Нийтлэл 12 сарын 09, 2020

Засгийн газар Cү.Батболдыг авилгын хэргээр Нью-Йоркийн шүүхэд өгсөн нь үнэн үү?

Монголын Засгийн газар Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдыг авилга, хууль бус хөрөнгө нуун дарагдуулсан хэргээр Нью-Йоркын шүүхэд өгсөн тухай  “Global Anti Corruption” вэбсайт дээрх нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Клептокрасид нэрвэгдсэн Монгол, Сү.Батболдын хэрэг

Монголын Засгийн газар Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдыг тус улсын хамгийн том хоёр уурхайд холбогдох зуу зуун сая долларын хээл хахууль авсан, хууль бус гүйлгээ хийсэн хэргээр шүүхэд өгсөн тухай “Оффшор Алерт” дээр өчигдөр мэдээлжээ. Эрх барих намын ахмад гишүүдийн нэг, 2021 оны Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай экс Ерөнхий сайдад холбогдох хавтаст хэрэг Нью-Йорк хотын шүүхэд арваннэгдүгээр сарын 23-наар нээгдсэн байна. Хонконг, Лондонд нээгдсэн хэргүүдтэй төстэй Нью-Йоркын шүүх дээрх тус нэхэмжлэлээр Монголд шалгагдаж буй гол хавтаст хэргийг шийдэгдтэл Сү.Батболдын хөрөнгүүдийг царцаах хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч тал буюу Монголын Засгийн газар, төрийн өмчит уул уурхайн компаниудыг хариуцсан агентлагаас тус хоёр уурхай болон Сү.Батболдын хамаарал бүхий шелл компаниуд хоорондын тохиролцоог хүчингүй болгох, тэдгээр нууц гэрээнээс олсон ашгийг хамтрагч талуудаар буцааж төлүүлэх, бусад хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлт гаргасан байна. Нэхэмжлэлийн нийт мөнгөн дүн тэрбум биш гэхэд зуу зуун сая долларт хүрэх магадлалтай.

Клептокраси сонирхогч,  судлаачдын хувьд Нью-Йоркийн шүүхэд гаргасан материалуудаас танил дүр зураг харагдана. Хуульч, санхүүч, болон бусад туслан гүйцэтгэгчдийн тусламжтайгаад Сү.Батболд нь хууль бус үйлдэл, орлогоо нуун дарагдуулахын тулд дор хаяж 10 оронд 100 орчим шелл компани байгуулсан гэгдэж байна. Улстөрчид удирдсан төрийнхөө өмчийг асар ихээр хулгайлдаг явдалд цэг тавих сонирхолтой бүх хүний хувьд энэ хэрэг хоёр өнцгөөс сонирхол татахуйц харагдаж байна.

1). Эрх барих намын дотроос нэг гишүүнийхээ хэрэг дээр ажиллах болсон улстөрийн шалтгаан
2). Олон нийтэд нээлттэй мэдээллийг нухацтай мөрдөх, шинжлэх замаар клептократ хулгайд холбогдох асар их мэдээлэл олдсон нь

Улстөрийн шалтгааны талаар

[...] Эрх баригч Монгол Ардын Нам нь 2016 оноос хойш парламентдаа үнэмлэхүй олонхийн суудал эзэлж байгаа ба 2016 оны сонгуулиар 65, 2020 онд 62 суудал авсан. Ийм үнэмлэхүй ялалт нь тус намд авилгатай тэмцэх газар, прокурор, түүнчлэн Сү.Батболдын эсрэг нэхэмжлэл гаргасан төрийн өмчийн агентлагуудыг хянах нөлөөлөх боломж бий болгож өгсөн.  Ийм эрх мэдэлтэй нам хамгийн хүчтэй намын гишүүдийнхээ нэгний эсрэг хэрэг мөрдөлт үүсгэсэн шалтгааны талаар ажиглагчид өөр өөр байр суурьтай байна. Зарим нь нам доторх зөрчил, шинэ гишүүдийнх нь намаа цэвэрлэх хүсэлтэй, зарим нь улсын өмчийн хулгай, авилгад хариуцлага тооцох олон нийтийн шахалт улам хүчтэй болж байгаатай холбож тайлбарлаж байна. Жишээ нь 2020 оны долдугаар сард Сангийн сайд асан С.Баярцогтыг Канадын Айвонхоугоос авилга авсан хэргээр ялласан. [...]. С.Баярцогт нь 2010 онд Монгол Улсын Засгийн газар Айвенхоу, Рио Тинтотой Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулах үеэр авилга авсан хэрэгт буруутгагдсан. Өнөөдрийг хүртэл олон нийтийн дунд 2010 оны гэрээгээр Монголын талд шударга бус хувь ногдсон тухай яригддаг нь авилга авсан өгсөн гэх хардлагыг улам дэвэргэдэг.

2010 оны гэрээг эргэж харах шаардлага Сү.Батболдын эсрэг нэхэмжлэлд мөн холбоотой байх магадлалтай. Нью-Йоркын шүүхэд гомдол гаргасан талууд “Оюу Толгой уурхайд Засгийн газраас үзүүлсэн дэмжлэгийн хариуд 2010 онд Айванхоуд холбогдох этгээдүүдээс нууцаар хууль бус хахууль авсан” гэж дурдсан байна. Нэхэмжлэлд дурдагдсан өгөө аваад өдгөө зуу зуун сая долларын үнэ хүрэх уул уурхайн концессын эрхүүд агуулагдаж буй аж. Хэд, юу гэдэг нь тодорхойгүй ч Айванхоу, Рио Тинто нарын Оюу Толгой төслөөс авах хэсэгт “чихэр” нэмж өгсөн гэдгийг ойлгоход төвөггүй.  

Олон нийтэд нээлттэй мэдээллийн талаар

Сү.Батболд болон Нью-Йоркийн хавтаст хэрэгт дурдагдсан бусад холбогдогчоос ямар нэг тайлбар одоогоор хийгээгүй байна. Нэхэмжлэх баримтуудад дурдсан асар их деталь баримтуудын эсрэг тайлбар хийхэд хэцүү байхаар дүр зурагтай. Нэрд гарсан хувийн мөрдөгч Жюлс Кроллын тусламжтайгаар нэхэмжлэгчид Сү.Батболд болон түүний гэр бүлтэй ойрын харилцаатай Өмнөд Солонгосын гэр бүл, тэр гэр бүлийг тойрсон Нью-Йорк, Лондон, Хонконг дахь сая сая долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг оффшор компаниуд зэрэг комплекс сүлжээ схемийн тухай баримтууд нэхэмжлэлд багтаасан байна. Кролл гэрчийн мэдүүлэг өгөхдөө 98 дахь зүйлд ингэж дурджээ.

“Самсунгийн ажилтан байсан дундаж орлоготой ажилтан, эсвэл хэл шинжээч академич хоёр нийлээд оффшор компаниуд ашиглан танил талгүй хотуудаар үнэтэй үл хөдлөх хөрөнгүүд худалдаж авсан шалтгаан, эсвэл хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлахад хэцүү.”

Олон нийтэд ил баримтуудаас харахад эхнэр нөхөр хоёр үл хөдлөхийн магнатууд төдийгүй өөрсдийн эзэмшлийн, эсвэл хяналтын багцыг эзэмшдэг шелл компаниудаараа дэлхийн зэсийн концентрацын зах зээлд томхон тоглогч болж, Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад 400 сая доллартай тэнцэх зэс улсын өмчит уурхайгаас худалдан авч байжээ. Зарим шелл компаниуд нь худалдан авалт хийхээс хэдхэн хоногийн өмнө байгуулагдсан, зарим нь худалдан авалтыг хэдэн арван сая доллароор санхүүжүүлэх чадамжтай компаниуд байна. Гэхдээ гэр бүлийн хосын санхүүгийн түүхэнд тийм гэрээ, худалдан авалт хийх ямар ч баталгаа байхгүй ажээ.

Төрийн өмчит уул уурхайн компанитай шелл компаниудын нэгээс харилцсан и-мэил тэдгээр худалдан авалтын гэрээ огт хууль бус байсныг батлах нэг баримт болж өгнө. Уг гэр бүлийн зүгээс зэсийн концентрац тээвэрлэхтэй холбоотой асуудал и-мэилээр хөндөхдөө “Сайн хэлэлцээгүй” байна гээд, асуудал хөндсөндөө уучлал гуйж “Тээвэрлэлтийн талаар ямар нэг төвөг удахгүй байх хүсэлтэй байна” гэхчлэн дурдсан баримтууд шүүхэд очжээ.

Нью-Йоркийн дээд шүүхийн шүүгч Барри Остражер нэхэмжлэгчдийн хөрөнгө царцаах хүсэлтийг ирэх нэгдүгээр сарын 6-ны 9 цаг 30 минутаас сонсохоор товлосон байна. Монгол Улсын иргэд, клептокрасид санаа зовдог хүмүүс анхааралдаа авна уу.

Нью-Йоркйн шүүхийн вэбсаит дээрх кэис материалтай эндээс танилцана уу.

Сэтгэгдэл бичих

    • Эвгүй гар
    • 2020-12-10

    Хумсаа нуусан мий шиг царайтай.

    • Намсрай.Л
    • 2020-12-10

    “ Хулгайчдын засаглалд тарчилсан монгол ба Сү.Батболдын хэрэг” гээд бичээд яваач дээ!

arrow icon