Нийтлэл 03 сарын 22, 2021

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоо

Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо ТББ нь АМЕП 2 төсөл, БОАЖЯ-тай 2021 оны хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад ашиглах зорилгоор “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоо” сэдэвт асуумж судалгааг гүйцэтгэн тайланг боловсрууллаа. Асуумж судалгааны үр дүнд судлаачид хувийн дүгнэлт, тайлбар хийгээгүй бөгөөд судалгаанд оролцогч мэргэжлийн байгууллагуудын санал, зөвлөмжүүдийг нэгтгэсэн болно.

 Уг судалгаанд БОАЖЯ-наас Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх авч үйл ажиллагаагаа эрхэлж буй 111   мэргэжлийн байгууллагаас 75 нь буюу 67.6% нь хамрагдав.

Мэргэжлийн байгууллагуудаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалтад дараах давхардал, хийдэл, зөрчлүүд болон бусад асуудлууд байгааг тодорхойлжээ. Үүнд:

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудын тодорхой зүйл заалтууд давхардаж, зөрчилдсөөр байна. Тухайлбал;
    1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8 дахь заалтыг хэрэгжүүлэхдээ олон нийтийн оролцоог заавал багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлсэн тогтоол, шийдвэрийг албажуулан хавсаргах нь хамгийн хүндрэлтэй асуудал болж байна.
    2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалт буюу баг хорооны хурлын давтамж, 23.10 дахь заалт буюу хурлын ирц зэрэг бүрдүүлэх нь БОНБҮ-нд олон нийтийн оролцоог хангахад хамааралтай болсноор олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагаанд томоохон саад учруулсаар байна.
  • Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний үе шатуудын дараалал нь уул уурхай, эрчим хүч, дэд бутцийн төслүүдийн төлөвлөлт, зөвшөөрөл, бүтээн байгуулалтын үе шатуудтай зөрчилдөж төсөл хэрэгжүүлэгчид болон мэрэгжлийн байгууллагуудад хүндрэл учруулсаар байна.
  • Мэргэжлийн байгууллагуудын боловсруулсан Байгаль орчны нөлөөлллийн нарийвчилсан үнэлгээний тайланд олон нийтийн оролцоог хангах, санал авах үйл ажиллагааг тухайн орон нутгийн удирдлагууд, иргэд, олон нийт нь тухайн төсөл хэрэгжих эсэхэд санал өгөх, зөвшөөрөл өгөх үйл ажиллагаа гэсэн маш буруу ойлголттой, байгаль орчны үнэлгээтэй холбогдуулж биш тухайн төсөлтэй холбогдуулж санал гаргадаг, эсэргүйцэл илэрхийлдэг нь нь асуудал дагуулсаар байна.
  • КОВИД-19 цар тахал, цаг агаарын онцгой үзэгдэл зэргээс шалтгаалан 2020-2021 онуудад мэргэжлийн эрх бүхий байгууллагуудын боловсруулсан Байгаль орчны нөлөөлллийн нарийвчилсан үнэлгээний тайланд олон нийтийн оролцоог хангах үйл явц зогсонги байдалд орж улмаар улс орны эдийн засагт нэмэр болохуйц төсөл, бүтээн байгуулалтуудын үйл явц зогсонги байдалд ороод байна.
  • Мэргэжлийн байгууллагуудын боловсруулж батлуулсан Байгаль орчны нөлөөлллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч нар нь хэрэгжүүлж ажиллах биш БОАЖЯ-аар батлагдсан тамга тэмдэг бүхий зөвшөөрөл мэтээр буруу ойлгож ашигладаг нь тухайн төслийн сөрөг нөлөөллийг арилгах, бууруулах гарын авлага болохуйц судалгаа хийж нөлөөллийг үнэлж, буруулах арга хэмжээнүүдийг зөвлөж тусгасан бичиг баримтын үнэ цэнийг алдагдуулж байна гэж тус тус үзжээ.

Мэргэжлийн байгууллагуудаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, сайжруулах, бусад асуудлуудыг шийдвэрлэх дараах зөвлөмжүүдийг гаргажээ. Үүнд:

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог хангахдаа заавал иргэдийн нийтийн албан ёсны хурал хийхгүйгээр хэлэлцүүлэг, уулзалт, санал авах байдлаар зохицуулалт хийх, ингэхдээ төслийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, олон нийтийн оролцоог хангахад орон нутгийн удирдлага, байгаль орчны алба, хэлтэс, мэргэжилтнүүдийн үүрэг оролцоог бий болгох;
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хасвралт ерөнхий үнэлгээ хийх төслийн ангилалыг шинэчлэн найруулж олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагааны хэлбэрүүдийг ялгаатай тогтоох. Тухайлбал;
    1. Уул уурхай, томоохон үйлдвэр, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн төслүүдийн;
    2. Хэд, хэдэн аймаг, сумд, багийн нутаг дэвсгэрийг хамарсан газрын тос, уламжлалт бус ашигт малтмалын төслүүдийн;
    3. ХАА, Газар тариалангийн төслүүдийн;
    4. Үйлдвэрлэл, үйлчигээ, хот суурин газарт хэрэгжих төслүүдийн гэсэн ангилалтайгаар БОННҮ-нд олон нийтийн оролцоог хангах ялгаатай хэлбэрүүд болон шалгууруудыг тогтоох.
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагааг тухайн төслийн төлөвлөлт, зөвшөөрөл, ТЭЗҮ, бүтээн байгуулалт зэрэгтэй уялдуулж, төсөл хэрэгжүүлэгч болон бусад оролцогч талуудын тодорхой үүрэг оролцоотойгоор зохион байгуулж байхаар эрх зүйн зохицуулалтад өөрчлөтүүд хийх;
  • КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах түр журам гаргаж зогсонги байдалд ороод байгаа улс орны эдийн засагт нэмэр болохуйц төслүүдийг хөдөлгөх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх;
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах үйл ажиллагааг зохион байгуулахад төсөл хэрэгжүүлэгч тодорхой үүрэг хүлээж, зардлыг гаргаж мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, тухайн орон нутгийн удирдлагууд нь иргэдээ төлөөлөх үүргээ биелүүлж хурлын ирц бүрдүүлж олон нийтийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлж ажиллах гэх мэт оролцогч талуудын эрх үүргүүдийг тодорхой болгосон эрх зүйн зохицуулалтуудыг хийх шаардлагтай байна гэсэн зөвлмжүүдийг гаргажээ.

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ТББ

Сэтгэгдэл бичих

arrow icon