Нийтлэл 02 сарын 03, 2021

Монгол хүний эх орондоо буцаж ирэх эрх зөрчигдөөгүй гэж Цэцийн гишүүн үзжээ

"Оюуны-Инноваци" төрийн бус байгууллагын зүгээс гадаад улсад оршин суугаа иргэдийнхээ эх орондоо буцаж ирэх эрхийг хязгаарласан Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн уг гомдлыг хянаж үзээд Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй, өөрөөр хэлбэл гадаадад гацсан иргэдийн эх орондоо эргэж ирэх эрх зөрчигдөөгүй гэж үзжээ.

Оюуны-Инноваци ТББ нь эрх зүйн бодлогын судалгаа хийх, нийгмийн эрх ашгийн өмгөөлөл хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Цэцийн гишүүний уг тогтоолыг үндслэлгүй гэж үзэж байгаа тул бага суудлын хуралдаанд гомдол гаргахаар төлөвлөж байгаа аж.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу иргэдийн “...эх орондоо буцаж ирэх...” үндсэн эрх нь онц болон дайны байдал зарласнаас бусад тохиолдолд хязгаарлаж үл болох онцгой эрх билээ. Өнөөдрийг хүртэл гадаадад гацсан Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар баталгаажуулсан бусад эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдэлж чадахгүй, хүнд нөхцөлд байсаар байна.

Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлын цаглабар:

  1. 2020.08.13-ны өдөр анх Цэцэд мэдээлэл гаргасан бөгөөд ҮХЦТГазрын 2020.08.27-ны өдрийн ТГ-3/354 дугаар “Мэдээллийг буцаах тухай” албан бичгээр Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжинд нийцээгүй бол Засгийн газар өөрө буюу Улсын Их хурал хүчингүй болгоно” гэж заасны дагуу уг асуудлаар эдгээр байгууллагад хандсаны дараагаар маргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэх болохыг мэдэгдсэн.
  2. 2020.09.10-ны өдөр Засгийн газарт өөрт нь болоод Улсын Их хуралд “иргэддээ хилээ хаасан тогтоол хүчингүй болгох” асуудлаар гомдол гаргасан боловч Засгийн газрын 2020.11.02-ны өдрийн ХЭГ/2627 “Гомдолд хариу өгөх тухай” албан бичгээр “...МУЗГ-аас батлан хэрэгжүүлж байгаа шийдвэрүүд МУҮХ-д нийцээгүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэрлүүлэх…” гэх агуулга бүхий хариуг хүргүүлсэн. Энэ хугацаанд УИХ-аас өнөөдрийг хүртэл тодорхой хариу хүргүүлээгүй байна.
  3. Цэцэд мэдээллийг дахин гаргасан боловч Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021.02.01-ний өдрийн 10 дугаар “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх татгалзах тухай” тогтоолоор “...Монгол Улсын иргэний гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхэд хуулиар хязгаарлалт тогтоож болох бөгөөд тэр нь нэгдүгээрт Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хоёрдугаарт тухайн иргэний эрх ашгийг хамгаалах, гуравдугаарт тодорхой тогтоосон түр хугацаатай байх шалгууртай…” гэх үндэслэлээр Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэж, маргаан үүсгэхээс татгалзжээ.
arrow icon