Нийтлэл 04 сарын 27, 2022

Softbank ирээдүйн 300 жилийн төлөвлөгөө

Японд Softbank гээд нэг сонирхолтой компани байдаг. Үүсгэн байгуулагч нь өөрөө их сонирхолтой хүн учраас тийм ч байж магад. Компани нь өдгөө Японы томоохон корпорациудын нэг. Монголд хүртэл салхин сэнсний төсөлд хөрөнгө оруулсаныг олон хүн мэдэх байх.

2010 онд (компанийн 30 жилийн ой) намайг Японд оюутан байхад Softbank ирээдүйн 30 жилийн төлөвлөгөө, алсын хараагаа олон нийтэд нилээн сүр дуулиантай танилцуулж билээ.

Бүтэн жил хагасыг дамнан, компанийн бараг л бүх ажилчид санал бодлоо оруулан байж бүтээсэн энэ алсын хараа нь 300 жилийн дараах ирээдүй ямар байхыг төсөөлөхийг оролдсон гээд сонирхол татахуйц мэдээлэл олон. 3 биш бүр 300 жил гээд бод доо. Тухайн үед мэл гайхаад л өнгөрч байсан дуулиант төлөвлөгөөг нь эргээд нэг харахаар шийдлээ.

Ингэд энэхүү нийтлэлдээ Softbank ирээдүйг хэрхэн төсөөлж, түүнд хэрхэн бэлдэхээр зэхэж буй талаар хуваалцъя.

Өнгөрсөн 30 жилийн замнал

1981 онд байгуулагдсан компани нь 2010 он гэхэд 500 тэрбум иений борлуулалттай Японы томоохон корпорацуудын нэг болсон. Компанийн хөгжилд асар их нөлөөлсөн 5 үйл явдал:

  • 1981 онд байгуулагдаж, маш олон төрлийн бизнест хүч сорьсон
  • 1983 онд Сон Масаёши хүнд өвчин туссан нь түүний амьдралын болон бизнесийн философийг орвонгоор нь эргүүлсэн
  • 1994 онд IPO хийж, АНУ-ын зах зээлд гарсан
  • 2001 онд цахилгаан холбооны бизнест хөл тавьсан
  • 2006 онд Vodafone Japan-г худалдан авсан
Тэгээс 500 тэрбум иен рүү: Softbank 30 жилийн замнал

Цаашдын 30 жилийн алсын хараа

Илтгэлийнхээ эхэнд Сон Масаёши захирал компанийнхаа философийг “Хүний амьдралын баяр, гунигтай мөчүүдэд хамт байхыг эрмэлзэх” хэмээн тодорхойлсон.

Ирээдүйд мэдээллийн хувьсгал урьд хожид байгаагүйгээр асар хурдтай явагдах учир ирэх 30 жилийг компани нь 300 жилийн дараа ч гэсэн хүний амьдралын баяр, гунигтай бүхий л мөчүүдэд хамтдаа байж чадахуйц ДНК-тай болгоход зориулахаа индэр дээрээс мэдэгдье. Тиймээс энэ 30 жилийн төлөвлөгөө нь ирээдүйн 300 жилийг бүтээх агуу ажлын эхний алхам байх болно” хэмээн тэрээр илтгэлдээ онцолжээ.

Мэдээллийн Big Bang эрин үе

18-р зуунд өрнөсөн аж үйлдвэрийн хувьсгал мэдээлэл дамжуулах явцыг асар их хурдасгасан ба үүнд нөлөөлсөн голлох технологиуд:

  • 1705 онд уурын хөдөлгүүр
  • 1709 онд төмөрлөгийн технологи
  • 1764 онд нэхмэлийн технологи
  • 1807 онд уурын хөдөлгүүрт усан онгоц
  • 1825 онд уурын хөдөлгүүрт галт тэрэг

Харин 300 жилийн дараа гэхэд мэдээллийн Big Bang явагдах болно хэмээн тэрээр прогноз дэвшүүлжээ. Хүний тархины мэдээлэл боловсруулах чадвар гайхамшигтай хэдий ч гэсэн энэхүү мэдээллийн тэсрэлтийн эрин үед хүний тархинаас хэд дахин их хурдтай микропроцессорууд бүтээгдэх талаар илтгэлт дурдагджээ.

микропроцессорын хөгжил: 1 секунд, 1000 ам доллар тутамд тооцоолол хийх чадвар хэрхэн хувьссан бэ?
микропроцессор ба хүний тархи

Энэхүү технологийн хөгжил нь хүн төрөлхтний ирээдүйг орвонгоор нь эргүүлэх боломжтой ба Softbank хэмээх нэгэн организм энэ шинэ эрин үед хэрхэн амьд үлдэж, дасан зохицож, бүр цаашлаад тэргүүлэх байр суурийг эзлэх вэ хэмээн Сон Масаёши асуусан.

Ирээдүйн технологи ба бизнес

  • Хүний тархи асар хурдтай микропроцессоруудтай хоршин ажиллах эрин үе удахгүй ирэх нь ээ. Softbank ирээдүйд хиймэл оюун ухаан (AI) болон хүний тархи болон биеийн бусад эрхтнүүдийг дэмжин ажиллах чадвартай технологид хөрөнгө оруулан ажиллах аж. Технологийн дэвшлийг ашиглан хүний эрүүл мэнд, оюуны бүтээмж, аз жаргал гээд амьдралд эерэг өөрчлөлтийг авчрахыг компани зорин ажиллах гэнэ.
  • 1990-ээд онд хүн төрөлхтөн организмын эсийг хувилах (Cloning) технологийг амжилттай туршжээ. Аливаа өвчнийг ДНК-ын түвшинд эмчлэх, лабораторид хиймэл эрхтэн ургуулах гээд хүн төрөлхтөнд үзүүлэх эерэг нөлөө их талаар илтгэлд дурдагдсан.
  • Ухаалаг роботууд болон төхөөрөмжүүд (IoT) онцгой байдал, гамшгийн үед оройлон ажиллах боломжтой. Хүний уйтгар гуниг, ганцаардлыг ойлгож, хуваалцах чадвартай роботууд ч бүтээгдэх боломжтой.
  • Хүний амьдрах, ажиллах, суралцах, тоглох орчин ба VR технологи. VR технологийн боловсрол ба эрүүл мэндэд авчрах потенциалыг компани онцолсон.

300 жилийн дараа ч амьд байгаад зогсохгүй дэлхийн тэргүүлэх технологийн компани болох Softbank-ны стратеги

  • Softbank ирээдүйн 30 жилд зах зээлийн үнэлгээгээрээ топ 10-т жагсах зорилт тавьжээ.
  • Уг зорилгоо биелүүлэхийн тулд мэдээлэл технологийн аж үйлдвэрт төвлөрөн ажиллах гэнэ. Гэхдээ дан ганц технологи эсвэл бизнес моделийг дагнахгүй.
  • Бусадтай хамтрах, синержи үүсгэх, стратегийн хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаануудыг идэвхжүүлэх
  • Төвлөрсөн ба төвлөрсөн бус менежментийн соёлыг хослуулсан компанийн соёлыг бий болгох
  • 20-р зуунд хямд өртөг бүхий масс үйлдвэрлэл давамгайлж байсан бол 21-р зуунд аюулгүй байдал, олон төрөлжилтийг урьтал болгосон цөөн тоогоор үйлдвэрлэх хандлага давамгайлна. Тиймээс дан ганц нэг брэнд бус олон тооны, олон төрлийн брэндүүд үүсэх нь дамжиггүй.

Softbank-ны үнэт зүйлс

  • Мэдээллийн хувьсгал ба хүн төрөлхтний аз жаргалыг нэмэгдүүлэхэд төвлөрөх
  • Амбицтай байх
  • Шударга ёсыг ямагт эрхэмлэх
  • Үргэлж 1-т байхыг эрмэлзэх
  • Тархиа гашилтал бод. Бодохоо зогсоож болохгүй
  • Ямар ч хувьсгал эхэндээ хөрсөндөө буусан, хүн бүрт ойлгогдохоор энгийн байдаггүй
Сон Масаёши

Softbank компанийн энэхүү алсын харааг ойлгохын тулд үүсгэн байгуулагч Масаёши Сонг ойлгох хэрэгтэй биз. Түүний намтар болох “Агуу руу тэмүүл” нэртэй ном (志高く, 孫正義) нь тус компанийн ДНК-г тод томруунаар тодорхойлсон мэт санагдана.

Ирээдүйгээ гэгээлэгээр төсөөлж, төлөвлөж, түүнээсээ урам зориг авч сайхан ажиллаж амьдарч, найзалж нөхөрлөж, хамтдаа хөдөлмөрлөж, агуу ирээдүйг бүтээх чин хүслээ Сон Масаёши өөрийн номдоо тэмдэглэжээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon