Нийтлэл 06 сарын 29, 2021

Жинхэнэ тахал

Дэлхийд хүн бүр ердийн хотын иргэний амьдралтай болоход нийтдээ 5 дэлхий хэрэгтэй гэх мэт тооцоо байдаг. Энэ тооцоо юуг харуулж байна гэхээр хүний өвөг дээдэс бид нар шиг хэв маягаар амьдарч байсан бол өнөөдөр бид нар оршин байх боломжгүй байсан гэсэн үг ээ. Энэ бас юуг харуулж байна гэхээр хүний нэг үе амь биедээ дэлхийн бүх энергийг хэрэглэчихдэггүй, ирээдүйд үлдээдэг болохоороо амьдрал оршин үргэлжилдэг гэсэн үг ээ.

Сүүлийн хэдэн зуун жил үйлдвэрлэл ба хэрэглээний эрин эхэлснээр сая сая жил, мянга мянган жил үргэлжилсэн энэ хэв маягт огцом өөрчлөлт гарч нэг л үеэрээ хамаг энерги хэрэглэж байгаа асуудал байнга сөхөгдөх болсон. Амь биеэ бөөцийлөх хүний нарциссизм хэрээс хэтэрч, өөрийгөө хувилах хэмжээнд амбицлах болсныг олон мэргэд зөгнөж, буруушааж бичсэн. Яг энэ чиг хандлага тахлын үед бүр өндрөө авч гамшиг болж бн.

Энэ удаагийн тахлын өмнөх том тахал Испанид 1918 онд гарч байжээ. Фэисбүүк 2004 онд үүсгэн байгуулагдсан. Хүний түүхэнд анх удаа зөвхөн амь биеийн тухай агуу том дэд бүтэц дээр хүн болгон, өдөр болгон, ийм удаан, ийм чанга ярьж байна. Соошил медиа, тахал хоёр нийлэхээрээ үзэшгүй муухай үзэгдэл болдог юм бн. Хүний сэтгэл амь биеэсээ өөрийг бодох зайгүй болж, хүнийг араатнаас ялгаж ирсэн хамаг үнэт зүйлсээ үгүйсгэх болдог юм байна. Амь биеийн тухай аймар чанга шуугиж байгаа дэлхийд хил хаагдаж, ирээдүй мартагдаж бичиг үсэггүй хүүхдүүд бий болж, төр ёс түй хамаагүй болдог юм байна.

Гэтэл хүн гэдэг ийм нүцгэн, ийм бяргүй төрөл амь биеэсээ гадна оюун санаандаа энерги зарж, ирээдүйдээ дамжуулж чаддаг романтик төрөл тулдаа энэ дэлхийг захирсан. Анх хүн үсэг сийлсэн чулууг хар. Ямар гайхалтайв! Тэгж чулуу нүдэж сууна гэдэг зөвхөн амьд үлдэх зөнгөөр бодвол илүүдээ гарсан энергийн гарз. Гэхдээ тэр хадны бичигт хүнийг хүн болгосон эрдэм бичигдэж үлдсэн.

Хот барихгүй, улстөр хийхгүй, зөвхөн идэж унтаж үржээд өөрөөс нь хүчтэй нь ирвэл идэш болоод явж байдаг бага энергийн экологи энэ дэлхийд бий. Хүний ертөнц бол өөр юм.  Энэ дэг журам, энх тайван, алдаг оног ажиллаж бга системүүд, гоё сайхан бүхэн хүмүүн төрөл зөвхөн амь биеэ хадгалах гэсэн адгууслаг натураа ялан дийлснийх, амьдралд амьд явахаас илүү утга өгч чадсаных билээ. Даанч тахлын паник дор хэн анх юун төлөө юуг бүтээж өвлүүлснийг хүмүүс мартжээ. Хүнийг хүн болгосон романтизм хумхын тоосонцор шиг вируст ингээд ялагдана гэж үү? Үнэхээр тэгвэл вирус жинхэнээсээ ялах нь тэр. Үнэхээр тэгвэл соёлт хүн төрөл бие нь үхэхээс өмнө оюун санаагаараа үхэж байгаа нь тэр. Энэ л миний хувьд жинхэнэ тахал. Энийг бичээд байгаа нь миний дархлаа ажиллаж байгаагийнх.

arrow icon