Нийтлэл 12 сарын 09, 2020

Ерөнхий сайд Хүрэлсүхийн анхаарал хандуулвал зохих 3 гол ажил

Хүрэлсүхийн түүхэнд үлдээх өв юу байх вэ? нийтлэлийн хоёрдугаар хэсэг буюу ерөнхий сайд У.Хүрэлсүхийн цаашид анхаарлаа хандуулвал зохих 3 чухал ажлыг энд онцоллоо.

Төсөв сангийн боломжууд хумигдаж байгаа Хүрэлсүхийн 2 дахь Засгийн газарт амаргүй 4 жил айсуй. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид нийгэмд болж байгаа аливаа асуудалд углуургаар менежментийн шийдэл бодож олохоос илүү мөнгөөр зоддог муу зантай болсон билээ.

Зодох мөнгө нь байхгүй болж байгаа энэ Засгийн газарт уг нь сайн суурь бий. 62 хүний суудалтай Парламентын олонхи, Ерөнхий Сайдын илүү өргөн хүрээний эрх мэдэл, болон өдөр ирэх тусам буурч байгаа ч тодорхой хэмжээний олон нийтийн дэмжлэг. Энэ ховор зохицолдолыг ашиглалгүй өнгөрөөх нь алдас бөгөөд харин ч Монгол төрийн менежментийг сууриар нь шинэчилж, дараа дараагийн илүү том сорилтуудад илүү бэлтгэлтэй болгох боломж Хүрэлсүх сайдад байна.

Сууриар нь шинэчлэх үндсэн зарчим нь маш энгийн  эрх мэдлийг тархаах замаар ардчиллыг бэхжүүлэх. Энэ суурь үнэт зүйлийг дагаад холбогдох төсөв, сан, хөрөнгө оруулалтын шийдвэрүүд илүү оновчтой, нүдээ оносон болж ирэх давуу тал бий болно. Өнөөдрийн манай тогтолцооны хамгийн том алдаа нь энэ улсын бүх эрх мэдэл цөөхөн хэдэн хүмүүсийн гар дээр төвлөрч, тэдгээр хүмүүсийн чадваргүй байдлаас болж хөл хорионы үед 5 хүний эрдэнэт амь үрэгдсэн гашуун жишээ байгаа билээ.

Эрх мэдлийг тархаан байршуулснаар бидний өдөр тутмын амьдрал чадваргүй хүмүүсээс хамаарах хамаарал төдий чинээ буурах юм. Бүх өндгөө нэг саванд бүү хий гэдэг шиг, бүх эрх мэдлийг нэг байшинд бүү төвлөрүүл.

 1.Эрх мэдлийг тархаан хуваарилах

Ардчиллын хамгийн чухал  үзүүлэлт бол улс төрийн шийдвэр гаргалтанд идэвхтэй оролцдог иргэний нийгэм билээ. Идэвхтэй иргэний нийгэмтэй болохын тулд эрх мэдлийн төвлөрлийг бууруулах замаар ардчиллыг хүртээмжтэй, иргэнд ойр болгох ёстой юм.

Тухайн орон нутгийн хөгжил, төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг алс хол нөхцөл байдлаас тасарсан хүмүүс бус, тухайн газарт нь шийдэх явдал юм. Улмаар хөгжлийн чигийг тодорхойлох илүү их эрх мэдлийг орон нутагт шилжүүлснээр амьдралд ойр, материаллаг өөрчлөлт авчрах хөтөлбөрүүд хэрэгжих илүү боломжтой юм.

Энэ хэрэгцээ хамгийн ихээр тулгамдаж байгаа газар бол яах аргагүй Нийслэл Улаанбаатар хот билээ. Улсын тал нь төвлөрсөн энэ хотын иргэд өгч байгаа татвар, оршин сууж байгаа саналын тоогоор өнгөрсөн хугацаанд хэзээ ч өөрт ногдох хувиа хүртсэнгүй. Орон нутгийн сонгууль гэдэг нэртэй жүжиг тавих ч, үр дүнд нь 12 хүний бүрэлдэхүүнтэй намын удирдах зөвлөл энэ хотыг удирдах хүнийг томилох жишээтэй.

1.5 сая хүн амтай энэ хотыг удирдах дарга крандуулж томилогдох бус, олон нийтийн дэмжлэг авах замаар шууд сонгогдох бодит шаардлага ирээд байгаа юм. Үүний ач холбогдол нь олон нийтээс сонгогдсон дарга иргэддээ хариуцлагаа тайлагнаж, нөгөө талаас иргэдийнхээ эрх ашгийг Засгийн газар дээр хамгаалж чаддаг байх нөхцөл бүрдэх юм.

Хэт босоо удирдлагатай өнөөдрийн тогтолцоо нь хотын удирдлагыг олон нийтийн саналд мэдрэг биш болгоод байгаа хандлага сүүлийн үед тод ажиглагдаж байна, үүний хамгийн том жишээ нь ч энэ зуны 3 тэрбумын өртөг бүхий усан фонтан байв. Мөн олны эсэргүүцлийг сөрөн байж хотын архитектурын легаси барилга болох Байгалийн түүхийн музейн барилгыг нураах жишээтэй.

Босоо удирдлагатай бүх эрх мэдэл нэг байшинд төвлөрч байгаагийн дараагийн хамгийн том гор нь төсөв, санхүүгийн эрх мэдэлгүй байдал юм. Улсын тал нь аж төрөх энэ хотод олон нийтийн эрүүл ахуйн үндсэн хэрэгцээнд нь шаардлагатай хөрөнгө оруулалтууд огт хийгддэггүй бол, 100 мянга хүрэхгүй оршин суугчтай аймагт хүн амд нь ахадсан, бараг хүсээгүй соёл, спортын байгууламжуудын хөрөнгө оруулалтуудыг төвөөс захирах улс төрчдийн оролцоотойгоор шийдэж байх жишээтэй.

Иймд эрх мэдлийг орон нутаг руу шилжүүлэх ажлын томоохон бүрдэл нь төсөв сангаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргуудаар босгох эрх мэдлийг хотууддаа өгөх, нөгөөтэйгүүр төсөв, санг өөрийн үзэмжээр нутаг оронд нь хамгийн хэрэгтэй зүйлд нь захиран зарцуулах эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх асуудал юм. Энэ нь яах аргагүй Монгол улсад үйлчилж буй татварын бодлогыг эргэн харах шаардлагыг бий болгож байгаа юм.

 2.Татварын бодлогыг газар зүйн үйл ажиллагаатай нь холбож өгөх

Монгол улсын төсвийн бодлогын хамгийн гаж 2 тогтолцоог Улаанбаатар хот болон Хөвсгөл аймгийн төсвийн жишээнүүдээс харж болно. Улсын тал нь амьдарч буй энэ хотын жилийн төсөв нь ойролцоогоор 800 орчим тэрбум байдаг бөгөөд үүний 500 тэрбумыг хүн амын орлогын албан татвараар босгож, 100 тэрбумыг үл хөдлөхийн татвар, үлдсэнийг нь замын татвар гэх мэт жижиг сажиг эх үүсвэрээс бүрдүүлдэг.

Хүн амын орлогын албан татвар гэдэг нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ажилладаг та бидний цалингаас сар бүр суутгагддаг цалингийн 10% билээ. Улсын нийслэл учраас энэ хотод Монгол улсад дорвитой үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаний төв нь байршина. Улсын эдийн засаг томорч олон компани хотод үйл ажиллагаа эрхлэхийн хирээр нийслэлийн төсөв автоматаар дагаад тэлнэ.

Энэ нөхцөлд ямар асуудал үүсч байна вэ гэхээр төлж байгаа татвараар дамжин нийслэлийн зарцуулалтад хяналт тавьж, хөгжлийн хөтөлбөр шаарддаг иргэдийн эргэх холбоо байхгүй болж байгаа юм. Нөгөө талаас нийслэл нь эдийн засгийн хувьд ашигтай байх, татварын сууриа нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага хотын удирдлагуудад хэзээ ч гарахгүй юм. Яагаад гэвэл ямар ч нөхцөлд нийслэлийн төсөв доголдохгүй учраас тэр.

Үүний нэг тод илрэл нь 2020 оны 11 сарын 11-нээс нийслэлийг хатуу хөл хорионы дэглэмд оруулж, олон бизнесийн үйл ажиллагаа доголдож байгаа асуудалд Нийслэлийн удирдлага ямар ч мэдрэмж байхгүйгээс гадна, асуудлыг улам хүндрүүлэх шийдвэрүүд гаргаж байх жишээний.

Ижил төстэй дэлхийн хотуудын жишиг бол үл хөдлөх хөрөнгийн татвараар дамжуулан хотын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг. Үл хөдлөх хөрөнгийн татвар гэдэг нь энэ хотод байгаа бүх барилга эзэмшигчдээс, түүний дотор оршин суугчдаас жил бүр авдаг татвар юм. Энэхүү татварыг 2000 онд Улсын Их Хурал баталсан боловч, тэр хуулиндаа нийт зах зээлийн 98% буюу бүх хувийн орон сууц эзэмшигч, газар эзэмшигчдыг чөлөөлсөн байдаг. Энэ татварыг идэвхжүүлэх нөхцөлд татвар төлж байгаа иргэний амьдарч байгаа байшингийн гаднах эвдэрсэн замыг засах шууд холбоос бий болох юм.

Нөгөө жишээ бол Хөвсгөл аймгийн жишээ юм. Байгалийн үзэсгэлэнт цогцолбор, цэнгэг нууртай энэ аймаг нийслэлтэй хар замаар холбогдсон бөгөөд Монголын аялал жуулчлалын томоохон зорилтот газар юм. Жил бүр 100 орчим мянган жуулчин Хөвсгөл нуурыг тойрсон гэр кэмпүүдээр үйлчлүүлдэг гэх судалгаа бий. Гэтэл тус аймгийн 100 тэрбум төгрөгийн жилийн төсвийн дөнгөж 10 тэрбумыг Хөвсгөл аймаг өөрсдөө бүрдүүлдэг бол, үлдсэн 90 тэрбумыг Төвөөс санхүүжүүлдэг байна.

Хөвсгөл аймагт идэвхтэй өрнөж байгаа аялал жуулчлалын бизнесээс аймаг хувь, шимээ хангалттай хүртэхгүй байгаа шалтгаан нь ахиад л нөгөө компаниудын орлогын албан татвар хаана бүртгүүлснээр хамаардаг. Хөвсгөлд үйл ажиллагаа явуулдаг дийлэнхи компаниуд Улаанбаатарт бүртгэлтэй бөгөөд эндээ улсын сан хөмрөгтөө татвараа тушаана.

Тэгэхээр Хөвсгөл нуурын гайхамшгийг гадны жуулчдад танилцуулдаг хөтөч нарын цалингийн татвар Улаанбаатар хотыг санхүүжүүлж, Хөвсгөл аймгийн байгалийн гайхамшгийг зарж мөнгө олдог хэдэн компаниудын татвар Улсын төсөв гэсэн хар нүхэнд орцгоож байгаа ийм тогтолцоонд аймаг, нийслэлийн удирдлагууд хэзээ ч орон нутгийн эдийн засгаа сайжруулъя, тоогоо ахиулая гэх сэдэл төрөхгүй нь ойлгомжтой юм.

Жилийн эцсээр Сангийн яамны нэг булангийн өрөөнд тухайн аймагт хэдийг шилжүүлэх гэдгийг намаас томилогдсон улс төрчийн өгсөн заавраар нэг төрийн албан хаагч бодож суудаг энэ тогтолцоог өөрчилж, тухайн орон нутгийн татварын бүрдүүлэлтийг шууд утгаар тухайн орон нутагт явуулж байгаа үйл ажиллагаатай нь хамгийн ойлгомжтой байдлаар холбож өгөх нь хөгжлийн чөдрийг арилгах нэг том алхам болно.

Дараагийн удаа аль нэг аймагт аялаж явахдаа яагаад энд өдий болтол аялал жуулчлал хөгжихгүй байгаа гэж бухимдахдаа Монголын сангийн хөрөнгө хуваарилалтын энэхүү гажиг тогтолцоог нэг санахад илүүдэхгүй биз.

 3.Орон нутагт орлогын эх үүсвэрийг бий болгох

Монгол улсын 21 аймгаас хоёр аймаг л төсвөөс авах биш өгдөг: тэр хоёр нь Өмнөговь, Сүхбаатар аймгууд. Бусад нь бүгд төвөөс санхүүжигддэг. Төвийн санхүүжүүлдэг төсвийн мөнгө нь хөдөө орон нутгийн эдийн засгийн цорын ганц эргэлтийн эх үүсвэр болдог сумдуудад байгаа сургуулиудын багш, цагдаа, эмнэлгийн ажилтнуудын цалин. Орон нутагт үүнээс өөр мөнгө эргэлдэх эдийн засгийн томоохон хөдөлгөгч байхгүй - ноолуур, мах, сүү мэдээж байх боловч, эдгээрээс олох мөнгө нь Улаанбаатарт үлддэг. Улсын нийт худалдааны эргэлтийн 88% Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг гэх судалгаа бий - ноолуураа зарсан мөнгөө нийслэлд хүүхдийн сургалтын төлбөр, бараа материал, хүнс, хувцсаа эндээ тараагаад нутаг руугаа аваад буцацгаадаг Монголын тойрог.

Газар нутгийн бүрэн бүтэн байдал, энэ улсын тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутагтаа эзэн суусан Монгол улс болохын тулд бүх мөнгө Улаанбаатарт шингэдэг бус, орон нутагтаа үлдэж, орон нутгийн эдийн засгийг тэтгэдэг болох шаардлагатай юм. Үүний тулд мөнгө олдог хөрөнгө оруулалтуудыг хөдөө орон нутагт түрүүлж хийдэг болох сэтгэлгээний том өөрчлөлт бидэнд хэрэгтэй байна.

Жил бүр улсын төсвийн 3 их наяд төгрөгөөр Монгол төр орон нутагт байшин, барилга барьдаг. Гэвч баригдаж байгаа байшингууд нь дийлэнх нь сургууль, эмнэлэг, соёлын ордон, спортын орднууд. Энэ байдал сүүлийн 20 жилийн туршид үргэлжилсэн бөгөөд одоо бид энэ хандлагаа өөрчлөхгүй бол Монгол улсын 300 сумд бүгдэд нь спорт, соёл, театр, драмын барилгууд барьж дуусгах эрүүл бус өрсөлдөөн эхэлжээ. Боловсрол, соёл мэдээж маш чухал хэдий ч, орлого олдог саалийн үнээтэй эхлээд болох нь хэнд ч ойлгомжтой дараалал баймаар.

Орон нутагт байгаа Монголын 3 баялаг болох мах, сүү, ноос, ноолуур зах зээлийн ханшнаас доогуур зарагддаг. Тэгж зарагдаж байгаа шалтгаан нь ч тодорхой - борлуулалтын дэд бүтэц үндсэндээ байхгүй. Ченжүүд гэх муу нэртэй дундын агентууд үнэндээ орон нутгийн баялагийг зах зээл нь төвлөрсөн Улаанбаатар, цаашлаад гадаад зах зээлтэй холбож байна. Төрийн хийх ёстой боловч хаясан ажлыг хийж байгаагийн төлөө олны хараалыг эдгээр агентууд хүртэнэ.

Төр зохицуулагчийн үүргийн хүрээнд мах, сүү, ноос, ноолуурын урьдчилсан анхан шатны боловсруулалтыг тухайн сумандаа заавал хийдэг эрх зүй, эдийн засгийн зохицуулалтыг хийгээд өгөхөд баялаг орон нутагтаа өгөөж өгч эхлэх юм. Эдгээр анхан шатны боловсруулалтын паркууд нь өндөр технологи шаардсан байх албагүй, жилийн 4 улирал ч ажиллах шаардлагагүй, мөн технологийн дэвшлүүдийн ачаар төвийн эрчим хүчний системд холбогдох шаардлагагүй биеэ даасан эрчим хүчний эх үүсвэртэй байх боломжтой юм. Хамгийн гол нь эдгээр жижиг оврын аж үйлдвэрийн паркууд нь хөдөө сумын иргэдийн гар дээр халамжийн замаар бус, харин өөрийн хөдөлмөрөөр бий болгосон мөнгөний урсгалыг бий болгох юм.

Бүр цаашилбал төрийн бодлогоор тулгуур дөрвөн хотуудад гадаад зах зээлд гаргахад зориулсан дунд шатны томоохон боловсруулах аж үйлдвэрүүдийг барихад энэ улсын хөгжил илүү жигд хөгжих боломж бүрдэнэ. Дагаад улс доторхи нүүдэл багасаж, Улаанбаатарын нийгмийн дэд бүтцэд ирдэг ачаалал буурах юм.

Эдгээр ажлуудыг хийхийн оронд Монгол төр нөгөө л инерцээрээ спортын ордноо барьсан хэвээр. Энэ инерцийн чиглэлийг өөрчилнө гэдэг бас л том эр зориг бөгөөд одоо байгаа энэ Ерөнхий сайдад хамгийн хүнд сорилтууд байх болно.

Дээрхи шинэчлэлийн ажлуудыг хийхийн тулд мөнгө хэрэггүй, дор хаяж шинэ мөнгө хэрэггүй. Харин ч зөв зохион байгуулж чадвал одоо байгаа татварын баазыг нэмэгдүүлэх ч боломжтой. Эдгээр ажлууд мөнгөнөөс илүү сэтгэлгээний шинэ өнцөг шаардах ажил юм. Сүүлийн 30 жил, бүр цаашлаад 70 жил социалист сэтгэхүйгээр явсан замын хамаарлыг (path dependency) үгүй хийж Монголын нийгэм эдийн засгийн ажилладаг зарчмыг сууриар нь өөрчлөх түүхэн ганц боломж юм. Хүрэлсүх эдгээрийг хийж чадвал түүхэн Ерөнхий сайд болно, чадахгүй бол ордны хэрүүлд живсэн ээлжит нэгэн хохирогч.

Түүнд үнэндээ хийхгүй байх сонголт байхгүй юм: хэрэв хийж чадахгүй бол 4 жилийг ахиад л ардаа орхино, энэ хугацаанд баян ядуугийн ялгаа улам гаарна, халамж хүнсний талон дээр өсөж том болсон бүхэл бүтэн нэг үе бүрэлдэн бий болно. Тэр үед Монголын их заяа мэдэх биз ээ!

 

 

2020.12.07

Сэтгэгдэл бичих

arrow icon