Нийтлэл 12 сарын 14, 2020

Монгол компани цахиурын хөндийд бүртгэгдлээ

Мэдээллийн технологийн зах зээлийн дээд лиг бол цахиурын хөндий. Тэгвэл цахиурын хөндийд бүртгэгдсэн "ERXES" компанийн үүсгэн байгуулагчдын нэг Мэнд-Оршихтой ярилцлаа.

 

В.Ганзориг: Сайн байна уу Мэнд-Орших захирал аа?  Хэдхэн хоногийн өмнө “Монголын технологийн компани тун удахгүй дэлхийн зах зээлд цахиур хагална” гэдэг мэдээллийг би “Mongolia Weekly цахим сонингоос уншсан. Хэзээ, хаана, ямар цахиур хагалах гээд бэлдээд байна вэ?

А.Мэнд-Орших: “Erxes” компани АНУ-д бүртгэлтэй, монгол инженерүүдийн бүтээл. Бат-Амар, Наран, Мэнд-Орших гээд гурван үүсгэн байгуулагчтай. 2017 онд компаниа бүртгүүлээд ажиллаж байгаад Continuous Securities Offering буюу АНУ дахь компани дээр хувьцаа борлуулах эрх сая авлаа. Энэ бол бидний өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хөөцөлдсөн ажил. Сүүлийн 11 сар хөөцөлдсөн энэ ажлын үр дүнд Монгол компани цахиурын хөндийд албан ёсоор бүртгэгдээд гарч байна. Үүний тулд АНУ-ын хуулийн фирм, санхүүгийн зөвлөх үйлчилгээний болон хөрөнгө оруулалтын компаниудтай хамтраж ажиллаж, монгол залуучууд Америкт компаниа байгуулж, хувьцааг нь хэн ч худалдан авах нээлттэй бүтцийг хийлээ. Дэлхийн өнцөг булан бүрээс манай хувьцааг авах боломжтой бөгөөд хамгийн багадаа 300 ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой. Манай компани 18 сая ам.доллараар үнэлэгдсэн. Бид 3.5 сая ам.доллар босгох ажлыг эхлүүлээд явж байна.

Баяр хүргэе! Компанийнхаа үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон харилцагч, түншүүдийнхээ тухай товч мэдээлэл өгнө үү.

Манай үндсэн бүтээгдэхүүний хөгжүүлэлт 2016 оноос эхэлсэн. Гол бизнес загвар нь нээлттэй эхийн програм хангамж (open source) буюу хэн ч төлбөргүйгээр татаж аваад өөрсдийн сервер дээрээ суулган ашиглах боломжтой B2B байгууллагад зориулсан хэрэглэгч, маркетинг, борлуулалтын удирдлагын цогц шийдэл юм. Яг одоогийн байдлаар дэлхийн 90 гаруй улсын 30 мянган бизнес манай бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Монгол Улсаас 11 томоохон аж ахуйн нэгж хэрэглэж байна. Тухайлбал, Мобиком, Голомт банк, Капитрон банк, ХХБ, Таван Богд Групп гэх мэт. Бидний үндсэн бүтээгдэхүүн маань төлбөргүй хэдий ч энтерпрайз харилцагчид илүү хурдтай хэрэглэн, өөрсдийн бизнесийн онцлогт тохируулан хөгжүүлэхийн тулд нэмэлт төлбөр төлдөг.

 Цар тахал та бүхний бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?

Бизнесийн утгаар сөргөөр нөлөөлж байна. Харилцагчдын үйл ажиллагаа удаашрах, үүнийг дагаад хэрэглээ нь багасч, хийгдэх гэж байсан шинэ гэрээнүүд царцаж байна. Гэхдээ манай дотоодын харилцагчдын дийлэнх нь том аж ахуйн нэгжүүд байдгаас гадна ихэнх харилцагчид маань Австрали, АНУ-д байршдаг. Энэ утгаараа шууд нөлөө бас харьцангүй гайгүй, нэг талаасаа энэ нь давуу тал болж байгаа. Үйл ажиллагааны хувьд бүгд гэрээсээ, цахимаар ажлаа цалгардуулахгүй Америк болон Монголын цагаар ажилладаг болсон. Өмнөх хөл хорионы үед бид энэ талын бэлтгэлээ хангаж чадсан.

Хямралыг боломж болгож чаддаг хүмүүсийг энтрепренер гэдэг. Энэ утгаараа цар тахлаас үүдэлтэй хямралын үед технологийн салбарт хүч үзэж буй залууст өгөх таны зөвлөгөө юу байх байсан бэ?.

Бид өнөөдөр АНУ-ын үнэт цаасны хороонд (The U.S. Securities and Exchange Commission) бүртгүүлж, Америкийн зах зээлд хувьцаа гаргах эрхээ авсан компани болчихлоо. Энэ нь бусадтай амжилтаа хуваалцаж байгаа хэдий боловч энэ шатанд гарахын тулд бид сүүлийн 10 жил зогсолтгүй хөдөлмөрлөсөн. 10 жилийн өмнө ийм төрлийн хөрөнгө оруулалт гэдэг зүйл бараг байгаагүй. Бүх юмаа өөрсдөө хийгээд олсон мөнгөө мөрөөдөлдөө буюу гадаад зах зээлд гарах ажилд зарцуулж байсан. Нэг л өдөр цахиурын хөндий дээр гарна гэдэг мөрөөдөлдөө хөтлөгдөн сүүлийн 10 жил энэ зорилгодоо үнэнч ажилласан.

Erxes бол бидний бүтээсэн тав дахь бүтээгдэхүүн. Тууштай байж, зорилгынхоо төлөө шантралгүй ажиллах ёстой. Энэ хооронд төлөвлөгөө, хийх гэж байсан бүтээгдэхүүн өөрчлөгдөж болно, бас баг, хамт олноо алдаж болно. Зам зуур янз бүрийн асуудлууд тулгарна. Гэхдээ зорилгоо хэзээ ч өөрчилж болохгүй. Монгол залуусын бүтээлийг цахиурын хөндийд гаргана, Монголынхоо уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг солонгоруулъя, Раж ах Gmail-ийг хийчихлээ гээд Энэтхэг залуус тэр чигээрээ хөглөгддөг шиг монгол залуусын мөрөөдлийг хурцлах амжилт гаргая гэдэг зорилго бидэнд байдаг. Ийм мөрөөдөл эхлээд үүсч байж дараагийн хийх ажил тодорхой болж, алдаан дээрээсээ суралцаж эхэлдэг. Бусад залууст хэлэхэд энэ бол тийм амар ажил биш шүү. Нэг шөнийн дотор амжилт олно гэж байдаггүй. Бидний хувьд 10 жил гэдэг ерөөсөө бага хугацаа биш. Энэ хооронд олон алдаа хийсэн, хүмүүст хулхидуулж залилуулсан, орлогогүй тул ажилчдынхаа цалингаа тавьж чадахгүй явж байсан гэх зэргээр байж болох бүх хүнд үеийг туулсан. Эндээс ойлгосон зүйл бол энэ бүхнийг давж чадвал хамт олон улам нягт болон нэгдэж, мөрөөдлийнхөө төлөө явах хүч улам ихээр ордог юм билээ.

Бидний энэ алдаа, оноог үнэлэн, цахиурын хөндийд гарах зорилгыг маань дэмжин Шунхлай групп, Тесо групп, Бид санхүүгийн нэгдэл, бусад хувь монгол хөрөнгө оруулагчид 650 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. 2020 оны 4 дүгээр сард цахиурын хөндийд очиж менежментийн багаа байгуулж, нэмж хөрөнгө оруулалт татахаар төлөвлөсөн байсан хэдий ч цар тахлын улмаас хойшлоод байна. Үүссэн нөхцөл байдлыг үнэлээд бид төлөвлөгөөгөө өөрчлөн, арай шинэлэг байдлаар борлуулалтаа хийж, хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна. Компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй болгоно гэдэг нь Монголд ч тэр амар ажилд тооцогдохгүй. Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн шаардлагыг ханган зөвшөөрөл авах замаар IPO гэдэг загвараар хөрөнгө татдаг. Бид АНУ-д яг л энэ замаар явж шаардлагыг нь ханган, шинэ жим гаргаж чадлаа. Олон залуучууд харж байгаа учираас бидний хариуцлага энэ хэрээр улам өндөр болж байгаа. Амжилттай явж чадвал бидний гаргаж буй жимээр олон монгол компаниуд Америкийн зах зээл руу гарах болно. Бид дараа дараагийн залуусыг хурцлах, тэдэнд энэ боломжийг өгөх туйлын зорилготой ажиллаж байгаа шүү.

Зөвхөн мөнгө олно, эсвэл өөрсдөө л саятан болно гэдэг зорилго дор хамт олон нэгдэхгүй. Ийм өнгөц зорилгоор урт хугацаанд явах боломжгүй. Бид Google, Facebook, Apple-тай өрсөлдөх хэмжээний цалин өгч чадахгүй байгаа ч манайд ажиллаж буй монгол инженерүүдэд тийм хэмжээний ур чадвар хангалттай байдаг. Манай компаниас жилдээ хоёроос гурван залуу Америк, Австрали руу тэтгэлгээр мастерт сургуульд явдаг. Төгсөөд старт ап байгуулах, эсвэл Microsoft, Facebook зэрэг том компаниудад орж ажилладаг. Манай залуучуудад потенциал асар их байгаа. Эдгээр залуус бага цалингаар Монголдоо ажиллахаар нэгдэж буй цорын ганц шалтгаан нь монгол бүтээлийг цахиурын хөндийд гаргахад байдаг. Мэдээллийн технологийн зах зээлийн дээд лиг бол цахиурын хөндий. Энд хүлээн зөвшөөрөгдөж чадвал бид өөрсдийгөө батлах юм. Монгол залуучууд хэн гэдгээ ингэж баталж чадвал дараа дараагийн том боломжууд бидний өмнө нээгдэнэ. Үүний төлөө бид ажилладаг.

 Цахим шилжилт, Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, цахим хувьсгал гэдэг үгс хол сонсогддог байсан бол өнөөдөр бидний өдөр тутмын ажил, амьдралын нэг хэсэг болчихлоо. Монголчууд утгаараа Цахим үндэстэн болоход бэлэн байна уу?

 Дэд бүтцийн хувьд маш сайн болсон гэж боддог. Бидний интернэт нээлттэй. Нээлттэй интернэт гэдэг бол асар том зүйл, том боломж. Ухаалаг гар утас, хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Банк, санхүү, төлбөр тооцооны програм хангамж нэлээд өндөр төвшинд хөгжсөн. Гар утсаа ашиглан хийж болох ажлууд нэлээд их болсон. Энэ утгаараа суурь хөгжил, суурь боломж харьцангуй сайн тавигдсан. E-Mongolia сая гарч ирээд нэлээд олон төрийн үйлчилгээг цахим болгож гар утсанд хийлээ. Төрийн хийдэг ажлуудад дутагдалтай зүйлс байдаг байсан. Өөрөө ашиглаж үзэж байж л энэ мэт хардлага арилж, үнэхээр хэрэгтэй ажлууд хийгдээд явж байгааг нь харсан.    

 Сая дурдсан E-Mongolia-г ашиглан үйлчилгээ авч үзсэн үү?

Үзсэн. Гурван төрлийн тодорхойлолт авсан. Улам сайн хөгжүүлэх шаардлага, боломжууд байсан. Байгууллага дээрээ тодорхойлолт авахын тулд Дүнжингарав руугаа явсан. Харин хувь хүнтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө, гэрлэлтийн тодорхойлолтоо авахад үнэхээр амар байсан. Гар утсаар төлбөрөө төлөөд л файлаар тодорхойлолтоо аваад хэвлэсэн. Заавал хэвлээрэй гээд тодорхойлолт хүссэн газар хэлсэн ч уг нь заавал хэвлэх шаардлагагүй гар утсаараа үзүүлэхэд л хангалттай юм билээ. Их амар санагдсан. Ийм үйлчилгээ байгаагүй бол ТҮЦ машин, бусад төрийн байгууллага руу цаг алдан явах байсан.

Хөгжүүлэх зүйлс багагүй байна гэж та хэллээ. Технологийн энэ бүх дэвшлийг ашиглан төр ба хувийн хэвшил хамтдаа ажиллаж, цахим хувьсгалыг утгаар нь хийх ямар боломжууд бидний өмнө байна вэ?

 Манай төрийнхөн Эстонийн туршлагыг их судалдаг. Тэд цахим шилжилт амжилттай хийсэн бэлэн шийдэл санал болгодог. Энэ шийдлийг нь хувийн хэвшил хийсэн байдаг. Хувийн хэвшлийн нөү хау, технологийн шийдлийг төр нь багцлаад хөгжиж буй улс орнуудад санал болгож байгаа юм. Энэ бол бизнесийн байгууллагын програм хангамж, зөвлөх үйлчилгээг төр засагтайгаа багцлан нэг бүтээгдэхүүн болгон бусдын асуудлын шийдэх шийдэл болгож буй хэрэг юм. Швейцар, АНУ, Япон зэрэг улс адил загвар хэрэглэдэг. Америкийн төр засаг жишээ нь дотоодын мэдээллийн технологийн компаниудынхаа хамгийн том хэрэглэгч нь байж, бүх төвшиндөө хамтран ажилладаг. Улмаар гадны улс орнуудад худалддаг. Төр, хувийн хэвшил технологийн салбарт ингэж уялдан хамтран ажилладаг “бичигдсэн” хууль бий. Тухайн улсын төр, засгийн газар аль нэг дотоодын компанийнхаа технологийн шийдлийг ашиглаж байна гэдэг нь хувийн хэвшлийн хувьд асар том нэр хүнд, бизнесийн баталгаа болдог. Саяхан Slack-ийг 27 тэрбум ам.доллараар худалдан авсан Sales Force-ийн ERP системийг Америкийн төр засаг бүх шатандаа хэрэглэдэг байх жишээтэй.

Бид гарааны бизнесийн олон улсын цөөн биш уралдаан тэмцээнд оролцож байсан. Швейцарт явж байхад нэг мужийн захиргаа нь гэхэд л Sales Force-ийн бүтээгдэхүүнийг ашиглан, жилдээ нэлээд олон сая долларын төлбөр төлдөг тухайгаа хэлж байсан. Энэ бол мэдээллийн технологийн шийдлийг тухай улсын засаг төр нь хэрхэн дэмжиж ажилладагийн жишээ гэж бодож байна. Гэтэл гадаад зах зээлд гарахаар тэмүүлж яваа монгол компанид аль болох төрөөсөө хол явахыг боддог. Төр, засгийн дэмжлэггүйгээр хөл дээрээ босохыг зорьдог. Төртэй аль болох бага холбогдох юмсан гэж явдаг компаниудын нэг нь бид нар байна. Гэхдээ цаг нь ирэх үед төр өөрөө хамгийн том худалдан авагч болдог. Төр шударга, нээлттэй тендер явуулан мэдээлэл, технологийн компаниудтайгаа хамтран ажиллах юм бол энэ нь өөрөө гарааны бизнесийн том хамтын ажиллагаа, эхний хөрөнгө оруулалт болдог. Харамсалтай нь манайх ийм төвшинд хүрэх хараахан болоогүй байна. 3-5 жилийн дараа өөр болох байх аа.

Цаг гарган ярилцаж, хийж байгаа ажил, амжилтын түүхээ хуваалцсанд баярлалаа! Цахим Үндэстэн болох зорилгыг түүчээлэн бодитой хийж, цахиурын хөндийд гарсан та бүхний цаашдын ажилд улам өндөр амжилт хүсье! Олон монгол залуус, компаниудыг араасаа дагуулаарай.  

Ярилцлагын төгсгөлд нэг таатай мэдээ хуваалцмаар байна. Өчигдөр орой Хакухо аварга Токиогоос цахимаар холбогдож манай компанид шууд хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол бидний хөрөнгө оруулалтын загвар бүгдэд хүртээмжтэй, хүн болгонд нээлттэй байгаагийн илрэл. Америк, Австрали, Англиас хөрөнгө оруулж байсан бол өчигдөр Японоос хөрөнгө оруулалт авч чадлаа. Энэ бол монголчууд нэгдэж чаддаг, цахим хэрэглээнд ийм ойрхон болсон гэдгийг том жишээ болов уу. Сайхан ярилцлагадаа урьж оруулсан та бүхэнд баярлалаа! Цахим Үндэстэн хурдан болцгооё! Энэ санаачилгыг аваад явж байгаа та бүхний ажилд амжилт хүсье!

 

Сэтгэгдэл бичих

arrow icon