Нийтлэл 02 сарын 04, 2021

Ибаримт ,QR болон хувийн мэдээлэл

Ибаримт аппаар QR код уншуулж явсан замын мэдээлэл цуглуулж буйтай холбоотой хэлэлцүүлгүүд нэлээн явж байна. Мэдээллүүдийг цэгцлэх зорилгоор F.A.Q маягаар бичиж үзье.

Хувь хүний мэдээлэл гэж юу вэ?

Тухайн хувь иргэнийг таньж тодорхойлж болох овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гэрийн хаяг гэх мэт мэдээллийг хувийн мэдээлэл гэж ерөнхийд нь нэрлэнэ.

Хувь хүний эмзэг мэдээлэл гэж юу вэ?

Тухайн хувь хүний үндэс  угсаа, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага, эрүүл мэндтэй холбоотой, явсан зам болон одоо байгаа байршил зэрэг мэдээллүүдийг эмзэг мэдээлэл гэж нэрлэнэ.

Ибаримт апп ашигладаг хэрэглэгчийн ямар мэдээллүүд НӨАТ-ийн систем дээр хадгалагдаж байгаа вэ?

Ebarimt.mn сайт дээр дурьдсанаар бол Таны цахим хаяг, Регистрийн дугаар, Банкны дансны дугаарыг заавал шаардаж нэмэлтээр Овог нэр, Утасны дугаар, Оршин суугаа хаяг гэх мэт мэдээллийг цуглуулдаг бөгөөд нийт 1.3 сая хэрэглэгчийн талаар хангалттай хувийн мэдээлэл хадгалагдаж буй бололтой.

COVID19 халдвараас сэргийлэх зорилгоор цуглуулж буй QR кодны систем ямар мэдээлэл цуглуулж байгаа вэ?

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ)-ын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Билэгдэмбэрэлийн өгсөн ярилцлагын дагуу бол “Ибаримт” аппликэйшнд нэвтэрч орохоос өмнө QR кодыг уншуулахаар программчилсан бөгөөд хэрэглэгчийн гар утасных нь ID, байршил тодорхойлсон QR кодыг л төв сервертээ дамжуулж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл хувь хүний эмзэг мэдээллийг тухайн эзнийг нь таньж тодорхойлох боломжгүй байдлаар цуглуулж буй гэнэ.

Ибаримт апп дээр байршлын мэдээллийг хувийн мэдээлэлтэй холбох боломжтой юу?

Хэдийгээр албаныхан хэн гэдгийг чинь танихгүй зөвхөн хаана байсан мэдээллийг чинь л цуглуулж байгаа гэж буй боловч техникийн хувьд боломжтой асуудал. Ихэнх гар утасны апп тухайн гар утасных нь ID (device ID) мэдээллийг техникийн шаардлагаар авах хэрэгтэй болдог. Ибаримт апп дээр ч хэрэглэгчийн төхөөрөмжийн ID байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тэгэхээр жишээ нь доорхи хоёр мэдээллийг төсөөлөөд үзье:

  1. Нэг талд УК85010111 регистрийн дугаартай иргэн Болд овогтой Бат нь 01234567–89ABCDEF-01234567–89ABCDEF дугаартай Андройд үйлдлийн системтэй гар утастай гэсэн мэдээлэл хадгалагдана.
  2. Харин нөгөө талд 01234567–89ABCDEF-01234567–89ABCDEF дугаартай гар утас Улсын Их Дэлгүүр гэдэг байршил дээр 2021 оны 2 сарын 3-ны 11:00 цагт QR код уншуулсан.

Энэ хоёр мэдээллийг нэгтгэж Бат хэдэн цагт хаана байсан гэдгийг олох нь “хүүхдийн будаа” гэмээр амархан асуудал бөгөөд дээрхи мэдээллүүдийг хоёуланг нь нэг субъект хадгалж байгаа.

Техникийн хувьд хувь хүнийг таних мэдээллийг эмзэг мэдээлэлтэй нь нэгтгэх боломжтой юм бол хуульзүйн хувьд ямар байдалтай байна вэ?

Монгол улсад хувь хүний нууц, байгууллагын нууц, төрийн нууц гэсэн түвшинд нууцын хуулиуд байдаг боловч 1990-ээд онд боловсруулагдсан өнгөц бөгөөд ерөнхий заалтуудтай тул дижитал орчин дахь асуудлуудыг зохицуулж чадах эсэх нь эргэлзээтэй.

Харин өнгөрсөн 12 сард үйлчлэх хугацааг нь сунгасан КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хуульд: “11.2.Энэ хуульд заасан арга хэмжээ нь тухайн нөхцөлд тохирсон тодорхой хамрах хүрээ, хугацаатай байх бөгөөд цугларсан мэдээллийг нийгмийн эрүүл мэндийг хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахыг хориглоно.” гэж заасан нь дэвшилттэй алхам юм. Гэсэн хэдий ч уг хуулийн хэрэгжилтийг хангах нарийвчилсан журмууд нь тодорхойгүй хэвээр байгаа нь олон асуудал дагуулж буй юм.

QR код ашиглан цуглуулсан байршлын мэдээлэлд хэн хандах боломжтой вэ?

Ихэнхи гар утасны апп хувийн мэдээлэлтэй яаж харьцахаа privacy policy-даа тусгаж өгсөн байдаг. Ибаримт апп-ийн хувьд Privacy policy руу нь хандах гэтэл ибаримт системийнх нь үндсэн вэб рүү үсэрч байна.

Иймд уг мэдээлэлд хэн ямар нөхцөлд хандах эрхтэй, цуглуулсан мэдээллийг өөр этгээдэд дамжуулах боломжтой эсэх асуудлууд нь бүгд тодорхойгүй бөгөөд албаныханы сонинд өгсөн ярилцлаганаас өөр үзчих баримт бичиг алга байна.

QR код ашиглан цуглуулсан байршлын мэдээллийг хэзээ устгах вэ?

Олон улсад мөрдөгдөж буй жишиг бол 14 хоногоос илүү хугацаанд коронавирус нь халдвар тараахгүй гэж үзэж буй учир ихэнх газар дээд тал нь 14 хоног хүртэл карантилж буй. Иймд тухайн байршилд халдвар тарсанаас хойш 14 хоногоос илүү хугацаанд хавьтагчдын мэдээллийг хадгалах ямар ч шаардлагагүй юм. Мөн л дүрэм журам нь тодорхойгүй учир уг мэдээллийг устгаж буй эсэхийг мэдэхгүй байна, гэхдээ 14 хоногоос илүү хугацаанд хадгалж буй бол төрөөс “Яагаад?” гэж асуух бүрэн эрхтэй гэж бодож байна.

Эцэст нь бөөн асуудал болж QR код цуглуулж байгаагийн хэрэг нь гарсан уу?

Одоогоор QR код цуглуулсаны бодит үр дүнг тайлагнасан ямар ч мэдээлэл алга байна. Энэ ярилцлага дээр 154 мянга гаруй байгууллага QR код үүсгэж, 2 160 000 орчим удаа иргэд QR код уншуулсан тухай дурьджээ. Гэтэл яг халдварын голомт тухайн байршилд илрээд хэдэн хүнд мэдэгдэл очсон тухай мэдээлэл харагдахгүй байгаа нь 12 сарын 16-наас хойш бүтэн сар хагасын хугацаанд ашиглаж 2 сая гаран “уншилтын” мэдээлэл цуглуулчихаад байгаа боловч хэргийг нь гаргаж чадаагүй байгаагийнх болов уу гэж тааж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon