Нийтлэл 05 сарын 18, 2021

Ичгүүргүй сонгууль

Монгол хэлэнд “ичих булчирхай” гэж сонирхолтой хэлц байдаг. Ардын хэл гэдэг ийм сонин, дотроо маш сонин идей агуулж байдаг. Хомосапиэнс буюу оюун ухаант хүмүүс бидэнд ил харагдах ичих мэдрэмжийн булчирхай гэж юм байхгүй ч тархинд бол үнэхээр л ичгүүр, гэмшил зэрэг сэтгэл хөдлөлд хамаарах хэсэг байдаг байна. Байхаар барахгүй яг тэр хэсэгт зөвхөн хүн болон хүн дүрст мичинд л байдаг онцгой мэдрэлийн эс хүртэл байдаг аж. Тэгэхээр “ичих булчирхай”-тай байх нь хүнийг хүн болгодог нэг онцгой шинж мөн үү гэвэл мөн байх нь.

Тийм нарийн хөгжсөн сэтгэл хөдлөлийн удирдлагын төв, ичих мэдрэмжтэй болохын тулд хүн 15-20 сая жилийг заржээ. Бусад араатан амьтдаас сул дорой биетэй хүн төрөл аюулыг хамтдаа даван туулж амьд үлдэхийн тулд урвагчийг, худалчийг, хоол хүнсний хулгайчийг хатуу гэсгээх, ичгүүрлэх хэрэг хэрэгтэй.

Хүний тархи сая сая жилийн өндөрлөгт бас нэг гайхалтай чадвартай болсон нь бурхан, төр, үлгэр зэрэг бодитоор энэ дэлхийд харагдаж үзэгдэхгүй хийсвэр зүйлсийг төсөөлж, хүүрнэн өгүүлж чаддаг болжээ. Хүүрнэн өгүүлэхээр барахгүй түүндээ итгээгүй, дагаар ороогүй нэгнийгээ бас ичгүүрлэдэг болжээ. Ингэж хоол хүнсхэн төдийгүй шашны, ёс зүйн, улстөрийн ичгүүрлэл үүсч нэг нэгнийгээ сүргээс гажих, тэрсэх юм бол хатуу ширүүн шийтгэх болсноор сая сая гишүүнтэй аварга том хотууд, төрт улсууд, шашны урсгалууд бий болжээ. Европчууд арвандолдугаар зуунд католик итгэл үнэмшлээс гажлаа гэж нэг талаа хядсан бол, хорьдугаар зуунд дэлхий бүхэлдээ итгэл үнэмшлээр хоёр хуваагдаж цөмийн дайн хийх шахаж, харин хориннэгдүгээр зуун гарсан өнөөдөр ч Исламын сунни, шиа хоёр урсгал шашны итгэл үнэмшлийн зөрчлөөс болж цус асгаруулсан дайн хийсээр байна.

Энэндээ тултал хэдэн сая жилийн турш ичгүүрлэгдсэн хүний тархинд ичгүүр мэдэрмэгц газар дор орохыг хүсэх, ичээсэн тал руу дайрах, эсвэл өөрөө амиа хорлох гэх мэт өөрт болон өрөөлд хөнөөлтэй зан төлөв хүртэл гаргахаар гүн гүнзгий хариу үйлдлийн тогтолцоо бий болжээ. Өөрөөр хэлбэл, анх хүн зэрлэг байгальд амьд үлдэхийн төлөө ичих булчирхайтай болсон хэрнээ одоо ичгүүрээс болж алалцдаг, ичгүүрээс болж үхдэг цорын ганц төрөл болж. Үүнийг мөн л ардын мэргэн ухаанд “ичсэн хүн хүн ална” гэж томьёолсон байх юм.

Ичгүүрээс үхтлээ айдаг, нэг ичвэл насаараа эмгэг бодол тээж явдаг, тэгсэн хэрнээ өөрийнхөө хүслийг бусдыгаа ичгүүрлэх замаар тулгах дадалтай орчин үеийн хүн. Ийм хүмүүс гай болж гартаа соошил медиа гэдэг багажтай боллоо. Ингээд коллектив ичгүүрлэл буюу сүрэглэн нэг нэгийгээ шонд өлгөх ан эхлэв. Дундад зуунд ижил хүйстнээ хайрласны төлөө мянга мянгаараа чулуу шиддэг байсан хүний нийгэм хориннэгдүгээр зуунд ижил хүйстнийг дэмжээгүйн төлөө нэг рүүгээ цахим комментоор чулуу нүүлгэдэг хэлбэрт өөрчлөгдөн хувьсав.

Энийг нь мэдээж улстөрчид овжин ашиглана. Манайд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар цусны үзэл, үндсэрхэг үзлээр ард түмнийг хувааж, нэг нэгнийгээ мояа, хуяа гэхчлэн цоллож дайрдаг болсон нь өнөөдөр ч үргэлжилсээр. Үүнд нь энэ сонгуулиар нийгмийн давхаргаар хуваах ичгүүрлэл буюу Энхбатыг дэмжвэл элит, Хүрэлсүхийг дэмжвэл хөдөө, Эрдэнийг дэмжвэл бүр үхэж далд ор гэх маягийн ичгүүрлэл хийж харагдах боллоо. Жишээ нь Эрдэнийг дэмжихээ илэрхийлсэн сонгогч руу өөрийгөө “сэхээтэн”-д тооцогч нэгэн “эзнийхээ шавхрууг долоож байгаа гөлөг” гэхчлэн дайрч доромжилсон харагдана. Ийм сэхээтэн ч гэж ямар юм байхав. Ер нь Монголд сонгуулиар яруу найрагч, бөх, дуучин зэрэг “сэхээтэн бус” хүмүүс сонгогдож мерит чадамжгүй төр бүрддэг нь асуудал мөн боловч нөгөө талаар нүүдэлчид хүсэл зоргоо тэдгээр дүрүүдийг парламентад суулгах замаар илэрхийлж, хэт радикал орчин үежилтийг сааруулж ирсэн гэж үзэх үндэстэй. Хэн ч сонгогдсон ард түмний хүсэл зоргыг тусгаж байдагтаа ардчилсан сонгуулийн гайхамшиг оршино.

Тиймд энэ сонгуулиар монголчууд бид улстөрийн боловсрол, сонгуулийн соёлоо 2017 оноос нэг алхам урагшлуулмаар байна. Хэнийг сонгож байгаагаа хэнээс ч ичихгүй илэрхийлэх. Мөн бусдын сонголтыг ичгүүрлэхгүй хүндлэх. Дэмжихгүй шалтгаанаа ч агуулгаар, учир шалтгаанаар илэрхийлэх. Үгийн язгуураас нь харж болохчлон сонгууль бол сонголт. Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар хамгаалагдсан улстөрийн сонголтоо хийх, илэрхийлэх эрхтэй! Гурван нэр дэвшигчид аль алинд нь хэн нэгний сонголт болох шалтгаан, улстөрийн харьцангуй байршил байна. Технократ, дэвшилтэт үзэл хандлагатай Д.Энхбат. Х.Баттулгаас намаа аварч үлдсэнээрээ Ардчилсан намыг зүй ёсоор төлөөлж байгаа С.Эрдэнэ. Сүүлийн хэдэн жил Монголын асуудлуудтай нүүр тулж, ханцуй шамлаж ажилласан У.Хүрэлсүх. Хэн нь ч сонгогдсон Монгол Улсыг тэргүүлэх монгол хүн, сонгогчид нь ч монгол. Ер нь олон улсад нэгдсэн төрийн аппаратыг бүрдүүлэх гэж хийж байгаа сонгуулиар нэгдсэн бус хагарал нь ихдээд ирэхээр төр хямардаг кэис давтагдсаар байна.

Сая пандемик дэгдэхэд Америкт ходоодны мухартаа асар их доромжлол, ичгүүрийн мэдрэмж тээж явдаг харууд хамгийн ихээр Азиудыг ялгаварлаж, хүчирхийлэл үйлдлээ. Ичгүүр гэдэг тэгэхээр эхэнд дурдсанчлан хүнийг хүн, нийгмийг нийгэм болгохоос гадна эргээд хүнийг хүний эсрэг эргүүлж, нийгмийг хагалах их хүчийг агуулдаг. Соошил медиа хүчтэй болсон, өдөр тутам өөрчлөгдөн хөгжиж буй манай нийгэмд бидний цөөхөн монголчууд зөвхөн сонгуулиар ч биш аливаа асуудалд энэ хүчний балансыг зөв олж байж цааш цаашдаа нэгдмэл байдлаа хадгална.

arrow icon