Нийтлэл 11 сарын 17, 2021

Цахим Өртөөний хэлэлцүүлэг: БИЗНЕС БА ОЮУНЫ ӨМЧ

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан “Цахим Өртөө Холбоо” ТББ-аас 2021 оны 4-р сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Clubhouse” ярилцлага сонирхолтой сайхан болж өнгөрсөн. Тус ярилцлагыг “Цахим Өртөө” ТББ-ын тэргүүн Ц. Энхжаргал санаачлан зохион байгуулж, техник, зохион байгуулалтыг АНУ-д суугаа Цахим Өртөөч Э. Жагдагдорж хариуцаж, Цахим өртөөчид болон оюуны өмчийн салбарын мэргэжилтнүүд ярилцлагад оролцсон юм. Та бүхэнд үүгээр ярилцлагыг хураангуйлан толилцуулж байна.

 I. “CLUBHOUSE” ИЛТГЭЛ

Ярилцлага “Innovation, Creativity & Branding-ийг Европын өнцгөөс харсан эргэцүүлэл” сэдэвтэй оюуны өмчийн хуульч Др. Д. Уянгын богино өгүүллэгээр эхэлсэн юм.

“Innovation”-Инноваци

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Европын комисс буюу Европын Холбооны Засгийн газраас Хиймэл оюунд холбогдох хуулийн зохицуулалтын үзэл санааны баримт бичгээ танилцуулсан юм.[1] Хиймэл оюун буюу өөрөө суралцах чадвартай компьютерын програм хангамж сайн ч зүйлийг, муу ч зүйлийг авчирч байгаа аж. Сайн жишээ гэвэл YouTube хүүхдэд зориулсан программыг урьд төрөлжүүлж урьдчилан харуулдаг байсан нь хүүхдийн зураг, видеог буруу зорилгоор ашиглах хүсэлтэй хүмүүсийн хувьд сайхан олз болж байсныг хиймэл оюунаар ялгах системийг нэвтрүүлснээр хаасан байна.[2] Хиймэл оюуныг муугаар ашиглаж болох жишээ гэвэл хүний нүүрийг таньж, эсвэл сэтгэл хөдлөлийг таних маягаар ашиглах боломж юм.[3]

Бусдын сонирхлыг нэг их татахааргүй жирийн нэгэн байлаа ч өөрийг нь камераар үргэлж ажиглах бололцоотой газар амьдарвал таны өөрийгөө хүндлэх мэдрэмжид ямар мэдрэмж төрөх вэ?

Хүний суурь үндсэн эрх болох “халдашгүй чөлөөтэй” байх эрхийг хэдэн камер зоогоод л зөрчиж болох нь. Та өөрөө мэдээгүй байхад таны хүүхэн хараа хэрхэн өргөсөхийг хэмжээд таныг сэтгэл хөдлөлийг хэмжих нь.

Жорж Орвелийн 1984 он зөгнөлт роман биш, үнэн бодит амьдрал болох технологи бол хиймэл оюун мөн. Иймээс ч Европын Засгийн газраас хиймэл оюуныг хүний халдашгүй чөлөөтэй байх үндсэн эрхийг зөрчиж хэрэглэхийг хориглох, мөн үүнийг хууль хяналтын байгууллага хянах хуулийн төслийн санаачилгыг хэлэлцүүлж эхэлж байгаа ажээ.

Карл Бенз моторт машины патентаа 1886 онд авснаас хойш 100 гаруйхан жилийн дотор Blade Runner киноны нарийн бичиг робот бүсгүй нулимс унагах ирээдүй ойр мэт санагдах техникийн эрчимтэй дэвшлийг хэн авчрав? Энэ бол патентийн хамгаалал хэмээх техникийн шинэ санааг хамгаалах тогтолцоо юм.

Ковидын өнөөгийн цаг үед вакцин шинээр зохион бүтээсэн Европын компаниуд олон улсад сайн муугаараа дуудуулж, тэдний патентийн эрхийг хязгаарлахын тулд Дэлхийн Худалдааны Байгууллагын өмнө маргаж байгаа билээ.[4] Патент бол инновацыг, шинийг бүтээх баталгаа, шинийг бүтээхэд хөрөнгө оруулах батлан даалт.[5]

Патентийн систем байхгүй бол эмийн компаниуд уралдаж, ганцхан жилийн дотор вакцин үйлдвэрлэхгүй байсан. Дэлхийн хотжилт ковид шиг эрүүл мэндийн хямралыг илүү ойр ойрхон хугацаанд авчрах болно. Хэрэв патентийн системийг халбал уралдаж эм бүтээх эмийн компани байхгүй болно. Энэ бол өрсөлдөөн болон патентийн хамгааллын систем хэрхэн харилцах үйлчилдгийн нэг жишээ.

“Creativity”- Бүтээлч сэтгэлгээ

Хэдхэн жилийн өмнө хэрэглэгчид оюуны бүтээл гэдгийг ном, хөгжим, DVD-тэй холбож биет утгаар ойлгодог байв. NETFLIX анх үйл ажиллагаагаа бидний бага насанд байдаг шиг кино прокат маягаар эхэлж, өнөөдөр стрийминг үйлчилгээ буюу оюуны өмч биет элементээс бүрэн салсан хэлбэрт оржээ.[6] Технологийн энэ хурдан өөрчлөлтийн үед анхны утгаа алдаагүй, лицензийн нь тогтолцоо нь өөрчлөгдөөгүй нэг зүйл бол 1886 оны Утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах Бернийн конвенцоос эхтэй.

Европын хувьд зохиогчийн эрх нь зохиогчийн өөрийнх нь өмч тул түүний бүтээлийг аливаа хэлбэрээр нийтэд түгээхэд зохиогчоос өөрөөс нь зөвшөөрөл авах ерөнхий зарчимтай.

Хамгийн гайхалтай нь энэ систем нэгэн эгэл жирийн романтик зохиолчийг NETFLIX хэмээх том эдийн засгийн хүчтэй энэ тэнцүү гэрээний талууд болгох боломжийг хуулиар тогтоож өгсөн байдаг. Үүний ачаар өнөөгийн дэлхий зуун жилийн өмнөх дэлхийтэй харьцуулшгүй их шинэ санаа, уран бүтээлч сэтгэлгээгээр дүүрэн байгаа байлаа.

 “Branding”- Брэнд бүтээх

Бид брэндийн эрин үед амьдарч байгаа билээ.[7] Бизнес эрхлэгч зах зээлд бүтээгдэхүүн гаргахаасаа өмнө бүтээгдэхүүнээ ямар нэрээр гаргахаа олон улсын барааны тэмдэг буюу trade mark-ийн хайлт хийлгүүлж, брэндийн стратегиа боловсруулах, судлах маш их ажлыг хийх шаардлагатай болжээ. Энэ бүхэн маш нүсэр санагдах авч, энэ бол манай дэлхий дээрх өрсөлдөөнт орчны нэг дүр зураг юм.

Дэлхийн хөгжил, Европын түвшин гэхээр хоёр соёлын дунд амьдарч байгаа бидний хувьд ер нь монголын Оюуны өмчийн хамгааллын тогтолцоо хаана явж байна вэ? Хаашаа явах ёстой вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Энэ асуултыг өнөөдрийн ярилцлагаар та бүхэндээ нээлттэй орхиё.

 

 II. CLUBHOUSE” ЯРИЛЦЛАГА

“Clubhouse” ярилцлагыг ШУА-ийн Инновац, технологийн хэлтсийн дарга Д. Батхуяг чиглүүлж, хуульч-өмгөөлөгч Д. Уянга, Д. Нэргүй, Д.Оросоо, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. Цогзолмаа нар оролцогчдын асуултад хариулж, ярилцсан юм.

- Оюуны өмчийн байцаагч ямар хүн байдаг вэ?

- Д. Нэргүй: Ер нь хуулийн мэдлэгтэй, энэ чиглэлээрээ туршлагатай хүн байдаг. Энэ төрөлд тусгайлан заасан хуулийн шаардлага байхгүй боловч журмын шаардлага байдаг. Харин барааны тэмдэг, патентийн шинжээчид хуулиар тусгайлсан шаардлага тавьдаг.

- Оюуны өмчийн хэрэгжилтийг шүүх, арбитраар хангуулах асуудалд санал, бодлоо хэлнэ үү.

- Д. Оросоо: Шүүхийн хувьд цаг хугацааны хувьд их хугацаа шаарддаг, хэрэг маргаан 2-5 жил үргэлжлэх нь ч бий. Мөн шүүхэд итгэх олон нийтийн итгэл харилцан адилгүй байна, тиймээс оюуны өмчийн маргааныг түргэн шуурхай, өртөг зардал багатай шийдэж явъя гэвэл цаашид шүүх бус журмаар шийдвэрлэх хувилбарыг хөгжүүлэх, ашиглах нь илүү ач холбогдолтой юм гэж бодож байна. Үүнд арбитрыг ашиглаж болно. Арбитрын хуралдаан, шийдвэр нь нээлттэй, хаалттай аль нэг хувилбараар оролцогчдын хүсэлтээр явагдаж байдаг. Үүнийг олон нийт сайн мэддэггүй, зөвхөн хаалттай гэж боддог. Оюуны өмчийн маргааныг шийдвэрлэх дагнасан арбитр ч байгуулж болох юм. 

- Д. Уянга: Энэ санааны гол асуудал нь арбитрын шүүхийн шийдвэр нь нууцын гэрээгээр нууцлагддаг. Тэгэхээр бодлого боловсруулагч болон бусад хүмүүс юу болсныг мэдэх боломжгүй. Сонирхолтой нь НҮБ-н хүрээнд арбитрын шүүхийн шийдвэрийг нийтэд ил байлгах хөдөлгөөн өрнөж байгаа.

- Д.Оросоо: Арбитрын шийдвэр, мэдээлэл нь ил тод байх боломжтой. Арбитрын шийдвэрийг эмхэтгэн гаргаж байна. Оюуны өмчийн маргаанаар дагнасан, мэргэшсэн арбитр ажиллах тохиолдолд шүүхээр маргаанаа шийдвэрлүүлснээс илүү хүртээмжтэй байж болно. Манайд оюуны өмчөөр мэргэшсэн сайн хуульч, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчид байна, харин энэ төрлийн маргааныг нь шийдвэрлэх дагнасан, мэргэшсэн, түргэн шуурхай шийдвэрлэх тогтолцоо л үгүйлэгдээд байгаа юм.

- Оюуны өмчийг хэрхэн үнэлдэг вэ? Үнэлдэг хүний нөөц бүрдсэн үү?

Д. Нэргүй: Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй хөрөнгийн үнэлгээчид байдаг ба тэдгээрээс оюуны өмчийн үнэлгээгээр дагнасан цөөнгүй хүн байдаг. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт гэж мэргэжлийн холбоо бий.

- Манайд оюуны өмчтэй холбоотой санхүүжилтийн схем, бүтэц байхгүй байх шиг байна. Европт яадаг вэ? Бизнесийн байгууллага зэрэгт илүү дэлгэрэнгүй ярина уу.

Д. Уянга: Их сургуулийн шугамаар техникийн дэвшил гаргах судалгаанд төрийн санхүүжилт ихэвчлэн авдаг. Харин хувийн бизнесийн салбарын хувьд патент авах замаар техникийн дэвшил гаргасан инновацдаа өмчлөх эрх авч, энэ нь эргээд цаашдын инновацийн санхүүгийн эх үүсвэр, баталгаа болох нь нийтлэг. Гэхдээ патент авах шаардлага маш өндөр байдаг. Нөгөө талаас патент болгон эдийн засгийн эргэлтэд ордоггүй, цаашлаад хугацаа нь яваандаа зүгээр дуусах тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл патент авсан л бол хөрөнгө мөнгө, орлого олно гэсэн үг биш. Тухайн патентад холбогдох бүтээгдэхүүн зах зээлд борлогдохгүй, худалдан авагчгүй байх тохиолдол байх ба энэ эрсдэлийг хувийн бизнесийнхэн өөрсдөө даадаг.

- Патент олон улсад хэрхэн авах вэ? Үнэ өртөг нь ямар байдаг вэ?

Д. Уянга: Патентийн хамтын ажиллагааны гэрээ гэж байдаг. Энэ гэрээний шугамаар патент авахад эхлээд тухайн патент хүсэгч өөрийн улсын Оюуны өмчийн байгууллагаар дамжуулж олон улсын патентийн мэдүүлгээ гаргана. Олон улсын мэдүүлгийн хайлт, шүүлтийн байгууллагууд гэж байдаг. Мэдүүлэгт холбогдох хураамжийн хэмжээг Дэлхийн Оюуны өмчийн газрын вэб хуудаст нийтэлсэн байдаг.

С. Цогзолмаа: Хүмүүс Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу нэг мэдүүлэг гаргаад патентийн эрхийн хамгаалалт авчихлаа гэж боддог нь буруу юм. Олон улсад патентийн эрхийн хамгаалалт хийлгэхийн тулд эхлээд харьяат улсдаа эсвэл аль нэг сонгосон улсдаа үндэсний мэдүүлэг гаргана. Ингэхдээ өөрөө эсвэл тусгай фирмээр дамжуулна. Үүний дараа, 12 сарын дотор тухайн мэдүүлгээ Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу мэдүүлэг болгон гаргана. Энэ нь хамгаалалт бус харин олон улсын патентийн санд бүртгүүлнэ гэсэн үг. Дараа нь анхны мэдүүлэг гаргасан он сараас эхлэн тооцож 30-31 сарын дотор уг патентыг хэрэглэх улсуудаа сонгож тухайн улс тус бүрдээ Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуух үндэсний мэдүүлэг гаргана. Ингэхдээ тухайн улсын оюуны өмчийн газарт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан мэдүүлгээ гаргах зохицуулалттай байдаг. Төлбөрийн тухайд, Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу мэдүүлэг гаргахдаа Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагад 1200 орчим франк төлнө. Мөн үндэсний мэдүүлэг гаргах болгонд тухайн улсын Оюуны Өмчийн байгууллагын мэдүүлгийн төлбөр, тухайн улсын итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлөх төлбөр, уг патентийн орчуулгын зардал зэрэг зардал их байдаг. Жишээ нь, хэдэн улсад хамгаалуулахаас мөн патентийн хэмжээнээс хамаарч патент бичилт болон бүртгэлийн нийт зардал нь дунджаар 20000$ орчим болдог.

- Зохиогчийн эрхийн бүтээлийг хэр удаан хамгаалдаг вэ? Манай аавын бичсэн уран зохиолын номын зохиогчийн эрхийн хамгаалалтын талаар маргаан байдаг.

Д. Уянга: Утга зохиол урлагийн бүтээлийн хувьд зохиогчийн насан туршид болон нас барснаас нь хойш 50-70 жил хамгаалдаг. Дэлхий даяар иймэрхүү зохицуулалт бий. Энэ хугацаа өнгөрсний дараа тухайн оюуны бүтээл нийтийн өмч болдог. Үүний дараа хүн бүр бүтээлийг хүссэнээрээ хуулбарлаж, нийтэлж, ашиглаж болно гэсэн үг. Жишээ нь Европ даяар Шекспирийн зохиолыг театр, сургууль, цэцэрлэг хаа сайгүй тоглуулж, танилцуулдаг нь зохиогчийн зөвшөөрөл авахгүй, үнэ төлбөргүй ашиглах боломжтой болсонтой мөн холбоотой юм.

- Ер нь манай улсад оюуны өмчийг үнэлэх тал дээр асуудалтай байна гэж ойлгож болох уу?

Д. Батхуяг: Олон асуудал бий. Гол нь Монгол улс үйлдвэрлэл хөгжөөгүй орны хувьд аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн объект бүтээх, нэвтрүүлэх, бусдад ашиглуулах болон бусдаас авч ашиглах зэргээр оюуны өмчийн төрөл бүрийн лицензийн гэрээ байгуулах гэх мэт технологи дамжуулах үйл явц өрнөх нь үйлдвэрлэл хөгжсөн болон хөгжиж буй улстай харьцуулахад маш бага байдаг. Тийм учраас манай улсад аж үйлдвэрийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь ховор, үүнийг дагаад оюуны өмчийг үнэлэх хэрэгцээ бага, үнэлсэн оюуны өмч маш цөөн байгаа. Мөн манай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид олон тооны технологи дамжуулан авч байгаа хэдий ч тэр талаар мэдээ, мэдээлэл байдаггүй. Нөгөө талаас оюуны өмчийг барьцаалж санхүүгийн эх үүсвэр босгох асуудалд оюуны өмчийн үнэлгээг шаарддаг. Гэхдээ дэлхий дахинаа банк санхүүгийн уламжлалт байгууллагууд оюуны өмч барьцаалахаас аль болох зайлсхийдэг. Оюуны өмч буюу технологи барьцаалах нь өндөр эрсдэлтэй байдаг. Тиймээс гадны орнуудад оюуны өмч, технологийн үнэлгээг баримжаалан хөрөнгө оруулалт хийдэг венч сан, хувь хүмүүс үйл ажиллагаа явуулдаг. Манайд дээр дурдсан орчин одоогоор бүрэн бүрдээгүй болохоор учир дутагдалтай.

- Шинжлэх ухааны академи дээр шинэ туршилт, судалгаа хийдэг. Тэнд тийм санхүүгийн асуудлыг шийдсэн сан байна уу, яг патентаар бизнес болсон кэйс байна уу?

Д. Батхуяг: Манай улсын хувьд Шинжлэх ухаан, технологийн сангаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг голчлон санхүүжүүлдэг. Харин үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах мөчлөг дээр санхүүжилт олгодог инновацийн, эсвэл венч сан байхгүй. Өмнө нь улсын төсвийн санхүүжилтээр хийсэн судалгааны ажлын үр дүнг тухайн судалгааны ажлын захиалагч нь өмчилж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх үүрэг хүлээдэг байсан. Өөрөөр хэлбэл төрийн төв болон захиргааны байгууллагууд патент эзэмшдэг байсан гэсэн үг. Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эсэх, үр дүн нь ямар байсан бүү мэд. Харин Инновацийн тухай хуулийг 2012 онд баталж, дагалдах зохицуулах ЗГ-ын журам нь 2014, 2015 онуудад гарснаас хойш улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн судалгааны үр дүнг гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд гүйцэтгэгч нь буюу эрдэм шинжилгээний байгууллагууд эзэмшиж, эдийн засгийн эргэлтэд оруулах эрхтэй болсон. Одоогоос л үүнтэй холбоотой ажлууд зүгширч эхэлж байна.

- Шинэ юм хийж бүтээсэн хүмүүсийг шагнах анхны журмыг 1944 оны 63-р тогтоолоор баталсан байдаг түүхтэй. Одоогийн хуулиар ийм үнэлгээ хийнэ гэж эрхзүйн субъект тодорхойлсон болохоос биш албан журам гэж хуульчилсан юм байхгүй. 2019 онд Улаанбаатар банк анх барааны тэмдэг барьцаалж зээл өгсөн, ингэхдээ 2-3 жилийн орлогынх нь 40-50%-р тооцож зээл өгсөн байсан. Ямар нэгэн мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгээгүй, ийм тохиолдлууд байдаг.

Д. Уянга: 1944 оны тогтоол Германы хөдөлмөрийн гэрээгээр шинэ бүтээл бүтээсэн хүмүүсийг урамшуулах тогтолцооноос эхтэй. Энэ тогтолцоо нь германд одоо ч хэрэгждэг. Хөдөлмөрийн гэрээт ажилтан гэрээт ажил үүргээ биелүүлэх явцдаа бүтээсэн шинэ бүтээлийн патентийн эрхийг хөрөнгө оруулагч буюу ажил олгогч нь авдаг. Патент авсан шинэ бүтээлийн зохиогч ажилтан нь өөрийн үндсэн цалингаас гадна патенттай холбоотой нэмэгдэл шагнал авахыг хуулиар журамлан хэмжээг нь зааж өгсөн байдаг.

Д. Батхуяг: Энд сонирхуулж хэлэхэд 2011 онд МУИС оюуны өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой бүтэц байгуулж, дэлхийн шилдэг сургуулиудын технологи дамжуулах үйл ажиллагаа, туршлага, дагаж мөрддөг дүрэм журмыг судлуулж байгаад мөн чанарыг нь алдагдуулалгүйгээр онцлогтоо тохирсон хувилбарыг боловсруулан 2012 оноос Инновацийн тухай хуулийн хүрээнд мөрдөж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд их сургууль оюуны өмчөө ашиглуулж роялти орлого олох болсон. Их сургуулийн оюуны өмчийн роялти орлого жилд дунджаар 25 сая₮ байна.

Д. Уянга: Европт шинжлэх ухааны салбарын хүмүүсийн цалин өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, үндсэн цалин нь өндөр, үүн дээрээ нэмээд патентийн шинэ бүтээлийн шагнал хувиар авахаар оюуны хөдөлмөрийн үнэ цэнэ өндөр болдог гэсэн үг л дээ.

Д. Батхуяг: Монголд мэдээлэл хомс учир үнэлгээ гаргахад амаргүй. Солонгос, Япон улсын технологи дамжуулах мэргэжилтэн хүмүүсээс оюуны өмчийн үнэлгээг яаж хийдгийг нь бид асууж, туршлага судалж байсан. Үнэлгээний олон аргаас тухайн тохиолдолд аль тохирохыг нь хэрэглэдэг, гэхдээ бусад өндөр хөгжилтэй орны патентыг авч ашиглахдаа үнийн мэдээллийн сан үүсгэсэн, түүндээ үндэслээд дараа нь өөрсдийнхөө бүтээлийг үнэлэхэд тэр багцааг нь баримталсан гэж хариулж байсан. Манайд бусад орны сайн технологи дамжуулан авч нэвтрүүлсэн, нутагшуулсан олон жишээ бий. Харамсалтай нь бүртгэн авч  мэдээллийн сан үүсгэсэн зүйл одоогоор алга. Ийм төрлийн мэдээллийн баазыг ашиглавал үнэлгээний ажилд их хэрэгтэй байна.

- Монголд патентийн өргөдөл өгөхөд ямар хугацаанд хариу авч, ямар зардал гардаг вэ?

Д. Батхуяг: Өмнө нь нэг шинэ бүтээлийн мэдүүлэг гаргахад 20000₮ үйлчилгээний хураамж, тэмдэгтийн хураамж 2500₮ байдаг байсан. Оюуны өмчийн багц хуулиудын өөрчлөлтийн хүрээнд үйлчилгээний хураамжид өөрчлөлт орж байгаа[8].

Д. Нэргүй: Албан хураамжийн хувьд Оюуны өмчийн газрын үйлчилгээний хөлс болон Улсын тэмдэгтийн хураамжаас бүрдэнэ. Тухайлбал, шинэ бүтээлийн мэдүүлэг гаргахад 20000₮, патент олгох шийдвэр гарсны дараа гэрчилгээний 20000₮, патент хүчинтэй байлгах хугацааны хураамж 150000₮ орчим, тэмдэгтийн хураамж 2500₮ тус тус төлдөг. Патент эзэмшигч патент хүчинтэй байлгах хугацааны төлбөрийг бүгдийг нэг дор төлөх эсвэл хуульд зааснаар хэсэгчлэн төлөх сонголтоор шийддэг. Үүний дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлс яригдана. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлсний жишиг үнэ байхгүй, тухайн мэргэжилтний туршлагаас хамаарч харилцан адилгүй.

Д. Батхуяг: Нэмээд нэг зүйлийг анхааруулахад 20 жилийн хугацаатай патент олгох шийдвэр гарлаа гэхэд хүчинтэй байх хугацааны төлбөр төлж хүчинтэй байлгахдаа анхаарах хэрэгтэй. Хүмүүс алдаа гаргаад эхний төлбөрөө төлөөд мэдэхгүй орхиод явчихдаг.

Д. Нэргүй: Тухайлбал, та патент хүчинтэй байлгах эхний 3 жилийн хураамжаа төлсөн бол 3 дах жилийн хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор хүчинтэй хугацааг сунгаж болдог. Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар хөнгөлөлтийн 6 сарын хугацаа дууссан ч гэсэн тухайн патентийн хүчинтэй байх нийт хугацаанд патент эзэмшигч хүсэлт гаргавал хүчинтэй хугацааны төлбөрийг сэргээн төлөх боломжтой байгаа. Харин Патентийн хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хөнгөлөлтийн 6 сарын хугацаа дууссаны дараа зөвхөн “maintenance fee”-г 12 сарын доторх нэмэлт хугацаанд хүсэлт гаргаж төлбөр төлөх хугацааг сэргээх боломжийг олгож байгаа. Монголд 7182 патент бүх цаг хугацаанд нийтэлсэн байдаг. Хугацаа дуусаж сунгалт хийхдээ 60% орчим нь сунгуулдаг, үлдсэн нь хаясан байдаг.

Д. Уянга: Анх социализмын үед 3 шалгуураар патент өгч байсан: Шинэ байх, үйлдвэрлэлд ашигтай байх, үйлдвэрлэлд хэрэглэх боломжтой байх. Энэ нь зах зээл, өрсөлдөөний тогтолцоонд өөр агуулгатай болсон. Одоогийн шинэ тогтолцоонд “үйлдвэрлэлд ашигтай байх” гэсэн шаардлагын оронд тухайн шийдэл нь “шинэ бүтээлийн түвшин агуулсан байх” гэсэн шаардлага тавьдаг болсон. “Шинэ бүтээлийн түвшин агуулсан байх” гэсэн шаардлага нь их өндөр босго, шаардлага юм.

- Оюуны өмч ашиглахад яаж зохицуулдаг вэ? Жишээ нь хүний номыг хэвлэх, аудио ном хийх зэрэг. Тэгэхээр бид нар өөрсдөө шүүхэд өргөдөл гаргаж зохицуулах уу? Эсвэл оюуны өмчийн газар өөрөө арга хэмжээ авдаг уу? Монголд яаж арга хэмжээ авах вэ? Гадаадад миний аавын социализмын үед бичсэн номыг нь хэвлэж гаргасан байдаг. Гадаадад ямар арга хэмжээ авах вэ?

Д. Нэргүй: 1993 оноос өмнө туурвисан бүтээлийн өмчлөл маргаантай, албан үүргийн дагуу туурвисан бол төр эзэмшигч байдаг. Монгол Улсын хувьд, өмчлөгч нь хувь хүн байгаа бол иргэний хэргийн шүүх болон оюуны өмчийн газарт шууд эсвэл хуульчдаар төлөөлүүлэн хандаж болно. Гадаадад бол тухайн улсын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хууль ёсны төлөөлөгчөө томилж төлөөлүүлэх эсвэл зохиогчийн эрхээр дагнасан хамтын удирдлагын байгууллагад гишүүнээр элсэж, бүтээл ашиглалттай холбоотой асуудлаар төлөөлүүлж болно. Хамтын удирдлагын байгууллага нь бусад улс орны ижил төрлийн байгууллагуудтай холбоотой байдаг тул давуу талтай. 

Д. Уянга: Та Монголд байгаа оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульчаар дамжуулаад тэд нар нь олон улсын байгууллагын гишүүнчлэлтэй бол тэрүүгээрээ дамжуулаад тухайн улсын өмгөөлөгчид хандана. Тухайн улсын өмгөөлөгч зөрчил гаргагч руу зөрчил таслан зогсоох хугацаа өгсөн захиа бичдэг. Жишээ нь 14 хоногийн дотор зөрчил таслан зогсоохгүй бол бол шүүхэд хандана гэж сануулахад ихэвчлэн зөрчлөө таслан зогсоодог. Энд зардал гарна, та өөрөө төлнө. Та гэхдээ зардлаа нэхэмжилж авч болно, гэхдээ эхний зардлуудыг өөрөө гаргана.

- Монголд амжилттай патентийн жишээ байна уу? Барааны тэмдэг, зохиогчийн эрх гэх мэтээр Монголд франчайзинг асуудалтай байна. Жишээ нь пороро монголын хүнсний салбарт овоо орлого олж байна.

Д. Нэргүй: 2019 онд зохион байгуулсан “Өрсөлдөөн дэх Оюуны өмчийн үнэ цэнэ” хуралд Монос группын ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар илтгэлдээ “Монос группын эзэмшлийн практикт нэвтэрсэн патент, барааны тэмдэг нийт 157 байдаг бөгөөд үүнээс эм бэлдмэл 36, гоо сайхны бэлдмэл 46, биологийн идэвхид бэлдмэл 51, стандарт 51. 1990 онд нийт хөрөнгийнхөө  4,5%-г судалгаа шинжилгээнд зарцуулсан бол 2018 онд 12,5% болтлоо өссөн. Жишээ нь давхардсан тоогоор Читамон 25 сая, Витаминт үрэл 95 сая хүн хэрэглэсэн. Хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн 51 патент, барааны тэмдгийн нийт үнэлгээ 4,6 тэрбум төгрөг болсон ба 1 патент, барааны тэмдгийн дундаж 90 орчим сая төгрөгийн үнэлгээтэй” гэж байсан.

Д. Батхуяг: Зохиогчийн эрхийн бүтээлийн хувьд Баабар гуайн номыг дурдаж болно. Англи хэлээр орчуулсан хувилбар нь хэдэн долоо хоног бест сэллэр болсон. Монголд үйлдвэрлэлийн салбар нь хөгжөөгүй тохиолдол цөөнгүй. Ийм нөхцөлд гадагшаа ханддаг. Монгол хүн гадны байгууллагад технологийн патентаа зарсан тохиолдол бий.

Д. Уянга: Брэндинг гэж манай дэд сэдвийг энд хөндөж байгаад баярлалаа. Барааны тэмдгийг хэдий чинээгээр эрчимтэй зах зээлд ашиглана, төдий чинээгээр хамгаалалтын хүрээ нь өргөжих хуулийн зарчим байдаг. Энэ нь зах зээлд танигдсан брэндүүдийг ижил төсөөтэй нэр, тэмдгүүдээс хамгаалж, уусч алга болохоос хамгаалдаг, бизнес эрхлэгчийн хөрөнгө, хүчин чармайлтыг хамгаалсан хүчтэй зохицуулалт. Европт брэнд хэдий чинээ алдартай байна, төдий чинээ хамгаалалт нь өргөн. Жишээ нь өнгөрсөн долоо хоногт гарсан “Chanel” компаниас “Huawei” компанийн тэмдгийг бүртгэлд авах боломжгүй гэж маргасан хуулийн маргаан, алдартай брэндийн хамгаалалтын хүрээг ямар өргөн хүрээнд ойлгож, эргэлзээ гарах зааг нь ямар хол байдгийн нэг жишээ юм.[9]

 

 

 

[1]Дараах эшлэлүүдийг ярилцлагыг шинжлэх ухааны үүднээс баримтжуулан нийтлэхтэй холбогдуулж 2021-ны 6 болон 8-р саруудад баяжуулан оруулсан болно.

 Proposal for a REGULATION OF THE EUROPEAN PARLIAMENT AND OF THE COUNCIL LAYING DOWN HARMONISED RULES ON ARTIFICIAL INTELLIGENCE (ARTIFICIAL INTELLIGENCE ACT) AND AMENDING CERTAIN UNION LEGISLATIVE ACTS & Coordinated Plan on Artificial Intelligence 2021 Review [линкийг шалгасан огноо: 2021.06.25]

[2] Independent, YouTube will use artificial intelligence to decide if videos are safe for kids, 23 September, 2020 [линкийг шалгасан огноо: 2021.06.25]

[3] European Human Rights Agency, Facial recognition technology: fundamental rights considerations in the context of law enforcement, [линкийг шалгасан огноо: 2021.06.25]

[4] ТРИПС-ийн Зөвлөлийн 2021 оны 7-р сарын 20-ны уулзалтын мэдээнд энэ асуудлын өнөөг хүртэлх явцын тоймыг гаргасан, [линкийг шалгасан огноо: 2021.08.09].

[5] Ковидоос урьдчилан сэргийлэх, эмчлэхтэй холбоотой ДХБ-т гарч буй маргаанд холбогдож Олон Улсын Оюуны Өмчийн мэргэжилтнүүдийн холбооны (AIPPI, the International Association for the Protection of Intellectual Property) 2021 оны 5-р сарын 21-ий үзэл баримтлалын баримт бичигтэй танилцана уу, https://aippi.org/wp-content/uploads/2021/05/AIPPI-Position-Paper-on-WTO-Waiver_12May2021.pdf [линкийг шалгасан огноо: 2021.06.25].

[6] NETFLIX-ийн бизнесийн загвар хэрхэн шинэчлэгдэж, хувьссан талаар сонирхолтой нийтлэл: Netflix: How a DVD rental company changed the way we spend our free time, https://www.businessmodelsinc.com/exponential-business-model/netflix/;  [линкийг шалгасан огноо: 2021.08.10].

[7] Үүнд холбогдож Дэлхий даяарх датаг харьцуулж гаргасан судалгааг харна уу. Тэнд 16-р хуудаст инновацийн компаниудын бизнес барааны тэмдэгт илүү суурилдгийг патент, бүтээгдэхүүний загвар, зохиогчийн эрхтэй харьцуулан гаргасан байдаг. World Intellectual Property Report 

Brands – Reputation and Image in the Global Marketplace, https://www.wipo.int/edocs/pubdocs/en/intproperty/944/wipo_pub_944_2013.pdf; , [линкийг шалгасан огноо: 2021.08.10].

[8] МУ-ын Засгийн Газрын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” 151 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон. 2021 оны 7 дугаар сарын 1-нээс дагаж мөрдсөн.

[9] Chanel v EUIPO – Huawei Technologies, T-44/20.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2021-11-26

    Hehe zarim niitlel dor ni comment heseg bhgui site ym. Uuriihuu niitlel dor comment gui, busdiih dor bjidag. Sonirholtoi humuus bhim daa

arrow icon