Нийтлэл 08 сарын 23, 2022

Цэц эхээ мөргөсөн нь

Цэцэд гаргасан мэдээллийн агуулгыг сийрүүлбэл - солиорол. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр (ҮХНӨ) “УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн ЗГ-ын гишүүн байж болно” гэж тогтоосон. Нөгөө л давхар дээл. Мэдээллийн гол агуулга нь энэхүү нэмэлт өөрчлөлт “Эх” Үндсэн хуулиа зөрчсөн гэнэ. Уул нь ганцхан л Үндсэн хуультай. Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн удиртгалыг зөрчсөн, бүгд найрамдах улсын хэлбэрийг зөрчсөн, парламентын засаглалыг өөрчилсөн, хамгийн инээдтэй хэсэг нь “хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтоор баталгаажсан ерөнхий сайдын онцгой бүрэн эрх”-эд халдсан гэхх .

Тэдний мэдээллийг энгийнээр тайлбарлавал – УИХ-ын гишүүн сайд болоход хязгаарлалт тогтоосон нь Монгол Улсыг бүгд найрамдах биш хаант, угсаа залгамжилдаг, феодалын улс болгосныг илтгэнэ гэнэ. УИХ-ын гишүүд сайд болохгүй бол парламентын засаглалгүй болох юм гэв. Гишүүдээ сайдаар томилж чадахгүй бол “Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт болсон ерөнхий сайдын” эрх хэмжээ нь хязгаарлагдах юм байх. Тиймээс л солиорол гэсэн юм.

Энэ солиоролд Цэц 8 үндэслэлээр хариулсан байна. Зарим нь үндэслэл гэхээсээ илүүтэйгээр зөвлөгөө, санал, өөрөө өөртөөгөө ярьж байгаа тэмдэглэл мэт харагдана. Жишээ болгоод хэлэхэд үндэслэл-2 ингэжээ – “өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн бидний шийдвэрүүд нь агуулга, зарчмын хувьд хоорондоо зөрчилтэй байна”. Өөрийгөө шүүмжлээд байна уу? Эсхүл өөртөө сануулаад байна уу? Аль эсвэл энэ шийдвэр ч алдаа байж мэднэ гэж хэлэх гээд байна уу? 

Уул нь УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн Засгийн Газрын гишүүн байж болно гэдэг нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн үү гэдэг асуудал шийдэж байгаа. Гэтэл үндэслэл-8 бичихдээ “гишүүдийн тоог нэмж өөрчлөх замаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн тэнцвэр болон төлөөллийн чадварыг бүрэн хангах асуудлыг шийдвэрлэдэг хандлага парламентын засаглал бүхий улс орнуудад нэгэнт тогтсон байна” гэв . Цэц хэнд энэ зөвлөгөө, саналыг хэлээд байгаа юм? Цэцээс Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоогоод өгөөч гэж асуусан юм уу эсхүл бусад улсуудад хэрхэн зохицуулдаг вэ? судалгаа, санал өгөөч гэсэн юм уу? Хэнд хамаатай юм. Ирээдүй цаг дээр бидний шийдвэр зөв гэж хэлэх гээд байгаа юм уу?

Цэцийн үндэслэлийг хоёр хэсэгт хувааж тайлбарлаж болно:  (нэг) Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Цэц хянаж болох уу? (хоёр) Нэмэлт, өөрчлөлт нь “Эх” Үндсэн хуулийн бүтэц, үзэл баримтлалыг зөрчсөн үү. Нэгдүгээр хэсэгт 3 үндэслэлээр, хоёрдугаар хэсэгт 5 үндэслэлээр Цэц хариулсан байна. Зарим нь дээр хэлсэнчлэн ойлгомжгүй, тэнэсэн сум. Харин энэ өгүүллээр Цэцийн эхний асуултад хэрхэн хариулсанд нь тайлбар, шүүмж өгнө.

Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хянана гэжээ. Эхлээд Үндсэн хуулийн 64.1.-ийг эшлэв. Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, … мөн. Тиймээс Үндсэн хуулийн удиртгалд заасан зорилгын хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хянах бүрэн эрхтэй гэж. Дуртай хэсгээ эшлээд, дургүйгээ гээчхэж болохгүй. Хоёрхон зүйл доошоо харвал 66-р зүйлд нь Үндсэн хуулийн Цэц юунд хяналт тавих ёстойг жагсаасан байгаа. Хаалттай жагсаасан байгаа. Тэр жагсаалтад УИХ-аас баталсан ҮХНӨ-ийг хянана гэж өгүүлбэр байхгүй. Утга санаа ч агуулагдаагүй. Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийнхаа дор л сажлах ёстой.

Хоёрт, удиртгал бол Үндсэн хуулийн салшгүй нэг хэсэг. Гэхдээ Үндсэн хуулийн заалт биш. Харин заалтыг тайлбарлах, түүний утгыг тодруулахад барих чиг юм. Гэтэл Үндсэн Хуулийнхаа заалтыг нулимчхаад удиртгалаа бариад шийдэнэ гэж байж боломгүй. Үндсэн хуулийн үг, өгүүлбэр хамаагүй, харин Үндсэн хуулийн зорилго, улсын тэмүүллээ бариад хууль зүйн тайлбар хийдэг жишиг тогтоож болохгүй. Үр дагавар нь магадгүй маргааш Үндсэн хуулийн зорилго бариад УИХ-аас баталсан хуулийг хүчингүй болгох, цаашилбал Үндсэн Хуулийн заалтыг үзэмжээрээ өөрчлөх, хасах эрх зүйн орчныг бий болгоно.

Үндэслэл-2 болон 3 нь  өмнө хэлсэнчлэн, тэмдэглэл, тойм мэдээ эсхүл өөрийгөө шүүмжилсэн эшлэл мэт сонсогдоно. Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн Хууль зөрчсөн эсэхийг шийдсэн бидний шийдвэр хоорондоо зөрчилдөөнтэй байна. Бүтцийн онолоор Үндсэн хуулийн заалтууд өөр хоорондоо зөрчилдөөтэй байж болохгүй гэнэ. Ингээд нэг дүгнэлт хийсэн нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх журмын хуулийг барьжээ.

Цэц нь хууль, УИХ-ын бусад шийдвэр ... Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийддэг. Тодруулбал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянана гэсэн үг. Гэтэл 2019 оны ҮХНӨ-ийг журмын тухай хуульд нийцээгүй гэж дүгнээд, Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоожээ. Толгой сэгсрэв.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь салбарын хуулиудтай нийцсэн байх ёстой гэж Цэц тайлбарлаж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах харилцаа Үндсэн хуулиар зохицуулагддаг, нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд бусад хуулиуд нийцэх ёстой болохоос бусад хуулиудад ҮХНӨ нь нийцэж байж, Үндсэн хуулийн салшгүй хэсэг болохоор Үндсэн хуулиар тогтоогоогүй. Түүнчлэн журмын хууль нь ҮХНӨ-ийг батлах процесс зохицуулалт болохоос, нэмэлт-өөрчлөлтийн агуулгыг тодорхойлдог хууль биш юм.

Хоёрт, Бүтцийн онолоор ҮХНӨ нь Үндсэн хуулийн бүтэц, агуулга, үзэл санааг өөрчилж болохгүй гэдэг нь үнэн. Гэхдээ энэ нь хууль санаачлагчид, ҮХНӨ батлахаар зорьж байгаа бүлэгт зориулсан сануулга юм. Үндсэн хуулийн бүтэц, агуулга, үзэл санааг илтэд, шууд байдлаар зөрчсөн ҮХНӨ санаачилж, оруулж ирж, батлуулах гэж зүтгүүлж болохгүй гэдэгт энэ онолын гол агуулга, үйлчлэх орон зай хамаардаг.

Үндсэн хуулийн үзэл санаа нь Үндсэн хуулийнхаа үг, өгүүлбэр, бүтцээр илэрч байдаг. Үүнийг илтэд зөрчсөн, шууд өөрчилсөн үг, өгүүлбэр агуулсан нэмэлт, өөрчлөлт санаачлах хориотой. Нэмэлт, өөрчлөлтийг өөрөө өөртөө мушгин ойлгуулж, ҮХНӨ-ийн үг, хэллэг, бүтцээс нь давж Үндсэн Хуулийг өөрийн дур зоргоор тайлбарлаж, энэхүү тайлбараа Үндсэн хуулийн үзэл баримтлал гэж нэрийдэж ҮХНӨ-ийг хянах эрх хэмжээ Цэцэд байхгүй.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь үг, өгүүлбэрээрээ илтээр Үндсэн хуулиа зөрчөөгүй, Үндсэн хуулийн бүтэц, агуулгыг шууд өөрчлөөгүй.  Үндсэн хууль маань 6 бүлэг, 70 зүйлтэй хэвээр байгаа. Бүгд найрамдах улс, парламентын ардчилсан улс төрийн тогтолцоо, цаашилбал хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, үндсэн хуульт ёсыг хадгалсан эрх зүйн зохицуулалт хэвээр байгаа.  2000 оны нэмэлт, өөрчлөлтөд 4-ын тоо нэмсэн нь Үндсэн хуулийн зөрчил болох, Үндсэн хуулийн бүтцийг хөмөрсөн гэж үзэх хангалттай үндэслэл биш.

Харин эсрэгээрээ ҮХНӨ-ийг хууль тогтоогчид, төрийн өндөр албан тушаалтан буруугаар тайлбарлаж, хууль-шийдвэр гаргах замаар Үндсэн хууль зөрчих аваас Цэц хүчингүй болгох, ҮХНӨ-ийг Үндсэн хуулийн үг, өгүүлбэрээр дамжсан үзэл баримтлал, зарчимд нийцүүлэн тайлбарлах ёстой юм. Нэмэлт өөрчлөлт биш Цэц өөрөө “Эх” Үндсэн хуулиа мөргөчихлөө.

Жич: Дараагийн дугаарт “Цэц Үндсэн хуулиа гээсэн нь” нийтлээлэр ҮХНӨ нь Үндсэн хуулийг агуулгын хувьд зөрчсөн үү? гэдэгт хариулсан байгаа.  

 

 

arrow icon