Нийтлэл 11 сарын 10, 2020

2021 оны төсвийн төсөлд өгөх шүүмж

Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хууль удахгүй батлагдана. Өөрөөр хэлбэл ирэх онд бид ямар хөрөнгө оруулалтууд хийх, өр зээлийн хэмжээ хэрхэн нэмэгдэх, төсвийн үр өгөөж иргэд аж ахуйн нэгжүүдэд хэр байх, төсөвт хийгдэх шинэчлэлүүд эхлэх үү гэсэн олон хүлээлт бидний дунд байгаа. Төсвийн төсөлд ямар асуудлууд байгаа талаар өөрийн шүүмжээ дор бичлээ.

Хууль зүйн зөрчил

1.ТЭЗҮ, зураг төслөө батлуулаагүй буюу төсвийн тухай хуулийн 29.4-ийг зөрчсөн 55 төсөл байна. Нийт төсөвт өртөг 207.8 тэрбум төгрөг, үүнээс 61.5 тэрбум төгрөгийг 2021 онд санхүүжүүлэхээр төсөвлөжээ.

2.Шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байх ёстой буюу Төсвийн тухай хуулийн 29.3.5-ыг зөрчсөн 149 төсөл, арга хэмжээ байна. Эдгээр төсөл, арга хэмжээнүүдийн 2021 онд онд санхүүжих дүнг хуулийн шаардлагаас 105.7 тэрбум төгрөгөөр дутуу төсөвлөжээ.

3.Шинээр эхлүүлэх зарим төслийн хэрэгжих байршлыг нарийвчлан тусгаагүй 5 төсөл, арга хэмжээ, нийт төсөвт өртөг нь 87.325 тэрбум, 2021 онд 69 тэрбум төгрөгөөр санхүүжих дүнтэй бөгөөд эдгээр төслүүдийн төсөвт тусгасан байдал нь Төсвийн тухай хуулийн 33.2.6-г зөрчсөн байна.

4.Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн жагсаалтад хүчин чадал нь тодорхойгүй 5 тэрбумын төсөвт өртөгтэй 6 барилга, байгууламж эхлүүлэхээр оруулсан нь Төсвийн тухай хуулийн 33.2.6-г зөрчсөн байна.

5.Сангийн сайдын багцад гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалтыг төсөл тус бүрээр бус бөөн дүнгээр 64 тэрбум төгрөг гэж тусгасан нь Төсвийн тухай хуулийн 29.3.4-ийг зөрчсөн байна.

Зориудаар зохиосон хэт өөдрөг төсөөлөл

6.Ирэх оны эдийн засгийн нөхцөл байдлыг хэт өөдрөгөөр харж, маш өндөр өсөлттэй байхаар тооцсон байна. Ковидын аюулыг огт тооцоогүй төсөв оруулж ирсэн гэсэн үг. Дотоодын нийт бүтээгдэхүүн 42.2 их наяд төгрөгт хүрч 2020 оны төлөвлөгөөнөөс 9.1 хувиар өсөхөөр, экспортын хэмжээг9 тэрбум ам долларт хүргэж энэ оны төвшнөөс 29.5 хувиар тус өсөхөөр тус тус тооцжээ.

7.Экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ, хэмжээг хэт өөдрөгөөр тооцсон байна. Нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 73 ам.доллар, 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого нүүрснээс төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Дэд бүтцийн асуудлыг огт шийдээгүй мөртлөө зөвхөн авто тээврээр энэ тоонд хүрнэ гэж дахин төлөвлөсөн, хэрэв 2021 онд энэ тоондоо хүрч чадахгүй бол гурав дах удаагийн бүтэлгүй оролдлого болно гэсэн үг.

8.Экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнийг хэт өөдрөгөөр тооцсон байна. Зэсийн үнэ тонн тутамд 6,500 ам.доллар, экспортын хэмжээ 1.4 сая тонн, 1.5 их наяд төгрөгийн орлогыг зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

9.Эдийн засаг эргэн сэргэнэ гэж тооцоод хувь хүний орлогын албан татварын орлогоор 1 их наяд төгрөг олно гэж тооцжээ. Бүтэн жил бүсээ чангалсан иргэд гэнэт их хэмжээний орлоготой болох боломжтой юу. Мөн ажлын байраа алдсан иргэд богино хугацаанд өндөр цалинтай ажлын байртай болж, хаалгаа хаасан, цомхотгол хийсэн аж ахуйн нэгжүүд гэнэт бүгдээр олон ажлын байр бий болгож, цалингаа нэмж үйл ажиллагаа нь сайжрах боломж бидэнд байгаа гэж үү.

10.Дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг 2020 оны батлагдсан дүнгээс 17.9 хувиар өсгөж 1,3 их наяд төгрөг, тамхи, согтууруулах ундааны татварын орлогыг 2020 оны батлагдсан дүнгээс 29 хувиар өсгөж 2 тэрбум төгрөгт хүргэнэ гэж төсөвлөжээ. Мөн гаалийн албан татварын орлогоор 935.0 тэрбум төгрөг, импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоор 1,9 их наяд төгрөгийг тус тус төсөвт төвлөрүүлнэ гэж хэт өөдрөгөөр төлөвлөжээ. Гэвч эдгээр орлогыг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогын дэмжлэг тус төсвийн төсөлд огт дурдагдаагүй байна. Бүр эсрэгээрээ ЖДҮ санд ирэх онд төсөв нэмж хуваарилаагүй байна.

III. Улс төрийн амлалтад чирэгдсэн үргүй зардлууд

11.Улсын төсвийн нийт зарлагын дүнд урсгал зардлын эзлэх хувь сүүлийн 8 жилд 74 хувиас буурахгүй байгааг Үндэсний аудитын газраас онцолжээ. Энэ нь төсвийн зардалд идэвхгүй хэрэглээ зонхилсон, төсвийн бүтэц оновчтой бус, төсвийн удирдлагын бодлогыг сайжруулж шинэчлэх шаардлагатайг илтгэдэг. Энэ асуудал бас л 2021 оны төсөвт шийдэгдэж дэвшил гарсангүй, өмнөх жилүүдийн нэгэн адил урсгал зардал зонхилсон төсөв батлагдах гэж байна.

12.Сүүлийн 5 жилийн урсгал зардлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг харьцуулахад бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамжийн зардлыг 17.0 хувь, бараа үйлчилгээний зардлыг 11.8 хувь, томилолт, зочны зардлыг 8.1 хувь, байр ашиглахтай холбоотой зардлыг 4.2 хувиар тус тус дутуу зарцуулсан талаар Үндэсний аудитын газрын дүгнэлтэд бичсэн байна. Энэ нь төсвийн захирагчид төсвийг төлөвлөхдөө тогтоосон тариф, үнэ, норм нормативыг баримталдаггүй, үндэслэлгүй тооцдог байдал жил бүр давтагдаж байна гэсэн үг.

13.Эдийн засагт хүндрэл, тодорхой бус байдал үүссэн үед эхлээд зардлаа танах, бууруулах ёстой. 2021 оны хувьд ковидын нөхцөл байдлыг таамаглах боломжгүй, төсвийн орлого бүрдэхэд хүндрэлтэй, гадаад өр төлөхөөр байгаа. Ийм цаг үед байгууллагын эд хогшил, тээвэр шатахуун, томилолт, зочин төлөөлөгчийн зардал зэрэг тэвчиж болох зардлуудыг бууруулах шаардлагатай. Гэвч 2021 оны төсвийн төсөлд эдгээр тэвчиж болох зардлуудыг бууруулаагүй, харин ч зарим төсвийн захирагч дээр нэмэгдсэн дүнгээр төсөвлөсөн байна.

14.Үндэсний аудитын газар 2018 онд аудит хийж, он дамжсан төслүүдийг дуусгах чиглэлд Засгийн газраас авах шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөмж гаргасан боловч хэрэгжилт нь хангалтгүй байна. 2010-2016 онд эхэлсэн нийт 254.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 24 барилга, байгууламжийн ажил дуусаагүй, удааширсан байдалтай байна. 2020 онд эхлүүлсэн, 2021 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа төслүүд удаашрах магадлал ихтэй байна. Энэ нь Үндэсний аудитын газрын санал дүгнэлтийг Засгийн газар хүлээж авч үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй байна гэсэн үг.

15.2021 онд Засгийн газар өрийн үйлчилгээний нийт зардалд 3.02 их наяд төгрөг төлөхөөр тооцсон нь төсвийн нийт орлогын 23.0 хувьтай тэнцэхээр байна. Асар их хэмжээний мөнгө төлнө. Тодруулбал газрын дотоод үнэт цаасны эргэн төлбөрт 569.6 тэрбум, гадаад үнэт цаасны үндсэн төлбөрт 392.4 тэрбум, гадаад зээлийн эргэн төлөлтөд 918.3 тэрбум, Засгийн газрын өрийн хүү, шимтгэлийн зардалд зардалд 1,137.5 тэрбум төгрөгийг тус тус төлөхөөр тооцжээ. Нэмж өр зээл тавихгүй байхад чиглэсэн бодлого, бодит санаачилга 2021 оны төсөвд огт байхгүй байна. Харин ч төсвийн алдагдлыг 2.2 их наяд төгрөг байхаар төсвийн төсөл батлах гэж байна.

IV. Хэзээ эхлэх нь тодорхойгүй төсвийн шинэчлэл

16. Нээлттэй нийгэм форумаас хийсэн судалгаагаар Монгол улсын төсөв боловсруулах үе шатанд олон нийтийн оролцоо маш хангалтгүй байгааг дурджээ. Төсөв боловсруулахад олон нийтийн оролцоо авбал зохих 100 онооноос дөнгөж 15 оноо авсан байна. Жил бүр улсын төсөв хэлэлцэх үеэр судлаачид, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах ёстой гэсэн шүүмжлэл улс орон даяар өрнөдөг ч энэ асуудал өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж амжаагүй байна.

17. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явцад төсвийн хөрөнгөний зарцуулалт олон нийтэд ил тод нээлттэй болсоор байна. Гэвч олон нийт төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг бүрэн ил тод нээлттэй болгохыг шаардаж эхэлжээ. Нээлттэй нийгэм форумын судалгаагаар Монгол улсын төсвийн ил тод байдлын оноо авбал зохих 100 онооноос 56 оноо авсан нь тийм ч хангалттай үнэлгээ биш. Төсвийн бүх үйл явцыг ил тод нээлттэй болгох буюу Төсвийн тухай хуулийн 5.1.4-ийг ажилладаг болгох шинэчлэлийн ажил 2021 онд Засгийн газраас хийгдэхээргүй төлөвтэй байна.

18.Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсанаасаа хойш маш олон удаа нэмэлт өөрчлөлтөд өртсөн. Өөрөөр хэлбэл хуулийн анхны үзэл баримтлал алдагдахад хүрчхээд байгаа. Эрх баригчид өр зээлийн таазыг нэмэх, өөрсдөдөө хэрэгтэй төсөв батлах хэрэгцээ тулгарах бүртээ энэ хуулинд гар хүрдэг. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал, Засгийн газрын өрийг нэмэх боломжийг эрх баригчид энэхүү хуулинд хүссэн үедээ өөрчлөлт хийдэг гэсэн үг.

19.Төсвийн тухай хуулийн 5.1.5-д төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахдаа “хариуцлагатай байх” гэж хуульчилсан байдаг. Гэвч төсвийн бүх харилцааг хариуцлагатай болгох шинэчлэлийн ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй байна. Төсөвт нүүрлэсэн хулгайг багасгах, хулгай хийдэг орон зайг хумихын тулд хариуцлагын асуудлыг хуульчлах шаардлага цагаа хүлээсээр байна.

20. Төсвийн болон төрийн бүтээмж нь иргэд, байгууллагуудын хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг бүх боломжит нөөцийн хүрээнд хэрхэн оновчтой шийдэж байгаагаар илэрхийлэгддэг. Иргэдийн аж амьдрал сайжирч, бодит орлого өсч, хуулийн засаглал бэхжиж, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл илт сайжирч байвал төсөв бүтээмжтэй байна гэсэн үг. Аж ахуйн нэгжүүдийг бэхжүүлэхэд чиглэсэн, шинэ технологи менежмент нэвтрүүлсэн бизнесүүдийг бий болгоход төсвийн бодлого чиглэх ёстой. 2021 оны төсвийн бодлого иргэд, аж ахуйн нэгжүүдэд бүтээмжээ өгөхөд биш Ерөнхийлөгчийн сонгуульд өгөөжөө өгөхөд чиглэсэн төсөв болжээ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon