчит эдийн засгийг ганцхан өгүүлбэрт хураангуйлан дүгнэсэн байгаа нь энэ.

Ингэмэгц хоёр тал болж байлдах дуртай монголчууд за тэр чи төрд авахыг дэмжээд байлуу, Сахал Эрдэнэбилэг нь дээр байсын гэхчлэн гаслах болно. Тийшээ буюу дөрөв рүү буцах шаардлага байхгүй, хэт давуу хүчтэй хувийн тоглогчид махчин зангаараа бол төрөөс илүү гарна уу гэхээс дутахгүй. Өөр гарц шийдэл, тогтолцооны хөгжил гэж юм байх ёстой.

Зургадугаар шатанд янз бүрийн Монгол ухаан, онцгой загвар бодож олох шаардлага уг нь байхгүй. Зах зээлийн эдийн засгийн багана институцийн нэг нь үнэт цаасны зах зээл. Дотоодын бирж дээрээ Эрдэнэт шиг төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийнхээ хувьцааг хэсэгчлэн санал болгох замаар энэ институцээ хөгжүүлж авсан загваруудаас суралцах хэрэгтэй. Польш гэхэд харьцангуй амжилттай шилжилтийг гүйцээсэн загварын нэг гэгдэнэ. Польшид төв Европын 10 том компанийн 7 нь бий, бүгдэд нь төр хувь эзэмшдэг, гэхдээ хувьцааг нь нээлттэй арилжаалдаг. Стратегийн 30 гол компанийн 14 компанид төр олонхийн эсвэл цөөнхийн хувьцааг эзэмшиж байна(Ozsvald. 2019).  Варшавын хөрөнгийн биржид төрийн хувийн хувьцаа эзэмшигч нь манай “Эрдэнэс Монгол” шиг төрийн эрдэнэс менежментийн компани. Хэдийгээр хөрөнгийн захын арилжаа нь 19-р зуунаас үүх түүхтэй ч албан ёсоор үүсгэн байгуулагдсан нь манай биржтэй бараг чацуу 1991 онд.  Одоо тэнд 434 компанийн 200 гаруй тэрбум долларын хувьцаа арилжаалагдаж байна. Төрийн өмчит компанийн засаглалдаа олон улсын стандарт нэвтрүүлсэн практикаас нь ч суралцах юм их харагдана.

Тэгэхээр бид ерөөсөө ганцхан асуултад хариулмаар байна. Төрийн өмчийг хувьчлах явц нь хэт давуу хэдхэн тоглогч үүсгэж, тэдгээр нь төрөө зайдалдаг загвар руу орох уу(neo-patrimonialism), эсвэл хувьчлах явц нь өөрөө үнэт цаасны зах зэрэг өрсөлдөөн ба оролцооны инстицуудээ хөгжүүлэх үү?  Манайх шиг эдийн засгууд олон янзын хэв шинж үүсгэж хөгжиж байгаа ч хоёр томоохон хуваавал энэ хоёрын аль нэг болж таарна. Одоогоор манайх эхний нүхэнд унаад байгаа ч Тавантолгой, Эрдэнэт зэрэг хүнд жингийн үйлдвэрүүдийн хувьчлалаар эдийн засгийн бүтэц, төр зах зээлийн харилцааны балансыг огцом шинэчлэх боломжтой. “Монгол Шуудан” зэрэг компанийн хувьцааг хэсэгчлэн биржээр хувьчилсан практик ч байна.

Энэ бүх сонголт нөгөө л хоёр найз, төр зах зээлийн харилцааны тухай онол, идеологиос хамаарна. Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарын популистуудын толгойд чухам ямар идеологи, ямар онолын чиг баримжаа явдаг нь нэн тодорхойгүй. “Алсын Хараа 2020” гэх бичиг баримт дээр олон улсад өрсөлдөхүйц хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж бичээд түүнийгээ 2041 оноос гэжээ. Ёстой л нөгөө Монгол Улс 2050 оноос хөгжлөөрөө тэргүүлнэ гэх үлгэр нь энэ бололтой. Тэр болтол хуучин систем ажилладгаараа ажиллаж, хулгай хийдгээрээ хийж, реформ хийгээд механизмыг нь хийчих ёстой хяналтыг урдаа ажил амьдралтай, татвараа төлж сонгуулиа өгсөн иргэд өдөржин шөнөжин шилэн данс ухах маягаар хариуцаж, эцэс төсгөлгүй хулгай авилга худал хуурмагийн мэдээндээ дарагдаж амьдрах шинжтэй. Мэдээ болсон хойно нь намаас хурал хийж, сангийн сайд саяхан мэдсэн дүр үзүүлсэн гутамшигтай хэвлэлийн хурал хийх нь цөм худал хуурмаг хэвлэлийн акцууд. Уг нь Хүрэлсүх нарт системээс нь шинэчлэл хийж, засаглал хяналтын механизмаас нь засч залруулах эрх мэдэл нь байна. Хүсэл нь, эр зориг нь, тэдгээрийг төрүүлдэг итгэл үнэмшил, үзэл баримтлал нь алга бололтой.

arrow icon