Нийтлэл 06 сарын 04, 2021

Сэхээрээгүй сэхээтнүүд

Facebook-т оруулсан пост-оо оруулав.

Энэ бас жирийн үед ярьдгаа л ярьж байна шүү. Үзэл бодлоо өөрчиллөө гээд цамнаад унав. Миний бодлоор Хүрэлсүхийн дэмжигчид рүү улайран дайрч байсан өөрөө өөртөө "сэхээрсэн" фанатуудаас илүү Эрдэнэ, Энхбатын дэмжигчдийг дуугүй хүлцэж байгаа масс нь өргөн агуулгаараа илүү боловсролтой. Ер нь иймэрхүү контраст жишээ нь дуу хөгжим дээр ч гардаг. Жавхланг сонсдог нөгөө "хар" масс нь рок хөгжим сонсдог залуучуудын талаар олон юм яриад доромжлоод байх нь бага байдаг. Харин нөгөөдүүл нь бол соёлын дарангуйлал, ялгаварлалыг утгаар нь үзүүлдэг.

Энэ юунаас болж байна гэхээр өөрсдийгөө илүү гэж, боловсролтой лаг гэж тооцоод байгаа тал нь үнэн хэрэгтээ техникийн мэдлэг мэргэжилтэй (skill, profession), төрөл бүрийн үйлдвэр эдийн засгийн салбарт ажиллахаар (labour) бэлтэгдсэн хүний нөөц л юм (human resource). Боловсрол бол техник мэргэжлээс хамаагүй өргөн агуулгын, бараг л ураг гэдсэнд байхаас эхэлдэг урт замын процесс. Ядаж л урлаг, утга зохиол, философи, гоо зүйн наад захын уншлага хийсэн байхаас төрдөг зүйл. Үйлдвэрлэлийн хувьсгалаас хойш мэргэжилтнүүд гэдэг шинэ нийгмийн бүлэг төрж, академик ертөнц ч тэднийг бэлтгэхэд зориулж дахин загварчлагдсан. Жишээ нь банкир. Уламжлалт олон шашинд хамгийн дорд үзэгддэг байсан салбар үйлдвэржсэн орчин үед улам эрэлттэй болж, соёлын хувьд ч кино урлаг энэ тэрээр сурталчилсаар хамгийн күүл, хамгийн өрсөлдөөнтэй карьерийн нэг болсон. Сүүлдээ дуулсан дуундаа уярана гэдэг шиг аж ахуй эдийн засгийн л бүтээгдэхүүнүүд хэрнээ өөрсдийгөө бүхнээс илүү нь, лаг нь гэж итгэсэн нийгмийн бүлэг болж хувирсан.

Гэхдээ энэ дүрдээ итгэгсэд үнэн хэрэгтээ нэг фанатлаад солиорчихоороо нөгөө хүчтэй, иртэй техник мэдлэгээрээ дэлхийн жирийн ард түмнийг дандаа хөлдөө чирдэг. Дэлхийн хамгийн том дайнуудыг хамгийн том хөрөнгөтнүүд санхүүжүүлдэг. Цөмийн бөмбөгийг жирийн номхон иргэд биш хамгийн өндөр мэргэшсэн технократууд хаясан. Санхүүгийн технологийг хөгжүүлээд л аймар фаашн фаашн коин гаргаад л алаад л байдаг. Тэр нь 1930 онд, 2008 онд, ер нь удаа дараа тасралтгүй шок үүсгэж зах зээлийн эрүүл хөгжил, жирийн хүмүүсийн амьдрал, мөрөөдлөөс том том хутгаж дээрэмдэж байдаг. Нийлээд фанатлаад унахаараа хамгийн мэдлэгтэй нь хамгийн харгис, хамгийн тэнэг юм хийдэг. Энийг Чомский "институцийн тэнэглэл" гэж томьёолсон байдаг билээ. Ялангуяа манай Монголд ямар ч улстөрийн соёл, оюун санааны төлөвшилгүй галзуу солиотой анти фанатууд л байдгаас биш жинхэнэ либерал хандлагатай оюунлаг давхарга байдаггүй юм байна. Мояа нь Монголоороо омогшдог, моча нь өөрөөрөө омогшдог ийм л ялгаатай юм байна. Хувь хүний хувьд сүүлийн бүлгээс нь илүү жигшиж, илүү цочлоо.

Нэг л иргэн, нэг л сонгогчийн хувьд энэ сонгуулийн үр дүн Монголын хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ бүгдийг нь урдчилан уншиж чадахгүй. Гэхдээ би коммунист ЗХУ-д Уралын политехникийг (энэ сургуулийг төгссөн инженер Монголд өчнөөн олон бий) системийн инженерчлэлээр төгссөн, тэрнээсээ болоод аливааг дандаа дээрээс нь системчлэх социалист сэтгэлгээтэй юм ярьдаг, хүмүүнлэгийн сэдвээр ганц эх зохиол эшлээд ярилцахаар мэддэггүй, ганц тоймтой өгүүлэл гаргаагүй (өөр улсад бол ийм сэхээтэн гэж бдаггүй юм) инженерийг даган фанатлаж, түүгээрээ өөрсдийгөө асар оюунлаг, асар боловсролтойгоо баталлаа гэж үзсэн хийрхүү армиас илүү энэ газар нутагт мянга мянган жил оршоод ирсэн жирийн монгол хүмүүсийн саруул ухаанд итгэж байна. Түүнчлэн тэр жирийн хүмүүсийн сонголтыг хүндлэхгүй, хүлээж авахгүй хийрхэх нь сонгуулийн лежитим байдалд муугаар нөлөөлдгийг галзуу солиотой мочануудад сануулмаар байна!

arrow icon